Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 72

 

 

 

 

 

 

 

 

2019          09          19                                    138

 

 

А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч

Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр

гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй

хорих ангид холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00914 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

Албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулах тухай иргэний хэргийг,  

Нэхэмжлэгч А-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч: А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний өмч болох Орхон аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг 4-р хороолол 7-р байр 36 тоот Ү-2101001450 улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууцыг Улаанбаатар хотын М- ББСБ-ийн 55,4 сая төгрөгийн зээлийн барьцаанд өр төлбөр барагдуулахаар Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01-р сарын 19-ний албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч Г утсаар холбогдож өгсөн. Гэвч би дуудлага худалдаа явуулахыг үл зөвшөөрч, дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Үүнд: Анх Орхон аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг 4-р хороолол 7-р байр 36 тоот 4 өрөө орон сууцыг бид 115 сая төгрөгөөр үнэлснийг мөн Улаанбаатар хотын М- ББСБ-ын үнэлгээтэй тохирч байгаа гэж ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч Г надад хэлж зөвшөөрсөн боловч одоо дуудлага худалдаанд 115 сая төгрөгийн 80 хувь буюу 80,5 сая төгрөгөөр дуудах гэж байгааг үл зөвшөөрч байгаа тул мэргэжлийн шинжээчээр үнэлүүлж өгнө үү. Орхон аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг 4-р хороолол 7-р байр 36 тоот 4 өрөө орон сууцыг өмчлөгч нь А- миний бие, хамтран эзэмшигч нь миний охин с юм. Тэрээр одоо АНУ-ын Өмнөд Миссипигийн Их сургуульд суралцаж байгаа, түүний эрх ашиг хөндөгдөнө. Орхон Аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг 4-р хороолол 7-р байр 36 тоот 4 өрөө орон сууцыг хэт багаар үнэлж албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг хийх нь миний болон надтай хамт амьдардаг том охин 27 настай Н.Бямба-Эрдэнэ, 22 настай Н.Санчирмаа, 17 настай Н.Нинжбадгар нарын эрх ашиг хөндөгдөж 55,4 сая төгрөгийн өрөнд дор хаяж 115 сая төгрөгийн үнэтэй 4 өрөө орон сууцаа өгөх, бид орон гэргүй хоцрох болоод байна. Иймд иргэний хуулийн 176.2.1, 176.2.3-д зааснаар албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 /зургаан/ сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү. Миний бие газар тариалан эрхэлдэг бөгөөд ургац хураан аваад төлбөр тооцоогоо барагдуулах боломжтой гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1108 дугаар шийдвэрээр А-аас 55.270.140 төгрөг гаргуулж М- ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч А- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-нд тус газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу барьцаалбартай үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө бие даан худалдан борлуулах сарын хугацааг олгох хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг хүлээн авч хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгсөн. Төлбөр төлөгч А- нь уг хугацаанд төлбөрийг барагдуулаагүй болно. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасны дагуу дур мэдэн, эсхүл хууль бусаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэхийг хориглосон байх тул төлбөр төлөгч А-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манайхаас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1509 дугаартай мэдэгдлийг шуудангаар хүргүүлж өөрт нь танилцуулсан байдаг. Иргэний хуулийн 171.1-т Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож үнэ тогтооно гэж заасан. Талууд 115 сая төгрөг дээр тохиролцсон. Манайх 115 сая төгрөгийн 70 хувиар тооцож 80 500 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаа явуулсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу мэдэгдлийг хүлээн авснаас хойш өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай санал ирүүлж болно гэж заасан. Гэтэл ямар нэгэн үнийн санал ирүүлээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 12-нд тус газарт хүсэлт гаргасан байдаг. Миний бие Ү-2101001450 улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг орчим хүлээн авсан. Тус эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу өөрийн биеэр худалдан борлуулах хүсэлтэй байгаа тул 1 сарын хугацаа олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу манай байгууллага хүсэлтийг хангаж дуудлага худалдааг 1 сараар хойшлуулж өгсөн. Манай байгууллагаас хугацаа олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч буюу төлбөр авагч нь хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтийг хүлээн авч төлбөр төлөгчид 6 сарын хугацаа олгох боломжтой. Энэ заалт нь төлбөр төлөгчид хамаарахгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасны дагуу дур мэдэн, эсхүл хууль бусаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэхийг хориглосон тул төлбөр төлөгч А-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00914 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.2., 176.3.-т заасныг баримтлан хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулах тухай нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Төлбөр төлөгч А-д холбогдох 18140046 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Энхбаатарт даалгаж, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч А-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А- давж заалдсан гомдолдоо:

Энэхүү албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг Орхон аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх нээлттэй 437-р хорих ангид холбогдуулан 6 сараар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан.Гэтэл анхан шатны шүүхээр Иргэний хэргийн 176 дугаар зүйлийн 176,2.,176,3-т заасныг баримтлан хариуцагч Орхон аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх нээлттэй 437-р хорих ангид холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулах тухай нэхэмжлэгч Б. Амаржаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Анхан шатны хуралд өөрийн өр төлбөр, төлөлтийг тайлбарласан болно. Иймд хэргийг хянан үзэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 6 сараар хойшлуулж өгнө үү гэжээ.

                                                    ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А- нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.2., 176.3.-т заасныг баримтлан хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулах тухай нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1108 дугаар шийдвэрээр хариуцагч А-аас 54.838.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 432.140 төгрөг нийт 55.270.140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М-” ББСБ-д олгож  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “М-” ББСБ нь шүүхэд хүсэлт гаргасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5677 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч 1064 дугаартай гүйцэтгэх хуудас бичигджээ.

“М-” ББСБ нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг шийдвэр гүйцэтгэгч Ч.Гүррагчаад зөвшөөрчээ.

Шийдвэр гүйцэтгэгч Ч.Гүррагчаа 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг төлбөр төлөгч А-д мэдэгдэж, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргажээ.  

2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоолын хувийг нэхэмжлэгчид гардуулж, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлжээ.

 А- Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн  4 дүгээр  хороолол, 7 дугаар  байр, 36 тоот,  Ү-2101001450 улсын бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууцаа 115.000.000 төгрөгөөр, “М-” ББСБ нь 110.000.000 төгрөгөөр үнэлсэн саналыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид хүргүүлжээ.  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт хүрээнд ...“Эрх” ХХК-ний улсын бүртгэлийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн байх боловч Булган аймгийн Бугат болон Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн талбай дээр тариа болон төмс, хүнсний ногоо тариалсан эсэх, орон сууцаа худалдан борлуулах оролдлого хийж байсан эсэх, хамтран өмчлөгч охин Н.Санчирмаагаас санал авсан эсэх нь тодорхойгүй, өмчлөгчийн хувийн болон эдийн засгийн харилцаа холбоо нотлогдохгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас А-тай холбоотой бусад гүйцэтгэлийн хувийн хэргийн материалыг гаргуулах нь энэ хэрэгт ач холбогдолгүй бөгөөд өөр бусад гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа эсэх, 200.000.000 гаруй төгрөгийн төлбөр төлөгдөх эсэх талаар хариуцагчийн төлөөлөгч Ч.Гүррагчаа маргаагүй. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнд маргаагүй бөгөөд төлбөр төлөгч А-ын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт ирүүлсэн үнэлгээг үндэслэн 115.000.000 төгрөгийн 70 хувь болох 80.500.000 төгрөгөөр тооцож дуудлага худалдааны үнийг тогтоосон байх тул шинжээчээр үнэлгээ хийлгүүлэх шаардлагагүй гэж...” үзэн нэхэмжлэгч А- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байна гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч А- давж заалдсан гомдолдоо хэргийг хянан үзэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 6 сараар хойшлуулж өгнө үү гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй  байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “ өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ нэхэмжлэгч  биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч А-ын давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч А-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00914 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч А-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч А-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.БАТТӨР