Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 404

 

 

 

 

 

 

 

 

 

“С т г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.О даргалж, шүүгч А.О, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00040 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “С т г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ө-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С т г” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Б.Ө-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 23 000 000 төгрөгийн будаг худалдсан. Манайх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж будгийг хүлээлгэж өгсөн, харин Б.Ө нь гэрээний 2.3 дахь хэсэгт заасны дагуу 14 000 000 төгрөгийг төлж, 9 000 000 төгрөгийг будалтын ажил дууссанаас хойш 7 хоногийн дотор худалдагч талын дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагч Б.Ө-өөс гэрээний үндсэн үүрэгт 9 000 000 төгрөг, гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаар алдангид 4 500 000 төгрөг нийт 13 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С т г” ХХК-ийн худалдсан бараа материал нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн, барилгыг дулаан алдагдалгүй болгох зориулалттай байсан. Энэ будгийг тусгай зориулалтын машинаар шүршиж буддаг гэж надад тайлбарласан. Би тухайн будагны үнийг төлж, будалтын ажил хийдэг хүнийх нь онгоцны зардал 580 000 төгрөгийг төлж, будах аппаратыг нь өөрийнхөө машинд ачиж Ховд аймаг руу явсан. Гэрээгээр будгийн ажлыг “С т г” ХХК хийхээр тохирсон. Будгийг Ховд аймгийн төв Жаргалант суманд барьсан Хан Алтайн дуулал хөшөөт цогцолборын барилгын ажилд хэрэглэх байсан. Гэтэл очоод будгийн ажлаа хийх гэтэл будах машин эвдэрчихлээ гээд ажлаа хийгээгүй буцсан. Явахдаа надад багсаар түрхэж болдог гэж зааварчилгаа өгөөд, 3 хоногийн дотор буцаж ирнэ гээд явсан боловч ирээгүй. Би барилгын засварын ажлаа бүрэн дуусгаж, будгаа түрхээд Улаанбаатарт ирсэн, тэгээд компани дээр нь очиж өвөл болохоор дулаанаа хэр барьдаг эсэхийг нь үзэж байгаад үлдэгдэл 9 000 000 төгрөгийг өгнө гэж мэдэгдсэн. Ингээд 11 дүгээр сард барилгын шалны халаалт тавьсан. Гэтэл манай барилга дотор талаасаа цан цохиод маш их дулаан алдаж байсан, барилгыг өвөл ашиглаж болохгүй байсан тул С т г ХХК-д мэдэгдсэн. Тухайн барилга нь нийтийн үйлчилгээний зориулалттай олон хүний хандиваар бүтсэн цогцолбор газар юм. “С т г” ХХК-ийн худалдсан будаг нь барилгын дулаан хадгалах зориулалттай боловч шаардлага хангаагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ө-өөс 9 000 000 төгрөг гаргуулж “С т г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 4 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ө-өөс 158 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй талаар дараах үндэслэлүүдийг давж заалдах шатны шүүхэд тавьж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа болно. Манай байгууллагын зүгээс Корунд дулаан тусгаарлагчаа нэг бүрийн үнийг 7 000 төгрөгөөр, Броня Грунт түрхлэгийг нэг бүрийн үнийг 2 000 төгрөгөөр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тус тус бууруулж худалдсан болно./гэрээний 1.4/ Мөн нэхэмжлэгч байгууллага нь Ховд аймагт очиж будах ажлаа хийж гүйцэтгэх явцад будаг будах аппарат эвдэрсэн бөгөөд үлдсэн хэсгийг гараар хэрхэн будах арга барил ноу хау-г Б.Өлзийсайханы томилж өгсөн туслахад зааж өгч хамтран будаж өгсөн болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 1.6-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ, холимог гэрээ байгуулагдсан байна” ... гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талууд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээгээр худалдагч нь Корунд дулаан тусгаарлагч будаг 800 литрийг нэг бүрийг нь 28 000 төгрөгөөр, Броня грунт түрхлэг будгийг 100 литрийг нэг бүрийг нь 6 000 төгрөгөөр тооцож худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь дээрх бүтээгдэхүүний төлбөрт 23 000 000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн. Иймээс худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон гэж үзэхээр байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөлүүд буюу ажил гүйцэтгэх хөлс, хугацаа, ажлын үр дүн, хариуцлага зэрэг огт байхгүй нь гэрээнээс илэрхий харагдана. Гэрээний агуулгаас үзвэл талууд будах ажлын талаар дурдсан байх боловч түүний гол нөхцөлүүдийг тохиролцоогүй нь худалдагчаас худалдан авагчийг урамшуулах зорилгоор хийсэн болохыг харуулж байна. Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах талаар зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд барааны төлбөрийг хугацаанд нь төлөхгүй бол алданги төлөхөөр хоёрдмол утгагүй заасан ба харин будаг будах ажлын гүйцэтгэлтэй холбоотой ямар нэг гэрээний хариуцлага дурдаагүй байдаг. Мөн шүүхийн дүгнэсэн шиг талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ холимог байдлаар байгуулагдсан ба Худалдагч тал будах ажил гүйцэтгээгүй тохиолдолд Худалдан авагч тал будах ажил гүйцэтгээгүйтэй холбоотой гомдлын шаардлага гаргах ёстой байна. Гэвч худалдан авагч талын зүгээс энэ талаар огт гомдлын шаардлага гаргаж байгаагүй нь тухайн үед худалдагч тал барааг бүрн бүтэн хүлээлгэн өгч, будах ажлыг худалдан авагч талтай хамтран зохих ёсоор гүйцэтгэснийг нотолдог. Худалдагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж 23 000 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн байхад худалдан авагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй /14 000 000 төгрөгийг төлсөн/ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдагч төлбөрөө бүрэн төлөхийг шаардана. Нэхэмжлэгч байгууллага болох “С т г” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 9 000 000 төгрөгийг гэрээний 6.1-д заасны дагуу алдангийн хамтаар нэхэмжилсэн бөгөөд шүүх тус шаардлагыг дүгнэхдээ “....гэрээний 6.1-д зааснаар талууд гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон байх ба энэ заалт нь худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээний аль алинд нь хамаарна. “С т г” ХХК нь корунд будах ажлыг хийж гүйцэтгээгүй тохиолдолд худалдан авагчаас алданги шаардсан нь үндэслэлгүй хэмээн дүгнэжээ.....” Гэтэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ хэмээн зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, анзыг шаардах хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан байна. Мөн анзыг тохиролцсон гол зорилго нь үүрэг гүйцэтгэгчийг буюу иргэн Б.Өлзийсайханыг гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахад оршсон. Мөн алданги тохирсон шалтгаан нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх Иргэний хуулийн зарчимд нийцүүлэн гэрээний төсөлд тусгасан болно. Хэрэв хариуцагч худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг төлөхгүй тохиолдолд уг хохирлыг нөхөн төлүүлэх баталгааг бий болгосон асуудал болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “С т г” ХХК нь Б.Ө-тэй 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 17/004 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, корунд дулаан тусгаарлагч будаг худалдах, будах ажлыг хийж гүйцэтгэх, худалдан авагч будгийн үнэ 22 400 000 төгрөг, ажлын хөлс 600 000 төгрөг нийт 23 000 000 төгрөгийг төлөхөөр /хх4-5/ тохирчээ. Гэрээний 1-р зүйлийн 1.2, 1.6-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх холимог гэрээ байгуулагдсан байна. хэмээн дүгнэжээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй болно. /хх4-5 дугаар талд 17/004 Гэрээний 1.4 гэрээний зүйл: Худалдах бараа материал Корунд дулаан тусгаарлагч будаг 1 литр нь 35 000 төгрөг хөнгөлөлт тутамд 7 000 төгрөг нийт 800 литр 22 400 000 төгрөг болсон, Броня Грунт түрхлэг 1 литр нь 8 000 төгрөг хөнгөлөлт тутамд 2 000 төгрөг нийт 100 литр 600 000 төгрөг болсон байна. Гэтэл шүүх Броня Грунт түрхлэгийн үнийг ажлын хөлс 600 000 төгрөг хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Броня Грунт түрхлэг нь “С т г” ХХК-ийн худалдсан бараа бүтээгдэхүүн юм. Дээрх хэрэгт авагдсан үйл баримт, гэрээний нөхцөл байдлыг харгалзан үзэхэд алданги шаардсан нэхэмжлэгчийн алдангийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “С т г” ХХК нь Б.Ө-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1, 17 дугаар тал/

 

“С т г” ХХК нь Б.Ө-тэй 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 17/004 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч 22 400 000 төгрөгийн үнэ бүхий 800 литр корунд дулаан тусгаарлагч будаг, 600 000 төгрөгийн үнэ бүхий 100 литр Броня Грунт түрхлэгийг шилжүүлж, будах ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч гэрээ батлагдсан өдөр 14 000 000 төгрөг төлөх, будах ажил дууссаны дараа 9 000 000 төгрөг төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч будгийг шилжүүлэн өгч, хариуцагч 14 000 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хэргийн 4-5 дугаар тал/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан, худалдах худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний үүргийн аль алиныг агуулсан, холимог гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Эдгээр хуулийн дагуу нэхэмжлэгч “С т г” ХХК нь хариуцагчийн өмчлөлд эрхийн болон биет байдлын доголдолгүй бараа материалыг шилжүүлж, корунд дулаалгын будаг будах ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн байна./хэргийн 4-5 дугаар тал/

 

Худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч “С т г” ХХК нь Корунд дулаан тусгаарлагч будгийг худалдан авагч буюу хариуцагчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримтаар тогтоогдож байх тул уг будгийн үнийг шаардах эрхтэй. Хариуцагч талын будагны үнэ төлөх үүрэг гүйцэтгэх хугацаа будгийн ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэж дууссанаас хойш 7 хоног байхаар талуудын гэрээний 2.3 дахь хэсэгт заажээ.

 

Хариуцагч будгийн үнийн үлдэгдэл 9 000 000 төгрөгийг төлөөгүй талаар маргаагүй ба харин нэхэмжлэгч тал будгийн ажлыг хийж гүйцэтгэх үүргээ бүрэн биелүүлээгүй гэж хариуцагч алдангийг төлөхөөс татгалзсан хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр “Бид нар Ховд аймагт будаг хүргэж өгөөд будаж өгөх үүрэгтэй байсан” гэж тайлбар гаргажээ./хэргийн 30 дугаар тал ар/ Хариуцагч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд, хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр талууд гэрээний 6.1 дэх хэсэгт тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх зохицуултад нийцэж байх боловч үлдэгдэл төлбөр төлөх хугацаа нь нэхэмжлэгч будгийн ажлыг хийж гүйцэтгэснээс хойш 7 хоногийн дотор байхаар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, тухайн будгийн ажлыг хийж гүйцэтгэж дууссан үеэс буюу хугацааг тодорхой календарийн хугацаагаар бус, харин хийж гүйцэтгэх ажил буюу будах тодорхой үйлдэлтэй холбоотойгоор төлбөр төлөх хугацааг тодорхойлжээ.

 

Иймээс нэхэмжлэгч будгийн ажлыг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлсэн буюу хариуцагчийн мөнгө төлөх үүргийн хугацааг тодорхойлох боломжгүй байна. Нэхэмжлэгчийн буруутайгаас төлбөр төлөх хугацаа, алданги тооцох нөхцөл бүрдээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан анз шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна./хэргийн 30 дугаар тал ар/ Хариуцагч будгийн ажлыг өөрөө хийж гүйцэтгэж дуусгавар болгосон нь нэхэмжлэгчид анз шаардах эрхийг үүсгэхгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч будгийн ажил хийж гүйцэтгэх үүргээ биелүүлсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байна. Алданги гаргуулахаар шаардах эрхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч байгууллага нь Ховд аймагт очиж будах ажлаа хийж гүйцэтгэх явцад будаг будах аппарат эвдэрсэн бөгөөд үлдсэн хэсгийг гараар хэрхэн будах арга барил ноу хау-г Б.Өлзийсайханы томилж өгсөн туслахад зааж өгч хамтран будаж өгсөн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00040 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.О

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                      А.О

 

                                                                                                С.Э