Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн 90 тоотод байрлах, Сан трейдинг групп ХХК-ийг төлөөлж Г.Мөнхбуянгийн гаргасан нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, Амарсанаагийн гудамж, 103-р байрны 35 тоотод оршин суух, регистр ПЮ68110712, Чинос овогтой Баяраагийн Өлзийсайханд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, хариуцагч Б.Өлзийсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов. 

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сан трейдинг групп ХХК нь 2017 оны 5-р сарын 29-ны өдөр Б.Өлзийсайхантай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 23 000 000 төгрөгийн будаг худалдсан. Манайх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж будгийг хүлээлгэж өгсөн, харин Б.Өлзийсайхан нь гэрээний 2.3 дахь хэсэгт заасны дагуу 14 000 000 төгрөгийг төлж, 9 000 000 төгрөгийг будалтын ажил дууссанаас хойш 7 хоногийн дотор худалдагч талын дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагч Б.Өлзийсайханаас гэрээний үндсэн үүрэгт 9 000 000 төгрөг, гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаар алдангид 4 500 000 төгрөг нийт 13 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Өлзийсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сан трейдинг групп ХХК-ний худалдсан бараа материал нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн, барилгыг дулаан алдагдалгүй болгох зориулалттай байсан. Энэ будгийг тусгай зориулалтын машинаар шүршиж буддаг гэж надад тайлбарласан. Би тухайн будагны үнийг төлж, будалтын ажил хийдэг хүнийх нь онгоцны зардал 580 000 төгрөгийг төлж, будах аппаратыг нь өөрийнхөө машинд ачиж Ховд аймаг

руу явсан. Гэрээгээр будгийн ажлыг Сан трейдинг групп ХХК хийхээр тохирсон. Будгийг Ховд аймгийн төв Жаргалант суманд барисан Хан алтайн дуулал хөшөөт цогцолборын барилгын ажилд хэрэглэх байсан. Гэтэл очоод будгийн ажлаа хийх гэтэл будах машин эвдэрчихлээ гээд ажлаа хийгээгүй буцсан. Явахдаа надад багсаар түрхэж болдог гэж зааварчилгаа өгөөд, 3 хоногийн дотор буцаж ирнэ гээд явсан боловч ирээгүй. Би барилгын засварын ажлаа бүрэн дуусгаж, будгаа түрхээд Улаанбаатарт ирсэн, тэгээд компани дээр нь очиж өвөл болохоор дулаанаа хэр барьдаг эсэхийг нь үзэж байгаад үлдэгдэл 9 000 000 төгрөгийг өгнө гэж мэдэгдсэн. Ингээд 11-р сард барилгын шалны халаалт тавьсан. Гэтэл манай барилга дотор талаасаа цан цохиод маш их дулаан алдаж байсан, барилгыг өвөл ашиглаж болохгүй байсан тул Сан трейдинг групп ХХК-д мэдэгдсэн. Тухайн барилга нь нийтийн үйлчилгээний зориулалттай олон хүний хандиваар бүтсэн цогцолбор газар юм. Сан трейдинг групп ХХК-ний худалдсан будаг нь барилгын дулаан хадгалах зориулалттай боловч шаардлага хангаагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

             ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Сан трейдинг групп ХХК нь Б.Өлзийсайханд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 төгрөгийг гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Сан трейдинг групп ХХК нь Б.Өлзийсайхантай 2017 оны 5-р сарын 29-ний өдөр 17/004 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, корунд дулаан тусгаарлагч будаг худалдах, будах ажлыг хийж гүйцэтгэх, худалдан авагч будгийн үнэ 22 400 000 төгрөг, ажлын хөлс 600 000 төгрөг нийт 23 000 000 төгрөгийг төлөхөөр /хх 4-5/ тохирчээ. Гэрээний 1-р зүйлийн 1.2, 1.6-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх холимог гэрээ байгуулагдсан байна.

 

Б.Өлзийсахан нь 2017 оны 5-р сарын 29-ний өдөр корундны үнэнд 14 сая төгрөгийг төлсөн /хх 3/, энэ талаар талууд маргаагүй байна. Харин нэхэмжлэгч нь худалдан авагч 9 000 000 төгрөгийг төлөөгүй талаар маргаж гэрээний 6.1-д заасан алдангийн хамт төлбөр гаргуулахаар шаардсан бол хариуцагч нь худалдагч тал корундыг будах ажлыг хийгээгүй, дулааны алдагдалтай гэж маргажээ.

 

Гэрээгээр Сан трейдинг ХХК нь корунд дулаалгын будаг будах ажлыг тухайн обеьктод хийх гүйцэтгэх ажлыг хийхээр үүрэг хүлээсэн боловч Б.Өлзийсайхан өөрийн зардлаар ажилтныг, будах машиныг өөрөө тээвэрлэжХовд аймагт хүргэсэн байна. Гэвч будах машин нь эвдэрснээс тухайн ажлыг хийж гүйцэтгээгүй буцсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

Гэрээний 6.1-д зааснаар талууд гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон байх ба энэ заалт нь худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээний аль алинд нь

хамаарна. Сан трейдинг ХХК нь корунд будах ажлыг хийж гүйцэтгээгүй тохиолдолд худалдан авагчаас алданги шаардсан нь үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас худалдан авсан будагны үнэ 9 000 000 төгрөгийг гаргуулахаар хангаж шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                 ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1, 343-р зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Өлзийсайханаас 9 000 000 /есөн сая/ төгрөг гаргуулж Сан трейдинг групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 4 500 000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 450 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Өлзийсайхнаас 158 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА