Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00881

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00040 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 404 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Ө-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 13 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуянгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, хариуцагч Б.Ө-, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“С” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б.Ө-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 23 000 000 төгрөгийн будаг худалдсан. Манайх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж будгийг хүлээлгэж өгсөн, харин Б.Ө- нь гэрээний 2.3 дахь хэсэгт заасны дагуу 14 000 000 төгрөгийг төлж, 9 000 000 төгрөгийг будалтын ажил дууссанаас хойш 7 хоногийн дотор худалдагч талын дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагч Б.Ө-аас гэрээний үндсэн үүрэгт 9 000 000 төгрөг, гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаар алдангид 4 500 000 төгрөг нийт 13 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“С” ХХК-ийн худалдсан бараа материал нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн, барилгыг дулаан алдагдалгүй болгох зориулалттай байсан. Энэ будгийг тусгай зориулалтын машинаар шүршиж буддаг гэж надад тайлбарласан. Би тухайн будагны үнийг төлж, будалтын ажил хийдэг хүнийх нь онгоцны зардал 580 000 төгрөгийг төлж, будах аппаратыг нь өөрийнхөө машинд ачиж Ховд аймаг руу явсан. Гэрээгээр будгийн ажлыг “С” ХХК хийхээр тохирсон. Будгийг Ховд аймгийн төв Жаргалант суманд барьсан Хан-Алтайн дуулал хөшөөт цогцолборын барилгын ажилд хэрэглэх байсан. Гэтэл очоод будгийн ажлаа хийх гэтэл будах машин эвдэрчихлээ гээд ажлаа хийгээгүй буцсан. Явахдаа надад багсаар түрхэж болдог гэж зааварчилгаа өгөөд, 3 хоногийн дотор буцаж ирнэ гээд явсан боловч ирээгүй. Би барилгын засварын ажлаа бүрэн дуусгаж, будгаа түрхээд Улаанбаатарт ирсэн, тэгээд компани дээр нь очиж өвөл болохоор дулаанаа хэр барьдаг эсэхийг нь үзэж байгаад үлдэгдэл 9 000 000 төгрөгийг өгнө гэж мэдэгдсэн. Ингээд 11 дүгээр сард барилгын шалны халаалт тавьсан. Гэтэл манай барилга дотор талаасаа цан цохиод маш их дулаан алдаж байсан, барилгыг өвөл ашиглаж болохгүй байсан тул “С” ХХК-д мэдэгдсэн. Тухайн барилга нь нийтийн үйлчилгээний зориулалттай олон хүний хандиваар бүтсэн цогцолбор газар юм. “С” ХХК-ийн худалдсан будаг нь барилгын дулаан хадгалах зориулалттай боловч шаардлага хангаагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00040 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ө-аас 9 000 000 төгрөг гаргуулж Сан трейдинг групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 4 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ө-аас 158 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 404 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00040 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх гэрээг буруу тайлбарлан, талуудын хооронд холимог гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн. ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл 25.2.2, 38 дугаар зүйл 38.1-т заасан тайлбар татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хариуцагч биелүүлээгүй болно. Хариуцагч нь тайлбар татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч байгууллага биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн, мөн будаг будах ажлаа хийж гүйцэтгээгүй хэмээн тайлбарладаг бөгөөд уг тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно. ... Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч өөрөө будаж гүйцэтгэсэн мэтээр тайлбарлаж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан ...шүүх урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй хэмээн зохицуулсан хуулийн зохицуулалтыг зөрчсөн хэмээн үзэхээр байна.

... Хавтаст хэрэгт авагдсан бүхий л үйл баримт гагцхүү хэрэг явдал болж өнгөрсөн нэг л фактыг заах бөгөөд хариуцагчийн гаргаж өгсөн баримтаар /хх20 тал/ будаг будах ажил хийж гүйцэтгэгдсэн байгаа нь зургаар харагдах ба нэхэмжлэгч тухайн объектод гэрээнд заасан будах ажлаа хийж гүйцэтгэхээр очсон талаар тайлбарладаг ба нэхэмжлэгч байгууллага будах ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгээгүй талаар маргаагүй болно. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна хэмээн зохицуулжээ нэг үгээр хэлбэл хариуцагч ажлын, гүйцэтгэл үр дүн, үр шимийн хүртсэн нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч хууль зүйн дүгнэлт гаргасангүй.

... хариуцагч ажлыг хийж гүйцэтгээгүй тул алданги төлөхгүй хэмээн маргаагүй бөгөөд зөвхөн биет байдлын доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн талаар маргадаг нь хариуцагчийн тайлбар татгалзлаар нотлогдоно. Гэтэл шүүх тухайн маргаанд дүгнэлт хийхдээ төвийг сахисан байр сууринаас бус харин хэт нэг талыг баримталж дүгнэлт гаргасан нь хуульд нийцээгүй хэмээн үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б.Ө-аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл, алдангид 13 500 000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч Б.Ө- шаардлагыг эс зөвшөөрч, гэрээний зүйл шаардлага хангаагүй, нэхэмжлэгч будах ажлаа гүйцэтгээгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Б.Ө-тай 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, корунд дулаан тусгаарлагч будаг худалдах, будгийн ажил гүйцэтгэх үүрэг хүлээж, худалдан авагч буюу Б.Ө- нь будгийн үнэ 22 400 000 төгрөг, ажлын хөлс 600 000 төгрөг, нийт 23 000 000 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон байна.

Нэхэмжлэгч “С” ХХК гэрээний зүйл болох будгийг нийлүүлсэн, хариуцагч Б.Ө- 14 000 000 төгрөгийн төлбөр төлсөн талаар талууд маргаагүй байна. Харин нэхэмжлэгч гэрээнд зааснаар будгийн ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул зохигч энэ талаар маргасан байна.

 Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Зохигчийн байгуулсан гэрээнд үүргээ гүйцэтгээгүй тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр заасныг шүүх худалдах-худалдан авах гэрээний төлбөр төлөх, ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэх аль аль үүрэгт хамааралтай гэж үзэж, нэхэмжлэгч “С” ХХК-ийг корунд будах ажлыг гүйцэтгээгүй тохиолдолд төлбөрийн үлдэгдэлд ногдох алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3.-т заасан зохицуулалтад нийцжээ.

Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3.-т зааснаар хугацаа хожимдуулсан үүрэг гүйцэтгүүлэгч мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алддаг байна.

Мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-т зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас худалдан авсан будагны үнийн үлдэгдэл 9 000 000 төгрөгийг хариуцагч Б.Ө-аас гаргуулах хэсгийг хангаж, алдангийн талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00040 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 404 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН