Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 437

 

      ХХААХҮЯ-ны “МХС” ТБАГУТҮГ-ын  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/00045 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ХХААХҮЯ-ны “МХС” ТБАГУТҮГ -ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ГИ” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1 760 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч      ХХААХҮЯ-ны “МХС” ТБАГУТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ГИ” ХХК нь 2017 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан Өвөл хаврыг өнтэй давъя арга хэмжээний хүрээнд зарласан төсөлд сонгон шалгарч, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/149 тоот тушаалыг үндэслэн Тэжээл импортлогч аж ахуй нэгжид санхүүжилтийн зээл олгох зорилгоор      ХХААХҮЯ-ны “МХС” ТБАГУТҮГ -тай 1.100.000.000 төгрөгийн 2017/Ү/18 тоот гэрээг байгуулан, буцаан төлөгдөх нөхцөлтэй хүүгүй зээлийг авсан. Хариуцагч нь зээлийн төлөлтийг хийгээгүй бөгөөд, зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа учир нэг талын санаачлагаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний 5.3 дах заалтыг үндэслэн алдангийг хоног тутамд 0.5 хувиар тооцон 660.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч “ГИ” ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл 1.100.000.000 төгрөг, алданги 660.000.000 төгрөг, нийт 1.760.000.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч “ГИ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрхэмбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Яамнаас зохион байгуулсан Өвөл хаврыг өнөтэй давъя аяны хүрээнд Говь-Алтай аймагт 3 компани хувиарлагдсан байдаг. “ГИ” ХХК-д 1.100.000.000 төгрөг, “Армано” ХХК-ийн 5.000.000.000 төгрөг, дахин өөр 1 компани 800.000.000 төгрөгийн зээл авсан. 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа эхэлж гэрээнд заагдсаны дагуу Мал хамгаалах сангаас эхний урьдчилгаа мөнгийг хийж ОХУ-ын үйлдвэр рүү шилжүүлсэн байдаг. Энэ хугацаанд “ГИ” ХХК-аас аймаг, сумдаас малны хотонд 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан. Нөгөө 2 компанийхаа үүргийг дангаар биелүүлж нийт 9 сум, багуудад гэрээнийхээ дагуу малын тэжээл зах зээлийн үнээс 30-40 хувиар бууруулж борлуулж байсан. Жишээ нь ОХУ-д 9500 төгрөгөөр зарж байсан тэжээлийг ОХУ-аас Говь-Алтай аймгийн Таян сум руу тээвэрлэж 10.000 төгрөгөөр борлуулж байсан. Бид улсаас маш хямдралтай үнээр хүүгүй зээл авсан учраас малчдад хямд үнэтэй тэжээл өгөх бодлогын хүрээнд баригдаж ажилласан. Энэ хугацаанд Мал хамгаалах сан, Хөдөө аж ахуйн яам болон аймгийн мал хамгаалах газартай хамтарч ажилласан. Бидэнд хилээр оруулж ирсэн баримт, цахимаар шивж оруулж байсан. Тухай бүр дээр бид 20.000.000 төгрөг, 50.000.000 төгрөг, 100.000.000 төгрөгийн зөвшөөрлийг авч Мал хамгаалах сангийн хяналт доор ОХУ руу шууд үйдвэрлэгчид рүү шилжүүлж байсан. Зах зээлийн үнээс доогуур үнээр борлуулж байсан учраас бид яах аргагүй алдагдал хүлээсэн. Бид үүргээ маш хариуцлагатай биелүүлээд явсан гэдгээ хэлмээр байна. Хилээр оруулж гаалийн бичиг, гэрээ контракт, мөнгөн шилжүүлгийн баримтууд байгаа. Өнөөдөр эдгээр баримтуудыг өгөх боломжгүй байгаа ч амаараа яръя. Бид үндсэн зээлээ төлөхийг дэмжиж байгаа. ОХУ-аас 400.000 төгрөгөөр худалдан авсан тэжээлээ бид Говь-Алтай аймгийн сумдуудад 400.000 төгрөгөөр худалдан борлуулсан. Энэ үйл ажиллагаа 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тасралтгүй явагдсан. Бидэнд талархсан аймгийн холбогдох байгууллагуудын бичиг нь байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “ГИ” ХХК-аас 1.347.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч      ХХААХҮЯ-ны “МХС” ТБАГУТҮГ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 412.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 6.895.450 төгрөг гаргуулан улсын төсөвт /Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данс/ оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч “ГИ” ХХК-ийн төлөөлөгч М.Энхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулахаар 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр М.Эрхэмбаярт итгэмжлэл олгосон юм. Тус итгэмжлэлийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд М.Эрхэмбаяр оролцож хэргийн материалтай танилцаж, нотлох баримт гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэх гэтэл шүүх хариуцагч талын эрхийг зөрчиж "...одоо хэргийн материалтай танилцаад хуралдаа ор'' гэж хэрэг танилцуулсан тухай баримтад гарын үсэг зуруулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэнд гомдолтой байна. Хэргийн материалтай танилцаж, өмгөөлөгч авч нотлох баримт гаргаж өгөх байсан. "...Бидэнд хугацаа олгох юм бол баримтуудаа авчирч өгөхөд бэлэн байна" / хх-ийн 56/ гэсэн хүсэлтийг шүүх хүлээн аваагүй байна. Шүүх хуралдаанд миний бие оролцоогүй байхад шүүхийн шийдвэрт "...хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа" гэж тусгасан нь үндэслэлгүй бөгөөд хууль есны байх зарчимд нийцэхгүй юм. Тус компани нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас баримталсан бодлогын хатуу үнэнд баригдаж тэжээлээ алдагдалтай үнээр зарж борлуулсан ба сум хооронд хямдралтай үнээр тэжээл хүргэх тээврийн зардлыг тусгаагүй нь санхүүгийн хувьд алдагдалтай ажиллах гол зүйл болсон. Тухайлбал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тэжээлийн үнээ зах зээлийн судалгаатай, бодитой тогтоосон бол бид төлөвлөөгүй санхүүгийн хүнд байдалд орж, алданги төлөх үндэслэлгүй тул тухайн нөхцөл байдлыг нотлох баримтаа гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааныг талуудын эрх тэгш, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулах хүсэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дах хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч      ХХААХҮЯ-ны “МХС” ТБАГУТҮГ нь хариуцагч “ГИ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 100 000 000 төгрөг, алданги 660 000 000 төгрөг, нийт 1 760 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2017/Y/18 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан нь ОХУ-аас малын тэжээл импортлон борлуулахад шаардлагатай 1 100 000 000 төгрөгийг зээлдэгч “ГИ” ХХК-д шилжүүлэх, зээлдэгч нь зээлийг гэрээний хавсралтаар баталсан хуваарийн дагуу Мал хамгаалах сангийн дансанд 2018 оны 08 дугаар сарын 01-ний дотор авсан зээлийг буцаан төлөхөөр, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг зээлдэгч тал зээлдүүлэгч талд төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 8-11/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, зээлийг гэрээнд заасан хуваарийн дагуу буцаан төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй, хариуцагч нь           1 100 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй болохыг тус тус үндэслэлтэй дүгнэжээ.

Хариуцагч нь үндсэн зээл 1 100 000 000 төгрөгийг хүлээж авсан болон буцаан төлөх талаар маргаагүй, харин  алданги тооцож эхэлсэн  хугацааны талаар маргажээ. Талууд  зээлийн гэрээний хугацааг 9 сар байхаар тохиролцсон ба эхний 4 сар буюу 2018 оны 3 дугаар сарыг дуустал аливаа төлбөр төлөхгүй, 2018 оны 4 дүгээр сарын  01-ний өдрөөс эхлэн зээлдэгч нь сар бүр 220 000 000 төгрөгийг  хувааж төлөхөөр гэрээний хавсралтаар тохиролцсон. /хх-ийн 17/

Зээлийн гэрээний 5.3-т “Зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг зээлдэгч тал зээлдүүлэгч талд төлнө” гэж тохиролцсон тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй,  нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт тус тус зааснааар алданги шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 660 000 000 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь зээлийн гэрээний 5.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт тус тус нийцэж байгаа боловч анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэж нийт алдангийн хэмжээг 247 500 000 төгрөг болгон багасгаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

Хариуцагчид шүүх хуралдааныг товыг хүргэсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаан хүрэлцэх ирээгүй тул түүнийг шүүх хуралдаанд оролцуулах талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж байсан ба хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаан оролцох хүсэлтийг хангах, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангах зэргээр удаа дараа шүүх хуралдаан хойшлогдож байсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг хангаж шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 36, 45, 50/

Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинээр нотлох баримт гаргаж өгөх, шүүх хуралдаан хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй, харин ч “...нэмж гаргах нотлох баримт байхгүй...” тухайгаа мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хх-ийн 55/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох тухай хариуцагчийн төлөөлөгч М.Энхбаярын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрхэмбаяр оролцож тайлбар гаргасан байхад шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэрийг М.Энхбаяр гэж буруу бичсэн хэдий ч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоход нөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч М.Энхбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/00045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч М.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ГИ” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 395 450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                Н.БАТЗОРИГ