Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 00045

 

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2019/00045

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ............. тоотод байрлах М.Х Сангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......... Г.И ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,760,000,000 /нэг тэрбум, долоон зуун жаран сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын захирал Д.П, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-Ө, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.Х Сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.И ХХК нь 2017 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан Өвөл хаврыг өнтэй давъя арга хэмжээний хүрээнд зарласан төсөлд сонгон шалгарч, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/149 тоот тушаалыг үндэслэн Тэжээл импортлогч аж ахуй нэгжид санхүүжилтийн зээл олгох зорилгоор М.Х Сан-тай 1,100,000,000 төгрөгийн 2017/Ү/18 тоот гэрээг байгуулан, буцаан төлөгдөх нөхцөлтэй хүүгүй зээлийг авсан. Хариуцагч нь зээлийн төлөлтийг хийгээгүй бөгөөд, зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа учир нэг талын санаачлагаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний 5.3 дахь заалтыг үндэслэн алдангийг хоног тутамд 0,5 хувиар тооцон 660,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч Г.И ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 1,100,000,000 төгрөг, алданги 660,000,000 төгрөг, нийт 1,760,000,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын захирал Д.П, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-Ө нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хүнс хөдөө аж ахуйн аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан Өвөл хаврыг өнөтэй давъя аяны хүрээнд нийт 34 аж ахуйн нэгжид 40,000,000,000 төгрөгийг Хүнс хөдөө аж ахуйн аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны сайдын тушаалаар хүүгүй зээл олгосон. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/149 тоот тушаалыг үндэслэн Тэжээл импорлогч аж ахуйн нэгжид импортлогч аж нэгжид санхүүжилтийн зээл олгох зорилгоор Г.И ХХК-д 1,100,000,000 төгрөгийг 2017/Ү/18 тоот гэрээг байгуулан буцаан төлөгдөх нөхцөлтэй хүүгүй зээлийг авсан. Хариуцагч Г.И ХХК нь зээлийн төлөлтийг хийгээгүй бөгөөд 1,100,000,000 төгрөгийг төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээнд заасан хуваарын дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа учир нэг талын санаачлагаар зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтыг үндэслэн гэрээг цуцалж, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг үндэслэн алдангийг хоног тутамд 0.5 хувиар тооцон 660,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Сар бүрийг 25-ны өдөр тайлан манай байгуулагад тайлагнах ёстой байсан. Г.И ХХК нь санхүүгийн тайлан мэдээ болон гаалиар оруулж ирсэн мэдээ мэдээллийг давхар мэдээллэх үүрэгтэй байсан. Бидэнд ямар нэгэн байдлаар хандаж байгаагүй. Г.И ХХК нь зээлийн төлбөрөө хугацаанд барагдуулахгүй байсан тул бидний зүгээс 2 удаа зээлийн төлбөрөө төлөх талаар мэдэгдэл явуулж байсан. Миний бие өөрийн биеэр очиж тооцоо нийлж байсан удаатай. Өмнөх хурал дээр би хариуцагч байгууллагын захирлыг 2 дахь удаагаа харсан. Яагаад би хариуцагч байгууллагатай эвлэрэхгүй гээд байгаа шалтгаан нь зээл авсан 34 аж ахуйн нэгж байгууллагуудаас зээлийн төлбөрөө хугацаанд төлөхөөр чармайж ажиллаж байсан компаниуд бий. Аудитийн шалгалтаар 3 компанийг онцолдог. Г.И ХХК болон нэр бүхий 2 компани байсан. Гэрээ байгуулагдсанаас хойш 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд эхний зээлийн эргэн төлөлт 220,000,000 төгрөг төлөх ёстой байсан. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 180 хоногоор алдангийг тооцож 380,000,000 төгрөг, хоёр дахь эргэн төлөлт 220,000,000 төгрөгийг 150 хоногоор тооцвол 165,000,000 төгрөг, гурав дахь зээлийн эргэн төлөлт нь 120 хоногоор 132,000,000 төгрөгөөр тооцсон. Дөрөв дэх зээлийн эргэн төлөлтийн алданги нь 90 хоног 99,000,000 төгрөг, тав дахь зээлийн эргэн төлөлт 60 хоног 66,000,000 төгрөгөөр тооцож бодсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Г.И ХХК-иас 1,760,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.И ХХК-ийн захирал М.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Тус компани нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр №171122/04-215 тоот өвс, тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээг ХХААХҮЯ-тай, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр №2017/Ү/18 тоот зээлийн гэрээг М.Х Сан-тай байгуулсан бөгөөд, гэрээнд тусгагдсан заалтын дагуу ОХУ-аас малын тэжээл импортлон өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай аймгийн төв болон бүх сум, баг, малчны хотхонд хямдралтай үнээр тасралтгүй 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл хүргэж ажилласан. Энэ гэрээний дагуу тухайн ажлыг биелүүлэх хугацаанд шатахууны үнэ нэмэгдсэн, рублийн ханш өссөн, тээврийн зардал өссөн, тухайн аймагт зээлээр тэжээл тараасан зэрэг тооцоолоогүй зардлууд нэмэгдсэн ба, Говь-Алтайд тэжээл нийлүүлэхээр хуваарилагдсан 3 компаниас манай компани дангаараа тус аймгийг хямд тэжээлээр хангах үүргээ 100 хувь биелүүлсэн.

ХХААЯ-аас баримталсан бодлогын хатуу үнэнд баригдаж тэжээлээ алдагдалтай үнээр зарж борлуулсан, мөн сум хооронд хямдралтай үнээр тэжээл хүргэх тээврийн зардлыг тусгаагүй нь тус компанид санхүүгийн хувьд алдагдалтай ажиллах гол зүйл болсон. Хуваарилагдсан 3 компани хямд үнээр тэжээлийг нэгэн цаг хугацаанд нийлүүлж дууссан бол манай компани бүх сумдын хэмжээнд хүрч ажиллах шаардлагагүй, алдагдал багатай ажиллах байсан. Бидний үйл ажиллагаанд хяналт тавих байгууллага нь энэ гэрээний ажлыг хянаж үүргээ биелүүлээгүй, нөгөө хоёр компанид шаардлага тавьсан бол манай компани дангаараа ажиллаж ихээхэн хэмжээний алдагдал хүлээхгүй байсан гэж үзэж байна. Бид тухай бүрт санхүүгийн зөвшөөрөл авахдаа зуд болсон сумдын удирдлагаас манай компанид талархсан тодорхойлолтуудыг М.Х Сан-д баримт болгон өгч байсан. Бид гэрээнд заасан үүргээ хурдан шуурхай биелүүлж, Говь-Алтай аймгийн бүх сумдад хямд үнэтэй тэжээлийг хуваарилагдсан 2 компанийн өмнөөс тасралтгүй нийлүүлж байсан нь санхүүгийн алдагдалд их хэмжээгээр хүргэсэн байна. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймагт тус компанийн импортолсон малын тэжээл зарагдаагүй үлдэгдэлтэй байгаа бөгөөд, бид зөвхөн М.Х Сан-ийн шийдвэрээр ОХУ руу шилжүүлсэн мөнгөн дүнд тохирсон малын тэжээлийг хүлээн авч, хямд үнээр борлуулж байсан. Иймд тус компани нь М.Х Сан-гийн нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хэргийн материалтай танилцлаа. Монгол улс даяар Хүнс хөдөө аж ахуйн аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан Өвөл хаврыг өнөтэй давъя аяны хүрээнд Говь-Алтай аймагт 3 компани хувиарлагдсан байдаг. Г.И ХХК-д 1,100,000,000 төгрөг, Армано ХХК-ийн 5,000,000,000 төгрөг, дахин өөр 1 компани 800,000,000 төгрөгийн зээл авсан. 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа эхэлж гэрээнд заагдсаны дагуу М.Х Сангаас эхний урьдчилгаа мөнгийг хийж ОХУ-ын үйлдвэр рүү шилжүүлсэн байдаг. Энэ хугацаанд Г.И ХХК-иас аймаг, сумдаас малны хотонд 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан. Нөгөө 2 компанийхаа үүргийг дангаар биелүүлж нийт 9 сум, багуудад гэрээнийхээ дагуу малын тэжээл зах зээлийн үнээс 30-40 хувиар бууруулж борлуулж байсан. Жишээ нь ОХУ-д 9500 төгрөгөөр зарж байсан тэжээлийг ОХУ-аас Говь-Алтай аймгийн Таян сум руу тээвэрлэж 10,000 төгрөгөөр борлуулж байсан. Бид улсаас маш хямдралтай үнээр хүүгүй зээл авсан учраас малчдад хямд үнэтэй тэжээл өгөх бодлогын хүрээнд баригдаж ажилласан. Энэ хугацаанд М.Х Сан, Хөдөө аж ахуйн яам болон аймгийн мал хамгаалах газартай хамтарч ажилласан. Бидэнд хилээр оруулж ирсэн баримт, цахимаар шивж оруулж байсан. Тухай бүр дээр бид 20,000,000 төгрөг, 50,000,000 төгрөг, 100,000,000 төгрөгийн зөвшөөрлийг авч М.Х Сангийн хяналт доор ОХУ руу шууд үйдвэрлэгчид рүү шилжүүлж байсан. Зах зээлийн үнээс доогуур үнээр борлуулж байсан учраас бид яах аргагүй алдагдал хүлээсэн. Г.И ХХК нь 5,000,000,000 төгрөг, 800,000,000 төгрөгийн зээл авсан компаниудын үүргийг давхар гүйцэтгээд ганцаараа Говь-Алтай аймагт ажилласан. Нэхэмжлэгч байгууллагын захирлын сураггүй алга болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид үүргээ маш хариуцлагатай биелүүлээд явсан гэдгээ хэлмээр байна. Хилээр оруулж гаалийн бичиг, гэрээ контракт, мөнгөн шилжүүлгийн баримтууд байгаа. Өнөөдөр эдгээр баримтуудыг өгөх боломжгүй байгаач амаараа ярья. Миний утсан дээр хөдөө малчны хотонд ажиллаж байсан зураг, бичлэгүүд байгаа. Бид үндсэн зээлээ төлөхийг дэмжиж байгаа. ОХУ 400,000 төгрөгөөр худалдан авсан тэжээлээ бид Говь-Алтай аймгийн сумдуудад 400,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Энэ үйл ажиллагаа 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тасралтгүй явагдсан. Бидэнд талархсан аймгийн холбогдох байгууллагуудын бичиг нь байгаа гэв.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.Х Сан нь хариуцагч Г.И ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,100,000,000 төгрөг, алданги 660,000,000 төгрөг, нийт 1,760,000,000 /нэг тэрбум долоон зуун жаран сая/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Г.И ХХК нь маргаан бүхий зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон, зээлийн мөнгийг хүлээн авсан талаар маргахгүй боловч, ...гэрээний хугацаа дуусаагүй байхад алданги тооцсон нь үндэслэлгүй бөгөөд, зээлдүүлэгчийн тулгаж тавьсан нөхцлийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байгуулснаар санхүүгийн хувьд алдагдал хүлээсэн... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт ...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч М.Х Сан 1,100,000,000 төгрөгийг зээлдэгч Г.И ХХК-д өгсөн, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд, зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зээлдүүлэгч биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагч нь зээлийн гэрээний дагуу төлвөл зохих 1,100,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Хариуцагч Г.И ХХК-ийн зүгээс үндсэн зээлийн төлбөр 1,100,000,000 төгрөгийн талаар маргахгүй боловч гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн алданги тооцсон нь хууль зөрчсөн үйлдэл учир алдангийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан.

Маргаан бүхий зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл байхаар талууд тохиролцон гэрээнд тусгасан байх ба, энэ хугацаанд эхний 4 сар буюу 2018 оны 3 дугаар сарыг дуустал аливаа төлбөр төлөхгүй, харин 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зээлдэгч нь сар бүр 220,000,000 төгрөгөөр хувааж төлөх графиктай байхаар тохиролцсон байна. /хх 17/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бол, талуудын байгуулсан Зээлийн гэрээний 5.3 дахь хэсэгт Зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг зээлдэгч тал зээлдүүлэгч талд төлнө гэж тус тус зохицуулжээ.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, зээлийн гэрээний салшгүй хэсэг болох №2017/Ү/18 тоот гэрээний хавсралт бүхий зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй байх тул зээлдүүлэгч нь энэ хугацааны алдангийг шаардах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгчийн алдангид шаардаж буй 660,000,000 төгрөг нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу анзыг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 45 хувьд тооцон 495,000,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Түүнчлэн, маргаан бүхий гэрээний 5.4 дэх хэсэгт зээлдэгч зээлийн төлбөрийг зээл төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө дангаараа цуцалж, үндсэн зээл болон алдангийг нэхэмжилж, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэж зааснаар зээлийн төлбөр огт төлөгдөөгүй байхад, энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйгээс алдангийн хэмжээ илт их гарсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас шаардах алданги 495,000,000 төгрөгийг 50 хувиар хөнгөлж, нийт алдангийн хэмжээг 247,500,000 төгрөг болгон багасгах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хэдийгээр нэхэмжлэгч М.Х Сан-гаас хариуцагч Г.И ХХК-д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардан мэдэгдэх хуудас хүргжүүлж байсан гэх тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаж буй тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул гэрээний дагуу эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр шүүх хариуцагч Г.И ХХК-иас 1,760,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Х Сангийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,347,500,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 412,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 6,895,450 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г.И ХХК-иас 1,347,500,000 /нэг тэрбум гурван зуун дөчин долоон сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Х Сан-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 412,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 6,895,450 төгрөг гаргуулан улсын төсөвт /Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данс/ оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА