Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2019/00974

 

“М ” ТБАГУТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар        Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

     2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/00045 дугаар шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

      2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 437 дугаар магадлалтай

     “М ” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй,

      “Г ” ХХК-д холбогдох

       Зээлийн гэрээний үүрэгт 1,760,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

       Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

       Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн  нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзийгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Г ” ХХК нь 2017 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан “Өвөл, хаврыг өнөтэй давъя” арга хэмжээний хүрээнд зарласан төсөлд сонгон шалгарч, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 11 сарын 16-ны өдрийн А/149 тоот тушаалыг үндэслэн Тэжээл импортлогч аж ахуй нэгжид санхүүжилтийн зээл олгох зорилгоор ХХААХҮЯ-ны “М ” ТБАГУТҮГ-тай 1,100,000,000 төгрөгийн 2017/Ү/18 тоот гэрээг байгуулан, буцаан төлөгдөх нөхцөлтэй хүүгүй зээлийг авсан. Хариуцагч нь зээлийн төлөлтийг хийгээгүй бөгөөд, зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа учир нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний 5.3 дах заалтыг үндэслэн алдангийг хоног тутамд 0.5 хувиар тооцон 660,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч “Г ” ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл 1,100,000,000 төгрөг, алданги 660,000,000 төгрөг, нийт 1,760,000,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрхэмбаярын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Яамнаас зохион байгуулсан “Өвөл, хаврыг өнөтэй давъя” аяны хүрээнд Говь-Алтай аймагт 3 компани хувиарлагдсан байдаг. “Г ” ХХК-д 1,100,000,000 төгрөг, “Армано” ХХК-ийн 5,000,000,000 төгрөг, дахин өөр 1 компани 800,000,000 төгрөгийн зээл авсан. 1 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа эхэлж гэрээнд заагдсаны дагуу М гаас эхний урьдчилгаа мөнгийг хийж ОХУ-ын үйлдвэр рүү шилжүүлсэн байдаг. Энэ хугацаанд “Г ” ХХК-аас аймаг, сумдаас малны хотонд 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан. Нөгөө 2 компанийхаа үүргийг дангаар биелүүлж нийт 9 сум, багуудад гэрээнийхээ дагуу малын тэжээл зах зээлийн үнээс 30-40 хувиар бууруулж борлуулж байсан. Жишээ нь ОХУ-д 9500 төгрөгөөр зарж байсан тэжээлийг ОХУ-аас Говь-Алтай аймгийн Таян сум руу тээвэрлэж 10,000 төгрөгөөр борлуулж байсан. Бид улсаас маш хямдралтай үнээр хүүгүй зээл авсан учраас малчдад хямд үнэтэй тэжээл өгөх бодлогын хүрээнд баригдаж ажилласан. Энэ хугацаанд “М ”, Хөдөө аж ахуйн яам болон аймгийн мал хамгаалах газартай хамтарч ажилласан. Бидэнд хилээр оруулж ирсэн баримт, цахимаар шивж оруулж байсан. Тухай бүр дээр бид 20,000,000 төгрөг, 50,000,000 төгрөг, 100,000,000 төгрөгийн зөвшөөрлийг авч М гийн хяналт доор ОХУ руу шууд үйлдвэрлэгчид рүү шилжүүлж байсан. Зах зээлийн үнээс доогуур үнээр борлуулж байсан учраас бид яах аргагүй алдагдал хүлээсэн. Бид үүргээ маш хариуцлагатай биелүүлээд явсан гэдгээ хэлмээр байна. Хилээр оруулж ирсэн гаалийн бичиг, гэрээ контракт, мөнгөн шилжүүлгийн баримтууд байгаа. Өнөөдөр эдгээр баримтуудыг өгөх боломжгүй байгаа ч амаараа яръя. Бид үндсэн зээлээ төлөхийг дэмжиж байгаа. ОХУ-аас 400,000 төгрөгөөр худалдан авсан тэжээлээ бид Говь-Алтай аймгийн сумдуудад 400,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Энэ үйл ажиллагаа 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тасралтгүй явагдсан. Бидэнд талархсан аймгийн холбогдох байгууллагуудын бичиг нь байгаа гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/00045 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Галин-Интернэшнл” ХХК-аас 1,347,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “М ”-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 412,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 6,895,450 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 437 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/00045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч М.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/00045 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 437 дугаар магадлалтай хэргээс 147,500,000 төгрөгийн алдангийг дараах ундэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. “Г " ХХК-ийн захирал М.Энхбаяр нь ар гэрийн гачигдлын улмаас тус өдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулахаар 2018.12.26-ны өдөр М.Эрхэмбаярт итгэмжлэл олгосон. Тус итгэмжлэлийн дагуу 2018.12.27-ны өдрийн шүүх хуралдаанд М.Эрхэмбаяр оролцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн материалтай танилцаж, мөн хуулийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримт гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэх гэтэл шүүх хариуцагч талын эрхийг зөрчиж “...одоо хэргийн материалтай танилцаад хуралдаа ор” гэж хэрэг танилцуулсан тухай баримтад гарын үсэг зуруулаад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч талын өмгөөлөгч 2018.12.25-ны өдөр хэргийн материалтай танилцаад, холбогдох нотлох баримтыг М.Энхбаяр компанийн зээлтэй холбогдох баримтуудаас гаргаж өгөх байсан боловч ар гэрийн гачигдлын улмаас Сэлэнгэ аймаг явж, 2018.12.27-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсны улмаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М.Эрхэмбаярыг оролцуулж, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг эрхийг олгосон юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар, татгалзлаа нотлох баримт гаргаж өгөх боломж хүсч “Бидэнд хугацаа олгох юм бол баримтуудаа авчирч өгөхөд бэлэн байна” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн аваагүй.

2. Шүүх хуралдаанд хариуцагч өөрөө оролцоогүй байхад шүүхийн шийдвэрт “Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа” гэж тусгасан нь үндэслэлгүй бөгөөд хууль ёсны байх зарчимд нийцэхгүй юм.

3. Тус компани нь ХХААЯ-аас баримталсан бодлогын хатуу үнэнд баригдаж тэжээлээ алдагдалтай үнээр зарж борлуулсан ба сум хооронд хямдралтай үнээр тэжээл хүргэх тээврийн зардлыг тусгаагүй нь санхүүгийн хувьд алдагдалтай ажиллах гол зүйл болсон ч гэрээнд заасан үүргээ цаг хугацаанд нь зориулалтын дагуу биелүүлсэн болно. Түүнчлэн ХХААЯ тэжээлийн үнээ зах зээлийн судалгаатай, бодитой тогтоогоогүйгээс бид төлөвлөөгүй санхүүгийн хүнд байдалд орсон боловч үүргээ биелүүлсэн талаар нотлох баримтаа гаргаж өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааныг талуудын эрх тэгш, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулах хүсэлтэй байна. Мөн “М ”-ийн зээлийг зориулалтын дагуу, хугацаандаа зарцуулсан эсэх талаар Эрүүгийн цагдаагийн газар шалгаж, тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэж байгаа болно. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуульд заасан өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцаж, нотлох баримт гаргаж өгч шүүх хуралдаанд тэгш эрхтэйгээр мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн тул /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3/ хариуцагч талын хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэх боломж олгож, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дэх хэсэгт зааснаар дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “М ” ТБАГУТҮГ нь хариуцагч “Галин-Интернэшнл” ХХК-д холбогдуулан үндсэн зээл 1,100,000,000.00 төгрөг, алданги 660,000,000.00 төгрөг, нийт 1,760,000,000.00 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохигчдын хооронд байгуулагдсан 2017/Y/18 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “М ” нь ОХУ-аас малын тэжээл импортлон борлуулахад шаардлагатай 1,100,000,000.00 төгрөгийг зээлдэгч “Галин-Интернэшнл” ХХК-д шилжүүлэх, зээлдэгч нь зээлийг гэрээний хавсралтаар баталсан хуваарийн дагуу М гийн дансанд 2018 оны 08 дугаар сарын 01-ний дотор авсан зээлийг буцаан төлөхөөр, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг зээлдэгч тал зээлдүүлэгч талд төлөхөөр тохиролцсон байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдаж, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээл шилжсэн үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байх бөгөөд хариуцагч нь зээлийг гэрээнд заасан хуваарийн дагуу буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул 1,100,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй  гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Хариуцагч нь үндсэн зээлийг буцаан төлөх талаар маргаагүй, харин алдангийн   талаар маргасан ба зээлийн гэрээний 5.3-т Зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг зээлдэгч тал зээлдүүлэгч талд төлнө гэж тохиролцсон байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт тус тус зааснаар алданги шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 660,000,000.00 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь зээлийн гэрээний 5.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт тус тус нийцэж байгаа боловч анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэж, нийт алдангийн хэмжээг 247,500,000.00 төгрөг болгон багасгаж  шийдвэрлэснийг буруутгах боломжгүй ч шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчдын эрхийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлээгүй буюу хэргийн оролцогчийн эрхийг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй буюу хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч М.Энхбаярын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/00045 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 437 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 895,450.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН