Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2019/00644

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2019/00644

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г.Снэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ холбогдох

Орон сууц битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 156/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэнийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчП.Л, нарийн бичгийн даргаар Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 181/ШШ2017/72447 дугаар захирамжаар Нүүдэлчин-Эзэнт гүрэн ХХК, Монстиль ХХК, Аянга нараас 153,975,776.00 төгрөгийг гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч биш Г.С гэх миний хувийн өмчлөлийн хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113-р байрны 7 тоот, Улсын бүртгэлийн Ү-..............дугаарт бүртгэгдсэн 29 метр квадрат бүхий орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 156/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. Төлбөр төлөгч биш этгээдийн эд хөрөнгийг битүүмжилж байгаа үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хууль тогтоомжийг зөрчиж байна.

Г.Сгийн эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол,113 дугаар байрны 7 тоот, Улсын бүртгэлийн Ү-..............дугаарт бүртгэгдсэн 29 метр квадрат бүхий орон сууцыг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 156/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Nргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181\ШШ2017\2447 дугаар захирамжаар Нүүдэлчин эзэнт гүрэн ХХК, Монстиль ХХК, Ч.А нараас 153.975.776 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181\ШШ2017\2447 дугаар захирамж, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023966 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД-37 дугаар байрны 72 тоот 39 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-..............дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 7 тоотын 29 м.кв талбайтай орон сууцнаас хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 156\01 тоот тогтоолоор битүүмжилсэн ажиллагаа нь Иргэний хуулийн 175 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд худалдаа хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай Худалдаа хөгжлийн банк нь иргэн Ч.А болон Нүүдэлчин эзэнт гүрэн ХХК-ийн захирал Л.Э нартай №ЗБ\044-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г байгуулан улсын бүртгэлийн Ү-..............дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 7-н тоотын 29 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн156 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Гуравдагч этгээдийн зүгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181\ШШ2017\2447 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулан Нүүдэлчин эзэнт гүрэн ХХК, Монстиль ХХК, Ч.А 182,510,282.00 төгрөг гаргуулах хүсэлт гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 156 дугаар тойргын шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 156\01 тоот тогтоолоор улсын бүртгэлийн Ү-..............дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол,113 дугаар байрны 7-н тоотын 29 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилсэн бөгөөд нэхэмжлэгч Г.С нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд гомдол гаргаагүй нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Г.Сгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэлийн нэхэмжлэл, талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.С нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 156/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/2447 дугаар захирамжаар Худалдаа хөгжлийн банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 182.510.282 төгрөгийг хариуцагч Нүүдэлчин-Эзэнт гүрэн ХХК, Монстиль ХХК, Ч.А гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023966 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД-37 дугаар байрны 72 тоот 39 мкв талбай бүхий орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-..............дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 7 тоот 29 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэсэн ба 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ./хх-41 тал/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/2447 дугаар захирамж, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай 18280472 дугаар тогтоол үйлдсэн ба энэхүү тогтоолыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна./хх- 42-45 тал/

Тус газарт, шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсанд заасан төлбөр төлөгч Нүүдэлчин-Эзэнт гүрэн ХХК, Монстиль ХХК, Ч.А 182.510.282 төгрөгийн төлбөр, улсын тэмдэгтийн хураамж 1.070.501 төгрөг, нийт 183.580.783 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Зээлийн болон барьцааны гэрээнд заасан улсын бүртгэлийн Ү-2203023966 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД-37 дугаар байрны 72 тоот 39 мкв талбай бүхий орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-..............дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 7 тоот 29 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг хийхээр заажээ.

Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 156-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл-ийг үйлдэж, төлбөр төлөгч Нүүдэлчин-Эзэнт гүрэн ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Л.Энэбишээс тайлбар /хх-46./ аваад, Шүүхийн шийдвэр биелүүлэх 156/01 дугаартай мэдэгдлийг үйлдэж, ...154.125.776 төгрөгийг 2018 оны 05 сарын 09-ний өдрийн дотор төлөхийг Л.Энэбишид мэдэгдэж, уг баримтад гарын үсэг зуруулжээ, мөн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2018.06.25-ны өдөр 4/10883 тоот албан бичгээр ...төлбөр төлөгч Нүүдэлчин-Эзэнт гүрэн ХХК, Монстиль ХХК, Ч.Анарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-..............дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 7 тоот 29 мкв талбайтай хувийн сууцанд барьцааны гэрээ бүртгэлтэй эсэх талаар лавлагаа гарган, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, хариу ирүүлнэ үү гэж хүргүүлсэн ба тус хэлтэс нь 2018.07.03-ны өдрийн 8/1048 тоот албан бичгээр ...иргэн Б.Туяа, Г.С, Б.Дөлгөөн нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ...113 дугаар байрны 7 тоот 29 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй бөгөөд, 2011.8.16-ны болон 2011.10.7-ны өдрийн Худалдаа хөгжлийн банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна гэсэн хариуг тус тус ирүүлсэн талаар ажиллаагаа хийгдсэн баримтууд авагдсан байна./хх- 49-51 тал/,

Шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан маргааны зүйл болсон ...113 дугаар байрны 7 тоотод ирэхэд уг орон сууцны өмчлөгч Г.С байсан ба түүнтэй уулзаж, ..төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул орон сууцыг битүүмжлэх ажиллагааг явуулах талаар танилцуулж, ...тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг хураан авч албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг зохион байгуулахыг мэдэгдсэн ба хөдлөнгийн 2 гэрч байлцуулан, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 156/01 дугаар тогтоолыг үйлдэж, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 7 тоотын 2 өрөө, 29 мкв талбайтай орон сууцыг бүтүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарлан, эд хөрөнгийг хадгалагч Г.С, төлбөр авагчийн төлөөлөгч П.Лхагвасүрэн нараар гарын үсэг зуруулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх буюу төлбөрийг төлөх хугацааг 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөр тогтоож, мэдэгдлийг Г.Сд гардуулан өгсөн ажиллагааг тус тус хийжээ./хх- 55/

Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгий хоёроос доошгүй гэрчинй оролцоотой явуулна гэж, 41.2-т Шаардлагатай бол энэ хуулийн 41.1-д зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно гэж, мөн хуулийн 49 дүгээр зүйлд төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах-ыг заасныг тус тус зөрчөөгүй энэхүү хуулийн дагуу ажиллагааг хийсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нарийвчлан зохицуулсан.

Түүнчлэн, хэргийн 26-27 дугаар хуудсанд авагдсан, 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны ЗБ/044-1 дугаартай гэрээгээр Г.Сгийн гаргасан гомдлын зүйл болсон Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 7 тоот 29 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч Б.Туяа, Г.С, Б.Дөлгөөн нар өөрсдөө Худалдаа хөгжлийн банкны Зуун айлын тооцооны төвд очиж, тухайн гэрээг хийж, түүнд гарын үсгээ зурж баталгаажуулан, үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулсан хүчин төгөлдөр гэрээ авагдсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах арга, журам, дэс дарааллыг нарийвчлан зааж, тусгайлан зохицуулсан заалтыг хэрэгжүүлэх нь гагцхүү шийдвэр гүйцэтгэх байгууллага болон шийдвэр гүйцэтгэгчийн үүрэг юм.

Нэхэмжлэгч Г.Сгийн тус шүүхэд гаргасан гомдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т заасан заалтад хамаарч байгаа тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд гомдол гаргаагүй нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 24ий өдрийн 156/01 дугаартай Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол-ыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнээд, гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 49 дүгээр зүйлийн 49.4, 49.4.1-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 24ий өдрийн 156/01 дугаартай Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ