Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00869

 

Г.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00644 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Орон сууц битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Лхагвасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 181/ШШ2017/2447 дугаар захирамжаар “Нүүдэлчин-эзэнт гүрэн” ХХК, “Монстиль” ХХК, Ч.Аянга нараас 153 975 776 төгрөгийг гаргуулж Худалдаа, хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч биш Г.С- гэх миний хувийн өмчлөлийн хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 7 тоот, Улсын бүртгэлийн Ү-2204001844 дугаарт бүртгэгдсэн 29 метр квадрат бүхий орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 156/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. Төлбөр төлөгч биш этгээдийн эд хөрөнгийг битүүмжилж байгаа үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийг зөрчиж байна. Г.С-ийн эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 7 тоот, Улсын бүртгэлийн Ү-2204001844 дугаарт бүртгэгдсэн 29 метр квадрат бүхий орон сууцыг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 156/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/2447 дугаар захирамжаар “Нүүдэлчин эзэнт гүрэн” ХХК, “Монстиль” ХХК, Ч.Аянга нараас 153 975 776 төгрөгийг гаргуулж ХХБ анд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/2447 дугаар захирамж, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023966 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД-37 дугаар байрны 72 тоот 39 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204001844 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 7 тоотын 29 м.кв талбайтай орон сууцнаас хангуулахаар шийдвэрлэсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 156/01 тоот тогтоолоор битүүмжилсэн ажиллагаа нь Иргэний хуулийн 175 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХБ нь иргэн Ч.Аянга болон “Нүүдэлчин эзэнт гүрэн” ХХК-ийн захирал Л.Энэбиш нартай №ЗБ/044-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан, улсын бүртгэлийн Ү-2204001844 дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 7-н тоотын 29 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн156 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гуравдагч этгээдийн зүгээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/2447 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулан “Нүүдэлчин эзэнт гүрэн” ХХК, “Монстиль” ХХК, Ч.Аянга нараас 182 510 282 төгрөг гаргуулах хүсэлт гаргасан. НШШГГ-ын  156 дугаар тойргын шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 156/01 тоот тогтоолоор улсын бүртгэлийн Ү-2204001844 дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол,113 дугаар байрны 7-н тоотын 29 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилсэн бөгөөд нэхэмжлэгч Г.С нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд гомдол гаргаагүй нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд Г.С-ийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 49 дүгээр зүйлийн 49.4, 49.4.1-т заасныг тус тус баримтлан НШГГ-ын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 156/01 дугаартай эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/2447 дугаар захирамжаар "Нүүдэлчин-Эзэнт гүрэн" ХХК, "Монстиль" ХХК, Ч.Аянга нараас 153 975 776 төгрөгийг гаргуулж Худалдаа, хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл ШШГБ нь төлбөр төлөгч биш Г.С гэх миний хувийн өмчлөлийн хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 7 тоот, Улсын бүртгэлийн Ү-2204001844 дугаарт бүртгэгдсэн 29 метр квадрат бүхий орон сууцыг 2018 оны 10 дугаар сар 24-ний өдрийн 156/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. Төлбөр төлөгч биш этгээдийн эд хөрөнгийг битүүмжилж байгаа үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийг зөрчиж байгаа гэж үзэж өөрийн харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч миний гомдлыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан байна. Иймд миний бие Г.С нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00644 тоот шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг эс хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж өгнө үү гэжээ.

                                ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2018 оны 10 дугаар сар 24-ний өдрийн 156/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/2447 дугаар захирамжаар "Нүүдэлчин-эзэнт гүрэн" ХХК, "Монстиль" ХХК, Ч.Аянга нар 182 510 282 төгрөгийг “ХХБ” ХХК-д төлөх, үүргийн гүйцэтгэлийг Улсын бүртгэлийн Ү-2203023966 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД-37 дугаар байрны 72 тоот 39 м.кв талбай бүхий орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204001844 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 7 тоот 29 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулахыг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбар, шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. /хх-ийн 7-8 дугаар тал/

Төлбөр төлөгч "Нүүдэлчин-эзэнт гүрэн" ХХК, "Монстиль" ХХК, Ч.Аянга нар нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул “ХХБ” ХХК-ийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 23 дугаар гүйцэтгэх хуудас гаргаж, НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр үүсгэсэн байна. /хх-ийн 41 дүгээр тал/

Хариуцагч нь шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2018 оны 5 дугаар сарын 02, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус тус төлбөр төлөгчид хүргүүлсэн байх бөгөөд барьцааны зүйл болох Б.Туяа, Г.С, Б.Дөлгөөн нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204001844 дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 7 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр битүүмжлэх тухай тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т заасантай нийцсэн байна. /хх-ийн 49, 52-55 дугаар тал/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдолдоо “Г.С нь ХХБ тай зээлийн гэрээ байгуулаагүй, төлбөр төлөгч биш байхад түүний өмчлөлийн орон сууцыг битүүмжилсэн нь хууль бус” гэх боловч энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Тодруулбал, 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Нүүдэлчин-Эзэнт гүрэн” ХХК нь “ХХБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “ХХБ” ХХК нь 600 000 000 төгрөгийг, жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай “Нүүдэлчин-Эзэнт гүрэн” ХХК-д зээлдүүлэхээр тохиролцсон байна. /хх-ийн 24-25 дугаар тал/

Хэдийгээр нэхэмжлэгч Г.С нь “ХХБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй, зээл аваагүй, төлбөр төлөгч биш боловч 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Нүүдэлчин-эзэнт гүрэн” ХХК-ийн зээлийн барьцаанд Б.Туяа, Г.С, Б.Дөлгөөн нар нь өөрсдийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204001844 дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 7 тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр үнэлэн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар барьцаалж, өмчлөгч Б.Туяа, Г.С, Б.Дөлгөөн нар барьцааны гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан барьцааны гэрээ хэрэгт авагдсан. Барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлээр хангуулах тухай шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болжээ. /хх-26-27 дугаар тал/

Иймд хариуцагч НШШГГ нь уг орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжилсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Харин анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал болон тогтоох хэсэгт хариуцагч байгууллагын нэрийг буруу бичсэн, хэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгааг тодорхой заагаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалаар дээрх алдааг залруулан зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00644 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... Нийслэлийн ...” гэсний дараа “шүүхийн” гэж нэмж, “... гомдлыг ...” гэснийг “нэхэмжлэгч Г.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД                                            

                                         ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ        

                                                                                                Г.ДАВААДОРЖ