Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00255

 

Г.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00644 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 869 дугаар магадлалтай,

Г.С-гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Орон сууц битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.С-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/2447 дугаар захирамжаар Нүүдэлчин-эзэнт гүрэн ХХК, Монстиль ХХК, Ч.Аянга нараас 153.975.776 төгрөгийг гаргуулж Худалдаа, хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч биш Г.С- миний хувийн өмчлөлийн хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 7 тоот, Улсын бүртгэлийн Ү-2204001844 дугаарт бүртгэгдсэн 29 метр квадрат бүхий орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 156/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. Төлбөр төлөгч биш этгээдийн эд хөрөнгийг битүүмжилж байгаа үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийг зөрчиж байна. Г.С-гийн эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 7 тоот, Улсын бүртгэлийн Ү-2204001844 дугаарт бүртгэгдсэн 29 метр квадрат бүхий орон сууцыг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 156/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/2447 дугаар захирамжаар Нүүдэлчин эзэнт гүрэн ХХК, Монстиль ХХК, Ч.Аянга нараас 153.975.776 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/2447 дугаар захирамж, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД-37 дугаар байрны 72 тоот 39 м.кв талбайтай орон сууц, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 7 тоотын 29 м.кв талбайтай орон сууцнаас хангуулахаар шийдвэрлэсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 156/01 тоот тогтоолоор битүүмжилсэн ажиллагаа нь Иргэний хуулийн 175 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Худалдаа хөгжлийн банк нь иргэн Ч.Аянга болон Нүүдэлчин эзэнт гүрэн ХХК-ийн захирал Л.Энэбиш нартай №ЗБ/044-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан. Гуравдагч этгээдийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулан Нүүдэлчин эзэнт гүрэн ХХК, Монстиль ХХК, Ч.Аянга нараас 182.510.282 төгрөг гаргуулах хүсэлт гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 156/01 тоот тогтоолоор барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилсэн бөгөөд нэхэмжлэгч Г.С- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд гомдол гаргаагүй нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд Г.С-гийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00644 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 49 дүгээр зүйлийн 49.4, 49.4.1-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 156/01 дугаартай эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгон шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 869 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00644 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... Нийслэлийн ... гэсний дараа шүүхийн гэж нэмж, ... гомдлыг ... гэснийг нэхэмжлэгч Г.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.С-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч биш Г.С- миний хувийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. Төлбөр төлөгч биш этгээдийн эд хөрөнгийг битүүмжилж байгаа үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хууль тогтоомжийг зөрчиж байгаа гэж үзэж өөрийн харъяалалын дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч миний гомдлыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан байна. Иймд миний бие давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.С-, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан  “төлбөр төлөгч биш атал орон сууцыг битүүмжилж эрх зөрчсөн” үндэслэлээр орон сууц битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах  нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “ уг ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан” гэж маргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч байгууллагын нэрийг алдаатай бичсэн, хэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноо заагаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг зөрчснийг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Г.С-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдоогүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийн баримтаар Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 7 тоот орон сууц Г.С- нарын өмч болох нь тогтоогдсон бөгөөд уг орон сууц нь Нүүдэлчин эзэнт гүрэн ХХК, Монстиль, Ч.Аянга нарын Худалдаа хөгжлийн банк ХХК-с 2011 оны 10 дугаар сард авсан зээлийн барьцаа хөрөнгө байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.09.29-ний өдрийн 181/ШШ2017/2447 дугаар захирамжаар зээлдэгч Нүүдэлчин эзэнт гүрэн ХХК, Монстиль, Ч.Аянга нар төлбөрөө төлөөгүй бол барьцаа хөрөнгийг худалдаж, үнээс  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, Нүүдэлчин эзэнт гүрэн ХХК, Монстиль, Ч.Аянга нар төлбөрөө сайн дураар төлөөгүйгээс Г.С- нарын өмчлөлийн, барьцааны хөрөнгө болох орон сууцыг 2018 оны 10 сарын 24-ний өдрийн 156/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн байна. Дээрх ажиллагаа нь шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хуульд заасан журмын дагуу хийгдсэн байх тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Иймд гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 869 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.С-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ