Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2019/00844

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 26 өдөр Дугаар 142/ШШ2019/00844 Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Өнөр хороолол ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: /-д холбогдох

4.235.422 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.******* нь Б.*******д 14.638.440 төгрөгийг Хаан болон Хас банкных нь дансруу шилжүүлж Амвей брэндийн гэр ахуйн бараа авахаар тохирсон боловч 10.403.018 төгрөгийн бараа өгөөд үлдэгдэл 4.235.422 төгрөгийн барааг 12 сараас одоог хүртэл өгөхгүй байна. Иймд Б.*******аас миний үлдэгдэл барааны мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хаш-Эрдэнэ гэж хүнээр дамжуулж 2018 оны намар Б.*******тай танилцсан. Хаш-Эрдэнэ нь Эрдэнэт хотод Амвэй-ын бүтээгдэхүүнүүдийг анх оруулж ирсэн хүн ба Б.*******, Хаш-Эрдэнэ нар хамтрагч байсан. Хаш-Эрдэнэ хөдөө орон нутгаар бүтээгдэхүүн танилцуулахаар явдаг байсан учраас Б.******* компанийн төв оффис болох Амгалан Оршихуй төв дээр байдаг. Ингээд би Б.*******ын Хаан болон Хас банкны данс руу 14.638.440 төгрөгийг хийж бараа захиалсан. Прокуророос ирүүлсэн эрүүгийн хэрэг бүртгэлт нээхээс татгалзах тухай хавтаст хэргийн 2-11 дүгээр талд миний ярьж байгааг нотлох баримтууд болох миний дансны хуулга байгаа. Ийнхүү 14.638.440 төгрөг шилжүүлсэн хэдий ч би 10.403.018 төгрөгийн бараа авсан. Авсан барааны талаар мэдээллийг би өөрийн хувийн тооцооны дэвтэрт бичсэн байгаа ба прокуророос ирүүлсэн эрүүгийн хэрэг бүртгэлт нээхээс татгалзах тухай хавтаст хэргийн 107-115 дугаар талд үүнийг баталгаажуулж авагдсан байгаа. Тиймээс би 4.235.422 төгрөгийн барааг Б.*******аас авах ёстой боловч тэрээр тээврийн зардал болон өөрт учирсан эрсдэлд тооцсон гэж хэлж үлдэгдэл барааг өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Түүний хэлж байгаа тээврийн зардал, эрсдэл учрах, бараа хураагдах зэрэг шалтгаанууд нь огт үндэслэлгүй юм. Учир нь Хаш-Эрдэнэ прокурорт мэдүүлэг өгөхдөө ямар нэг барааны эрсдэл гарч байгаагүй, захиалагч нь онлайнаар бараа захиалахад каталогийн үнээс 15 хувийн хөнгөлөлт эдэлдэг ба үүний 7-8 хувийг тээврийн зардалд зарцуулдаг, үлдсэн 7-8 хувь нь тухайн захиалагчид ашиг болдог учир тээврийн зардал гэж авах ёсгүй гэж мэдүүлсэн байдаг. Хаш-Эрдэнийн уг мэдүүлгээр Б.*******ын хэлж байгаа шалтгааныг няцааж байгаа юм. Б.******* нь надаас 12 сая төгрөг авсан гэж цагдаад мэдүүлэг өгсөн байдаг. Гэвч би 14.638.440 төгрөг өгсөн үүнийг батлах банкны дансны хуулга байгаа, энэ мөнгийг миний болон миний төрсөн дүү Баярмагнайгийн дансаар шилжүүлж байсан. Би хүнээс юм авчхаад аваагүй гэж хэлэх хүн биш. Би 8 удаагийн үйлдлээр 10.403.018 төгрөгийн бараа авсан гэдгээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Прокуророос ирүүлсэн эрүүгийн хэрэг бүртгэлт нээхээс татгалзах тухай хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.*******ын захиалга хийсэн хуудас дунд миний дүү Баярмагнай бид хоёрын нэр дээр хийсэн бараа ховор, өөр өөр хүмүүсийн нэр дээр хийсэн байдаг. Түүний гаргаж өгсөн тэдгээр бараа захиалгын хуудаснууд нь миний авсан барааг нотолж чадахгүй гэж үзэж байна. Надаас хэдэн төгрөгийн бараа авч хэдэн төгрөгийн бараа өгсөн талаар нотлох баримт Б.*******д байхгүй, хэлж ярьж байгаа бүхэн нь зөрүүтэй байдаг. Тиймээс Б.*******аас миний шилжүүлсэн 14.638.440 төгрөгт дутуу өгсөн барааны үнэ болох 4.235.422 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаш-Эрдэнэ нь Амвэй-ын бүтээгдэхүүнийг Эрдэнэт хотод анх оруулж ирсэн хүн биш юм. Анх би түүний дор нь орж ажиллаж эхэлсэн. Харин ч би Хаш-Эрдэнээс авах ёстой бараагаа авч чадахгүй байгаа учраас түүнд холбогдуулан шүүхэд хандаж байгаа. Би түүнд цалин гаргуулахын тулд 21 хүнтэй вип үүсгэж тэдгээр хүмүүсийн нэр дээр захиалгыг хийж байж Б.*******д цалин бодогдсон. Бараа ирэхэд нь Б.******* хүлээж авдаг байсан. Тиймээс түүний нэр дээр захиалга ховор хийсэн байсан гэдэг тайлбар үндэслэлгүй юм. Сая шүүхэд гаргаж өгсөн баримт болон өмнө прокурорт өгсөн бараа захиалгын хуудаснууд нь хоорондоо огт зөрдөггүй бөгөөд уг захиалгын хуудсыг Амвэй-ын албан ёсны сайтаас гаргаж өгсөн. Би Б.*******д итгэж бараагаа өгсөн боловч эргээд намайг ингэж муухай гүтгэж байгаад үнэхээр гомдолтой байна. Дүү нь хүртэл ирж намайг дарамталж ажил хийлгэхгүй байгаа, дүү нь ирж юу гэж ярьж байсан бичлэг ч надад байгаа. 2018 оны 10 сарын 26-ны өдөр 1.948.000 төгрөг шилжүүлж уг мөнгөний бараагаа 11 сард нь авч энэ тооцоо дууссан. Дараа нь 2018 оны 12 сард 5,5 сая төгрөгөөр нийт 10 сая төгрөг шилжүүлсэн, уг мөнгөний бараагаа авсан. Гэхдээ 537.000 төгрөгийн бараа үлдсэн, тээврийн зардал өгөөгүй учраас би одоогоор өгөөгүй байгаа. Дараа нь 2019 оны 01 сарын 26-ны өдөр 1.500.000 төгрөг шилжүүлж мөн л бараагаа 2019 оны 02 сард авч тооцоо дууссан. Ийм байхад надаас 4 сая төгрөг нэхэмжилж байгааг нь огт ойлгохгүй юм. Тиймээс түүний нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан 4.235.422 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.******* эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******аар Амвэй брэндийн бараа, бүтээгдэхүүнийг захиалуулахаар тохиролцож түүний Хаан болон Хас банкны данс руу өөрийнхөө данснаас 2018 оны 10 сарын 26-нд 1.948.240 төгрөг, 2018 оны 11 сарын 7-нд 508.600 төгрөг, 2018 оны 12 сарын 11-нд 5.000.000 төгрөг, 2018 оны 12 сарын 18-нд 5.000.000 төгрөг, нийт 12.456.840 төгрөгийг шилжүүлж /хэргийн 10-13-р тал/, нийт 8 удаа 10.403.018 төгрөгийн бараа хүлээн авсан болох нь /хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 1100-001714 дугаартай материалын 107-115-р тал/ тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хэрэгт Б.Баярмагнайгийн данснаас 2019 оны 01 сарын 26-нд 1.500.000 төгрөг, 2019 оны 02 сарын 24-нд 201.600 төгрөгийг хариуцагч Б.*******ын данс руу шилжүүлсэн /хэргийн 7-9-р тал/ гэж тайлбарлаж Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргаж өгч Б.Баярмагнай миний дүү, барааны мөнгийг би дүүгийнхээ данснаас шилжүүлж байсан гэж тайлбарлаж байх боловч Б.Баярмагнайгийн Б.*******ын данс руу шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч Б.******* нь түүний өмнөөс нэхэмжлэх эрх үүсээгүй байна.

Мөн нэхэмжлэгч Б.******* 2019 оны 01 сарын 27-нд хариуцагч Б.*******ын данс руу 480.000 төгрөгийг шилжүүлсэн /хэргийн 14-р тал/ байх ба Эрдэнэт Золоо гэсэн гүйлгээний утгатай хариуцагч Б.******* руу шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч Хаан банкны 5675387798 дугаарын данс миний данс биш, би мэдэхгүй гэж хариуцагч Б.******* тайлбарлаж байх ба уг данс нь Б.*******ын данс биш гэдгийг нэхэмжлэгч, хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байх тул 480.000 төгрөгийг хариуцагч Б.******* хариуцах үндэслэлгүй байна.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...2018 оны 10 сарын 26-ны өдөр 1.948.000 төгрөг шилжүүлж уг мөнгөний бараагаа 11 сард нь авч энэ тооцоо дууссан. Дараа нь 2018 оны 12 сард 5,5 сая төгрөгөөр нийт 10 сая төгрөг шилжүүлсэн, уг мөнгөний бараагаа авсан. Гэхдээ 537.000 төгрөгийн бараа үлдсэн, тээврийн зардал өгөөгүй учраас би одоогоор өгөөгүй байгаа. Дараа нь 2019.01.26-ны өдөр 1.500.000 төгрөг шилжүүлж мөн л бараагаа 2019 оны 02 сард авч тооцоо дууссан. ******* нь бараа захиалуулж авчхаад тээврийн зардал гэж нэг ч төгрөг өгдөггүй, ийм байж надаас 4 сая төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлаж байх боловч зохигчид бараа захиалж өгөлцөж авалцахдаа бараа тээвэрлэж ирсэн зардлын талаар хэрхэн яаж тохиролцсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******д 12.456.840 төгрөг шилжүүлээд 10.403.018 төгрөгийн үнэ бүхий Амвэй брэндийн бүтээгдэхүүнийг захиалуулж хүлээж авсан үйл баримт тогтоогдож байх тул илүү шилжүүлсэн 2.053.582 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.181.840 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийн 2, 3, 32-48 дугаар талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.3-т заасныг баримтлан хариуцагч Б.*******аас 2.053.582 /хоёр сая тавин гурван мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.181.840 /хоёр сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун дөч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.720 /наян хоёр мянга долоон зуун хорь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 49.130 /дөчин есөн мянга нэг зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ