Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2019/01152

 

2019 оны 11 сарын 11 өдөр                              Дугаар 151/ШШ2019/01152                               Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ж.Б

Хариуцагч: Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.”““, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.”““, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.”““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ж.”““, Б.”““, Б.”““ нарын өмчлөлийн Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 1-9 тоот 1 өрөө орон сууцыг 19 505 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнэнд нийцээгүй байна.Уг байр нь дахин төлөвлөлтөд орж үнэ цэнэ нь өсөхөөр байгаа, миний хувьд байраа 60 000 000 төгрөг хүрнэ гэж үзэж байгаа. Хөрөнгийн үнэлгээний тайланг надад хуульд заасан хугацаанд танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу энэхүү үнэлсэн үнэлгээнд гомдолтой байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.”““ шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилон төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үнэлгээ хийдэг бөгөөд шинжээч нь хөндлөнгийн нөлөөнд автахгүй, хөрөнгийн чанар байдлыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээнд тулгуурлан бие даан тайлан гаргадаг. Иймд Ж.”““ ... нарын өмчлөлийн хөрөнгөд 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09/02 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ ХХК-ийн шинжээч Г.”““г томилон хөрөнгийн үнэлгээ хийлгэн хуулийн хугацаанд талуудад танилцуулсан. Дээрх хөрөнгийг үнэлсэн үнэлгээнд манай байгууллага өөрчлөлт оруулах эрхгүй бөгөөд шинжээч нь өөрийн гаргасан үнэлгээний тайлангийн үнэн зөв, бодитой эсэхийг өөрөө бүрэн хариуцах учир ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ ХХК-ийн шинжээч Г.”““г шүүх хуралд гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү. Би Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэгч Ж.”““гийн эзэмшлийн Номт 1 дүгээр баг, 1 дүгээр байр, 9 тоот байрыг газартайгаа хамт өмчлөлтэй юм болов уу гэж тодруулхад газар нь нийтийн хэрэгцээнийх юм байна лээ. Тэгэхээр зөвхөн 18.79 мкв орон сууцны үнэлгээ нь тохирсон, үнэлгээг хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр багийн 1-9 тоот хаягт байрлалтай “““, “““, “““ нарын өмчлөлийн орон сууцыг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны байдлаар үнэлгээг хийж гүйцэтгэсэн. Үнэлгээг хийж гүйцэтгэхдээ зах зээлийн хандлагын арилжааны шууд харьцуулалтын аргаар хийж гүйцэтгэсэн. Энэ арга нь зах зээлийн мэдээлэл бэлэн олдоцтой байгаа ижилхэн болон жишиж болох хөрөнгүүдийг харьцуулах замаар үнэ цэнийг тодорхойлдог арга юм. Бид нарын үнэлгээний хувьд зах зээлийн мэдээлэл бэлэн олдоцтой байсан. Гурван мэдээлэл бид нарт олдсноос хоёр мэдээллийг нь ижил төстэй гэж үзэж харьцуулах замаар үнэлгээг хийж гүйцэтгэсэн. Яг энэ тухайн хөрөнгөтэй ижил төстэй, байршил нь яг хажуу талд нь байдаг, хэмжээ нь яг ижилхэн, хийц материал нь яг ижилхэн орон сууцыг авч үзсэн байгаа. Үнэлгээний өдөр чухал байдаг, үнэлгээний өдөр 09 дүгээр сарын 27-ны өдөр байсан. Бид нар тухайн өдөр судалгааг хийж гүйцэтгэсэн. Яг тэр өдөр зарагдахаар хүлээгдэж байгаа яг ижилхэн байршилтай 2 хөрөнгийг судалж үзсэн учраас манай үнэ цэнэ бодитой гэж үзэж байна. Нэг нь 20 000 000 төгрөг нөгөө нь 23 000 000 төгрөгөөс дуудаж байгаа. Тийм учраас бид нар худалдан борлогдсон үнээр үнэ цэнийг тогтоодог учраас хэлцлийн тохируулга гэж хийгддэг. Тухайн иргэнтэй өөртэй нь холбогдож үзээд, хичнээн төгрөгөөр буурах боломжтой юм гэдгээр нь хэлцлийн тохируулга хийгээд 19 505 000 төгрөгөөр үнэлсэн байгаа, өөр хэлэх зүйл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.”““ хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж 1 өрөө орон сууцыг 19 505 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэд нийцээгүй тул үнэлгээг хүчингүй болгуулах гэж,

Хариуцагч татгалзлаа дэмжиж манай байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу ажиллагаа хийсэн, хууль зөрчөөгүй, ... үнэлгээг манайхаас томилсон шинжээч гүйцэтгэсэн, бид үнэлгээг хүчингүй болгох боломжгүй гэж тайлбар гаргажээ.

Зохигчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулсан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, тухайлбал хөрөнгө үнэлэх шинжээч томилох, шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулах тухай маргахгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулах бөгөөд шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар зохицуулжээ. Хэрэгт авагдсан 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн МУ-ын иргэн Б.”““, Ж.”““, Б.”““ нарын өмчлөлийн орон сууцны үнэлгээний тайлан/ дүгнэлт-ийг /хх-3-9/ шинжлэн судлахад хөрөнгийн үнэлгээний тайланд заавал тусгах ёстой тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаархи мэдээлэл, үйлчлүүлэгч буюу Ж.”““гийн регистрийн дугаар бичигдээгүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтыг зөрчсөн байна.

Хөрөнгийн үнэлгээ зах зээлийн бодит үнэ ханшид нийцсэн байж болох боловч үнэлгээний тайлан хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, 1 байр 9 тоот хаягт байрлах Ү-1427000947 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.”““д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, 1 байр 9 тоот хаягт байрлах Ү-1427000947 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

2.Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.”““д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР