Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 223/МА2019/00039

 

 

Ж.Батзаяагийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШШ2019/01152 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ж.Батзаяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батзаяа, хариуцагчийн төлөөлөгч Г.Уранцэцэг, З.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ж.Батзаяа, Б.Түвшинжаргал, Б.Дүүрэнжаргал нарын өмчлөлийн Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 1-9 тоот 1 өрөө орон сууцыг 19 505 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнэнд нийцээгүй байна.Уг байр нь дахин төлөвлөлтөд орж үнэ цэнэ нь өсөхөөр байгаа, миний хувьд байраа 60 000 000 төгрөг хүрнэ гэж үзэж байгаа. Хөрөнгийн үнэлгээний тайланг надад хуульд заасан хугацаанд танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу энэхүү үнэлсэн үнэлгээнд гомдолтой байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилон төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үнэлгээ хийдэг бөгөөд шинжээч нь хөндлөнгийн нөлөөнд автахгүй, хөрөнгийн чанар байдлыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээнд тулгуурлан бие даан тайлан гаргадаг. Иймд Ж.Батзаяа ... нарын өмчлөлийн хөрөнгөд 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09/02 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн шинжээч Г.Амбасэлмааг томилон хөрөнгийн үнэлгээ хийлгэн хуулийн хугацаанд талуудад танилцуулсан. Дээрх хөрөнгийг үнэлсэн үнэлгээнд манай байгууллага өөрчлөлт оруулах эрхгүй бөгөөд шинжээч нь өөрийн гаргасан үнэлгээний тайлангийн үнэн зөв, бодитой эсэхийг өөрөө бүрэн хариуцах учир “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн шинжээч Г.Амбасэлмааг шүүх хуралд гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү. Би Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэгч Ж.Батзаяагийн эзэмшлийн Номт 1 дүгээр баг, 1 дүгээр байр, 9 тоот байрыг газартайгаа хамт өмчлөлтэй юм болов уу гэж тодруулхад газар нь нийтийн хэрэгцээнийх юм байна лээ. Тэгэхээр зөвхөн 18.79 мкв орон сууцны үнэлгээ нь тохирсон, үнэлгээг хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байна гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр багийн 1-9 тоот хаягт байрлалтай Түвшинжаргал, Батзаяа, Дүүрэнжаргал нарын өмчлөлийн орон сууцыг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны байдлаар үнэлгээг хийж гүйцэтгэсэн. Үнэлгээг хийж гүйцэтгэхдээ зах зээлийн хандлагын арилжааны шууд харьцуулалтын аргаар хийж гүйцэтгэсэн. Энэ арга нь зах зээлийн мэдээлэл бэлэн олдоцтой байгаа ижилхэн болон жишиж болох хөрөнгүүдийг харьцуулах замаар үнэ цэнийг тодорхойлдог арга юм. Бид нарын үнэлгээний хувьд зах зээлийн мэдээлэл бэлэн олдоцтой байсан. Гурван мэдээлэл бид нарт олдсноос хоёр мэдээллийг нь ижил төстэй гэж үзэж харьцуулах замаар үнэлгээг хийж гүйцэтгэсэн. Яг энэ тухайн хөрөнгөтэй ижил төстэй, байршил нь яг хажуу талд нь байдаг, хэмжээ нь яг ижилхэн, хийц материал нь яг ижилхэн орон сууцыг авч үзсэн байгаа. Үнэлгээний өдөр чухал байдаг, үнэлгээний өдөр 09 дүгээр сарын 27-ны өдөр байсан. Бид нар тухайн өдөр судалгааг хийж гүйцэтгэсэн. Яг тэр өдөр зарагдахаар хүлээгдэж байгаа яг ижилхэн байршилтай 2 хөрөнгийг судалж үзсэн учраас манай үнэ цэнэ бодитой гэж үзэж байна. Нэг нь 20 000 000 төгрөг нөгөө нь 23 000 000 төгрөгөөс дуудаж байгаа. Тийм учраас бид нар худалдан борлогдсон үнээр үнэ цэнийг тогтоодог учраас хэлцлийн тохируулга гэж хийгддэг. Тухайн иргэнтэй өөртэй нь холбогдож үзээд, хичнээн төгрөгөөр буурах боломжтой юм гэдгээр нь хэлцлийн тохируулга хийгээд 19 505 000 төгрөгөөр үнэлсэн байгаа, өөр хэлэх зүйл байхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, 1 байр 9 тоот хаягт байрлах Ү-1427000947 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож,

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Батзаяад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ. 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг нь гаргасан давж заалдах гомдолдоо: “Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 224 дугаартай тогтоолоор Ж.Батзаяа /РД:НЮ76100316/-аас хохирлын 28 260 000 төгрөгийг гаргуулан Г.Дарьхүүд олгохоор шийдвэрлэсний дагуу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 416 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн ирснийг тус газар хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ж.Батзаяад шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч төлбөрөө төлж барагдуулаагүй тул 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 18200391/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Ж.Батзаяа /РД:НЮ76100316/, Б.Түвшинжаргал /РД:НЮ08302411/, Б.Дүүрэнжаргал /РД:НЭ04252500/ нарын өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн 1 дүгээр байрны 09 тоотод байрлах 18,79 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өдрийн 18200391/06 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор хураан төлбөр төлөгч Ж.Батзаяа болон төлбөр авагч Г.Дарьхүү нараас үнийн саналыг гаргуулан авахад Ж.Батзаяа нь тухайн орон сууцыг 60 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Г.Дарьхүүд танилцуулсан. Г.Дарьхүү нь уг үнэлгээг зөвшөөрөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09/02 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн үнэлгээчин Г.Амбасэлмааг шинжээчээр томилон эрх үүргийн танилцуулсан.

2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр орон сууцны үнэлгээний тайлан гарсныг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөгч Ж.Батзаяа болон төлбөр авагч Г.Дарьхүү нарт үнэлгээний тайланг эс зөвшөөрвөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар танилцуулсан.

Төлбөр төлөгч Ж.Батзаяа нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гомдол гаргаж Төв аймаг адхь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1152 дугаартай шүүхийн шийдвэрээр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн 1 дүгээр байрны 09 тоотод байрлах Ү-1427000947 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Шүүхээс дээрх үнэлгээг хүчингүй болгохдоо хөрөнгийн үнэлгээний тайланд заавал тусгах ёстой тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл, үйлчлүүлэгч буюу Ж.Батзаяагийн регистрийн дугаар бичигдээгүй байгаа нь хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтыг зөрчсөн байна гэж үзэн шийдвэрлэсэн.

Манай газар нь хөрөнгийн үнэлгээний “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шалгах бүрэн боломжтой байсан. Учир нь хөрөнгийн үнэлгээний тайлангийн гүйцэтгэгч хэсэгт тусгай зөвшөөрлийн дугаарыг тусгасан байсан. Хэдийгээр нотлох баримт болгон хуулбарлан өгөөгүй ч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэсний дагуу шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бололцоотой байсан хэдий ч хуулийн дээрх  заалтыг хэрэглээгүй зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай байдлаар нотлох баримтыг үнэлэн шийдвэрлэсэн.

Мөн үнэлгээний тайланд үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл байхгүй гэж үзэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон гэсэн хэдий ч хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний тайланд тусгах үндсэн нөхцөлд үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээллийг тусгах талаар заагаагүй байтал уг үндэслэлээр хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Иймээс Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1152 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн үнэлгээчин Г.Амбасэлмаагийн 2019 оны  09 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууцны үнэлгээний тайлан, дүгнэлтийг хүчинтэйд тооцож өгнө үү” гэжээ.

             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Батзаяа  Төв аймгийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Төв аймаг,  Зуунмод сум, 1-р баг, 1-9 тоот амины  сууцыг 19 505 000 төгрөгөөр үнэлсэн  “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч байгууллага нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 18.79 мкв. сууцны үнэлгээ тохирсон, хүчингүй болгох боломжгүй гэж татгалзжээ.

Анхан шатны шүүх шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан үнэлгээний тайланд заавал тусгах ёстой тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл, үйлчлүүлэгч Ж.Батзаяагийн регистрийн дугаар бичигдээгүй гэх үндэслэлээс өөр эрх зүйн үндэслэл заагаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Батзаяа нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ зах зээлийн бодит үнэд нийцээгүй гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан журмаар нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.

Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээч Г.Амбасэлмаа шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргасан ба тусгай зөвшөөрлийг үнэлгээний тайландаа хавсаргаж шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгсөн тухайгаа тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан “Хөрөнгийн үнэлгээний тайлан” гэх баримт нь хариуцагч байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан байгаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т “ Төрийн  болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэсэн заалт хэргийн оролцогчид хамаарахгүй бөгөөд хэргийн оролцогчоос бусад этгээдэд хамаарах тухай ойлголт юм. /хх-ийн 3-10-р тал/ Мөн шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлага хангаагүй байна.

Шүүх хариуцагч байгууллагын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн үнэлгээчин Г.Амбасэлмааг оролцуулах тухай  2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүгчийн захирамж гаргасан байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь мэтгэлцэгч тал мөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3.-т “хариуцагч, ...хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус зохицуулжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчийн бүх эрхийг эдэлж, үүргийг биелүүлэх учиртай. Харин хуулийн 26.2, 26.3.-т зааснаар зөвхөн зохигчийн эдэлдэг эрхийн хувьд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд хуулиар зарим хязгаарлалтыг тогтоосон байдаг.

Анхан шатны шүүх хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлах, хэргийн материалтай танилцуулах зэрэг заавал хийх ажиллагааг хийгээгүй байгаа нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Батзаяа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан байхад шүүх уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах иргэний үндсэн  эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн гаргасан алдаа зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т заасан шийдвэрийг хүчингүй болгох хуулийн үндэслэлд хамаарах тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар болон маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШШ2019/01152 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Нэхэмжлэгч Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заанаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Т.ЭНХМАА

 

           

                  ШҮҮГЧИД                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                                                                            Ц.ӨРНӨНДЭЛГЭР