Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00552

 

Ж.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШШ2019/01152 дугаар шийдвэр,

          Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 223/МА2019/00039 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ж.Б-

          Хариуцагч: Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн шинжээч Г.Амбасэлмаа

          Үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ж.Б-, Б.Т-, Б.Д- нарын өмчлөлийн Төв аймаг, Зуунмод сум, ..-р баг, .. тоот 1 өрөө орон сууцыг 19,505,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнэнд нийцээгүй байна. Уг байр нь дахин төлөвлөлтөд орж үнэ цэнэ нь өсөхөөр байгаа, миний хувьд байраа 60сая төгрөг хүрнэ гэж үзэж байгаа. Хөрөнгийн үнэлгээний тайланг надад хуульд заасан хугацаанд танилцуулсан. ШШГТХ-н 55.7-д заасны дагуу энэхүү үнэлсэн үнэлгээнд гомдолтой байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч тайлбартаа: ШШГТХ-н 42, 55-р зүйлд заасны дагуу үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилон төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үнэлгээ хийдэг бөгөөд шинжээч нь хөндлөнгийн нөлөөнд автахгүй, хөрөнгийн чанар байдлыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээнд тулгуурлан бие даан тайлан гаргадаг. Иймд Ж.Б- нарын өмчлөлийн хөрөнгөд 2019-09-26-ны өдрийн 09/02 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ ХХК-ийн шинжээч Г.Амбасэлмааг томилон хөрөнгийн үнэлгээ хийлгэн хуулийн хугацаанд талуудад танилцуулсан. Дээрх хөрөнгийг үнэлсэн үнэлгээнд манай байгууллага өөрчлөлт оруулах эрхгүй бөгөөд шинжээч нь өөрийн гаргасан үнэлгээний тайлангийн үнэн зөв, бодитой эсэхийг өөрөө бүрэн хариуцах учир ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ ХХК-ийн шинжээч Г.Амбасэлмааг шүүх хуралд гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү.. үнэлгээ нь тохирсон, үнэлгээг хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байна гэжээ.

        Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Б- нарын өмчлөлийн орон сууцыг 2019-09-27-ны байдлаар үнэлгээг хийж гүйцэтгэсэн. Үнэлгээг хийж гүйцэтгэхдээ зах зээлийн хандлагын арилжааны шууд харьцуулалтын аргаар хийж гүйцэтгэсэн. Энэ арга нь зах зээлийн мэдээлэл бэлэн олдоцтой байгаа ижилхэн болон жишиж болох хөрөнгүүдийг харьцуулах замаар үнэ цэнийг тодорхойлдог арга юм. Бид нарын үнэлгээний хувьд зах зээлийн мэдээлэл бэлэн олдоцтой байсан. Гурван мэдээлэл бид нарт олдсоноос хоёр мэдээллийг нь ижил төстэй гэж үзэж харьцуулах замаар үнэлгээг хийж гүйцэтгэсэн. Яг энэ тухайн хөрөнгөтэй ижил төстэй, байршил нь хажуу талд нь байдаг, хэмжээ, хийц материал яг ижилхэн орон сууцыг авч үзсэн. Үнэлгээний өдөр чухал байдаг, үнэлгээний өдөр 09-27-ны өдөр байсан. Бид нар тухайн өдөр судалгааг хийж гүйцэтгэсэн. Яг тэр өдөр зарагдахаар хүлээгдэж байгаа яг ижилхэн байршилтай 2 хөрөнгийг судалж үзсэн учраас манай үнэ цэнэ бодитой гэж үзэж байна. Нэг нь 20сая төгрөг нөгөө нь 23сая төгрөгөөс дуудаж байгаа. Тийм учраас бид нар худалдан борлогдсон үнээр үнэ цэнийг тогтоодог учраас хэлцлийн тохируулга гэж хийгддэг. Тухайн иргэнтэй өөртэй нь холбогдож үзээд, хэчнээн төгрөгөөр буурах боломжтой юм гэдгээр нь хэлцлийн тохируулга хийж үнэлсэн гэжээ.

        Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 151/ШШ2019/01152 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, .. байр .. тоот хаягт байрлах , орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. 

         Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 223/МА2019/00039 дүгээр магадлалаар Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШШ2019/01152 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

        Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шинжээчийн үнэлгээг хүчингүй болгохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.3.1-д заасан “хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/-ийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаархи мэдээлэл;, 9.3.2-д заасан “үйлчлүүлэгчийн нэр, хаяг, регистрийн дугаар болон шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл” зэргийг тусгаагүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Ж.Б- би анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан бөгөөд шүүх хэрэгсэхгүй болгосныг миний бие хүлээн зөвшөөрч өмгөөлөгчгүй оролцохоор болсон. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ж.Б- 2019-10-04-ний өдөр Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, үнэлгээ хүчингүй болгуулахыг шаардсан байна. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт нийцсэн байна.

              Үнэлгээг хуулийн этгээд эсхүл иргэн гаргасан эсэх нь тодорхойгүй байхад шүүх шинжээчээр ажилласан иргэнийг /хх19, 25/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29, 107 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчжээ.

         Нотлох баримт болон гуравдагч этгээдтэй холбоотой давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино. 

         Шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих журмын дагуу оролцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

         Харин давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа шийдвэрийн талаар зөв дүгнэлт хийсэн боловч магадлалын тогтоох хэсэгт “...хариуцагч...”-г  “..нэхэмжлэгч..” гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 223/МА2019/00039 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Нэхэмжлэгч Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар...” гэснийг “..Хариуцагч...” гэж өөрчлөн магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020-01-06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ