Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2019/02506

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 04 өдөр

181/ШШ2019/02506

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Д /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: МУ /РД:/-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10,615,140 төгрөг, дутуу олгосон илүү цагийн хөлс 292,856 төгрөг, нийт 10,907,966 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ма, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

 

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д би МУ захирлын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/416 дугаар тушаалаар МУ дотоод аудитороор ажилд орсон. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 22-ны Б/199 дугаартай тушаалаар туршилтын хугацаанд ажиллаж байсан гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Намайг ажлаас үндэслэлгүй халсан тул МУ захирлын 2019 оны 05 дугаар сарын 22-ны Б/199 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10,615,140 төгрөг, дутуу олгосон илүү цагийн хөлс 292,856 төгрөг, нийт 10,907,966 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхийн хянан шийдвэрлэж байгаа Б.Дгийн нэхэмжлэлтэй МУд холбогдох хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонгэрэл би дараах тайлбарыг гаргаж байна. Б.Д нь МУ дотоод аудитороор туршилтын хугацаанд ажиллаж байсан бөгөөд МУ холбогдох дүрэм, журмын дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/199 тоот Захирлын тушаалаар ажлаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч МУд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2019 оны 04 дүгээр сард илүү цаг ажилласны хөлсөнд олгогдох байсан цалин хөлс болох 292,856 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг МУ захирлын 2019 оны 05 дугаар сарын 22-ны Б/199 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10,615,140 төгрөг, дутуу олгосон илүү цагийн хөлс 292,856 төгрөг, нийт 10,907,966 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх гэж тодруулсан байна.

Хариуцагч МУ нь Б.Дгийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/199 тоот Захирлын тушаалаар ажлаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Д нь МУ захирлын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/416 дугаартай М.Нармандах, Б.Д нарыг ажилд томилох тухай тушаал /хх-4 тал/-аар МУ Хяналт, мониторингийн албаны дотоод аудиторын ажилд томилогдон ажиллаж байгаад МУ захирлын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/199 дугаартай Б.Дг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-8 тал/-аар 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Нийслэл дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргасныг Нийслэл дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2019/4355 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-9-11 тал/-аар хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэн хүлээн авахаас татгалзсан байх ба нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хүлээн авсны дараа тус шүүхэд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хуулийн зохицуулалттай.

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор Нийслэл дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хянаад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дахь заалтад Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх бөгөөд мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь заалтад зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжлэх тул Нийслэл дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захиармж гарсан 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үргэлжилсэн гэж үзэх ба мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох тул 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолоход уг хугацаа 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөр дуусах байсан, нэхэмжлэгч 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.

МУ захирлын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/199 дугаартай Б.Дг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг баримталсан байх ба уг заалт нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар  болох зохицуулалт бүхий заалт байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дахь заалтад зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байж болох бөгөөд хугацаатай хөдөлмөрийн гэрээний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь зохицуулалт үйлчилнэ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаагаар ажилд томилсон тушаалыг гаргасан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтад зааснаар шинээр орж байгаа ажилтантай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах боломжтой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дахь заалтад зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь МУ түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй гэсэн тайлбарыг гаргаж байх ба хариуцагч МУ нь нэхэмжлэгч Б.Дтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч МУ нь нэхэмжлэгч Б.Дтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гаргасан Б.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Хэдийгээр МУ захирлын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/416 дугаартай М.Нармандах, Б.Д нарыг ажилд томилох тухай тушаалд Б.Дг МУ Хяналт, мониторингийн албаны дотоод аудитороор 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс туршилтын 3 сарын хугацаагаар түр томилон ажиллуулахаар заасан байх боловч ажил олгогчийн зүгээс ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2 дахь заалтад заасан хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцсон байх хуулийн шаардлага хангагдаагүй гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 231.3 дахь заалтад заасны дагуу ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцох үндэслэлтэй.

Иймд хариуцагч МУ нь нэхэмжлэгч Б.Дг ажлаас буруу халсан гэж үзэж, Б.Дг өмнө эрхэлж байсан МУ Хяналт, мониторингийн албаны дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

Урьд авч байсан дундаж цалин хөлсийг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэснийг баримтлах бөгөөд хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Цалингийн тооцооны карт нэртэй баримтад бичигдсэн нэхэмжлэгч Б.Дгийн сүүлийн 3 сарын бүрэн олгогдсон цалин хөлс буюу 2019 оны 2 дугаар сарын цалин хөлс 1,644,500 төгрөг, 3 дугаар сарын цалин хөлс 2,557,611 төгрөг, 4 дүгээр сарын цалин хөлс 1,796,185 төгрөг, нийт 5,998,296 төгрөгөөс нэг сарын дундаж цалин хөлсийг тооцоход 1,999,432 төгрөг, үүнээс нэг өдрийн дундаж цалин хөлсийг сарын дундаж хоног болох 21.5 хоногт хуваан тооцоход 92,996 төгрөг, үүнийг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс шүүх хуралдаан болсон 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын 135 хоногт тооцоход ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээ нь 12,554,460 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10,615,140 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Монгол Улсын Их сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10,615,140 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь мөн 2019 оны 04 дүгээр сард дутуу олгосон цалин хөлс буюу илүү цагийн хөлс 292,856 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч 2019 оны 04 дүгээр сард 23 цаг илүү цагаар ажилласан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Ажлын цаг ашиглалтын бүртгэл нэртэй баримтаар тогтоогдож байна.

Уг баримт дахь ажлын цаг ашиглалтын бүртгэл болон тооцоотой хэсэг нь хуулбар хэлбэртэй байх боловч уг хуулбар хэлбэр бүхий баримт дээр Хяналт мониторингийн албаны дарга Л.Лхамсүрэн гарын үсэг зуран баталгаажуулсан, түүний гарын үсэг хуулбар биш, уг баримт дахь гарын үсэг Хяналт мониторингийн албаны даргын гарын үсэг мөн эсэхэд хариуцагч тал маргаагүй тул шүүх Хяналт мониторингийн албаны дарга нь гарын үсгээ зуран баталгаажуулсан уг баримт дахь илүү цагийн тооцоог үндэслэлтэй гэж үзсэн болно.

Хариуцагчийн зүгээс хожим 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн огноо бүхий 2019 оны 04 дүгээр сарын Ажлын цагийн тооцоо нэртэй баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, уг баримтад Б.Д 2019 оны 04 дүгээр сард илүү цагаар ажиллаагүй гэсэн тооцооллыг гаргаж өгсөн байх боловч уг баримт нь Б.Дг ажлаас чөлөөлснөөс хойш буюу шүүхэд нэхэмжлэл гарч, иргэний хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед үйлдэгдсэн бөгөөд Захиргаа хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтний гарын үсэг бүхий баримт байх тул уг баримт нь Б.Дгийн ажилд шууд хяналт тавьж байсан шууд удирдах албан тушаалтан буюу Хяналт мониторингийн албаны даргын гарын үсгээр баталгаажсан баримтыг үгүйсгэх баримт биш гэж үзсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дахь заалтад Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно гэж заасан, нэхэмжлэгч Б.Д 2019 оны 04 дүгээр сард 23 цаг илүү цагаар ажилласан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Илүү цагийн хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь заалтад заасны дагуу үндсэн цалингаас тооцох бөгөөд хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн Цалингийн тооцооны карт нэртэй баримт дахь Б.Дгийн үдсэн цалин болох 1,430,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сард ажиллавал зохих 168 цагт хуваан тооцоход нэг цагт ногдох цалингийн хэмжээ нь 8,511 төгрөг, үүнийг тухайн сард илүү ажилласан 23 цагт үржүүлэн тооцоход 195,753 төгрөг, үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дахь заалтад зааснаар 1.5 хувиар нэмэгдүүлэн тооцоход 293,629.5 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч илүү цагийн хөлсөнд 292,856 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Монгол Улсын Их сургуулиас илүү цагийн хөлс 292,856 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Дгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч МУд даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо МУ захирлын 2019 оны 05 дугаар сарын 22-ны Б/199 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах гэсэн байдлаар тодорхойлсон нь бие даасан шаардлага болохгүй, ажил олгогчийн тушаал нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл байгаа эсэхийг тогтоох хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүх тусдаа бие даасан шаардлага гэж үзээгүй, уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 53 дугаар зүйлийн 53.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Дг МУ Хяналт, мониторингийн албаны дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10,615,140 төгрөг, дутуу олгосон илүү цагийн хөлс 292,856 төгрөг, нийт 10,907,966 төгрөгийг хариуцагч Монгол Улсын Их сургуулиас гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгосугай.

 

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Дгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч МУд даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Монгол Улсын Их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 241,677 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР