Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02506 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, илүү цагийн хөлс нийт 10 907 966 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Д-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д- би Монгол Улсын Их сургуулийн захирлын 2018 оны 9 сарын 12-ны өдрийн Б/416 дугаар тушаалаар Монгол Улсын Их сургуулийн дотоод аудитороор ажилд орсон. Гэтэл 2019 оны 5 сарын 22-ны өдрийн Б/199 дугаартай тушаалаар туршилтын хугацаанд ажиллаж байсан гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Намайг ажлаас үндэслэлгүй халсан тул Монгол Улсын Их сургуулийн захирлын 2019 оны 5 сарын 22-ны Б/199 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10 615 140 төгрөг, дутуу олгосон илүү цагийн хөлс 292 856 төгрөг, нийт 10 907 966 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Д- нь Монгол Улсын Их сургуулийн дотоод аудитороор туршилтын хугацаанд ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Их сургуулийн холбогдох дүрэм, журмын дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул 2019 оны 5 сарын 22-ны өдрийн Б/199 тоот захирлын тушаалаар ажлаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 53 дугаар зүйлийн 53.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийг Монгол Улсын Их сургуулийн Хяналт, мониторингийн албаны дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 10 615 140 төгрөг, илүү цагийн хөлс 292 856 төгрөг, нийт 10 907 966 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 241 677 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, шийдвэрлэсэн тул шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 09.00-11.00 цагийн хооронд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Санчир эрүүгийн 191002672 дугаарын хэргийн хохирогч миний үйлчлүүлэгч Г.Намжмааг хохирогчоор тогтоон мэдүүлэг авах ажиллагаанд мөрдөгчийн дуудсанаар оролцсон ба энэ зайлшгүй ажиллагаанд оролцож байгаа, удахгүй дуусна, шүүх хуралдаанд биечлэн оролцоно, иймд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлтийг өөрийн 88098149 дугаараас тус шүүхийн шүүгчийн туслах Б.Мишээлийн 91061122 болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяагийн 86441144 дугаарын утас руу ярьж, шүүгчид мэдэгдэж өгөөч гэж олон удаа хэлж мэдэгдсэн боловч хэргийн оролцогчийн хүсэлтийг харгалзалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрх, тэгш мэтгэлцэх зарчмыг зөрчсөнд гомдолтой байна. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан мэтгэлцэх зарчим, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч М-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 10 615 140 төгрөг, илүү цагийн хөлс 292 856 төгрөг, нийт 10 907 966 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Монгол Улсын Их сургуулийн захирлын 2019 оны 5 сарын 22-ны өдрийн Б/199 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1-2, 31, 53-р тал/

 

Хариуцагч Монгол Улсын Их сургуулийн захирлын 2018 оны 9 сарын 12-ны өдрийн Б/416 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Д- нь хяналт, мониторингийн албаны дотоод аудиторын ажилд 2018 оны 9 сарын 11-ний өдрөөс туршилтын 3 сарын хугацаагаар түр томилогдон ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2019 оны 5 сарын 22-ны өдрийн Б/199 тоот тушаалаар чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, Монгол Улсын Их сургуулийн захирлын тушаал зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4, 8-р тал/

 

Ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Б.Д- нь 2019 оны 6 сарын 18-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 6 сарын 25-ны өдрийн 4355 тоот захирамжаар хэргийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ. /хх-ийн 9-11-р тал/

 

Улмаар нэхэмжлэгч Б.Д- нь 2019 оны 7 сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд дээрх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 79.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалттай тус тус нийцсэн байна. 

 

Хариуцагч татгалзалдаа М--ийн холбогдох дүрэм, журмын дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй хэмээн тайлбарлажээ.

 

Хэдийгээр хариуцагч М- нь нэхэмжлэгч Б.Д-г ажилд томилсон тушаалдаа туршилтын 3 сарын хугацаагаар түр томилон ажиллуулахаар заасан байх боловч энэ талаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул анхан шатны шүүх ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн  231 дүгээр зүйлийн 231.2, 231.3 дахь заалтад тус тус нийцжээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч М- нь нэхэмжлэгч Б.Д-тай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр нэхэмжлэгч Б.Д-г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Б.Д-г  Монгол Улсын Их сургуулийн хяналт, мониторингийн албаны дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 10 615 140 төгрөг, илүү цагийн хөлс 292 856 төгрөг, нийт 10 907 966 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 53 дугаар зүйлийн 53.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хэдийгээр Монгол Улсын Их сургуулийн захирлын 2019 оны 5 сарын 22-ны өдрийн Б/199 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан боловч энэхүү шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзэх боломжтой байх тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

 

            Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо анхан шатны шүүх хуралдаан болох үед миний бие өөр үйлчлүүлэгчийн эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байсан тул шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулах тухай хүсэлтийг утсаар мэдэгдсэн боловч миний хүсэлтийг харгалзалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх хүсэлтээ шүүхэд албан ёсоор гаргаагүй, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна гомдолд дурьдсан үндэслэл нь өмгөөлөгчийн өөрийнх нь хууль зүйн үйлчилгээтэй холбоотой байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02506 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

3 дахь заалтын “... 241 677 төгрөгийг ...” гэснийг “189 477 төгрөгийг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 877 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ

                                   

                                          ШҮҮГЧИД                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                                          Г.ДАВААДОРЖ