Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00533

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02506 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182 дугаар магадлалтай,

Б.Д-гийн нэхэмжлэлтэй,

Монгол улсын их сургуульд холбогдох

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/199 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх  олговор, илүү цагийн хөлс нийт 10.907.966 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Л.Э, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Монгол Улсын Их сургуулийн захирлын 2018 оны 9 сарын 12-ны өдрийн Б/416 дугаар тушаалаар дотоод аудитороор ажилд орсон. Гэтэл 2019 оны 5 сарын 22-ны өдрийн Б/199 дугаартай тушаалаар туршилтын хугацаанд ажиллаж байсан гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Намайг ажлаас үндэслэлгүй халсан тул Монгол Улсын Их сургуулийн захирлын 2019 оны 5 сарын 22-ны Б/199 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10.615.140 төгрөг, дутуу олгосон илүү хөлс 292.856 төгрөг, нийт 10.907.966 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч Б.Д- нь Монгол Улсын Их сургуулийн дотоод аудитороор туршилтын хугацаанд ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Их сургуулийн холбогдох дүрэм, журмын дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул 2019 оны 5 сарын 22-ны өдрийн Б/199 тоот захирлын тушаалаар ажлаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02506 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 53 дугаар зүйлийн 53.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийг Монгол Улсын Их сургуулийн Хяналт, мониторингийн албаны дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 10 615 140 төгрөг, илүү цагийн хөлс 292 856 төгрөг, нийт 10 907 966 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 241 677 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02506 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын ... 241 677 төгрөгийг ... гэснийг 189 477 төгрөгийг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 877 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...хариуцагч Монгол Улсын Их сургууль нь нэхэмжлэгч Б.Д-г ажилд томилсон тушаалдаа 3 сарын хугацаагаар түр томилон ажиллуулахаар заасан байх боловч энэ талаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул анхан шатны шүүх ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2, 231.3 дахь заалтад тус тус нийцжээ.” гэж дүгнээд хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2019 оны 12 сарын 04-ны өдрийн 09.00-11.00 цагийн хооронд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Санчир Эрүүгийн 191002672 дугаарын хэргийн хохирогч миний үйлчлүүлэгч Г.Намжмааг хохирогчоор тогтоон мэдүүлэг авах ажиллагаанд мөрдөгчийн дуудсанаар оролцсон ба энэ зайлшгүй ажиллагаанд оролцож байгаа, удахгүй дуусана, шүүх хуралдаанд заавал биечлэн оролцоно, иймд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлтийг өөрийн 88098149 дугаараас шүүгчийн туслах Б.Мишээлийн 91061122 болон шүүх хуралдааны нарийн бичиг Б.Үүрийнтуяагийн 86441144 дугаарын утас руу ярьж шүүгчид мэдэгдэж өгөөч гэж олон удаа хэлж мэдэгдсэн боловч хэргийн оролцогчийн хүсэлтийг харгалзалгүй 2019.12.04-ны өдрийн 11:00 цагаас анхан шатны шүүх хуралдаан болж “Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна” гээд хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрх, тэгш мэтгэлцэх зарчмыг зөрчсөнд гомдолтой байна. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан мэтгэлцэх зарчим, 25 дугаар зүйлийн 25.1.2-т шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалгүй анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дах хэсэгт зааснаар шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Д-, Монгол улсын их сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/199 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх  олговор, илүү цагийн хөлс нийт 10.907.966 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй “...орон тоо хасагдсан тул ажлаас халсан, ...нэг сарын өмнө мэдэгдэл өгсөн” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх “...Б/199 тоот тушаалыг хүчингүй болгуулах” нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзэн, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан хэсэгт тооцооны алдаа гаргасныг залруулж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, ажилтанг ажлаас халсан үндэслэл зэрэг маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийжээ.

МУИС-ын захирлын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/199 тоот тушаалаар  “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй” гэж тус сургуулийн Хяналт, мониторингийн албаны дотоод аудитор Б.Д-г ажлаас чөлөөлсөн бөгөөд тушаалд заасан үндэслэл тогтоогдоогүй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар ажил олгогч ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага, тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болох ба  хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцоно, уг хугацаа 3 сар хүртэл байна.

МУИС-ын захирал 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б/416 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Д-г дотоод аудитороор анх ажилд томилохдоо туршилтын 3 сараар ажиллуулахаар шийдвэрлэсэн боловч талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байна.

Туршилтын хугацаа дууссан хэдий ч талуудын хэн аль нь гэрээг дуусгавар болгоогүй, нэхэмжлэгч ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсэн, цаашид хэрхэх талаар гэрээ байгуулагдаж, хугацаа заагаагүй тул “гэрээний хугацаа дуусгавар болсон, цаашид сунгагдахгүй” гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай  нийцээгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй гэж дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдааны зарыг мэдсэн боловч ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргасан нь тогтоогдоогүйгээс шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчихгүй юм.

Харин анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан алдааг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасантай нийцсэн байна.

Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонгэрэлийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Монгол улсын их сургууль нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 311.877 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ