Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2019/01178

 

 

 

 

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2019/01178

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг дэнж ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.186.806 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 09 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ЭДЦС ТӨХК-д ажиллаж байгаад 2018 оны 05 сарын 08-ны өдөр ажлаас гэнэт халагдсан. Ингээд шүүхээр явсан. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00786 тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 сарын 13-ны өдрийн 125 тоот магадлалаар миний талд эгүүлэн тогтоосон. Миний бие ажилгүй байсан 2018 оны 05 сарын 08-наас 2018 оны 08 сарын 03-ныг хүртэлх 68 хоног хугацааны төлбөрийг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан 2019 оны 02-р сарын 17-нд төгрөгийг авсан. Ажилгүй байсан нийт 136 хоног хугацааны мөнгөн төлбөрийг ЭДЦС ТӨХК-иас 2019 оны 01 сарын 30-нд бичгээр өргөдлөөр дамжуулан хүсэлт гаргасан боловч үл хэрэгсэж байна. Иймд давж заалдах шатны 2018 оны 10 сарын 13-ны өдрийн 125 тоот магадлалаар 2-р шатны шүүх миний талд шийдвэрлэсэн ба хугацаа 14 хоног нэмээд нийт 2018 оны 08 сарын 04-нөөс 2018 оны 11 сарын 13-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаа 68 хоногийн 2.186.806 төгрөгийг аваагүй. Давж заалдах шатны шүүх хурал 2018.10.18-ны өдөр болсон тэр өдрөөс хойш шүүхийн магадлалыг хүлээж авч хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл буюу 2018.11.13-ны өдрийг хүртэл би ажилгүй байсан. Миний одоо шаардаж байгаа зүйл бол давж заалдах шатны шүүх хуралдаан болж шийдвэр гарах хүртэл хугацааны аваагүй цалингаа нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх хуралдааны дараа л ажилд эргүүлэн авах эсэх нь шийдэгдэнэ. Түүнээс өмнө намайг ажилд эргүүлэн авъя гэсэн албан ёсны мэдэгдэл ч өгч байгаагүй. Тиймээс миний ажилгүй байсан хугацааны цалинг *******-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус нэхэмжлэлийн шаардлагыг манай компанийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болонгуут Ц.******* ажилдаа орох гээд ирсэн бол манай байгууллага ажилд нь авах байсан. Давж заалдах шатны шүүх хуралдааны дараа ажилд нь авах талаар хэлсэн боловч ажилдаа ирээгүй. Ажилдаа орох гээд ирэхэд нь ажилд нь оруулаагүй буруутай үйл ажиллагааг манай байгууллага явуулаагүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй ажилд нь оруулаагүй байсан бол Ц.******* мөнгөө тухайн үедээ нэхэмжлэх эрхтэй байсан. Харин 2018 оны 05 сарын 08-ны өдрөөс 2019 оны 08 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны нэхэмжилсэн 68 хоногийн цалин болох 2.186.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж ЭДЦС ТӨХК нь мөнгийг бүрэн төлсөн. Иргэний хуулийн 80-р зүйлийн 80.2.-т заасан Хуулийн хүчин төгөлдөр шаардлага нь дахин давтагдах, ирээдүйд хийгдэх үүрэгт хамааралтай бол тухайн үүрэгт тогтоогдсон хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа хуулийн хүчин төгөлдөр байна гэжээ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж хуульчилжээ. Иргэний хуулийн дээрх заалтад заасан богиносгосон хугацаа нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацаанд хамаарах учиртай. 2018 оны 10 сарын 13-ны өдрөөс нэхэмжлэгч Ц.*******ийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа эхлэн тоологдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.186.806 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч мэтгэлцсэн.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 03-ны өдрийн 786 дугаартай шүүхийн шийдвэрээр Ц.*******ийг *******-ийн цахилгаан цехийн ашиглалтын хэсгийн ээлжийн даргын ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.186.806 олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаж Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 сарын 18-ны өдрийн 125 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Уг магадлалыг нэхэмжлэгч 2018 оны 10 сарын 30-нд гардаж авсан ба магадлал 2018 оны 11 сарын 13-нд хуулийн хүчин төгөлдөр болж, нэхэмжлэгч Ц.******* нь магадлал хүчин төгөлдөр болсны дараа шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон ажилдаа эргэн орох хүсэлтийг ажил олгогчид тавиагүй, өөрийнхөө хүсэлтээр орон нутагт ажиллаж амьдарч байгаа болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй болохыг заасан байх бөгөөд зохигчийн хооронд үүссэн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилсэн нэхэмжлэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан маргаанд 3 сарын хугацааг баримтлахаар байна.

 

Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй үндэслэлээр буцааж байсан, түүнээс болж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлаж байх боловч түүний тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахад баримтлах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байх тул түүний хариуцагч *******-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.186.806 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.926 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******ийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.186.806 /хоёр сая нэг зуун наян зургаан мянга найман зуун зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.926 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ