Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2020/00505

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/01178 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 173 дугаар магадлалтай,

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,

Э” ТӨХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 186 806 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Э” ТӨХК-д ажиллаж байгаад 2018 оны 05 сарын 08-ны өдөр ажлаас гэнэт халагдсан. Ингээд шүүхээр явсан. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00786 тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 сарын 13-ны өдрийн 125 тоот магадлалаар миний талд эгүүлэн тогтоосон. Миний бие ажилгүй байсан 2018 оны 05 сарын 08-наас 2018 оны 08 сарын 03-ныг хүртэлх 68 хоног хугацааны төлбөрийг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан 2019 оны 02-р сарын 17-нд авсан. Ажилгүй байсан нийт 136 хоног хугацааны мөнгөн төлбөрийг авахаар “Э” ТӨХК-иас 2019 оны 01 сарын 30-нд бичгээр өргөдлөөр дамжуулан хүсэлт гаргасан боловч үл хэрэгсэж байна. Иймд давж заалдах шатны 2018 оны 10 сарын 13-ны өдрийн 125 тоот магадлалаар 2-р шатны шүүх миний талд шийдвэрлэсэн ба хүчин төгөлдөр болох 14 хоногийн хугацааг нэмээд нийт 2018 оны 08 сарын 04-нөөс 2018 оны 11 сарын 13-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаа 68 хоногийн 2 186 806 төгрөгийг аваагүй. Давж заалдах шатны шүүх хурал 2018.10.18-ны өдөр болсон тэр өдрөөс хойш шүүхийн магадлалыг хүлээж авч хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл буюу 2018.11.13-ны өдрийг хүртэл би ажилгүй байсан.

Миний одоо шаардаж байгаа зүйл бол давж заалдах шатны шүүх хуралдаан болж шийдвэр гарах хүртэл хугацааны аваагүй цалингаа нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх хуралдааны дараа л ажилд эргүүлэн авах эсэх нь шийдэгдэнэ. Түүнээс өмнө намайг ажилд эргүүлэн авъя гэсэн албан ёсны мэдэгдэл ч өгч байгаагүй. Тиймээс миний ажилгүй байсан хугацааны цалинг “Э” ТӨХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус нэхэмжлэлийн шаардлагыг манай компанийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болонгуут Ц.Б ажилдаа орох гээд ирсэн бол манай байгууллага ажилд нь авах байсан. Давж заалдах шатны шүүх хуралдааны дараа ажилд нь авах талаар хэлсэн боловч ажилдаа ирээгүй. Ажилдаа орох гээд ирэхэд нь ажилд нь оруулаагүй буруутай үйл ажиллагааг манай байгууллага явуулаагүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй ажилд нь оруулаагүй байсан бол Ц.Б мөнгөө тухайн үедээ нэхэмжлэх эрхтэй байсан.

Харин 2018 оны 05 сарын 08-ны өдрөөс 2019 оны 08 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны нэхэмжилсэн 68 хоногийн цалин болох 2 186 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж “Э” ТӨХК нь мөнгийг бүрэн төлсөн. Иргэний хуулийн 80-р зүйлийн 80.2.-т заасан Хуулийн хүчин төгөлдөр шаардлага нь дахин давтагдах, ирээдүйд хийгдэх үүрэгт хамааралтай бол тухайн үүрэгт тогтоогдсон хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа хуулийн хүчин төгөлдөр байна гэжээ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж хуульчилжээ. Иргэний хуулийн дээрх заалтад заасан богиносгосон хугацаа нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацаанд хамаарах учиртай. 2018 оны 10 сарын 13-ны өдрөөс нэхэмжлэгч Ц.Бийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа эхлэн тоологдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/01178 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бийн хариуцагч “Э” ТӨХК-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 186 806 /хоёр сая нэг зуун наян зургаан мянга найман зуун зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 926 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 173 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/01178 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “... Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бийн хариуцагч “Э” ТӨХК-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 186 806 /хоёр сая нэг зуун наян зургаан мянга найман зуун зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг “... Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар хариуцагч Э ТӨХК-иас нэхэмжлэгч Ц.Бийн ажилгүй байсан 54 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 1.736.424 төгрөг гаргуулж Ц.Бэд олгосугай ...” гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтад “... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 926 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй ...” гэснийг “... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 926 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Э” ТӨХК-иас 42 732 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бэд олгосугай ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Нэхэмжлэгч Ц.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 19-ны өдөр 173 тоот магадлалыг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 16-ны өдрийн /ШШ2019/01178/ дугаартай шийдвэр нь хуулийн дагуу үндэслэл бүхий гарсан.

Ц.Б нь Эын захирал Л.Эрхбаатарт 2019 оны 01 сарын 30-ны өдөр өргөдөл бичсэн гэх боловч манай компанид тийм бичиг ирээгүй. Хэзээ ч өргөдөл, хүсэлт ирүүлж байгаагүй. “Э” ТӨХК-ийн зүгээс Шүүх хурлуудын дараа ажилдаа ирж орохыг нь хэлэхэд өөр ажилд орсон учраас орох боломжгүй гэж хариу өгсөн байдаг.

Шүүхэд нотлох баримтаар хавсаргаж өгсөн канондсан өргөдөл (эхээрээ биш бөгөөд нотариатаар батлуулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй) нь хэзээ бичиж канондсан нь тодорхойгүй. Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн байна. /Эх хувь нь өөрт нь байгаа гэдгээ Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд дурдсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд 34-р талд бий/

Энэ нь ИХШХШ тухай хуулийн 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан ч байна. 44.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ”, 44.2-т бичмэл нотлох баримтыг эхээр нь хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар баримтжуулсан хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэснийг зөрчсөн.

ИХШХШ тухай хуулийн 62.1.4 “Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, шаардлага түүнийг нотлох баримт” гэж зааснаар нотлох баримтыг бүрдүүлж өгөөгүй байна.

ИХШХШ тухай хуулийн 110.1 “Шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг судалж, шаардлагатай бол хэргийн оролцогч, гэрч, шинжээчийн хүсэлтээр бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанд уншиж сонсгон, эд мөрийн баримтыг танилцуулна” гэсний дагуу танилцуулахдаа хэргийн 10 дахь хуудсанд буй нотлох баримтын шаардлага хангаагүй өргөдлийг, нотлох баримтаар уншиж танилцуулаагүй. Гэвч үүнийг Давж заалдах шатны шүүх үнэлж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

ИХШХШ тухай хуулийн 116-р зүйлийн 116.3-т заасан “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн шаардлагын дагуу Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Гэвч Орхон аймгийн давж заалдах шатны шүүх /хх-10 тал/ “Э” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн гэх өргөдлийн канондсан хувийг үндэслэл болгож хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн. Энэ өргөдөл манай компанид ирээгүй болно.

ИХШХШ тухай хуулийн 118.4-т “Үндэслэл хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэснийг Орхон аймгийн давж заалдах шатны шүүх зөрчиж шийдвэрлэсэн байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан /15 дахь тал/ Дундговь аймгийн Сайнцагаан сум 8-р багийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолтыг үндэслэсэн нь хэргийг буруу шийдвэрлэх үндэслэл болжээ. Учир нь 03 сарын 28-ны өдрийн тодорхойлолт нь зөвхөн Ц.Бийг гэр бүлийн хамт Сайнцагаан суманд шилжиж ирсэн болохыг тодорхойлсон тодорхойлолт юм. Шүүхэд хандахаар авсан хаягийн тодорхойлолт нь 2019 оны 08 сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Айраг” засаг дарга П.Бумцагаандарь хийж өгсөн байдаг. Мөн энэ өдөр буюу 2019 оны 08 сарын 13-ны өдөр Дундговь аймгийн тойргийн нотариатч С.Энхээ иргэний үнэмлэх, хаягийн тодорхойлолтын хуулбарыг нь нотариатаар баталж өгсөн байгааг шүүх буруу үнэлсэн байна. Эдгээр нь 15 дахь талд бий. Эдгээрийг батлах бас нэгэн чухал баримт буюу шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийг 2019 оны 08 сарын 13-ны төлсөн баримт /ХХ-13 дахь талд / бий. Энэ хэргийн 14 дэх талд 2019 оны 08 сарын 13-ны өдрийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Айраг”багийн засаг даргын тодорхойлолт бий.

Манай компанийн зүгээс Ц.Бийг ажилдаа эргэж орооч гэж хэд хэдэн удаа ярьсан боловч өөрөө өөр ажилд орсон. Ажилдаа эргэж орох боломжгүй гэдэг хариу өгдөг. Үүнийгээ ч анхан шатны шүүх хурал дээр хэлсэн. /ХХ-34-р талд бий/. Ц.Б нь Э” ТӨХК-иас ажил үүргээ хийж гүйцэтгэж чадахгүй халагдсаныхаа дараа өөр аймаг руу шилжин явж ажил эрхэлж байсан байдаг. Үүнийгээ ч анхан шатны шүүх хуралд хэлсэн байгаа. Хурлын тэмдэглэлд “Даргалагчаас: 2018 оны 08 сарын 03-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа та ажилдаа оръё гэж хариуцагч байгууллагад хандсан уу? Ажилдаа оръё гэхэд чинь авахгүй байсан ямар нэг эс үйлдэл байсан уу? гэхэд: нэхэмжлэгч тийм зүйл байгаагүй. Би өөрийн хүсэлтээр Дундговь аймаг руу шилжин ажиллаж байсан учраас ажилдаа ороогүй гэж” хэлсэн байгаа./ХХ-34-р талд бий/. Уг тэмдэглэлд 6 сараас шүүхэд хандаж бичиг баримтаа явуулж байснаас дурдсан байгаа.

Шуудангаар харьцаж байсан шуудангийн бичгээ хэрэгт хавсаргасан байгаа, эдгээр нь 2019 оны 06 сарын 24, 2019 оны 07 сарын 01, 2019 оны 11 сарын 08-ны өдрүүдийн бичиг байдаг. Үүнээс үзэхэд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү 2019 оны 06 сарын 24-нөөс эхэлж шуудангаар бичиг явуулж 2019 оны 07 сарын 01-ны өдөр тус шүүхэд ирсэн байна.

Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан дээр 2019 оны 02 сарын 10-ны өдөр, 2019 оны 03 сарын 05-ны өдөр 2 удаа хандсан гэх боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх зүйлсээс үзэхэд Ц.Бийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь:

  1. Иргэний хуулийн 80-р зүйлийн 80.2.-т заасан: “Хуулийн хүчин төгөлдөр шаардлага нь дахин давтагдах, ирээдүйд хийгдэх үүрэгт хамааралтай бол тухайн үүрэгт тогтоогдсон хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа хуулийн хүчин төгөлдөр байна” гэжээ.
  2. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж хуульчилжээ. Иргэний хуулийн дээрх заалтад заасан богиносгосон хугацаа нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацаанд хамаарах учиртай.

Иймд Шийдвэр магадлалтай хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/001178 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 19-ний өдрийн 173 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Ц.Б нь “Э” ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 186 806 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

  Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...ажлаас чөлөөлсөн тушаал гарсан 2018 оны 05 дугаар сарын 08-наас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэрт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр авсан, одоо анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарч, хүчин төгөлдөр болох хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилнэ...” гэж тайлбарласан байна.

Хариуцагч: “...шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 1 736 424 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, “... давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнээгүй үйл баримтыг дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэх үндэслэл зааж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсчээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлэх үүрэгтэй, энэ үеэс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд ажил олгогчоос ажилд нь эгүүлэн томилсон тухай шийдвэр гаргаагүй тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй тул анхан шатны шүүхийн дүгнээгүй үйл баримтад давж заалдах шатны шүүх дүгнэлт өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй болно.

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийсний үндсэн дээр хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 115 дугаар зүйлийн 115.2. дахь заалтад нийцсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 173 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүхийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                              ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД