Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 173

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2019/00173

 

 

*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Эрдэнэтийн Дулааны цахилгаан

станц ТӨХК-д холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/01178 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдэнэтийн дулааны цахилгаан станцТӨХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.186.806 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ЭДЦС ТӨХК-д ажиллаж байгаад 2018 оны 05 сарын 08-ны өдөр ажлаас гэнэт халагдсан. Ингээд шүүхээр явсан. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00786 тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 сарын 13-ны өдрийн 125 тоот магадлалаар миний талд эгүүлэн тогтоосон. Миний бие ажилгүй байсан 2018 оны 05 сарын 08-наас 2018 оны 08 сарын 03-ныг хүртэлх 68 хоног хугацааны төлбөрийг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан 2019 оны 02-р сарын 17-нд төгрөгийг авсан. Ажилгүй байсан нийт 136 хоног хугацааны мөнгөн төлбөрийг ЭДЦС ТӨХК-иас 2019 оны 01 сарын 30-нд бичгээр өргөдлөөр дамжуулан хүсэлт гаргасан боловч үл хэрэгсэж байна. Иймд давж заалдах шатны 2018 оны 10 сарын 13-ны өдрийн 125 тоот магадлалаар 2-р шатны шүүх миний талд шийдвэрлэсэн ба хугацаа 14 хоног нэмээд нийт 2018 оны 08 сарын 04-нөөс 2018 оны 11 сарын 13-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаа 68 хоногийн 2.186.806 төгрөгийг аваагүй. Давж заалдах шатны шүүх хурал 2018.10.18-ны өдөр болсон тэр өдрөөс хойш шүүхийн магадлалыг хүлээж авч хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл буюу 2018.11.13-ны өдрийг хүртэл би ажилгүй байсан. Миний одоо шаардаж байгаа зүйл бол давж заалдах шатны шүүх хуралдаан болж шийдвэр гарах хүртэл хугацааны аваагүй цалингаа нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх хуралдааны дараа л ажилд эргүүлэн авах эсэх нь шийдэгдэнэ. Түүнээс өмнө намайг ажилд эргүүлэн авъя гэсэн албан ёсны мэдэгдэл ч өгч байгаагүй. Тиймээс миний ажилгүй байсан хугацааны цалинг *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус нэхэмжлэлийн шаардлагыг манай компанийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болонгуут ******* ажилдаа орох гээд ирсэн бол манай байгууллага ажилд нь авах байсан. Давж заалдах шатны шүүх хуралдааны дараа ажилд нь авах талаар хэлсэн боловч ажилдаа ирээгүй. Ажилдаа орох гээд ирэхэд нь ажилд нь оруулаагүй буруутай үйл ажиллагааг манай байгууллага явуулаагүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй ажилд нь оруулаагүй байсан бол ******* мөнгөө тухайн үедээ нэхэмжлэх эрхтэй байсан. Харин 2018 оны 05 сарын 08-ны өдрөөс 2019 оны 08 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны нэхэмжилсэн 68 хоногийн цалин болох 2.186.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж ЭДЦС ТӨХК нь мөнгийг бүрэн төлсөн. Иргэний хуулийн 80-р зүйлийн 80.2.-т заасан Хуулийн хүчин төгөлдөр шаардлага нь дахин давтагдах, ирээдүйд хийгдэх үүрэгт хамааралтай бол тухайн үүрэгт тогтоогдсон хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа хуулийн хүчин төгөлдөр байна гэжээ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж хуульчилжээ. Иргэний хуулийн дээрх заалтад заасан богиносгосон хугацаа нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацаанд хамаарах учиртай. 2018 оны 10 сарын 13-ны өдрөөс нэхэмжлэгч *******ийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа эхлэн тоологдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/01178 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.186.806 /хоёр сая нэг зуун наян зургаан мянга найман зуун зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.926 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо:

Миний бие ажилгүй байсан 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 68 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулж 2019 оны 02 дугаар сарын 17-нд авсан. Би ажилгүй байсан хугацааны үлдсэн мөнгөө авахаар хариуцагч байгууллагад хандсан боловч үл хэрэгсэж байна. Тиймээс Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажилгүй байсан хугацааны 136 хоногийн төлбөрийн талыг авсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.3.-т заасныг үндэслэн гомдол гаргаж байгаа тул 2.186.806 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-иас 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2.186.806 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 786 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаар магадлалд үндэслэн тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч ******* нь *******-д цахилгаан цехийн ашиглалтын хэсгийн ээлжийн даргын ажилд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 786 дугаар шийдвэрээр эгүүлэн тогтоогдож, тус шийдвэр Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн магадлалаар хэвээр үлдээж, хүчин төгөлдөр болсон үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч ******* нь анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 2.186.806 төгрөгийн цалингийн нөхөн олговроо хариуцагч байгууллагаас авсан байх ба шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон ажил албан тушаалдаа эргэж ороогүй байна.

Нэхэмжлэгч ******* нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарч хүчин төгөлдөр болсон хугацааны хоорондох 68 хоногийн цалингийн нөхөн олговорт 2.186.206 төгрөгийг гаргуулахаар шүүхэд 2019 оны 01 дүгээр сард нэхэмжлэл гаргаж байсан боловч шүүхийн ажилтантай буруу ойлголцсоноос болж шүүхэд гаргасан нэхэмжлэл надад албан бичгээр буцаж очсон. Үүнээс хойш хэд хэдэн удаа шүүхэд хандсан боловч алслагдсан газар байсан болохоор хугацаа алдаж байсан гэсэн тайлбар гаргаж байгаа боловч энэ талаар нотлох баримтаа хэрэгт өгөөгүй. Харин хэрэгт авагдсан /хх-10 дахь тал/ *******-ийн гүйцэтгэх захиралд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өргөдөл гаргаж байснаас үзэхэд ажилдаа эргэж орохгүйгээр цалингийн асуудлаа шийдвэрлүүлэх талаар байгууллагадаа хандаж байсан, байгууллага нь албан ёсоор хариу өгсөн эсэх нь тодорхойгүй байна. Мөн хавтаст хэрэгт /15 дахь тал/ авагдсан Дундговь аймгийн Сайнцагаан сум 8-р багийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч ******* нь 2019 оны 01 дүгээр сараас ажилгүй байсан хугацаатай тэнцэх хэмжээний нөхөн олговроо авах талаар хариуцагч байгуулага болон шүүхэд хандаж байсан гэж үзэхээр байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй байна. Нөгөө талаар хариуцагч байгууллага нэхэмжлэгч *******ийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацааны цалин олговрыг олгож хохиролгүй болгох үүрэгтэй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан /2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл/ хугацаагаар тооцоход ажлын 54 хоног байх ба 1 өдрийн цалин нь 32.156 төгрөг /шүүхийн шийдвэрээр тогтоосон/-оор тооцож 1.736.424 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулж, нэхэмжлэгч *******эд олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/01178 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ... Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.186.806 /хоёр сая нэг зуун наян зургаан мянга найман зуун зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай ... гэснийг ... Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар хариуцагч *******-иас нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан 54 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 1.736.424 төгрөг гаргуулж *******эд олгосугай ... гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтанд ... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.926 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй ... гэснийг ... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.926 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 42.732 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******эд олгосугай ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ