Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0864

 

 

 

    

 

   2022          11           18                                    128/ШШ2022/0864

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э...

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.С... нарын хооронд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч М.Э..., хариуцагч Д.С..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н... нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Дүгнэлтийн шаардлага:

1.1. Дүгнэлт гаргагч М.Э...-гаас “...Улсын ахлах байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.С... 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *******дугаартай шийтгэлийн хуудсаар "Ө..." ХХКд MV-00000 дугаар тусгай зөвшөөрлийн талбайн хил тогтоосон актыг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасны дагуу 10,000 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ. 

2.2. Дээрх шийдвэрийг Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э... хянаад, эрх бүхий албан тушаалтан “нэгдүгээрт, "Ө..." ХХКийн Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан “...тусгай зөвшөөрлийн бүртгэлд

бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ...” гэх заалтыг хэрэгжүүлээгүй үйлдлийг мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ, тайланг ирүүлээгүй үйлдэлтэй адилтган үзэж шийтгэл оногдуулсан нь хууль төсөөтэй хэрэглэсэн; хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан уурхайн талбайн хилийн хэмжилтийг хийлгэж, шав тэмдэг тавих хугацааг тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор гэж заасан байх боловч дээрх хугацааны дотор хил тогтоосон актыг мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлнэ гэж заагаагүй” тул хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.

2.3. Ийнхүү улсын ахлах байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчимд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлт бичиж, шүүхэд ирүүлжээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл: 

3.1.1. Дүгнэлт гаргагч М.Э...шүүхэд гаргасан дүгнэлтийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э...би, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхай хяналтын улсын ахлах байцаагч Д.С... 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр "Ө..." ХХКийг Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан МХЕГ-**-***/** дугаартай материалыг шалгалтаар хяналаа.

3.1.2. Эрх бүхий албан тушаалтан “...MV-00000 дугаартай тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлээгүй...” гэх үйлдэлд "Ө..." ХХКийг Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан” гэх заалтад зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

3.1.3. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйл “Мэдээ, тайлан гаргах”-д тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргах мэдээ, тайлан хүргүүлэх эрх бүхий байгууллагыг тусгайлан буюу 48.1 дэх хэсэгт “...“Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлнэ:” гээд, 48.1.1.хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн, дараагийн жилүүдэд тухайн оны төлөвлөгөөг 04 дүгээр сарын 15-ны дотор; 48.1.2.хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор; 48.6-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:” гээд, 48.6.1.тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг эрх бүхий байгууллагаар хийлгэж ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилийн дотор; 48.6.2.дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор...” зэргээр тусгайлан хуульчилсан байна.

3.1.4. Дээрх Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ, тайланг тусгай зөвшөөрөл эзэмшигч хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулахаар Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заажээ.

3.1.5. Гэтэл эрх бүхий албан тушаалтан "Ө..." ХХКийн Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан “...тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ...” гэх заалтыг хэрэгжүүлээгүй үйлдлийг мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ, тайланг ирүүлээгүй үйлдэлтэй адилтган үзэж шийтгэл оногдуулсан нь хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

3.1.6. Мөн нөгөө талаас Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд уурхайн талбайн хилийн хэмжилтийг хийлгэж, шав тэмдэг тавих хугацааг тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор гэж заасан байх боловч дээрх хугацааны дотор хил тогтоосон актыг мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлнэ гэж заагаагүй байна.

3.1.7. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд зөрчлийн шинжийг Зөрчлийн тухай хуульд заасан эсхүл бусад хуульд заасан эсхүл хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан шинжүүдээр тус тус тодорхойлж болохоор байх боловч зөвхөн Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүй байхаар заасан байна.

3.1.8. Зөрчлийн тухай хуульд заасан “Ашигт малтмалын тухай хууль зөрчих” зөрчлийн шинж нь 7.11 дүгээр зүйлийн 1-ээс 7 дугаар болон тэдгээрийн доторх заалтад заасан шинжүүдээр тодорхойлогдохоор Зөрчлийн тухай хуульд тодорхой зааж өгсөн байх тул Ашигт малтмалын тухай хуульд заасан бүхий л үйлдлийг хамааруулан өргөн утгаар ойлгож, хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй тул "Ө..." ХХКийн Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлээгүй үйлдэлд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтын шийдвэр үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

3.1.9. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.С... 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр "Ө..." ХХКийг Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх хууль ёсны зарчимд нийцэхгүй үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

3.2. Хариуцагч Д.С... шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...дүгнэлтийг үндэслэлээр эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

3.2.1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “Б...” ХХК-аас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гаргасан "Ө..." ХХКийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын MV-00000 дугаар тусгай зөвшөөрлийг "Ө..." ХХКд олгосон байх ба Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтыг зөрчин MV-00000дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн хилийг тогтоож, шав тэмдэг тавьсан актыг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй үндэслэлээр "Ө..." ХХКд 09-059/16 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.

3.2.2. Ингэхдээ Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ хуульд заасан хариуцлага хүлээнэ”, 35.3.6 дахь заалт “Уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт”-ыг тус тус удирдлага болгон "Ө..." ХХКд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтын дагуу арван мянган нэгжээр торгох шийтгэл оногдуулсан болно.

3.2.3. Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 26.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг

төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ” гэж заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Техникийн шаардлага батлах тухай” А/68 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан ажлын тайлангийн загварын дагуу хүлээн авч шийдвэрлэдэг.

3.2.4. Улсын ахлах байцаагч Д.С... миний холбогдогчоос авсан мэдүүлэгт “Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтад заасны дагуу танай байгууллагаас тусгай зөвшөөрлийн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ гэж заасан байна. Харин танай байгууллагаас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор буюу хуулинд заасан 3 сарын хугацаанд ирүүлээгүй хэтэрсэн байна. Энэ талаар танд хэлэх зүйл байна уу” гэсэн асуултад холбогдогч М.Э... “Ашигт малтмалын тухай хуулинд заасан 3 сарын хугацаанд ирүүлээгүй зөрчлөө бол хүлээн зөвшөөрч байна” гэж хариулсан нь тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, хил тогтоосон тухай актаар баталгаажуулсан тайланг тус албанд ирүүлнэ гэсэн ойлголт нийтлэг байгааг нотолж байгаа болно.

3.2.5. Иймд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Э...-гийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож "Ө..." ХХКд оногдуулсан торгуулийн шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дүгнэлт, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э...-ын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар дүгнэлтийг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.С...гийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

1. Хариуцагч Мэргэжлийн хяналтын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.С...гийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар "Ө..." ХХК-д “...MV-00000 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хил тогтоосон актыг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2. Дээрх шийтгэл оногдуулсан шийдвэрийг Нийслэлийн прокурорын газрын

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч бүртгэсэн байна (хавтаст хэргийн 38 дахь тал). 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх Н...д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч зарим эрх бүхий албан тушаалтнуудын шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгах шалгалтын удирдамж”-ийг баталжээ. Үүний дагуу тус газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э...-т 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “...улсын ахлах байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас” хуваарилагдаж, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 26 дугаар прокурорын дүгнэлтийг бичсэн байна (хавтаст хэргийн 1-3 дахь тал).

3. Маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үндэслэлгүй гэж үзэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э...-аас “...Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд тусгайлан заасан мэдээ, тайлан төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан... тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан торгох шийтгэл оногдуулна. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан “...тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ” гэх заалтыг хэрэгжүүлээгүй үйлдлийг дээрх 48 дугаар зүйлд заасан мэдээ, тайланг ирүүлээгүй үйлдэлтэй адилтган үзэж шийтгэл оногдуулсан нь хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Иймд, улсын ахлах байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *******дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчимд нийцээгүй, үндэслэлгүй”,

4. Хариуцагчаас “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Техникийн шаардлага батлах тухай” А/68 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан талбайн хил тогтоосон актыг тайлан гэж үзсэн. Мөн "Ө..." ХХК-ийн үйлдэл нь зөрчилд хамаарах мөн бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд уурхайн талбайн хил тогтоосон актыг гаргахад “Б...” ХХК-аас тайлан гаргасан байдаг (хавтаст хэргийн 7-32 дахь тал) учир тайланд хамаарна гэж үзсэн. Иймд, миний 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлаж байна.

5. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно” гээд мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тус тус заасан байна.

6. Эдгээр зохицуулалтаас үзэхэд, зөрчлийн шинжийг хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актад заасан шинжүүдээр өргөн хүрээнд тодорхойлох боловч гагцхүү зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг л зөрчил гэж үзэхээр хуульчилсан байна.

7. Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 26.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ” гэж заасны дагуу "Ө..." ХХК өөрийн MV-00000дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хилийг тогтоолгон байнгын шав тэмдэг тавьж, баталгаажуулсан актыг төрийн захиргааны байгууллагад хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй үйл баримт тогтоогдож байгаа боловч үүнийг Зөрчлийн тухай хуульд зөрчил гэж үзэж, шийтгэл оногдуулахаар хуульчлаагүй байна.

8. Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар шийтгэл оногдуулах үндэслэл нь “...хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан” тохиолдол байх бөгөөд энд дурдсан мэдээ, тайлан, төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлнэ:”, 48.1.1-д “хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн, дараагийн жилүүдэд тухайн оны төлөвлөгөөг 04 дүгээр сарын 15-ны дотор”, 48.1.2-т “хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор”, 48.1.3-т “энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан аюулгүй ажиллагааны талаархи мэдээг жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор”;  мөн зүйлийн 48.6-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:”, 48.6.1-д “тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг эрх бүхий байгууллагаар хийлгэж ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилийн дотор”, 48.6.2-т “дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор”, 48.6.3-т “ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөөцийн зэрэглэлийг ахиулах ашиглалтын хайгуулыг тухай бүр хийж, ажлын төлөвлөгөө, тухайн жилийн болон хайгуулын ажлын үр дүнгийн тайланг энэ хуулийн 48.1.2-т заасны дагуу” гэж тусгайлан заасан байна.

9. Тодруулбал, гагцхүү Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд тусгайлан заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан тохиолдолд л Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг үндэслэн шийтгэл оногдуулахаар байна.

10. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан “...уурхайн талбайн хил тогтоосон тухай акт”-ыг мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөнд хамааруулаагүй байхад улсын ахлах байцаагч хуулийг төсөөтэй хэрэглэн "Ө..." ХХК-д шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар “...Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд зөрчлийн шинжийг Зөрчлийн тухай хуульд заасан эсхүл бусад хуульд заасан эсхүл хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан шинжүүдээр тус тус тодорхойлж болохоор байх боловч зөвхөн Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүй байхаар заасан байна. Зөрчлийн тухай хуульд заасан “Ашигт малтмалын тухай хууль зөрчих” зөрчлийн шинж нь 7.11 дүгээр зүйлийн 1-ээс 7 дугаар болон тэдгээрийн доторх заалтад заасан шинжүүдээр тодорхойлогдохоор Зөрчлийн тухай хуульд тодорхой зааж өгсөн байх тул Ашигт малтмалын тухай хуульд заасан бүхий л үйлдлийг хамааруулан өргөн утгаар ойлгож, хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй тул "Ө..." ХХКийн Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлээгүй үйлдэлд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтын шийдвэр үндэслэлгүй” гэх прокурорын дүгнэлт (хавтаст хэргийн 2 дахь хэсэг) үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

11. Түүнчлэн хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан “...холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрч, биелүүлж байгаа...” гэх тайлбар нь холбогдогчийг зөрчил гаргасан гэдгийг шууд нотлох, зөрчил гэж хуулиар тогтоогоогүй үйлдлээр зөрчил оногдуулсан улсын ахлах байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг зөвтгөх үндэслэл болохгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э...-ын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар дүгнэлтийг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.С...гийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *******дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  113 дугаар зүйлийн 113.2 дахь заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            А.МӨНХ-ӨЛЗИЙ