Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2018/01060

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 21 өдөр            Дугаар 182/ШШ2018/01060            Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, шүүгч Ц.Наранчимэг, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ө.Х-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: БХТ

 

Хариуцагч: Г.А,

 

Хариуцагч: П.Э нарт холбогдох,

 

“Гэм хорын хохиролд 32,269,431 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц, хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М, хариуцагч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ө.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Ө.Х нь иргэний шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 497., 498., 505.-р зүйлд заасныг үндэслэж гэм хорын хохирол буюу эмчилгээний зардалд 32 269 431 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 2011 оны 12 дугаар сард Ө.Х нь Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны харъяа Сургалт судалгаа, хөрөнгө оруулалт, барилгын захиалагчийн албаны даргын 141 тоот тушаалаар шинжээчийн ажилд орсон. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр лабораторийн эрхлэгч Г.Аын үүрэг болгосны дагуу Хан-Уул дүүргийн Зайсанд байрлах Жарден хотхоны барилга дээр очиж бетоны үл эвдэхийн шинжилгээ хийхээр явсан. Шинжилгээ хийхээр очих үед гар аргаар хийж бэлтгэсэн шат байсан бөгөөд тухайн шатан дээр авирч гарч байх явцад нь шат гулсаж 4 метрийн өндрөөс унаж биедээ гэмтэл авсан бөгөөд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Ө.Х нь 2 хөл хугарч, гарын хуруу хугарч, нуруунд гэмтэл авсан. Гэмтлийн дараа 90 хоног листтэй байж байгаад хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоож, өвчний группт орсон. 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Хөх хотод өөрийн зардлаар 10 хоногийн хугацаатай эмчилгээ хийлгэж 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирсэн байдаг. Монголд эмчилгээ хийлгүүлсний зардал буюу эмчилгээ, шинжилгээний төлбөр 756 100 төгрөг, таксины үйлчилгээнд 14 900 төгрөг, нотариатын зардалд 9 700 төгрөг, Хөх хотод эмчлүүлсэн эмчилгээний зардалд 114 521.97 юань буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцоход 30 956 433 төгрөг, мөн бусад зардалд 1 381 юань буюу 373 298 төгрөг нийтдээ 32 269 431 төгрөгийг хариуцагч Барилгын хөгжлийн төв, Г.А, П.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Хариуцагч Г.А, П.Э нарын хувьд Ө.Хын шатнаас унаж гэмтсэн асуудлаар 2013 онд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн, эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэсэн үндэслэлээр 2013 оны 12 дугаар сарын 30-нд Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 851 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан. Хэрэгт авагдсан баримтуудаар Ө.Хын ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэмтэл авсан нь үйлдвэрлэлийн осол гэж тогтоогдсон шийдвэргүй. Өөрөөр хэлбэл Мэргэжлийн хяналтын газар, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-аас үйлдвэрлэлийн ослоор тогтоосон дүгнэлт гараагүй байдаг. Эрүүгийн хэрэгт ч ийм баримт байдаггүй. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх эрх бүхий субъект нь тухайн үед Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т инженер П.Э, Г.А нар байсан. Г.Аын хувьд хөдөлмөрийн гэрээ нь олдохгүй гэж байгаа ч тухайн үед Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн эрхлэгчийн ажлыг гүйцэтгэж байсан байдаг. Тухайн эрүүгийн хэрэгт Ө.Х нь хохирогчоор тогтоогдож байцаалт өгсөн. Мөн эрүүгийн хэргийн материалаас холбогдох баримтуудыг шүүхийн тогтоолын дагуу Прокурорын газраас ирүүлсэн. Энэ нь хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдах асуудал биш юм. Хариуцагч нар нь хариу тайлбартаа хэрэгт авагдсан баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж байгаа. Харин нотлох баримттай холбогдуулан үзлэг, шинжилгээ хийх, нотлох баримтаас хасуулах, эрх үүргээ хэрэгжүүлэх эрх байсан. Уг эрх үүргээ хэрэгжүүлээгүй нь нотлох баримтыг үнэлэхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хөх хотод зарцуулсан зочид буудлын зардлын баримтын хувьд хэлэхэд Ө.Х нь хөлийн шагайндаа гэмтэл авсан байсан учраас ганцаараа Хятад улс руу явах боломжгүй байсан тул дүү С.Нандинцэцэг нь асарч хамт явсан байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын болон ажилтны хууль зөрчсөн буруутай үйлдлийн улмаас хохирсон гэм хорын хохирол болох эмчилгээний зардлыг нэхэмжилж байна” гэжээ.

 

            Нэхэмжлэгч Ө.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нандинцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тайлбартаа: “Ө.Х нь 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зам тээвэр Барилга хот байгуулалтын яамны Сургалт судалгаа хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба буюу одоогийн Барилгын хөгжлийн төвд бетон дүүрэгч материалын лабораторийн шинжээчээр ажилд орсон бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажил олгогчийн эрх бүхий албан тушаалтны даалгаснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Жарден хотхоны барилгын бүтээцэд шинжилгээ хийн ажил үүргээ гүйцэтгэж яваад өндрөөс унаж шилбэний яс хугарч, гарын хуруунууд хугарч, нурууны үендээ бэртэл авч хүндэвтэр гэмтсэн болно. Уг ослын шалтгаан гэм бурууг шалгуулан хохирлоо барагдуулахаар Ө.Х цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2013 оны 06 дугаар сарын 06-нд Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар 201301060621 тоот эрүүгийн хэрэг үүсгэн Барилгын хөгжлийн төвийн тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын инженер П.Эыг 2013 оны 08 дугаар сарын 07-нд, лабораторийн халах шинжээч Г.Аыг 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус тус яллагдагчаар татсан байдаг ба хэрэгт ач холбогдолтой бүхий л гэрч, шинжээчдийг асуусан байдаг. Гэвч тус дүүргийн хяналтын прокурор П.Болормаа нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 851 тоот тогтоолоороо Ө.Х нь өндрөөс унаж бэртсэн хэрэгт П.Э, Г.А нар нь буруутай нь тогтоогдож байгаа боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.2 буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.

Ийнхүү тус ослын хариуцлагыг хэн ч хүлээгээгүй бөгөөд Ө.Хын дотоод дахь эмчилгээ үр            дүнгээ өгөхгүй суумгай болох эрсдэлтэй байсан тул өөрийн зардлаар гадаад улсад эмчилгээ хийлгэж хөл дээрээ боссон билээ. Иймд гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хор эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөө нэхэмжлэхээр шүүхэд хандаж байгаа бөгөөд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан нэмэгдүүлж байна.Үүнд:

Өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас баримтын шаардлага хангахгүй байгаа зарим хэсгээс татгалзан нэхэмжилсэн эмчилгээний зардлыг багасгах тухай. Анх 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ эмчилгээ болон эмчилгээтэй холбоотой бусад зардалд нийт 32.244.531 төгрөг нэхэмжилснээс баримтын шаардлага хангахгүй байгаа 1-р хавтас хэргийн материалын 40, 41 дэх талд байрлах 259.400 төгрөг, 155-62 дахь хуудсанд байгаа зочид буудлын зардал 321.669 төгрөг, нотариатын зардал 9700 төгрөгөөс тус тус татгалзан. Дотоод дахь шинжилгээ эмчилгээний зардал 496.700 төгрөг, Таксины зардал 149.000 төгрөг, Хөх хотын Өвөр монгол эмнэлэгт эмчлүүлсэн зардал 114521.97 юань буюу 30.956.433 төгрөг нийт 31.602.133 төгрөгийн эмчилгээний зардлыг хариуцагч Барилгын хөгжлийн төвөөс нэхэмжилж байна.

Өндөрөөс унаж бэртэн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс нэхэмжлэх тухай. Дээр дурдсанчлан Ө.Х нь 2011 оны 12 дугаар сарын 06-ны тус төвд бетон дүүрэгч материалын лабораторийн шинжээчээр ажилд орсон ба осол болох үед ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр биеийн эрүүл мэндийн байдлаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болно. Ө.Хыг 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажлаа хийж яваад өндрөөс унаж шилбэ, гарын хуруунууд хугаралтай, нурууны үе дарагдан суусан хүндэвтэр гэмтэл авсан байхад түүний ажил олгогч Барилгын хөгжлийн төв тус ослыг Үйлдвэрлэлийн осол болохыг шуурхай судлан бүртгэх үүргээ биелүүлээгүй, харьяа дүүргийн Мэргэжлийн хяналтын байгууллагад хандан бүртгүүлэх хүсэлт илгээгээгүй нуун дарагдуулсан ба Ө.Х нь өөрөө арга буюу 2013 оны 10 дугаар сарын 01-нд Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон бөгөөд тус актад Ө.Хын бэртэл гэмтлийг дутуу тусгаж, ахуйн осол гэж бичээд хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар тогтоосон байна.

Ийнхүү Барилгын хөгжлийн төв тус актыг үндэслэн Ө.Хт 6 сарын чөлөө олгож, нэг удаагийн тусламж 717.873 төгрөг өгч түүнээс орлогын албан татвар суутган олгосон ба осолд өртөн хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс хойш ажлаас чөлөөлөх хүртэл нэг ч төгрөгийн цалин хөлс олгоогүй болно.

Иймд Барилгын хөгжлийн төв болон түүнд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг үүрэг хүлээсэн албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас Ө.Х нь эрүүл мэндээр хохироод зогсохгүй үүсэн ослын нөхцөл байдлыг хууль журмын дагуу тогтоолгож чадаагүй, хөдөлмөрийн чадвараа алдсанаас ажил хөдөлмөр эрхлээгүй, цалин хөлсөө авч чадаагүй тул 2013 оны 05 сараас 2014 оны 6 сар хүртэл авах ёстой байсан цалин хөлс болох 8,672,000 төгрөгийг Барилгын хөгжлийн төвөөс гаргуулж өгнө үү. (Ө.Хын бэртэхээс өмнөх авч байсан 6 сарын дундаж цалин хөлс нь 652.798 төгрөг бөгөөд нэг ажлын хоногт 31.085 төгрөг болно, 2013 оны 5 сарын 7-оос 2014 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл нийт ажлын 279 ажлын хоног байна. 31,085х279=8,672,715 төгрөг болно/

Иргэний хуулийн 497.1, 498.1, 505.1 дэх хэсэгт зааснаар Байгууллагын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг сахин хангуулах үүрэг бүхий П.Э, Г.А нарын буруутай үйл ажиллагаанаас Ө.Х өндрөөс унаж эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэргийн улмаас учирсан гэм хор болох эмчилгээний зардал 31.602.133 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 8.672.000 төгрөг, нийт 40.274.133 төгрөгийг хариуцагч Барилгын хөгжлийн төвөөс гаргуулах үндэслэлтэй юм.” гэв.

 

Хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус төвийн харъяа Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторт шинжээчээр ажиллаж байсан Ө.Х нь 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүрэгт баригдаж буй Жарден” хотхонд бетоны үл эвдэхийн шинжилгээ хийхээр очоод осол гарсан байдаг. Шинжээч Ө.Х нь Ачинскай ХХК, Гуо ду ХХК, Эс девелопмент ХХК хэмээх хамтран ажиллаж буй компаниудаас шинжилгээ хийлгэхээр гаргасан хүсэлт байхгүй, шинжилгээ хийх гэрээ байгуулаагүй, байгууллагын удирдлагад мэдэгдээгүй байхад Жарден хотхон баригдаж буй барилгын талбай руу хөдөлмөрийн дотоод журмын 5.7-д заасан Ажилтан ажлын байрнаас гадуур ажиллахдаа хэлтсийн даргад мэдэгдэж Гадуур ажлын дэвтэр-т бүртгүүлнэ гэснийг хэрэгжүүлэлгүй шинжилгээ хийхээр явсан. Мөн ахлах шинжээчээс үүрэг болгосноор тухайн объектод очсон гэх боловч ахлах шинжээч бусад шинжээч нарт үүрэг өгч шинжилгээ хийлгэхээр явуулах үүрэг хүлээдэггүй болно. Шинжээч Ө.Х Ачинскай ХХК, Гуо ду ХХК, Эс девелопмент ХХК-иудаас барилгын талбайд ажил хийж байгаа хүн байхгүй, тухайн компаниудаас хөдөлмөр хамгаалал аюулгүй, ажиллагааны зааварчилгаа аваагүй, өндрийн шатыг норм дүрэм стандартын дагуу угсраагүй, өндрийн бүс, каск зэрэг хувцас хэрэгсэл байхгүйгээр ажилласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан үүргүүдээ биелүүлээгүйгээс болж энэхүү осол гарсан. Тухайн шинжээч нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг өөр байгууллагын талбай очиж хийхдээ заавал хангуулж ажиллах үүрэгтэй байдаг бөгөөд Ө.Х нь дээрх ажлын талбар нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журамд нийцээгүй байхад шинжилгээг хийсэн нь өөрийг нь осолдох нөхцөлийг бүрдүүлсэн байна. Шинжээч Ө.Х нь тухайн байгууллагын барилгын талбайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангагдаагүй байсан учир Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т зааснаар ажлаа зогсоох эрхтэй байсан. Иймээс шинжээч Ө.Хын илтэд болгоомжгүйн улмаас бэртсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасан нөхцөл байдлыг үүсгэж байгаа болно. Зураг төсөл эрдэм шинжилгээний институт УТҮГ-аас Ө.Хт 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 10-ныг хүртэл 6 сарын хугацаатай чөлөө олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1, Иргэний хуулийн 509.1-д заасны дагуу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан сар бүр өгөх тэтгэмжийг нь институтийн захирлын 2013 оны 67 дугаар тушаалаар 1 удаа буцалтгүй тэтгэмж болгон 717,883 төгрөгийг олгосон. Ө.Х 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлүүлэх хүсэлтийг ирүүлсний дагуу ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн хуулийн 129.1-т заасан ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ө.Хын шинжилгээ хийхээр очсон Ачинскай ХХК, Гуо дуХХК, Эс девелопмент ХХК-ийн Жарден хотхонд хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухайн захиалагч болон гүйцэтгэгч компаниудаас өгөх ёстой бөгөөд тухайн байгууллагын барилгын талбайд албан үүргээ гүйцэтгэх явцдаа осолд орсон бөгөөд гэм хорын хохирол болох эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөрийг нэхэмжлэгчид Гуо ду ХХК нь гаргаж өгсөн байдаг. Учир нь Жарден хотхоны ажлын байр нь Ачинскай ХХК, Гуо ду ХХК, Эс девелопмент ХХК-ийн ажлын талбар бөгөөд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах ёстой. Түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.3-т зааснаар Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна гэж заасны дагуу Гуо ду ХХК нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөрийг хариуцсан байдаг. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан баримтаар нотлогдож байгаа болно. Төрийн байгууллагууд ажилтнуудын гадаад улсад хийлгэсэн эмчилгээний зардалд хөрөнгө төсөвлөхийг хориглож, энэхүү зардлыг гаргахгүй байхаар шийдвэрлэж Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам-ыг баталсан бөгөөд энэхүү журмын 3 дахь хэсэгт гадаад оронд эмчлүүлэх хяналтын комиссын дүгнэлт, хүлээн авах эмнэлгээс ирүүлсэн урилга, зардлын эх үүсвэрийг бүрдүүлсэн тухай мэдээлэл зэрэг материал бүрдүүлэхээр заасан. Эдгээр зардалд тээвэр, хоол байр, түүнчлэн дагалдах явах хүний зардал, бусад зардлыг оруулахгүй байхаар журамласан.Энэ журмын дагуу өөрөө явж гадаад улсад эмчилгээ хийлгэсэн нөхцөлд зардлыг нөхөн олгохгүй байхаар тусгасан байна. Ө.Хын нэхэмжилж буй зардал нь дээрх журмын шаардлагад нийцэхгүй байгаа бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн Ө.Хын гэмтэл нь Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгааллын сайдын 2008 оны 274/137 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох жагсаалт-ын ердийн өвчний хэсэгт багтсан байна. Иймээс Иргэний хуулийн 498.3., Хөдөлмөрийн хуулийн 97.1.1., 129.1., Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол зэрэг хууль тогтоомжид заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... БНХАУ-ын Өвөр монголын эмнэлэгт эмчлүүлсэн тухай хятад хэл дээрх /монгол хэлэнд орчуулсан/ Өвчтөний карт гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгчээ. Энэ картны Хийгдэх эмчилгээ гэсэн хэсэгт Нуруунд лазер эмчилгээ хийлгэх шаардлагатай, 2 сар тогтмол эм уух, лазер эмчилгээ багаар бодоход 10-12 удаа хийлгэх гэж бичжээ. Гэтэл эмчлүүлэгчийн зардлын нарийвчилсан задаргаа гэсэн хэсэгт Мэс заслын төлбөр, мэс ажилбарын зардал гэх мэт зардлууд багтсан байна. Мөн Ө.Х нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 30 өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэх боловч мөн оны 12 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд Өвөрмонголын Зочид буудалд байрлан мөнгө төлсөн тухай баримт ирүүлсэн байгаа нь эмнэлэгт хэвтэж байсан гэх хугацаатайгаа давхацсан байх тул эдгээр баримтын үнэн зөв нь эргэлзээтэй болохыг нотолж байна. Нэхэмжлэгч Ө.Хоос 30 сая төгрөгтэй тэнцэх 114 521 юаныг Өвөр монголын эмнэлэгт хэрхэн төлснийг нотлох баримт байхгүй.” гэжээ.

Хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгын Хөгжлийн Төв нь хуулиар хариуцлага хүлээх этгээд биш юм. Хэрэгт нотлох баримтаар Эс Девелопмент ХХК, Гуоду Констракшн групп ХХК, Ачин скай ХХК нарын хооронд 2012 оны 07  дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ авагдсан. Гэрээгээр Эс Девелопмент ХХК нь захиалагч, Гуоду Констракшн групп ХХК, Ачин скай ХХК нар гүйцэтгэгчийн статустай оролцсон байна. Барилгын тухай хуулийн 14 зүйлийн 14.1-д Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ”, 14.2-т “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж энэ хуулийн 14.1-д заасан тусгай зөвшөөрөл авах өргөдөлд тухайн орны эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийг хавсаргана” гэжээ.

Монгол улсын хуулийн этгээд Ачин скай ХХК нь барилга барих тусгай зөвшөөрөлтэй бөгөөд БНХАУлсын хуулийн этгээд Гуоду Констракшн групп ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр барилга барих тусгай зөвшөөрөл аваагүй байна.

Уг гэрээний 1.1-д гүйцэтгэгч нь гэрээ, Барилгын тухай хууль, тогтоомжийн дагуу гүйцэтгэх, талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулна гэжээ. 7.2.8-д гүйцэтгэгч нь барилгын ажлын талбайг дүрэм, журам, стандарт, технологийн дагуу зөв зохион байгуулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангах ажиллах, 7.2.11- д барилгын талбайд ... аливаа зөрчил, дутагдал гаргуулахгүй, гэм хор учруулахгүй үүрэг хүлээжээ.Барилгын тухай хуулийн 16 зүйлийн 16.1.5-д барилгын ажил гүйцэтгэгч нь “... барилгын талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг...” хангах үүрэг хүлээсэн.

Мөн барилгын ажил гүйцэтгэгч нь “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын 3.2.2-т “Барилга угсралтын явцад барилгын гадна шат, ванданг, уртын дагуу 4 метрээс багагүй, шатны босоо чиглэлд 2 үе тутамд барилгын үндсэн хийцэд бэхлэх, бариул, шат, орц гарц гаргах, бат бэх тороор битүүлэх”, 3.2.3-т “Барилгын өндрийн дагууд 2-3 давхар тутамд уналтаас хамгаалах 3.5 метрээс багагүй өргөнтэй хамгаалалтын төхөөрөмж (дэвсгэр, банз, тор, саравч гэх мэт)-өөр тоноглох,”, БНбД 12-03-04 “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм 1”-ийн 6.2.21-т “Өндөрт ажил гүйцэтгэж байгаа үед ажлын байрны доод хэсэгт аюулгүй бүсийг гаргаж өгөх хэрэгтэй. Өндрийн нэг чиг шугамын дагуу... 6 метрээс ихгүй зайд доод талын ажлын байрыг (дэвсгэр, банз, тор, саравч зэрэг) хамгаалалтын төхөөрөмжөөр тоноглосон байвал зохино”, 7.4.14-т “Шат, вандангийн өндөр 4 метр хүртэл бол түүнийг ажил гүйцэтгэгч, мастер хүлээн авч, ажлын журналд бүртгэсний дараа, харин 4 метрээс илүү өндөртэй шат, ванданг барилга угсралтын байгууллагын удирдлагын томилсон комисс хүлээн авч, акт үйлдсэний дараа ашиглахыг зөвшөөрнө” гэсэн шаардлагуудыг барилгын гүйцэтгэгч компани биелүүлэх үүрэгтэй.

2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө үйлчилж байсан Барилгын тухай хуулийн 16 зүйлийн 1.5-д “... барилгын талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах” гэж барилгын ажил гүйцэтгэгчийн үүргийг хуульчилсан.

Иймд Эс Девелопмент ХХК-тай байгуулсан гэрээ, Барилгын тухай хууль, барилгын багц дүрмээр Жарден хотхоны барилгын ажлыг гүйцэтгэсэн гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас иргэн Ө.Хт гэм хор учирсан байх тул Барилгын Хөгжлийн Төв нь хариуцлага хүлээх этгээд биш байна.

Нэхэмжлэгч ажил үүргээ хайхрамжгүй, хайнга гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч нь осолдох өдөр өглөө ажил дээрээ очоогүй бөгөөд шууд “Ачин скай” ХХК-ийн барилгын талбай руу явсан. Өглөө ажил дээрээ очиж цагаа бүртгүүлээгүй, дээд шатны албан тушаалтандаа мэдэгдээгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй болно.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 зүйлийн 18.1.4-т “... ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх” гэсэн ажилтны үүргийг хуульчилж өгсөн.

Ө.Х нь өмнө шинжилгээ хийж гадуур явж байсан бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам, хуульд заасан эрх, үүргийг мэдэж байсан бөгөөд “Ачин скай” ХХК-ийн шат нь аюулгүй ажиллагааны журмын зөрчсөнийг мэдсэн атлаа хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ суунги болох эрсдэлтэй байсан гэх үндэслэлээр БНХАУлсыг зорьсон. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар уг нөхцөл байдлыг нотлох нурууны зураг, эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримт байхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг өөрөө нотлох үүрэг хүлээсэн бөгөөд нэхэмжлэгч осолдож гэмтэл авсан гэмт хэргийн нөхцөл байдалд Барилгын Хөгжлийн Төв буруутай гэх нотлох баримт байхгүй болно.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 8.672.000 төгрөг нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн цалин хөлстэй холбоотой маргаан нь хөдөлмөрийн маргаанд хамаарах бөгөөд Хөдөлмөрийн хуульд хөдөлмөрийн маргааныг тодорхой зохицуулсан байгаа. Тиймээс цалин хөлстэй холбоотой гомдол гаргах хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн цалин хөлс нэхэмжилсэн хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ө.Хын нэхэмжлэлтэй хариуцагч “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Г.А, П.Э нарт холбогдуулан “Гэм хорын хохиролд 32,269,431 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нандинцэцэг нь байгууллагын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг сахин хангуулах үүрэг бүхий этгээд үүргээ биелүүлээгүйгээс Ө.Х өндрөөс унаж эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэргийн улмаас учирсан гэм хор болох эмчилгээний зардал 31,602,133 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 8,672,000 төгрөг, нийт 40,274,133 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх ба хамтран хариуцагч Г.А, П.Э нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно.

 

            Нэхэмжлэгч Ө.Х нь Барилгын хөгжлийн төвийн захирлын 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 тоот тушаалаар Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн Бетон дүүргэгч материалын шинжээчээр томилогдоно ажиллаж байсан байх бөгөөд Зураг төсөл, эрдэм шинжилгээний институтийн захирлын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаар тушаалаар Барилгын материалын сорилт, шинжилгээний лабораторийн шинжээчийн ажлаас эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлсөн, мөн Г.А нь 2012 оны 10 дугаар сараас лабораторийн эрхлэгчээр, П.Э нь лабораторийн шинжээчээр тус тус ажиллаж байсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, Барилгын хөгжлийн төвийн захирлын 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 тоот тушаал, түүний хавсралт, Зураг төсөл, эрдэм шинжилгээний институтийн захирлын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаар тушаал, Барилгын хөгжлийн төвийн захирлын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Ажилд шилжүүлэн томилох тухай 142 дугаар тушаал, Зураг төсөл, эрдэм шинжилгээний институтийн захирлын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тушаал, түүний хавсралт, Барилгын хөгжлийн төвийн захирлын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 256 дугаар тушаал, түүний хавсралт, Ө.Хтой 2013 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, П.Этай 2012 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Ө.Хын нийгмийн даатгалын дэвтэр, П.Эын нийгмийн даатгалын дэвтэр зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 8-9, 11-15, 104, 105, 2-р хх-ийн 116-120, 121-122, 166-169, 170-171, 172-173, 175, 3-р хх-ийн 96-97, 98, 99 дүгээр тал/

 

            Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 208 дугаар тогтоолоор хариуцагч Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийг Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт УТҮГ-т шилжүүлж, Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт УТҮГ-ыг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-тай нэгтгэгдсэн байна. /1-р хх-ийн 80, 81-83 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч Ө.Х нь Барилгын хөгжлийн төвийн харьяа Барилгын материал, сорил шинжилгээний лабораторийн шинжээчээр ажиллаж байхдаа 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Жарден” хотхоны барилгын талбайд бетон зуурмагийн сорилын шинжилгээ хийж байгаад өндрөөс унаж, уг ослын улмаас түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд тухайн осолд Барилгын хөгжлийн төвийн ажилтан Г.А, П.Э нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байх бөгөөд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгох” тухай 851 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин биелүүлээгүйн улмаас Ө.Х өндрөөс унаж, үүний улмаас түүний биед баруун тавхайн ясны 1-р шивнүүрийн зөрөөтэй, зүүн шаант ясны зөрөөтэй, зүүн гарын 4-р хурууны үзүүрийн шивнүүрийн зөрөөтэй далд хугарлууд, тархи доргилт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 851 дугаар тогтоол, Эрүүгийн хэргийг шийдвэрлэх явцад гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7227 дугаар акт /шинжээчийн дүгнэлт/, Эрүүгийн 201301060621 тоот хэрэгт гаргасан шинжээчийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. /1-р хх-ийн 231-232, 234-236, 2-р хх-ийн 13-15, 16-18 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажил олгогчийн эрх бүхий албан тушаалтны даалгаснаар ажил үүргээ гүйцэтгэж яваад хүндэвтэр гэмтсэн болно.

Прокурорын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 851 тоот тогтоолоороо Ө.Х нь өндрөөс унаж бэртсэн хэрэгт П.Э, Г.А нар нь буруутай нь тогтоогдож байгаа боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.2 буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.

Ийнхүү тус ослын хариуцлагыг хэн ч хүлээгээгүй бөгөөд гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хор эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөө нэхэмжлэхээр шүүхэд хандаж байгаа.

Иргэний хуулийн 497.1, 498.1, 505.1 дэх хэсэгт зааснаар Байгууллагын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг сахин хангуулах үүрэг бүхий П.Э, Г.А нарын буруутай үйл ажиллагаанаас Ө.Х өндрөөс унаж эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нийт 40.274.133 төгрөгийг хариуцагч Барилгын хөгжлийн төвөөс гаргуулах үндэслэлтэй юм.” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Барилгын Хөгжлийн Төв нь хуулиар хариуцлага хүлээх этгээд биш юм. Хэрэгт нотлох баримтаар Эс Девелопмент ХХК, Гуоду Констракшн групп ХХК, Ачин скай ХХК нарын хооронд 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ авагдсан.

Уг гэрээний 1.1-д гүйцэтгэгч нь гэрээ, Барилгын тухай хууль, тогтоомжийн дагуу гүйцэтгэх, талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулна гэжээ. 7.2.8-д гүйцэтгэгч нь барилгын ажлын талбайг дүрэм, журам, стандарт, технологийн дагуу зөв зохион байгуулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангах ажиллах, 7.2.11- д барилгын талбайд ... аливаа зөрчил, дутагдал гаргуулахгүй, гэм хор учруулахгүй үүрэг хүлээжээ.Барилгын тухай хуулийн 16 зүйлийн 16.1.5-д барилгын ажил гүйцэтгэгч нь “... барилгын талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг...” хангах үүрэг хүлээсэн.

Иймд “Эс Девелопмент” ХХК-тай байгуулсан гэрээ, Барилгын тухай хууль, барилгын багц дүрмээр Жарден хотхоны барилгын ажлыг гүйцэтгэсэн гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас иргэн Ө.Хт гэм хор учирсан байх тул Барилгын Хөгжлийн Төв нь хариуцлага хүлээх этгээд биш байна.

Нэхэмжлэгч ажил үүргээ хайхрамжгүй, хайнга гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч нь осолдох өдөр өглөө ажил дээрээ очоогүй бөгөөд шууд “Ачин скай” ХХК-ийн барилгын талбай руу явсан. Өглөө ажил дээрээ очиж цагаа бүртгүүлээгүй, дээд шатны албан тушаалтандаа мэдэгдээгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй болно.

Ө.Х нь өмнө шинжилгээ хийж гадуур явж байсан бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам, хуульд заасан эрх, үүргийг мэдэж байсан бөгөөд “Ачин скай” ХХК-ийн шат нь аюулгүй ажиллагааны журмын зөрчсөнийг мэдсэн атлаа хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ суунги болох эрсдэлтэй байсан гэх үндэслэлээр БНХАУлсыг зорьсон. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар уг нөхцөл байдлыг нотлох нурууны зураг, эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримт байхгүй байна.

...нэхэмжлэлийн цалин хөлстэй холбоотой маргаан нь хөдөлмөрийн маргаанд хамаарах бөгөөд Хөдөлмөрийн хуульд хөдөлмөрийн маргааныг тодорхой зохицуулсан байгаа. Тиймээс цалин хөлстэй холбоотой гомдол гаргах хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн цалин хөлс нэхэмжилсэн хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй байна...” гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

 

“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын ажилтны гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг арилгуулахыг шаардах эрхтэй.

 

Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг болон ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх явцад зөрчил гарган бусдад гэм хорын хохирол учруулсан тохиолдолд түүнийг ажиллуулж байгаа байгууллага, хуулийн этгээдэд хариуцлагыг хүлээлгэн гэм хорыг арилгуулах нь зөвхөн ажилтан хөдөлмөрийн гэрээний болон ажил олгогчийн өгсөн үүрэг зааврыг биелүүлэн хөдөлмөрлөж байгаа үйл явцад нь хамаарах бөгөөд ажилтны зөрчил нь гэм буруугийн хэлбэрийн хувьд санаатайгаар хүсэж эсхүл болгоомжгүй хэлбэрээр буюу хөнгөмсгөөр найдсан хайхрамжгүй хандсан байдлаар илэрхийлэгдэнэ. Үр дүн нь бусдын эрх ашиг нь зөрчигдөж, улмаар гэм хорын хохирол учруулсан байна.

 

Өөрөөр хэлбэл ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 851 дугаартай тогтоолоор хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд Г.А, П.Э нарыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Ө.Х нь өндрөөс унаж биед нь хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон гэж үзэн тэдэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн буюу эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар “Барилгын хөгжлийн төв”-ийн ажилтан П.Эыг 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 142 дугаар тушаалаар Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн Металлын эдлэхүүний шинжээчийн ажлаас лабораторийн Тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын инженерээр шилжүүлэн ажиллуулсан болох нь тогтоогдож байна. /3-р хх-ийн 99 дүгээр тал/

 

Түүнчлэн Ө.Хыг Хөдөлмөрийн дотоод журмын 5.7-д заасныг зөрчин шинжилгээг хийхээр явсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан үүргүүдээ биелүүлээгүй, 18.1.4-т зааснаар ажлаа зогсоох эрхтэй байсан гэж буруутгаж байх боловч нэхэмжлэгч Ө.Х нь лабораторийн эрхлэгч Г.Аын өгсөн үүргийн дагуу шинжилгээг эхлүүлэх болон үргэлжлүүлэхээр явсан нь Г.Аын тайлбараар тогтоогдож байна. /1-р хх-ийн 235-236, 2-р хх-ийн 16-18 дугаар тал/

 

Иймд хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь нэхэмжлэгч Ө.Хт учирсан хохирлыг Д.Энхбаатар, Г.А нарын өмнөөс хариуцан арилгах үүрэгтэй юм.

 

Харин хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын нэхэмжлэгч Ө.Хт учирсан гэм хорын хохиролд хууль бус үйлдэл, учирсан хохирлын хоорондын шалтгаант холбоонд шууд гэм буруутай этгээд гэж үзэхгүй.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь өөрийн гэм буруутай үйлдлээр гэм хорын хорын хохирол учруулаагүй боловч өөрийн байгууллагын ажилтны бусдад учруулсан гэм хорын хохирлыг ажил олгогчийн хувьд хариуцах үүрэгтэй юм.

 

Дээрх ослын улмаас нэхэмжлэгч Ө.Хын эрүүл мэндэд учирсан хохиролд эмнэлгийн шинжилгээ, эмчийн үзлэгийн зардалд 424,500 төгрөг, эм тариа зардалд 72,200 төгрөг, такси тээврийн үйлчилгээний зардалд 149,000 төгрөг, БНХАУ-ын Хөх хот дахь Өвөрмонгол эмнэлгийн дэргэдэх улсын эмнэлэгт 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсний төлбөрт 114,521.97 юань буюу 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Монгол банкны юантай харьцах төгрөгийн ханшны лавлагаагаар тодорхойлсон 270.31 төгрөгт тооцон 30,956,433 төгрөгийг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан дээрх зардлуудтай холбоотой санхүүгийн баримтуудаар тогтоогджээ. /1-р хх-ийн 42-54, 63 дугаар тал/

 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам” нь зөвхөн Монгол улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин эмгэгийн улмаас гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд харин энэхүү журам нь эмчлүүлсэнтэй холбоотой зардлыг гэм буруутай этгээдээс шаардан авахад хамааралгүй гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч талын гэм хор учрахад хохирогчийн өөрийнх нь гэм буруутай, илтэд болгоомжгүй хандсан, үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй байдал нь нөлөөлсөн гэх тайлбар баримтаар тогтоогдоогүй болно.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын буруугаас гэм хорын хохирол бий болсон гэх нөхцөл байдал баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж  тус тус зохицуулжээ.

 

Зохигчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг.

 

Хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын хохирогчийн өөрийн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн гэх боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Мөн нэхэмжлэгч Ө.Х нь өндрөөс унаж бэртэн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс болох 8,672,000 төгрөгийг Барилгын хөгжлийн төвөөс гаргуулах шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж шүүх үзлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм хорыг арилгахад хариуцагчийн гэм буруугаас гадна түүний гэм буруутай үйлдлээс учирсан гэм хорын хэмжээ нотлогдсон байх ёстой байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Ө.Х нь хөдөлмөрийн чадвараа 6 сараар 50 хувиар алдсан нь тогтоогдсон боловч тэрээр нийгмийн даатгалаас ямар хэмжээний тэтгэмж авсан болохоо баримтаар нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Ө.Хын 40,274,133 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 31,602,133 төгрөгийг хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 8,672,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Шүүх иргэдийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу мэдэгдсэн боловч томилогдсон иргэдийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл болон  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах нарын шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хуралдааныг хийлгэх гэсэн хүсэлтүүдийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот газраас 31,602,133 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,672,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нандинцэцэг нь хариуцагч Г.А, П.Э нараас татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ө.Х улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот газраас улсын тэмдэгтийн хураамжид 315,961 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   И.АМАРТӨГС

 

                                    ШҮҮГЧИД                                                     Ц.НАРАНЧИМЭГ

 

                                                                                                            Т.ЭНХТУЯА