Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00130

 

Ө.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01060 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1861 дүгээр магадлалтай,

Ө.Х-ын нэхэмжлэлтэй,

“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ, Г.А, П.Э нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 40.274.133 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нандинцэцэг, өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зам тээвэр Барилга хот байгуулалтын яамны Сургалт судалгаа хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба буюу одоогийн Барилгын хөгжлийн төвд бетон дүүрэгч материалын лабораторийн шинжээчээр ажилд орсон бөгөөд 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ажил олгогчийн эрх бүхий албан тушаалтны даалгаснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Жарден хотхоны барилгын бүтэцэд шинжилгээ хийн ажил үүргээ гүйцэтгэж яваад өндрөөс унаж шилбэний яс хугарч, гарын хуруунууд хугарч, нурууны үендээ бэртэл авч хүндэвтэр гэмтсэн. Уг ослын шалтгаан гэм бурууг шалгуулан хохирлоо барагдуулахаар Ө.Х- цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.2 буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Эмчилгээ болон эмчилгээтэй холбоотой бусад зардалд нийт 32.244.531 төгрөг нэхэмжилснээс баримтын шаардлага хангахгүй байгаа 1 дүгээр хавтас хэргийн материалын 40, 41 дэх талд байрлах 259.400 төгрөг, 155-62 дахь хуудсанд байгаа зочид буудлын зардал 321.669 төгрөг, нотариатын зардал 9.700 төгрөгөөс тус тус татгалзсан. Дотоод дахь шинжилгээ эмчилгээний зардал 496.700 төгрөг, таксины зардал 149.000 төгрөг, Хөх хотын Өвөр монгол эмнэлэгт эмчлүүлсэн зардал 114.521,97 юань буюу 30.956.433 төгрөг, нийт 31.602.133 төгрөгийн эмчилгээний зардлыг хариуцагч Барилгын хөгжлийн төвөөс нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Ө.Х-ын бэртэхээс өмнөх авч байсан 6 сарын дундаж цалин хөлс нь 652.798 төгрөг бөгөөд нэг ажлын хоногт 31.085 төгрөг болно, 2013 оны 5 сарын 7-оос 2014 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл нийт ажлын 279 ажлын хоног байна. 31.085x279=8.672.715 төгрөг болно. Ө.Х- өндрөөс унаж эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэргийн улмаас учирсан гэм хор болох эмчилгээний зардал 31.602.133 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 8.672.000 төгрөг, нийт 40.274.133 төгрөгийг хариуцагч Барилгын хөгжлийн төвөөс гаргуулж, хариуцагч Г.А, П.Э нараас татгалзаж байна гэжээ.            Хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ, Г.А, П.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: Тус төвийн харъяа Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторт шинжээчээр ажиллаж байсан Ө.Х- нь 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүрэгт баригдаж буй "Жарден" хотхонд бетоны үл эвдэхийн шинжилгээ хийхээр очоод осол гарсан. Шинжээч Ө.Х- нь Ачин скай" ХХК, "Гуо ду" ХХК, "Эс девелопмент" ХХК хэмээх хамтран ажиллаж буй компаниудаас шинжилгээ хийлгэхээр гаргасан хүсэлт байхгүй, шинжилгээ хийх гэрээ байгуулаагүй, байгууллагын удирдлагад мэдэгдээгүй байхад Жарден хотхон баригдаж буй барилгын талбай руу хөдөлмөрийн дотоод журмын 5.7-д заасан ажилтан ажлын байрнаас гадуур ажиллахдаа хэлтсийн даргад мэдэгдэж гадуур ажлын дэвтэрт бүртгүүлнэ гэснийг хэрэгжүүлэлгүй шинжилгээ хийхээр явсан. Мөн ахлах шинжээчээс үүрэг болгосноор тухайн объектод очсон гэх боловч ахлах шинжээч бусад шинжээч нарт үүрэг өгч шинжилгээ хийлгэхээр явуулах үүрэг хүлээдэггүй болно. Шинжээч Ө.Х- "Ачинскай" ХХК, Гуо ду" ХХК, "Эс девелопмент" ХХК-иудаас барилгын талбайд ажил хийж байгаа хүн байхгүй, тухайн компаниудаас хөдөлмөр хамгаалал аюулгүй, ажиллагааны зааварчилга аваагүй, өндрийн шатыг норм дүрэм стандартын дагуу угсраагүй, өндрийн бүс, каск зэрэг хувцас хэрэгсэл байхгүйгээр ажилласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан үүргүүдээ биелүүлээгүйгээс болж энэхүү осол гарсан.  Ө.Х-ын нэхэмжилж буй зардал нь дээрх журмын шаардлагад нийцэхгүй байгаа бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн Ө.Х-ын гэмтэл нь Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгааллын сайдын 2008 оны 274/137 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох жагсаалтын ердийн өвчний хэсэгт багтсан байна. Иймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 129.1, Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол зэрэг хууль тогтоомжид заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01060 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч "Барилгын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот газраас 31.602.133 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.672.000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нандинцэцэг нь хариуцагч Г.А, П.Э нараас татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ө.Х- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч "Барилгын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот газраас улсын тэмдэгтийн хураамжид 315.961 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1861 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 5 сарын 21 өдрийн 182/ШШ2018/01060 тоот шүүхийн шийдвэр, 2018 оны 8 сарын 20 өдрийн 1861 тоот Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

Ө.Х-ын эрүүл мэндэд гэм хор учирсан үйл явдалд Барилгын Хөгжлийн Төв нь шууд гэм буруутай этгээд биш, Барилгын Хөгжлийн Төвийн ажилтнуудын үйлдэл ба Ө.Х-ын эрүүл мэндэд гэм хор учирсан үйл явдлын хооронд шалтгаанд холбоо байхгүй бөгөөд хуулиар хариуцлага хүлээх этгээд биш юм. Хэрэгт авагдсан нотлох баримтаар захиалагч Эс Девелопмент ХХК, гүйцэтгэгч Гуоду Констракшн групп ХХК, Ачин скай ХХК нарын хооронд 2012 оны 7 сарын 6 өдөр байгуулагдсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ авагдсан. Гэрээгээр Эс Девелопмент ХХК нь захиалагч, Гуоду Констракшн групп ХХК, Ачин скай ХХК нар гүйцэтгэгчийн статустай оролцсон байна. Ачин скай ХХК нь барилга барих тусгай зөвшөөрөлтэй бөгөөд БНХАУлсын хуулийн этгээд Гуоду Констракшн групп ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр барилга барих тусгай зөвшөөрөл аваагүй байна. Ө.Х- нь өмнө өөр барилга дээр шинжилгээ хийж байсан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Ө.Х- нь шинжилгээ хийж явж байгаа нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам, хуульд заасан эрх, үүргийг мэдэж байсан бөгөөд Ачин скай ХХК-ийн шат нь аюулгүй ажиллагааны журмын зөрчсөнийг мэдсэн атлаа хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Хэрэгт нотлох баримтаар эрүүгийн хэргээс нь иргэн Ө.Х-ын тайлбар нь авагдсан бөгөөд уг тайлбарт иргэн Ө.Х- нь шат нь чанарын шаардлага хангаагүй байсан гэж мэдүүлжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 зүйлийн 18.1.4, “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын 3.2.2, 3 2 3, БНбД 12-03-04 “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм 1 ”-ийн 6.2.21, 7.4.14-т заасан шаардлагыг хангуулж байж шинжилгээ хийх ёстой байсан боловч нэхэмжлэгч ажил үүрэгтээ хайхрамжгүй, хайнга хандсаны улмаас гэмтсэн нь тогтоогдож байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй байна. Ө.Х- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг нэхэмжлэхээр шүүхийн тэмдэгтийн хураамжаас Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 зүйлийн 41.1.7-д заасны дагуу чөлөөлөгдсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Ө.Х- нь Барилгын Хөгжлийн Төвөөс гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэв Барилгын Хөгжлийн Төв гэмт хэрэг үйлдсэн байсан бол эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад түүний гүйцэтгэх удирдлага сэжигтнээр татагдаж хуулийн хариуцлага хүлээдэг бөгөөд тухайн үеийн гүйцэтгэх удирдлага нь эрүүгийн хэрэг байцан шийтгэх ажиллагаанд зөвхөн гэрчээр оролцож байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь өөрчлөгдсөн ба тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШт хуулийг зөрчиж процессын алдаа гаргасан байна. Ө.Х- нь Барилгын Хөгжлийн Төв-д ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 498 зүйлийн 498.1 дэх хэсэг нь иргэн Ө.Х- нь ажил үүргээ гүйцэтгэж явж байхдаа бусдад хохирол учруулсан тохиолдолд ажил олгогч буюу Барилгын Хөгжлийн Төв гэм хорыг хариуцах харилцааг зохицуулсан хуулийн заалт. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 зүйлийн 18.1.4-т “... ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх” гэсэн ажилтны үүргийг хуульчилж өгсөн байхад Ө.Х- нь шинжилгээ хийсэн нь хуульд заасан үүргийг зөрчсөн гэдгийг нотолж байна. Ө.Х- нь шинжилгээ хийх явцад Хөдөлмөрийн дотоод журмын 5.7 зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 зүйлийн 6.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 зүйлийн 18.2 заасан үүргүүдээ биелүүлээгүй, 18.1.4-т заасны дагуу ажлаа зогсоох эрхтэй байсан ч зогсоогоогүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх уг хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг үнэлээгүй. Барилгын талбай дээр болсон ослын хариуцлагыг барилгын гүйцэтгэгч хариуцахаар Барилгын тухай хуульд хуульчилсан байхад Барилгын Хөгжлийн Төвөөс гэмт хэрэг үйлдээгүй, эрүүл мэндэд учруулаагүй гэм хорын төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Ө.Х- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.А, П.Э нарт холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-с 40.274.133 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...хариуцлага хүлээх этгээд биш, ...нэхэмжлэгч ажил үүрэгтээ хайнга хандсан...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Ө.Х- нь Зураг төсөл, эрдэм шинжилгээний институтийн Барилгын материалын сорилт, шинжилгээний лабораторит шинжээчээр ажиллаж байсан ба тэрээр 2013 оны 5 дугаар сарын 7-ний өдөр ажил үүргийн дагуу Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жарден хотхоны барилгын талбайд бетон зуурмагийн сорилын шинжилгээ хийж байхдаа өндрөөс унаснаас баруун тавхайн ясны 1 дүгээр шивнүүр, зүүн шаант яс, зүүн гарын 4-р хурууны үзүүрийн шивнүүр хугарсан, тархи доргисон хүндэвтэр гэмтэл учирч улмаар хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан, гэмтлийн улмаас дотоодод болон БНХАУ-ын Хөх хотын Өвөрмонгол эмнэлэгт 2013 оны 12 дугаар сарын 20-30 өдрүүдэд эмчилгээ  хийлгэсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Дээрх осол гаргахад хариуцагч буруутай эсэх, гэм хорыг хариуцах эсэх нь маргааны зүйл болжээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт УТҮГ-ыг  “ Барилгын  хөгжлийн төв” аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газартай нэгтгэсэн байна /хэргийн 81-83 дугаар тал/.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-т хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэж тодорхойлсон ба хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажлын байран дахь эрсдэл, аюултай, хүчин зүйлийг арилгах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцахаар мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-т заасан.

Тус лабораторийн ахлах шинжээч Г.А , тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын инженер Н.Энхбаатар нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хамгаалах үүрэг бүхий этгээд бөгөөд тэдгээр нь үүргээ биелүүлээгүй гэм буруугаас нэхэмжлэгчид хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон, хариуцагч байгууллага үгүйсгэж чадаагүй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-т заасан ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүргээ хэрхэн биелүүлснээ хариуцагч нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээхээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-т заасан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хуулийн уг зохицуулалтад нийцжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэг авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлээс 31.602.133 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Харин мөн зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч гэм буруугүй болохоо нотолж чадаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Барилгын хөгжлийн төв гэмт хэрэг үйлдээгүй, ...эрүүл мэндэд хохирол учруулаагүй” талаарх гомдол үндэслэлгүй байна. 

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01060 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1861 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ