Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1861

 

 

Ө.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01060 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ө.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч БХТ ТӨААТҮГ , Г.А, П.Э нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 40 274 133 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч “Барилгын хөгжлийн төв” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц,

Хариуцагч БХТ ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Х нь 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зам тээвэр Барилга хот байгуулалтын яамны Сургалт судалгаа хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба буюу одоогийн Барилгын хөгжлийн төвд бетон дүүрэгч материалын лабораторийн шинжээчээр ажилд орсон бөгөөд 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ажил олгогчийн эрх бүхий албан тушаалтны даалгаснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Жарден хотхоны барилгын бүтээцэд шинжилгээ хийн ажил үүргээ гүйцэтгэж яваад өндрөөс унаж шилбэний яс хугарч, гарын хуруунууд хугарч, нурууны үендээ бэртэл авч хүндэвтэр гэмтсэн болно. Уг ослын шалтгаан гэм бурууг шалгуулан хохирлоо барагдуулахаар Ө.Х цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2013 оны 6 дугаар сарын 06-нд Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар 201301060621 тоот эрүүгийн хэрэг үүсгэн Барилгын хөгжлийн төвийн тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын инженер П.Э-ыг 2013 оны 8 дугаар сарын 07-нд, лабораторийн халах шинжээч Г.А-ыг 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тус тус яллагдагчаар татсан байдаг ба хэрэгт ач холбогдолтой бүхий л гэрч, шинжээчдийг асуусан байдаг. Гэвч тус дүүргийн хяналтын прокурор П.Болормаа нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 851 тоот тогтоолоороо Ө.Х нь өндрөөс унаж бэртсэн хэрэгт П.Э, Г.А нар нь буруутай нь тогтоогдож байгаа боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.2 буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү тус ослын хариуцлагыг хэн ч хүлээгээгүй бөгөөд Ө.Х-ын дотоод дахь эмчилгээ үр дүнгээ өгөхгүй суумгай болох эрсдэлтэй байсан тул өөрийн зардлаар гадаад улсад эмчилгээ хийлгэж хөл дээрээ боссон.

Иймд гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хор эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөө нэхэмжлэхээр шүүхэд хандаж байгаа бөгөөд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан нэмэгдүүлж байна. Анх 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ эмчилгээ болон эмчилгээтэй холбоотой бусад зардалд нийт 32 244 531 төгрөг нэхэмжилснээс баримтын шаардлага хангахгүй байгаа 1 дүгээр хавтас хэргийн материалын 40, 41 дэх талд байрлах 259 400 төгрөг, 155-62 дахь хуудсанд байгаа зочид буудлын зардал 321 669 төгрөг, нотариатын зардал 9 700 төгрөгөөс тус тус татгалзан. Дотоод дахь шинжилгээ эмчилгээний зардал 496 700 төгрөг, таксины зардал 149 000 төгрөг, Хөх хотын Өвөр монгол эмнэлэгт эмчлүүлсэн зардал 114 521.97 юань буюу 30 956 433 төгрөг, нийт 31 602 133 төгрөгийн эмчилгээний зардлыг хариуцагч Барилгын хөгжлийн төвөөс нэхэмжилж байна.

Дээр дурдсанчлан Ө.Х нь 2011 оны 12 дугаар сарын 06-ны тус төвд бетон дүүрэгч материалын лабораторийн шинжээчээр ажилд орсон ба осол болох үед ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр биеийн эрүүл мэндийн байдлаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болно. Ө.Х-ыг 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ажлаа хийж яваад өндрөөс унаж шилбэ, гарын хуруунууд хугаралтай, нурууны үе дарагдан суусан хүндэвтэр гэмтэл авсан байхад түүний ажил олгогч Барилгын хөгжлийн төв тус ослыг Үйлдвэрлэлийн осол болохыг шуурхай судлан бүртгэх үүргээ биелүүлээгүй, харьяа дүүргийн Мэргэжлийн хяналтын байгууллагад хандан бүртгүүлэх хүсэлт илгээгээгүй нуун дарагдуулсан ба Ө.Х нь өөрөө арга буюу 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон бөгөөд тус актад Ө.Х-ын бэртэл гэмтлийг дутуу тусгаж, ахуйн осол гэж бичээд хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар тогтоосон байна. Ийнхүү Барилгын хөгжлийн төв тус актыг үндэслэн Ө.Х-т 6 сарын чөлөө олгож, нэг удаагийн тусламж 717 873 төгрөг өгч түүнээс орлогын албан татвар суутган олгосон ба осолд өртөн хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс хойш ажлаас чөлөөлөх хүртэл нэг ч төгрөгийн цалин хөлс олгоогүй болно.

Иймд Барилгын хөгжлийн төв болон түүнд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг үүрэг хүлээсэн албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас Ө.Х нь эрүүл мэндээр хохироод зогсохгүй үүссэн ослын нөхцөл байдлыг хууль журмын дагуу тогтоолгож чадаагүй, хөдөлмөрийн чадвараа алдсанаас ажил хөдөлмөр эрхлээгүй, цалин хөлсөө авч чадаагүй тул 2013 оны 5 сараас 2014 оны 6 сар хүртэл авах ёстой байсан цалин хөлс болох 8 672 000 төгрөгийг Барилгын хөгжлийн төвөөс гаргуулж өгнө үү. (Ө.Х-ын бэртэхээс өмнөх авч байсан 6 сарын дундаж цалин хөлс нь 652 798 төгрөг бөгөөд нэг ажлын хоногт 31 085 төгрөг болно, 2013 оны 5 сарын 7-оос 2014 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл нийт ажлын 279 ажлын хоног байна. 31.085x279=8 672 715 төгрөг болно/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Байгууллагын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг сахин хангуулах үүрэг бүхий П.Э, Г.А нарын буруутай үйл ажиллагаанаас Ө.Х өндрөөс унаж эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэргийн улмаас учирсан гэм хор болох эмчилгээний зардал 31 602 133 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 8 672 000 төгрөг, нийт 40 274 133 төгрөгийг хариуцагч Барилгын хөгжлийн төвөөс гаргуулах үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус төвийн харъяа Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторт шинжээчээр ажиллаж байсан Ө.Х нь 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүрэгт баригдаж буй "Жарден" хотхонд бетоны үл эвдэхийн шинжилгээ хийхээр очоод осол гарсан байдаг. Шинжээч Ө.Х нь “Ачин скай" ХХК, "Гуо ду" ХХК, "Эс девелопмент" ХХК хэмээх хамтран ажиллаж буй компаниудаас шинжилгээ хийлгэхээр гаргасан хүсэлт байхгүй, шинжилгээ хийх гэрээ байгуулаагүй, байгууллагын удирдлагад мэдэгдээгүй байхад Жарден хотхон баригдаж буй барилгын талбай руу хөдөлмөрийн дотоод журмын 5.7-д заасан ажилтан ажлын байрнаас гадуур ажиллахдаа хэлтсийн даргад мэдэгдэж гадуур ажлын дэвтэрт бүртгүүлнэ гэснийг хэрэгжүүлэлгүй шинжилгээ хийхээр явсан. Мөн ахлах шинжээчээс үүрэг болгосноор тухайн объектод очсон гэх боловч ахлах шинжээч бусад шинжээч нарт үүрэг өгч шинжилгээ хийлгэхээр явуулах үүрэг хүлээдэггүй болно. Шинжээч Ө.Х "Ачинскай" ХХК, “Гуо ду" ХХК, "Эс девелопмент" ХХК-иудаас барилгын талбайд ажил хийж байгаа хүн байхгүй, тухайн компаниудаас хөдөлмөр хамгаалал аюулгүй, ажиллагааны зааварчилгаа аваагүй, өндрийн шатыг норм дүрэм стандартын дагуу угсраагүй, өндрийн бүс, каск зэрэг хувцас хэрэгсэл байхгүйгээр ажилласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан үүргүүдээ биелүүлээгүйгээс болж энэхүү осол гарсан. Тухайн шинжээч нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг өөр байгууллагын талбай очиж хийхдээ заавал хангуулж ажиллах үүрэгтэй байдаг бөгөөд Ө.Х нь дээрх ажлын талбар нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журамд нийцээгүй байхад шинжилгээг хийсэн нь өөрийг нь осолдох нөхцөлийг бүрдүүлсэн байна. Шинжээч Ө.Х нь тухайн байгууллагын барилгын талбайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангагдаагүй байсан учир Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т зааснаар ажлаа зогсоох эрхтэй байсан. Иймээс шинжээч Ө.Х-ын илтэд болгоомжгүйн улмаас бэртсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасан нөхцөл байдлыг үүсгэж байгаа болно. Зураг төсөл эрдэм шинжилгээний институт УТҮГ-аас Ө.Х-т 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 10-ныг хүртэл 6 сарын хугацаатай чөлөө олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1, Иргэний хуулийн 509.1-д заасны дагуу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан сар бүр өгөх тэтгэмжийг нь институтийн захирлын 2013 оны 67 дугаар тушаалаар 1 удаа буцалтгүй тэтгэмж болгон 717 883 төгрөгийг олгосон. Ө.Х 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлүүлэх хүсэлтийг ирүүлсний дагуу ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Ө.Х-ын шинжилгээ хийхээр очсон "Ачинскай" ХХК, “Гуо ду" ХХК, "Эс девелопмент' ХХК-ийн Жарден хотхонд хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухайн захиалагч болон гүйцэтгэгч компаниудаас өгөх ёстой бөгөөд тухайн байгууллагын барилгын талбайд албан үүргээ гүйцэтгэх явцдаа осолд орсон бөгөөд гэм хорын хохирол болох эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөрийг нэхэмжлэгчид “Гуо ду" ХХК нь гаргаж өгсөн. Жарден хотхоны ажлын .. байр нь "Ачинскай" ХХК, "Гуо ду" ХХК, "Эс девелопмент" ХХК-ийн ажлын талбар бөгөөд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах ёстой.

Түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.3-т зааснаар Захиалагч ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол. хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна гэж заасны дагуу "Гуо ду" ХХК нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөрийг хариуцсан байдаг. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан баримтаар нотлогдож байгаа болно. Төрийн байгууллагууд ажилтнуудын гадаад улсад хийлгэсэн эмчилгээний зардалд хөрөнгө төсөвлөхийг хориглож, энэхүү зардлыг гаргахгүй байхаар шийдвэрлэж Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмыг баталсан бөгөөд энэхүү журмын 3 дахь хэсэгт гадаад оронд эмчлүүлэх хяналтын комиссын дүгнэлт, хүлээн авах эмнэлгээс ирүүлсэн урилга, зардлын эх үүсвэрийг бүрдүүлсэн тухай мэдээлэл зэрэг материал бүрдүүлэхээр заасан. Эдгээр зардалд тээвэр, хоол байр, түүнчлэн дагалдах явах хүний зардал, бусад зардлыг оруулахгүй байхаар журамласан. Энэ журмын дагуу өөрөө явж гадаад улсад эмчилгээ хийлгэсэн нөхцөлд зардлыг нөхөн олгохгүй байхаар тусгасан байна. Ө.Х-ын нэхэмжилж буй зардал нь дээрх журмын шаардлагад нийцэхгүй байгаа бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн Ө.Х-ын гэмтэл нь Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгааллын сайдын 2008 оны 274/137 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох жагсаалтын ердийн өвчний хэсэгт багтсан байна. Иймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 129.1, Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол зэрэг хууль тогтоомжид заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

БНХАУ-ын Өвөр монголын эмнэлэгт эмчлүүлсэн тухай хятад хэл дээрх /монгол хэлэнд орчуулсан/ өвчтөний карт гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгчээ. Энэ картны хийгдэх эмчилгээ гэсэн хэсэгт нуруунд лазер эмчилгээ хийлгэх шаардлагатай, 2 сар тогтмол эм уух, лазер эмчилгээ багаар бодоход 10-12 удаа хийлгэх гэж бичжээ. Гэтэл эмчлүүлэгчийн зардлын нарийвчилсан задаргаа гэсэн хэсэгт Мэс заслын төлбөр, мэс ажилбарын зардал гэх мэт зардлууд багтсан байна. Мөн Ө.Х нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэх боловч мөн оны 12 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд Өвөрмонголын Зочид буудалд байрлан мөнгө төлсөн тухай баримт ирүүлсэн байгаа нь эмнэлэгт хэвтэж байсан гэх хугацаатайгаа давхацсан байх тул эдгээр баримтын үнэн зөв нь эргэлзээтэй болохыг нотолж байна. Нэхэмжлэгч Ө.Х-с 30 сая төгрөгтэй тэнцэх 114 521 юаныг Өвөр монголын эмнэлэгт хэрхэн төлснийг нотлох баримт байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 8 672 000 төгрөг нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн цалин хөлстэй холбоотой маргаан нь хөдөлмөрийн маргаанд хамаарах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн маргааныг тодорхой зохицуулсан байгаа Тиймээс цалин хөлстэй холбоотой гомдол гаргах хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн цалин хөлс нэхэмжилсэн хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч "Барилгын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот газраас 31 602 133 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 672 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нь хариуцагч Г.А, П.Э нараас татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ө.Х улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч "Барилгын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот газраас улсын тэмдэгтийн хураамжид 315 961 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч БХТ ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэглэх зохих хуулийг хэрэглээгүй. ...”Эс девелопмент” ХХК-тай байгуулсан гэрээ, Барилгын тухай хууль, барилгын нормын багц дүрмээр Жарден хотхоны барилгын ажлыг гүйцэтгэсэн гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас иргэн Ө.Х-т гэм хор учирсан бөгөөд барилгын гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаа ба иргэн Ө.Х-т учирсан гэм хорын хооронд шууд шалтгаант холбоо байх тул хууль зүйн хувьд гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг арилгах үүрэгтэй. Щүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэн Ө.Х-т учирсан гэм хорын хохиролд Барилгын хөгжлийн төвийн хууль бус үйлдэл, учирсан хохирлын хоорондын шалтгаант холбоонд шууд гэм буруутай этгээд биш гэж дүгнэсэн зүйтэй ч барилгын талбай дээр болсон осолтой холбоотой харилцааг зохицуулдаг тусгайлсан Барилгын тухай хууль, барилгын нормын багц дүрмийг хэрэглээгүй, Иргэний хуулийн ерөнхий зохицуулалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэж гэм буруугүй этгээдээс гэм хор гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх зохих тусгайлсан хуулийг хэрэглээгүй гэдгийг нотолж байна.

Иргэн Ө.Х нь өмнө өөр барилгууд дээр шинжилгээ хийж байсан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Ө.Х нь шинжилгээ хийж явж байгаа нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам, хуульд заасан эрх, үүргийг мэдэж байсан бөгөөд “Ачин скай” ХХК-ийн шат нь аюулгүй ажиллагааны журмын зөрчсөнийг мэдсэн атлаа хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь нотлох баримтаар тогтоогдож байгаа.

Хэрэгт нотлох баримтаар эрүүгийн хэргээс нь иргэн Ө.Х-ын тайлбар нь авагдсан бөгөөд уг тайлбарт иргэн Ө.Х нь шат нь чанарын шаардлага хангаагүй байсан мэдүүлжээ. Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам"-ын 3.2.2, 3.2.3, 6.2.21, 7.4.14-т заасан шаардлагыг хангуулж байж шинжилгээ хийх ёстой байсан боловч нэхэмжлэгч ажил үүрэгтээ хайхрамжгүй, хайнга хандсаны улмаас гэмтсэн нь тогтоогдож байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй байна.

Шүүх хэрэг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 зүйлийн 62.2-т мөнгөн дүн нэхэмжилж байгаа тохиолдолд тэмдэгтийн хураамж төлөхийг хуульчилсан. Ө.Х нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг нэхэмжлэхээр шүүхийн тэмдэгтийн хураамжаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасны дагуу чөлөөлөгдсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг өөрөө нотлох үүрэг хүлээсэн бөгөөд нэхэмжлэгч осолдож гэмтэл авсан гэмт хэргийн нөхцөл байдалд Барилгын хөгжлийн төв нь гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт эрүүгийн хэрэгт ч иргэний хэргийн хавтас хэрэгт байхгүй, нэхэмжлэгч нотлоогүй болно. Хэрэв Барилгын хөгжлийн төв гэмт хэрэг үйлдсэн байсан бол түүний гүйцэтгэх удирдлага хуулийн хариуцлага хүлээдэг бөгөөд тухайн үеийн гүйцэтгэх удирдлага нь эрүүгийн хэрэгт зөвхөн гэрчээс оролцож байсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдээс татгалзсан бөгөөд татгалзснаар нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлага өөрчилж ажил олгогчийн буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорыг нэхэмжлэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлага нь өөрчлөгдсөн тул хуулиар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөх үүрэг хүлээх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг нэхэмжлэхэд тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нөхцөл үүнд хамаарахгүй. Гэтэл нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх буруу хуулийн заалтыг хэрэглэсэн. Шүүх Иргэний хуулийн 498 зүйлийн 498.1-т заасны дагуу нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Иргэн Ө.Х нь Барилгын хөгжлийн төвд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг нь иргэн Ө.Х нь ажил үүргээ гүйцэтгэж явж байхдаа бусдад хохирол учруулсан тохиолдолд ажил олгогч буюу Барилгын хөгжлийн төв гэм хорыг хариуцах харилцааг зохицуулсан хуулийн заалт юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 зүйлийн 18.1.4-т "...ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх" гэсэн ажилтны үүргийг хуульчилж өгсөн байхад Ө.Х нь шинжилгээ хийсэн нь хуульд заасан үүргийг зөрчсөн гэдгийг нотолж байна. Ө.Х нь шинжилгээ хийх явцад Хөдөлмөрийн дотоод журмын 5.7 зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 зүйлийн 6.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 зүйлийн 18.2 заасан үүргүүдээ биелүүлээгүй, 18.1.4-т заасны дагуу ажлаа зогсоох эрхтэй байсан ч зогсоогоогүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх уг хуулийг хэрэглээгүй байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна. Шүүхийн шийдвэрт тавигдах үндсэн шаардлагын талаар Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар гаргасан байдаг. Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлага хангагдана. Харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалт хоорондоо зөрчилтэй байвал шүүх нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээг хэрэглэх ёстой. Барилгын талбай дээр болсон ослын хариуцлагыг барилгын гүйцэтгэгч хариуцахаар Барилгын тухай хуульд хуульчилсан байхад Барилгын хөгжлийн төвөөс учруулаагүй гэм хорын төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ө.Х нь хариуцагч БХТ ТӨААТҮГ , Г.А, П.Э нарт холбогдуулан гэм хорын хохиролд 32 269 431 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.А, П.Э нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

 

Нэхэмжлэгч Ө.Х нь Барилгын хөгжлийн төвийн Барилгын материал, сорил шинжилгээний лабораторид бетон дүүргэгч материалын шинжээчээр ажиллаж байхдаа 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй “Жарден” хотхоны барилгын талбайд бетон зуурмагийн сорилын шинжилгээ хийж байгаад өндрөөс унаж, уг ослын улмаас түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон ба энэ талаар зохигчид маргахгүй байна.

 

Дээрх осол гарсантай холбогдуулан Барилгын хөгжлийн төвийн Барилгын сорил шинжилгээний лабораторийн ахлах шинжээч Г.А,  тоног төхөөрөмж хөдөлмөр хамгаалалын инженер П.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасны дагуу шалгаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээдүүд үүргээ биелүүлээгүйн улмаас Ө.Х өндрөөс унаж, биедээ хүндэвтэр гэмтэл авсан нь тогтоосон боловч Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ө.Х осол болсон тухайн өдөр ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврын дагуу ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд орсон, хариуцагч байгууллагаас түүнд хөдөлмөрийн аюулгүйн ажиллагааны журам танилцуулж, өндрөөс хамгаалах бүс,  малгайгаар /каск/ хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбар, гэрч П.Э-ын мэдүүлэгээр тогтоогдсон гэж үзнэ.

        /3 дугаар хавтасны 74-76 дугаар тал/

 

Хариуцагч байгууллагын ажилтнууд ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч Ө.Х-ын биед баруун хөлийн тавхайн ясны 1-р шивнүүр, зүүн хөлний шаант яс, зүүн гарын 4-р хурууны үзүүрийн шивнүүр ясны хугарлууд,  тархи доргилт бүхий гэмтэл учирсанд хариуцагч байгууллага буруутай бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд зардал гаргаж хохирсон нь шалтгаант холбоотой байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэхь хэсэгт “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан тул нэхэмжлэгч Ө.Х нь хариуцагч Барилгын хөгжлийн төвөөс өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

Шүүх хариуцагч байгууллагын ажилтан Г.А, П.Э нарыг албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс Ө.Х осолд орсноос тэрээр гэмтэж, хохирол учирсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул хариуцагч  байгууллага өөрийн ажилтны бусдад учруулсан гэм хорын хохирлыг ажил олгогчийн хувьд хариуцах үүрэгтэй талаар зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Ө.Х дээрх ослын улмаас биед учирсан гэмтлээ эмчлүүлсэн зардалд БНХАУ-ын Хөх хот дахь Өвөрмонгол эмнэлгийн дэргэдэх улсын эмнэлэгт 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэвтэн эмчлүүлсний төлбөрт 114 521,97 юань буюу 30 956 434 төгрөг, хэвтэн эмчлүүлэх үед асран хамгаалж явсан хүний зочид буудлын зардалд 1 190 юань буюу 321 669 төгрөг нийт 31 602 133 төгрөг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан санхүүгийн баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардал 31 602 133 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай илтэд болгоомжгүй үйлдлийнхээ улмаас өндрөөс унаж биед нь гэмтэл учирсан тул хариуцагч байгууллага гэм хор учруулаагүй бөгөөд хуулиар хариуцлага хүлээх этгээд биш, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй гэх тайлбар болон давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Учир нь нэхэмжлэгч Ө.Х-ыг буруутай гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд энэ талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Ө.Х дээрх ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тул дутуу авсан цалингийн зөрүү 8 672 000 төгрөг нэхэмжилсэн нь нотолсон баримтгүй учир  нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан мөнгөний ханш өөрчлөгдсөн гэж үзэх нөхцөл байдал бий болоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлд дурдсан юанийн ханшийг Монгол банкны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зарласан ханш болох 270,31 төгрөгөөр тооцсон болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

 

                ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ