| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2017/0132/Э |
| Дугаар | 141 |
| Огноо | 2017-05-17 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0132/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Хохирогч***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201709000150 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, халх, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, түүх нийгмийн багш мэргэжилтэй, ам бүл 8, аав дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, *** тоотод оршин суух ***
Холбогдсон хэргийн талаар: /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2017 оны 2 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах Титэм салонд***ийг “байрны асуудлаар шүүхэд өглөө” хэмээн хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.*** бид хоёр шүүх дээр асуудалтай байгаа учир тусдаа амьдарч байсан. ..Би 20 цаг өнгөрч байхад гэрээс гараад Ноёдод очиход байхгүй байхаар нь залгаад хаана байгааг нь асуусан чинь Скай караокед байна гэсэн. Би тэнд нь очтол үсчин *** гээд охинтой хамт *** байж байсан. ***гийн нөхөр нь ирсэн, нэрийг нь мэдэхгүй байна. Тэнд 1 цаг 30 минут караокед суугаад 2 пиво, 2 зуун грамм захиалж уусан. ...Тэндээс гарч явж байхдаа *** Эзэнт гүрний чулуун шатан дээр хальтарч унасан. Унахдаа надаас зуураад би ***ийн дээрээс нь унасан. Хажууд *** нөхөртэйгээ байж байсан. *** нөхөртэйгээ яваад өгсөн. *** бид 2 үсчинд ороод би унтсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...***ийн аав нь ороод ирсэн, би аавтай нь мэндлээд гараад явсан. Тухайн үед би ***ийг зодсон бол намайг цагдаад өгөх байсан, би түүнийг ямар нэг байдлаар зодоогүй, тархи доргилт нь хальтарч унаснаас болсон байх” гэх мэдүүлэг,
Хохирогч***ийн хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 19-ний өдөр би хамт ажилладаг үсчин охин Мөнх***гийн хамт Эзэнт гүрний хажуугийн “Скай” караокед орсон..., *** архи уугаад сууж байхдаа л над руу архи асгах зэргээр янз бүр ааш гаргаад байсан. 23 цагийн үед бид тэндээс гараад *** нөхөртэйгээ хамт явсан. *** миний хоолойг боогоод байснаа “чи яасан их хүнийг шүүхэд өгдөг юм бэ” гэж хэлээд хүзүүдээд шинэ хорооллын 7-8 дугаар байрны завсраар ороод хүнгүй газар очиж өшиглөж унагаад алгадсан. Би болиоч гэж гуйсан боловч “чамайг ална, надад нас байна, би шоронд суугаад гараад ирнэ” гэсэн. Тэгээд алив ийшээ чинь оръё гээд миний түрээслэн ажиллуулж байгаа 7-р байранд байдаг “Титэм” нэртэй салон дээр очоод онгойлго гэхээр нь би онгойлгосон. Дотогшоо ороод намайг элдэв үгээр хэлж дайраад хөл рүү өшиглөөд толгой, гар руу цохисон. Миний амнаас цус гарсан чинь *** “чамайг алсан байхад хэн тоож ирэх юм бэ” гээд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Урьд нь намайг зодоод захиргааны арга хэмжээ авагдаж байсан. Аав нь ирээд батлан даалтад авсан. Үүнээс хойш намайг зөндөө удаа зодож байсан. Шүүх дээр асуудалтай байхад намайг зодно гэж бодоогүй. Гадаа хүн хараад байхаар нь манай ажил руу оръё гэж хэлээд намайг ажил руу авч ороод, хашгираад байсан, би санаа зовоод дуугүй бай, зүгээр байгаач гэж хэлэхэд надтай тэрсэлдэх гээд байгаа юм уу? гээд дарамталдаг, хүүхдүүдээ тоодоггүй, 00 руу явахад нь би хайчнуудаа нуусан. Би ***ийг тайвшруулах арга хэмжээ авсан. Нүүрээ угаа гэж хэлээд явсны дараа би дүү рүүгээ мессэж бичсэн, хаалга тогшиход нь би онгойлгож өгөхөд аав ороод ирсэн, гэтэл *** шууд зөрөөд гараад явсан. Би цагдаад мэдэгдэхэд бүртгээд авсан, маргааш гомдол бичиж ир гэж хэлсэн учир би маргааш нь гомдол бичиж өгсөн. Мөнгөгүй учир эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа, одоогоор гаргаж өгсөн эмчилгээний төлбөртэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй байна, намайг нэг удаа яаж байна гээд нэг удаа ч гэсэн эмнэлгээр дагуулж яваагүй учир гомдолгүй гэж хэлж чадахгүй байна” гэх мэдүүлэг,
Гэрч ***гийн хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...*** ах *** эгчийг архи уу гээд шахаж байснаа нөгөө архиа энгэр рүү нь цацаад асгачихсан. ...*** ах гүйгээд гараад ирсэнээ *** эгчийг урдаас нь толгойруу нь тэврээд тэр 2 халтираад газар унасан. Тэгээд тэр хоёр босож ирээд *** зүүн гараараа *** эгчийг хүзүүдээд сугандаа толгойг нь хавчуулаад бараг шатаар чирээд буугаад тоосгон байр чиглээд явсан. Маргааш өглөө нь ажил дээрээ 10 өнгөрөөгөөд ирсэн чинь манай ажлын хулдаас олон хар зураас болсон байсан. Тэгээд цустай цэр ч юм шиг зүйл байхаар нь гайхаад шалаа арчсан. Тэгээд ажил дээрээ байж байтал *** ах ирээд *** эгч чинь утсааа авахгүй байна, өчигдөр юу болсон бэ? ах нь юу ч санахгүй байна гэсэн. *** эгчийг ирэхээр нь би асуусан чинь бид 2 маргалдсан юм гээд надад уруулаа харуулсан чинь дотор талдаа язарсан, эрүүний доод хэсгээрээ хөхөрсөн, 2 гуя нь дотор талдаа хөх няц болсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/, ... би болсон зүйлийг үнэн зөвөөр мэдүүлж байна, өмнө өгсөн мэдүүлэг үнэн, ***ийг өмнө сайн танихгүй, ***ийг ч мөн адил өмнө танихгүй, хамт ажиллаж эхэлсэн үеэс мэдэх болсон, ...маргааш нь хайчаа хайгаад олохгүй байсан чинь өөр газар нуусан байсныг нь олсон” гэх мэдүүлэг,
Гэрч И***ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...***ийг гараад явсаны дараа *** надад “наадах чинь орж ирээд зодоод дарамтлаад байна.” гэж хэлсэн. ***ийн баруун хацар нь улайчихсан, эрүүн доогуур нь улайсан, хамарнаас нь цус гарсан шинжтэй байсан. Тэгээд аваад хамт гэртээ харих замд *** миний гуя өвдөөд явж болохгүй байна гээд байсан. Гэрт ирээд хартал гуяных нь гадна дотор талдаа дугуй хөхөх няц болсон байсан”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,
ШШҮХүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 260 дугаартай “...Б.***ийн биед тархи доргилт, баруун бөөрний доргилт, зүүн эгэм болон 2 гуян дахь цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 61-75 дугаар хуудас/,
*** ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч *** нь “хохирогчийг зодоогүй” гэж мэдүүлж байх боловч 2017 оны 2 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах Титэм салонд***ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч***, гэрч И***, *** нарын мэдүүлэг, ШШҮХүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 260 дугаартай дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.***ий үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байна.
Хохирогч*** нь шүүхийн хэлэлцүүлэгт “одоогоор гаргаж өгсөн эмчилгээний төлбөртэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй” гэж байх тул шүүгдэгч ***эс гаргуулах төлбөргүй боловч нэхэмжлэл гаргаагүй шалтгаанаа “эмчилгээ хийлгэх мөнгөгүйн улмаас” гэж тайлбарлаж байх тул дээрх гэмтэлтэй холбогдон эмчилгээ хийлгэсэн тохиолдолд уг зардлаа жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахад ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан ялаас торгох ялыг хэрэглэхгүйгээр баривчлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
*** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294, 295, 296, 297, 298, 299, 303, 304 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Бандийн ***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Бандийн ***ийг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар ялтан ***д оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдаж, хохирогч*** нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД