Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 18

 

Л.Н-, Б.С- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

Д.Буянжаргал     

Прокурор                                        Г.Яндаг

Хохирогч                                         Д.Ү-

                                                        Т.Э-

Хохирогчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч                                       Т.Энхболд

Хохирогчийн өмгөөлөгч                Ж.Эрдэнэбаатар

                                                       Н.Төгсбаяр

                                                       Н.Баттунсаг

Шүүгдэгч                                        Л.Н-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                М.Алтанцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Одын даргалж, шүүгч Т.Батжаргал, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 311 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.С-, Д.Ү-, О.Ундрах, хохирогчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, шүүгдэгч Л.Н-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын бичсэн давж заалдах гомдол, хяналтын прокурор Г.Яндагийн бичсэн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-, Л.Н- нарт холбогдох эрүүгийн 201609000349 тоот 7 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй,  Б- овогт Б-ын С-  /РД:**********/

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй Ц- овогт Л-гийн Н- /РД: **********/

Б.С- нь давтан үйлдлээр иргэн Д.Энхжаргал, О.Ундрах нарын эд хөрөнгө, өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар, Л.Н- нь давтан үйлдлээр иргэн Т.Э-, Д.Ү-, Д.С-, П.А- нарын эд хөрөнгө өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас тус тус яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Б.С-, Л.Н- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.С-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, 2015 оны Анхан ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Л.Н-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.2-т  заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, 2 жил 6 сарын хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар  түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Л.Н- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: ”...Дээрх хүмүүстэй хамтран мөнгө зээлж, зээлийг нь төлөөгүй, зарим хүнд хууртагдаж хамтран зээлдсэн хүмүүстээ хохирол учруулж буйдаа гэмшиж байна. Иймд төрийн минь сүлд ивээн надад оноосон ялыг хөнгөвчилж үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Л.Н-гийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... Иргэний хэргийн зээлийн гэрээний үүргийн харилцаанаас үүссэн өр төлбөрийн асуудал уу, эсвэл бусдыг төөрөлдүүлж шунахай сэдэлтээр ашиг олох гэсэн гэмт санаа зорилго бүхий залилан мэхлэх гэмт хэрэг үү гэдгийг нарийвчлан тогтоосон байх хууль зүйн үндэслэлээ заагаагүйгээр шууд гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.  Иймд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хохирогч Д.С-, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Төрийн банкнаас зээл авсан хүн нь Л.Н- гэдгийг тогтоож 311 дүгээр шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 4 заалтын “...Л.Н-гээс 10.684.430 төгрөг  гаргуулж Д.С-д олгох заалтыг өөрчилж Төрийн банкинд төлөх төлбөрийг Л.Н-гээс гаргуулж миний орон сууцны гэрчилгээг надад өгч өмчлөх эрхийг маань Иргэний хуулийн 100 дугаар зүйлд зааснаар сэргээж хамгаалж өгнө үү. Ингэхгүй бол орон сууцыг маань дээрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар дамжуулан дуудлага худалдаанд оруулж борлуулах үе рүүгээ ороод байгаа юм.” гэжээ.

Хохирогч О.Ундрах шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...Б.С-т байн байн утасдаад байхаар нь би н.Анхбаяр гэж найзаасаа 15.000.000 төгрөг зээлж 2016 оны 01 дүгээр сарын 14-нд 11.500.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг нийт 16.500.000 төгрөг 4 хоногийн хугацаатай хоногийн 1.5 хувийн хүүтэй зээлсэн. Одоогийн байдлаар үндсэн зээл 16.500.000 төгрөг, н.Анхбаярт хүү гэж өгсөн 3.600.000 төгрөг нийт 20.100.000 төгрөгөөр хохироод байна. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Хохирол төлбөрөө барагдуулаагүй байхад Өршөөлийн хууль хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгож Б.С-т ял завшуулж хохирогч намайг хохироож байгаад гомдолтой байна.”гэжээ.

Хохирогч Д.Ү- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... шүүгдэгч Л.Н- надад 3.200.000 төгрөгийг угаасаа өгч чадахгүй байхад 16.730.000 төгрөгийг дахин олгуулахаар шийдвэрлэсэн нь бодит биш хэрэгжих боломжгүй шийдвэр боллоо. Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр нь миний өөрийн өмч болох 30.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн 1 өрөө байраа өмчлөх эрхээ эдэлж чадахгүйд хүргэж байна. Иймд миний шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу 3.200.000 төгрөгийг Л.Н-гээс надад гаргуулж Л.Н-гээс 13.500.000 төгрөгийг гаргуулан Капитал банкинд олгуулж миний байрны ордерийг “Капитал” банкнаас чөлөөлж надад олгох шийдвэр гаргаж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна.” гэжээ.

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн прокурорын эсэргүүцэлд: “... шүүгдэгч Б.С-ийг иргэн М.Идэрчулууныг залилан мэхэлж 15.000.000 төгрөг авсан үйлдлийг, мөн 2016 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд иргэн О.Ундрахыг залилж 16.500.000 төгрөгийн хохирол нийт 31.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч үйлдэгдсэн хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлгүй байхад хамааруулж Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн. 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх хугацаа нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24:00 цагаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.

Шүүгдэгч Б.С-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-д заасан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцохдоо 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг, шүүгдэгч Л.Н-гийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 зүйлийн 1-д заасныг журамлах ёстой байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.2 гэж зааж хуульд заагаагүй үндэслэл, зүйл заалт бичсэн, хуулийн зүйл хэсгийг үндэслэлтэй зөв баримтлаагүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэсэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Н-: Би энэ хэргийг санаатай үйлдээгүй, анхнаасаа харилцан ярилцаж зээл аваад зээлээ тухайн үедээ төлж байсан. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирол бодит байдлаар тогтоогдоогүй. Анхан шатны шүүх иргэдийн өмчлөх эрхийг сэргээгээгүй. Хохирогч нарын өмчлөх эрхийг сэргээлгэх саналтай байна. Гэрчийг оролцуулсан бол хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх байсан. н.Энхтунгалагийг хэрэгт холбогдуулж байснаа гэрчээр байцаасанд гомдолтой байна. н.А- бид хоёрын дансны хуулгыг шалгаагүй, н.А- бид хоёр хохирлын төлөх үнийн дүнд маргаантай байгаа. Хэргийг бүхэлд нь иргэний хэрэг гэж үздэг. Дээрх бүх ажиллагааг шалгасан бол өөр байх байсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг: “Шүүгдэгч Л.Н-д холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг иргэний зээлийн харилцаанаас ялган тогтоож чадсангүй. Дахин дахин зээл авч эрсдэлд орохоо мэдсээр байж зээл авсан гэсэн, энэ нь обьектив талын үйлдлийг тогтоогоогүй байна. Мөнгийг төлөх боломжгүй байж болно, энэ нь иргэний эрх зүйн харилцаан дээр хүртэл гэрээний үүрэг биелүүлээгүй эрсдэл байдаг. Гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон баримт хавтаст хэргийн материалд байхгүй. Нотолбол зохих байдалд заасан гэмт хэрэг хэзээ үйлдснийг тогтоогоогүй. Үүний улмаас гэмт хэргийн хохирлыг үнэн зөв тогтоож чадаагүй. Гэмт хэргийн хохирлыг шууд хохиролд тооцдог. Бодит хохирлоор л хэргийн зүйлчлэлийг тогтоодог. Л.Н- нэг ч хүний байрыг өмчлөх эрхэндээ шилжүүлж аваагүй. Хүмүүс одоогоор байрандаа сууж байхад бусдын өмчлөх эрхэнд халдсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Х.Төмөрбаатарын орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар хийж Т.Э-д шилжүүлсэн гэсэн. Банкны зээл тодорхой хугацаанд төлөгдөж байхад төлсөн мөнгийг хохирлоос тооцохгүй байгаа. Анхан шатны шүүх “хэдэн төгрөгийн хохиролтой, цаашид хэдэн төгрөг төлөх” талаар зөв гаргаагүй. Д.С-д 29.700.000 төгрөгийн хохирол учруулжээ гэдэг, Д.Ү-д 20.000.000 төгрөгийн зээл авсан байхад 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэдэг. 38.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн нотлох баримт байхад 19.000.000 төгрөг гэсэн. Хөрөнгийн бүртгэлийн бүртгэгч н.Гантуяа болон н.Энхболд, н.Э-, н.Энхтунгалаг нартай Л.Н- ямар идэвхтэй үйлдэл хийсэн бэ гэхэд ганцхан хүнээс л тусламж хүссэн байдаг. н.Э-, н.Энхтунгалаг, н.Н- нар Х.Төмөрбаатарын байрыг зээл авч хэрэглэсэн. Залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдлийг нэг удаа ч хийгээгүй байдаг. Идэвхтэй үйлдэл хийгээгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болохгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж болно. н.Э-, н.Гантуяа нарын хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон. Хохирогчоор тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хуралдаанд хохирогчоор оролцсон. н.Мөнхтуяаг гэрчээр оролцуулсан, гэтэл ашиг сонирхлын зөрчилтэй байсан, нэг хэрэгт оролцож байсан хүмүүс гэрчээр оролцож болохгүй. Хуульд зааснаар нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүнийг хохирогч гэж заасан. Д.Ү- нь олон жилийн нөхөрлөлтэй, бөөгийн түшээг хийдэг. Бусдад туслах гэж эрсдэлд тооцож зээлийн барьцаанд байраа тавьчихаад эрүүгийн журмаар шийдвэрлүүлэх арга ярьж байгаа, гэтэл ганц хохирогчийг мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Д.Ү- нь шашин шүтлэгээр айлгасан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Л.Н-гийн хувьд банк болон хохирогч нарт хохирол төлөхөөр анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр гарсан. Гэмт хэрэг хэзээ, яаж үйлдэгдсэн нь тогтоогдоогүй, бусад үйлдлүүдийг иргэний харилцаа гэдгийг тогтоож чадсангүй, хэргийн оролцогч нарт буруу эрх эдлүүлсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Яндаг гаргасан тайлбар дүгнэлтэндээ:  Улсын яллагчийн зүгээс 3 үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Б.С- нь н.Энхжаргалын өмчлөх эрхийг залилж хохирол учруулсан үйлдлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Залилан мэхлэх замаар аваагүй тул гэмт хэргийн шинжгүй гэсэн дүгнэлт хийсэн. Хохирогчийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар мөнгийг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан тогтоогдсон тул Б.С-ийн үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэрэг юм. Б.С- н.Идэрчулууныг залилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар хэргийг зүйлчилж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан, энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлгүй, хохирогч О.Ундрахаас мөнгө авсан үйлдэл нь 2016 оны 01 дүгээр сарын 14,15-ны өдөр байсан бөгөөд 2015 оны Өршөөлийн хууль нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24:00 цагаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хамаарна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Л.Н-гийн үйлдэлд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд хуульд байхгүй үндэслэлийг заасан байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр: Л.Н- “Капитал” банкнаас зээл авсан. 13.000.000 төгрөгийг хохирогч Д.Ү-д биш иргэний нэхэмжлэгчид төлөх нь зүйтэй. Хохирогч нар хохирсон дээрээ хохирогч байна. Хууль буруу хэрэглэсэн үндэслэлүүд байна. Шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар: Т.Э- болон Т.Энхболд нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Л.Н-гийн өмгөөлөгчийн гомдол ойлгомжгүй байна. Иргэний хэрэг байсныг эрүүгийн хэрэг гэж шийдсэн, олон хүмүүс оролцсон байсныг хэрэгсэхгүй болгосон гэж ярьж байна. 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсч мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан, гэтэл үүнээс өмнө 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэрээр “Ариг” банк нэхэмжлэл гаргаж Т.Э-гаас 33.000.000 гаруй төгрөг гаргуулахаар шүүгчийн захирамж гарсны дагуу Т.Э-, Х.Төмөрбаатар нар сандарч цагдаад өргөдөл гаргасан байдаг. Х.Төмөрбаатарын байрыг залилсан явдалд түүний охин Т.Э-г шалгасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж бүрэлдэхүүний шинж хангахгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Х.Төмөрбаатарын байрыг гардан хариуцсан хүн Л.Н- болох нь тогтоогдсон. Манай аавын гэрчилгээ байгаа гэхэд Х.Төмөрбаатарын гэрчилгээг охин Т.Э-гаас авсан. Криминалистикийн шинжээчийн дүгнэлт, өргөдөл, гарын үсэг зэрэг нь Т.Э-гийнх биш байна, хуурамчаар Т.Э-гийн өмнөөс бичсэн болох нь тогтоогдсон. Эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсний дараа иргэний журмаар гаргуулах боломжтой гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Н.Баттунсаг: О.Ундрах гомдол гаргасан, тус гомдлыг илтгэгч шүүгч уншиж сонсгосон тул дахин тайлбарлах шаардлагагүй гэж үзээд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх хэрэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэнэ, гэтэл хэрэг үүнээс хойш болсон тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхгүй гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Б.С-, Л.Н- нар нь удаа дараагийн үйлдлээр хуурч мэхлэх, итгэлийг эвдэх аргаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.С-, Л.Н- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Б.С-, Л.Н- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.С-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 болгон өөрчлөн зүйлчилж 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.Н-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилж ял шийтгэл оногдуулжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Н-, хохирогч О.Ундрах, Д.Ү-, Д.С-, хохирогчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, шүүгдэгч Л.Н-гийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нар давж заалдах гомдол, прокурор Г.Яндаг эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн бөгөөд дээрх давж заалдах гомдол болон эсэргүүцэлд бичсэн үндэслэлүүдийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх Б.С-т холбогдох хэргийг 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт  буцаах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул шүүгдэгч Л.Н- болон түүний өмгөөлөгч М.Алтанцэцэгийн болон хохирогч Д.С-, Д.Ү-, О.Ундрах, хохирогчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын давж заалдах гомдлын үндэслэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Н-, Б.С- нарт холбогдох эрүүгийн 201609000349 тоот 7 хавтас хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Шүүгдэгч Л.Н-д авсан цагдан хорих, Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                              ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                           Д.БУЯНЖАРГАЛ