Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 18

 

Б.С-, Л.Н- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2017/0132/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Д.Буянжаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Г.Яндаг

Хохирогч                                      О.У-

                                                      Д.Ү-

                                                      Т.Э-                                   

Хохирогч нарын өмгөөлөгч         Ж.Эрдэнэбаатар

Шүүгдэгч                                       Б.С-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               А.Мөнхбат

                                                      Ж.Туяа

Иргэний нэхэмжлэгч                    Ч.Нянсамбуу

Нарийн бичгийн дарга                 Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ын С-, Л-гийн Н- нарт холбогдох 201609000349 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

- Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Б- овгийн Б-ын С-,

- Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Ц- овгийн Л-гийн Н-.

- Шүүгдэгч  Б.С-, Л.Н- нар нь итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолоор:

- Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц- овгийн Л-гийн Н-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.т заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар Б- овгийн Б-ын С-т холбогдох Д.Энхжаргалыг залилан 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.С-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан “бодит байдлыг нууж, хуурч, бичиг баримт ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.д зааснаар Ц- овгийн Л-гийн Н-д 1 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар Б- овгийн Б-ын С-т 1 жил 3 сар хорих ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар Л.Н-д оногдуулсан 1 жил 6 сар хорих ял, Б.С-т оногдуулсан 1 жил 3 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.д зааснаар шүүгдэгч Л.Н-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 191 хоногийг эдлэх ялд оруулан тооцох,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1., 56 дугаар зүйлийн 56.1.д зааснаар нотариатч И.Энхболдын гэрчилсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 17-р баг, 16-р байрны 126 тоот орон сууцыг Т.Э-, Х.Т- нараас Д.Э-т олгосон гэх итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцож,

хохирогч Т.Энхтуяа, Д.Үзмээ, иргэний нэхэмжпэгч “Капитал банк”-ны нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

шүүгдэгч Б.С-ээс 21,700,000 төгрөг гаргаж хохирогч О.У- /Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4/3 байрны 109 тоотод оршин суух, РД:**********, утас:********/-д 19,900,000 төгрөг, М.И- /Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20/4-96 тоотод оршин суух, РД:**********, утас:********/-д 1,800,000 төгрөг тус тус олгох,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3.д зааснаар Б.С-ийн энэ хэрэгт битүүмжилсэн 350,000 төгрөгийн үнэ бүхий Зегепе маркийн 2 хаалгатай хөргөгч, 600,000 төгрөгийн үнэ бүхий саарал өнгийн буйдан, 450,000 төгрөгийн үнэ бүхий Тошиба маркийн 32 инчийн телевизор, 100,000 төгрөгийн үнэ бүхий” Моге “маркийн угаалгын машин нийт 1,500,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирол төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.С- цагдан хоригдоогүй  болохыг тус тус дурдаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-, Л.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Н- давж заалдах гомдолдоо:

... Миний бие хийсэн гэм буруутай үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа ухамсарлан бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Миний 0-9 насны 2 хүүхэд болон ар гэрийн амьдралыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэжээ.

Шүүгдэгч Б.С- давж заалдах гомдолдоо:

... Миний бие 2-12 насны 2 хүүхэд болон өндөр настай эхийнхээ хамт амьдардаг бөгөөд охин Анударь сонсголын бэрхшээлтэй, эх Алтанцэцэгийн өрөөсөн нүд хардаггүй. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо заавал барагдуулах хүсэлтэй байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү... гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат, Ж.Туяа нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял, хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.С- тайлбартаа:

Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Эх, бага насны хүүхэдтэй зэрэг ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Ж.Туяа тайлбартаа:

Б.С- нь 2-12 насны 2 хүүхэдтэй, том охин н.Анударь нь төвөнхийн мултралтай, бага хүү нь 2 нас 3 сартай бөгөөд Б.С-ийн өндөр настай эх нь харааны бэрхшээлтэй, дахин мэс засалд орох шаардлагатай зэрэг амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.С-, Л.Н- нарын өмгөөлөгч А.Мөнхбат тайлбартаа:

Давж заалдах шатны шүүх бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.6 дугаар зүйлийн 1.д “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж зааснаар, хэрэв Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.д зааснаар шийдвэрлэвэл торгох ялыг сонгож хэрэглэж шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч О.У- тайлбартаа:

Б.С-ийн үйлдлийн улмаас хохироод 3 жилийн хугацаа болж байна. Надад учруулсан нийт хохирол 20.100.000 төгрөг байснаас би 200.000 төгрөгийг л авсан бөгөөд одоо 19.900.000 төгрөг үлдсэн. Шүүгдэгч хохирлыг төлье гэсэн бодолгүй байна. Би хохирлоо гаргуулж авмаар байна. Энэ хэргээс болж миний гэр бүл салахдаа тулж байна. Би хүнээс хүртэл мөнгө зээлсэн. Б.С- мөнгөө одоо хүртэл өгөөгүй байгаад болон анхан шатны шүүх Б.С-т хөнгөдсөн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Хохирлын мөнгийг цувуулж байгаад өгч болох байсан. Намайг эвлэрлийн гэрээ хийж өг гэж хэлсэн. Надад хэцүү байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Үзмээ тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Л.Н- гэм буруутай болох нь тогтоогдсон тул Л.Н-тэй хийсэн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Т.Энхтуяа тайлбартаа:

Үлдэгдэл 18.000.000 төгрөг шинээр гарч ирсэн. 18.000.000 төгрөгийг Л.Н-, н.Энхтунгалаг нар хэрэглэсэн тул дээрх мөнгийг Л.Н-, н.Энхтунгалаг нар төлөх нь зүйтэй. Байрны бичиг баримтыг буцааж авч эцгийнхээр нэр дээр болгох саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Т.Энхболд, Т.Энхтуяа, Х.Төмөрбаатар нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тайлбартаа:

Хохирогч Т.Энхболд, Т.Энхтуяа Х.Төмөрбаатар нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч нар нь шүүгдэгч Л.Н-, н.Энхтунгалаг нарт залилуулж өөрийн орон сууцыг “Ариг” банкны зээлийн барьцаанд тавьж алдсан. Нотариат дээр худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар бүрдүүлсэн болох нь тогтоогдсон. н.Энхтунгалаг нь “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг  дэмжиж байна. н.Энхтуяагийн нэр дээр зээлийн бүрдүүлэлт хийж зээл авч Л.Н-, н.Энхтуяа нар хувааж авсан. “Ариг” банкинд н.Энхтуяагийн нэр дээр үлдэгдэл байгаа. Эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө “Ариг” банк нь н.Энхтуяаг шүүхэд өгсөн. 18.713.000 төгрөг үлдсэн. н.Энхтуяагийн эцэг н.Төмөрбаатар нь төмөр замд насаараа ажилласан хүн бөгөөд түүний байр банкинд тавигдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. н.Энхтуяагийн нэр дээр иргэний хэргийн шийдвэр гарсан. Өмнө шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гэж хүчингүй болгох ажиллагаа үлдсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч Ч.Нянсамбуу тайлбартаа:

Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2.д “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар иргэний нэхэмжлэлийг хамт шийдвэрлэх байсан. 11.452.935 төгрөг нь үндсэн зээлийн үлдэгдэл, 4.510.708 төгрөг нь үндсэн зээлийн үндсэн хүү, 327.359 төгрөг нь нэмэгдүүлсэн хүү бөгөөд нийт 16.290.303 төгрөгийг төлвөл зохих этгээд болох Л.Н-гээс гаргуулна. Анхан шатны шүүх “нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй” гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэргийн материалд зээл олголттой холбоотой бүх баримтыг хавсаргасан. Иргэний нэхэмжлэлийг хамт шийдвэрлэх боломжтой. Хохирогч Д.Үзмээгийн тайлбарт хэлэхэд зээлийн эргэн төлөлт хугацаа хэтэрснийг хүүнд татдаг. Үндсэн зээлийн үлдэгдэл дээрх байдлаар дурдагдснаар нарийн гарч ирнэ гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Яндаг дүгнэлтдээ:

Шүүгдэгч Б.С- нь 2 удаагийн үйлдлээр бусдад 31.500.000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Л.Н- нь 4 удаагийн үйлдлээр бусдад 69.480.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан. Шүүгдэгч Л.Н-гийн өмгөөлөгч “анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байсан. Анхан шатны шүүх эхлээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.д зааснаар онц их хэмжээний хохирол учруулсан, дараа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.д зааснаар их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй. Шүүгдэгч нар нь бусдад их хэмжээний хохирол учруулж, бусдын өмчлөх эрхэд халдсан. Иргэний нэхэмжлэгч “иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх ёстой байсан” гэж хэлж байна. Хуульд “Эрүүгийн хэргийг иргэний нэхэмжлэлийн хамт шийдвэрлэнэ” гэж заасан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3.д заасан. Анхан шатны шүүх эцсийн байдлаар иргэний нэхэмжлэлтэй холбоотой тооцоог хийх боломжгүй, тусд нь гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Б.С-ийг ял шийтгэлийг хөнгөрүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан тул энэ талаар прокурорын зүгээс тайлбар хэлэхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймгийн Прокуророос:

- Шүүгдэгч Б.С-ийг  2016 оны 01 дүгээр сарын 14., 15-ны өдөр иргэн  О.У-аас банкны зээлээ чөлөөлж буцаж зээл авна гэж 4 хоногийн хугацаанд  өдрийн 1.5% ийн  хүүтэй буцааж өгнө гэж хохирогчийг төөрөгдөлд оруулж 16.500.000 төгрөгийн хохирол учруулсан.,

- иргэн Д.Энхжаргалын 21.0 мкв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг залилан 30.000.000 төгрөгийн буюу нийт бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэж.,  

- Шүүгдэгч Л.Н-г давтан үйлдлээр иргэн Т.Энхтуяа, Д.Үзмээ, Д.Сумъяа, П.Аюурзана нарын эд хөрөнгө өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж  тус тус 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Л.Н-д холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг баримтлан өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2. болгон, шүүгдэгч Б.С-т холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1. болгон өөрчилж, тэднийг гэм буруутайд тооцож

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д заасныг баримтлан Б.С-т холбогдох хэргээс Д.Энхжаргалыг залилан мэхэлж 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн үйлдлийг  хэрэгсэхгүй болгож, Л.Н-д 1 жил 6 сар,  Б.С-т 1 жил 3 сар хорих ял тус тус оногдуулж ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагаа болон    анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдэрлэх ажиллагааг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  шаардлагад нийцэхгүй байна.Үүнд:

- Хэрэгт авагдсан нотлох баримт болон болсон үйл баримт, түүнчлэн  шийтгэх тогтоолоос үзэхэд шүүх хуралдаанаар шүүгдэгч нар хэн, хэнд хэдэн төгрөгийн, нийт хэдэн төгрөгийн хохирол учруулсаныг тодорхойлж чадаагүй.,

- Учруулсан хохирлын дүнг зөв тогтоож чадаагүй учраас дээрх үйлдлүүдийн аль нь эрүүгийн хэрэг, аль  нь иргэний хэрэг болох эсхүл хохирлыг гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлын хэмжээгээр тооцож  хэргийг зүйлчилсэн эсэх, хүү, алдангийг хохирол эсхүл хор уршигт тооцсон эсэх нь тодорхойгүй.,

Хохирлын тооцоог тогтоогоогүйгээс шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар тус бүрдээ өөр өөр тооцоо гаргасан байхад шүүх аль зөв, аль нь буруу болохыг тогтоогоогүй,

- Мөн шүүгдэгч Л.Н- Д.Энхтунгалаг нар бүлэглэн Т.Энхтуяагаас 30.0 сая төгрөг залилсан  үйлдэлийн хувьд хэргийн талаар маргаантай, хохирол төлөгдөөгүй хэн хэдэн төгрөг төлөх нь тодорхойгүй байхад Д.Энхтунгалагийн хэргийг “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулаад хохирлыг шийдвэрлээгүй нь  яллагдагч, шүүгдэгч гэм буруу, хохирлын талаар  маргавал  хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж,  шийдвэрлэсний эцэст Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх байсан бөгөөд нэгэнт өршөөгдсөн  учраас ДЭнхтунгалагийг шүүхийн шатанд иргэний хариуцагчаар татаж шүүгдэгч нарын төлбөрийн асуудлыг шийдвэрлэлгүй хэлэлцэхгүй орхисон., мөн шийтгэх тогтоолд “хохирлыг тооцох боломжгүй” гэсэн нь буруу бөгөөд шүүх хохирлыг тооцно., хэрвээ  нотлогдохгүй бол хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх,  

-“Капитал” банкны нэхэмжлэл, хохиролын талаарх нотлох баримт 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан байхад  нотлох баримтыг тогтоогдсон хэмжээгээр үнэлж хэрвээ тогтоогдохгүй бол мөн иргэний нэхэмжлэгч  иргэний журмаар  нэхэмжлэл гаргасан бол энэ талаар тодорхой зааж хуульд заасан журмаар шийдвэрлээгүй.,

Эдгээр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нийт дүнд тооцогдсон эсэх нь ойлгомжгүй.,

- Шүүгдэгч нарын үйлдэл 2014 оны 5 дугаар сарын 28 ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ  шүүгдэгчийн “эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” хуулийг буцаан хэрэглэх гэдгийг ...зөвхөн эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт байгаа хорих ялын дээд доод хэмжээгээр биш...  эрүүгийн хуульд байгаа бусад боломж тухайлбал ял оногдуулсан шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулах,  хүүхэд эмэгтэйчүүд хүүхэдтэй эх, жирэмсэн эхэд оногдуулсан ялыг хойшлуулах асуудал зэрэг эрүүгийн хууль “агуулгын хувьд” шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байхыг анхаарах,

- Мөн энэ хугацаанд “Өршөөл үзүүлэх тухай хууль” батлагдсаныг анхаарч үйлдлийг зөв тогтоох,

- Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой зарим нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тэдний ам бүлийн тодорхойлолт, гэр бүлтэй эсэх, өрх толгойлсон эсэх түүнчлэн нярай хүүхэдтэй эсэх  нь  нотлогдохгүй байгаа учраас эрх бүхий байгууллага, оршин суугаа засаг захиргааны байгууллагаас тодорхойлолт авах шаардлагатай байна.

Эдгээр ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх эрхгүй., харин анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед гүйцэтгэх боломжтой байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг дахин  хэлэлцэхдээ Прокуророос ирүүлсэн  хэргийн хэмжээний дотор буюу өөрөөр хэлбэл  яллах дүгнэлтийн  агуулгын хүрээнд шийдвэрлэх боловч хэрэгт авагдсан нотлох баримт нь бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, бусад нотлох баримтаар үгүйсгэгдсэн, эсхүл харилцан зөрүүтэй бөгөөд түүнийг мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоож чадаагүй бол шүүх нотлогдсон,тогтоогдсон  хэмжээгээр үнэлж, дүгнэлт гарган шийдвэрлэх.,  эрүүгийн хэрэг  мөн эсэх, эсхүл иргэний журмаар шийдвэр гарсан эсхүл үйлдэл нь иргэний хэргийн шинжтэй бол хэргийн бодид байдал, үйлдэл, хохирол, гэм хор тус бүрт дүгнэлт өгч, үүнээс хамааран хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэх боломжтой байна.

Иймд анхан шатны шүүх дээр дурдсаныг тодорхой зааж,  хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэлэлцэж, шүүгдэгч нарын гэм бурууг тогтоох, эсхүл ял оногдуулах, түүнчлэн  үйл баримт болон нотлох баримтанд хууль зүйн дүгнэлт хийхэд нөлөөлж болох нөхцөл  байдал байгаа эсэхийг анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б-ын С-, Л-гийн Н- нарт холбогдох, 201609000349 дугаартай, 8  хавтастай, эрүүгийн хэргийг шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч  Б.С-, Л.Н- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

                                                        ШҮҮГЧИД                                   Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                                            Ц.ТУЯА