Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2018/00749

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2018/00749

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П ХХК-д /РД:/ холбогдох

10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ******* нь Баян-Өндөр сум, Эрдэнэ баг ******* тоотод амьдардаг юм. Би байшингаа 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр *******-д 1 жилийн хугацаатай, 10 000 0000 төгрөгөөр үнэлүүлж даатгуулсан. Манай байшин ******* хэмжээтэй бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө 02 цаг өнгөрч байхад гал гарч гэр орон маань бүтэн шатсан юм. Орхон аймгийн Онцгой байдлыг газраас 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 28/10 дугаартай гал түймэрийн акт гарсан. *******-д гал гарсаны маргааш утсаар мэдэгдэхэд даатгалын газраас хүмүүс ирж гэрэл зураг авч баримтжуулаад өргөдөл болон бусад шаардлагатай баримт бичигүүдээ бүрдүүлээд ир гээд явсан. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр даатгалд бичиг баримтуудаа бүрдүүлээд нөхөн төлбөр авах тухай өргөдлийн хамт өгсөн юм. Гэтэл ******* нь даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцлийн 3.2.9, 3.2.14-д тус тус заасны дагуу татгалзсан хариу өгсөн. Дээрх 2 үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул даатгалын гэрээний 8.1-д заасны дагуу нөхөн төлбөр олгохыг шаардаж байна. Иймд даатгалын нөхөн төлбөр 10 000 000 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Даатгуулагч *******оос ирүүлсэн нөхөн төлбөр хүссэн өргөдөл болон холбогдох материалыг хянаж үзээд бид дараах байдлаар шийдвэрлэсэн болно. 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 02 цаг 56 минутад Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 27-р гудамж 12 тоот айлд гал гарсан байна. Орхон аймгийн Онцгой байдлын Газар-ын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн Гал түймэр гарсан тухай 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 28/10 тоот актад: Цахилгаан холбогдсон цахилгааны утас муудсан байсан, Урьд нь мааслаж гал гарч байсан, Байшингийн залгаж барьсан хэсэгт дээрээс хана дагаж ус ордог байсан тухай тодорхойлсон. Мөн тухайн актад гал түймэр гарсан шалтгаан нь хэргийн газрын үзлэгээр хана дагаж ус ордог байсан хэсэгт цайвар ногоон бөмбөлөг үүссэн, урд өдрүүдэд цас ихээр орсон зэргээс үзэхэд цахилгааны утас муудсан байсан ба дээврээс ус орж гал гарсан гэж тогтоожээ. Дээрх тохиолдлоос харахад тухайн хохирол гарах шалтгаан нь цахилгааны утас муудсан дээврээс ус гоождог зэргээс үүдэлтэй нь харагдаж байх ба Даатгалын тухай хуулийн 8.5 даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэж харагдаж байна. Даатгуулагчтай байгуулсан ******* тоот Эд хөрөнгийн даатгалын гэрээний 8. Даатгуулагчийн эрх, үүрэг 8.3 Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны журмыг мөрдөх, аюул ослоос урьдчилан сэргийлэх болон хохирлыг багасгах боломжит бүх арга хэмжээнүүдийг авч байх үүрэгтэй гэж заасан байдаг. Иймд даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцлийн 3.2.9 Засвар үйлчилгээг цаг хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол 3.2.14 а) хэвийн элэгдэл хорогдол тус тус заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Зохигчид 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаагаар ******* дугаартай даатгалын баталгааг байгуулж, даатгуулагч ******* нь өөрийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг 27а-12 тоотод байрлах 116.6 м2 талбай бүхий Ү-2101021162 улсын бүртгэлийн дугаартай амины сууцаа галын эрсдэл, байгалийн эрсдэл, цахилгааны эрсдэл, сантехникийн эрсдлийг тооцож, 10 000 000 төгрөгийн үнэлгээгээр үнэлж 23 000 төгрөгийн даатгалын хураамж төлсөн байна.

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг 27а-12 тоотод гал гарч, иргэн Г.Даваасүрэнгийн 02 цаг 56 минутад өгсөн галын дуудлагын дагуу Орхон аймаг дахь Гал түймэр унтраах, аврах 3 дугаар зэрэглэлийн 68 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ажилласан байна.

Орхон аймгийн Онцгой байдлын газрын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 28/10 дугаартай Гал түймэр гарсан тухай актад гал түймэр гарсан шалтгаан нөхцлийг ...хана дагаж ус ордог байсан гэх хэсэгт хананд байрлах цахилгааны утсанд цайвар ногоон өнгийн бөмбөлөг үүссэн байдалтай, гэрч хохирогчдын өгсөн мэдүүлэг, урд өдрүүдэд цас ихээр орж хайлж байсан зэргийг нэгтгэвэл цахилгааны утас муудсан байсан дээврээс ус орж гал гарсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.

Даатгалын гэрээ байгуулагдсан хийгээд гал түймэр гарсан эсэх, даатгалын зүйл нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг 27а-12 тоотод байрлах 116.6 м2 талбайтай *******ын өмчлөлийн амины орон сууц байсан талаар талууд маргаагүй тул уг үйл баримтыг дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Даатгалын тохиолдол бий болсон учир нөхөн төлбөр гаргуулна гэж,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Даатгалын эрсдэл бий болоход даатгуулагчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Энэ тохиолдолд нөхөн төлбөр төлөхгүй. Гал түймэр гарсан тухай акт болон гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.9, 3.2.14 /а/-д заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ******* 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ******* ХХК-тай гэрээ байгуулж, даатгалын хураамжаа төлсөн, сайн дурын үндсэн дээр гэрээг байгуулсан гэж үзнэ. Хэдийгээр гал гарах шалтгааны талаар улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрхгүй гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байх боловч гомдлоо эрх бүхий байгуулалгад хуульд заасан хугацааны дотор гаргаагүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Мэргэнсанаа нэхэмжлэгч нарын буруутай үйлдэл гал гарахад нөлөөлсөн, галын эрсдэл нь засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүй, дээврээс ус гоождог, цахилгааны утас муудсантай холбож тайлбарлаж байх бөгөөд энэ нь Орхон аймгийн онцгой байдлын газрын гал түймэр гарсан тухай улсын байцаагчийн актаар батлагдаж байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн төлөөлөгч засвар үйлчилгээг цаг тухай бүрт нь хийж байсан энэ талаар Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас авсан баримт нотолно гэж байх боловч хэдэн оны баримтаас хуулбарласан нь тодорхойгүй, гараар 2017 он гэж тавьсан, барилгын материалын Хангал төвийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал: баримтанд байх Т.Гэрэл нь татвар төлөгч мөн эсэх, тайланд энэ өдрийн орлого авагдсан эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан зарлагын баримт болон Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний хуулбар үнэн тэмдэгтэй баримтыг шүүх үнэлээгүй болно.

Даатгалын үндсэн зорилго нь гэрээний үндсэн дээр даатгуулагч өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө болзошгүй аюул, эрсдэлээс учирч болох хохирлоо нөхөх, баталгаатай байхаар, даатгагч нь даатгуулагчид учирч болох хохиролыг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөр үүрэг хүлээж, эрх эдлэхэд оршдог.

Даатгалын эрсдлыг ******* санаатай бий болгосон байдал тогтоогдоогүй, даатгалын зүйлийн талаар худал мэдээлэл бичиг баримт бүрдүүлээгүй байх тул даатгуулагчийн буруутай тохиолдолд даатгалын эрсдэлийн 20 хувийг хариуцахаар тохирсон даатгалын баталгааг үндэслэн 8 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас 142 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан хариуцагч П ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 8 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч П ХХК-аас 142 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ