Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00251

 

Г ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00749 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 119 дүгээр магадлалтай

Г ын нэхэмжлэлтэй,

“Практикал даатгал” ХХК-д холбогдох

10,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь Баян-Өндөр сум, Эрдэнэ баг 27-12 тоотод амьдардаг. Би байшингаа 2018 оны 10 сарын 06-ны өдөр “Практикал даатгал"-д 1 жилийн хугацаатай, 10,000,000.00 төгрөгөөр үнэлүүлж даатгуулсан. Манай байшин 15х6 хэмжээтэй бөгөөд 2018 оны 04 сарын 13-ны шөнө 02 цаг өнгөрч байхад гал гарч гэр орон маань бүтэн шатсан. Орхон аймгийн Онцгой байдлын газраас 2018 оны 04 сарын 23-ны өдөр 28/10 дугаартай гал түймрийн акт гарсан. “Практикал даатгал”-д гал гарсны маргааш утсаар мэдэгдэхэд даатгалын газраас хүмүүс ирж гэрэл зураг авч баримтжуулаад өргөдөл болон бусад шаардлагатай баримт бичгүүдээ бүрдүүлээд ир гээд явсан. Тэгээд 2018 оны 04 сарын 23-ны өдөр даатгалд бичиг баримтуудаа бүрдүүлээд нөхөн төлбөр авах тухай өргөдлийн хамт өгсөн. Гэтэл “Практикал даатгал” нь даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийн 3.2.9, 3.2.14-д тус тус заасны дагуу татгалзсан хариу өгсөн. Дээрх 2 үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул даатгалын гэрээний 8.1-д заасны дагуу нөхөн төлбөр олгохыг шаардаж байна. Иймд даатгалын нөхөн төлбөр 10,000,000.00 төгрөгийг “Практикал даатгал”-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Даатгуулагч Г оос ирүүлсэн нөхөн төлбөр хүссэн өргөдөл болон холбогдох материалыг хянаж үзээд бид дараах байдлаар шийдвэрлэсэн болно. 2018 оны 04 сарын 13-ны өдөр 02 цаг 56 минутад Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 27-р гудамж 12 тоот айлд гал гарсан байна. Орхон аймгийн “Онцгой байдлын Газар’’-ын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн Гал түймэр гарсан тухай 2018 оны 04 сарын 23-ны өдрийн 28/10 тоот актад: Цахилгаан холбогдсон цахилгааны утас муудсан байсан, урьд нь мааслаж гал гарч байсан, байшингийн залгаж барьсан хэсэгт дээрээс хана дагаж ус ордог байсан тухай тодорхойлсон. Мөн тухайн актад гал түймэр гарсан шалтгаан нь хэргийн газрын үзлэгээр хана дагаж ус ордог байсан хэсэгт цайвар ногоон бөмбөлөг үүссэн, урд өдрүүдэд цас ихээр орсон зэргээс үзэхэд цахилгааны утас муудсан байсан ба дээврээс ус орж гал гарсан гэж тогтоожээ. Дээрх тохиолдлоос харахад тухайн хохирол гарах шалтгаан нь цахилгааны утас муудсан дээврээс ус гоождог зэргээс үүдэлтэй нь харагдаж байх ба Даатгалын тухай хуулийн 8.5 даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэж харагдаж байна. Даатгуулагчтай байгуулсан Эд хөрөнгийн даатгалын гэрээний 8. Даатгуулагчийн эрх, үүрэг 8.3 Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны журмыг мөрдөх, аюул ослоос урьдчилан сэргийлэх болон хохирлыг багасгах боломжит бүх арга хэмжээнүүдийг авч байх үүрэгтэй гэж заасан байдаг. Иймд даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийн 3.2.9 Засвар үйлчилгээг цаг хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол 3.2.14 а) хэвийн элэгдэл хорогдол тус тус заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00749 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан хариуцагч "Практикал даатгал” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Практикал даатгал” ХХК-аас 142,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 119 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00749 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мэргэнсанаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 00749 дүгээр шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 119 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийн тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч тал нэхэмжлэгч нарын буруутай үйлдэл гал гарахад нөлөөлсөн, галын эрсдэл нь засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүй, дээврээс ус гоождог, цахилгааны утас муудсантай холбож тайлбарлаж байх бөгөөд энэ нь Орхон аймгийн онцгой байдлын газрын гал түймэр гарсан тухай улсын байцаагчийн актаар батлагдаж байна." гэж дүгнэсэн. Түүнчлэн нэхэмжлэгч талаас завсар үйлчилгээг цаг тухайд нь хийж байсан болохоо нотлохоор шүүхэд ирүүлсэн барилгын материалын зарлагын баримт, цахилгааны засвар хийлгэхээр дуудлага өгсөн бүртгэлийн хуулбар зэрэг нь эргэлзээтэй баримт учир шүүх үнэлээгүй нь үндэслэл бүхий болсон” гэжээ. Гэвч анхан шатны шүүх эрсдэлийг даатгуулагч Г  санаатай бий болгоогүй, даатгалын зүйлийн талаар худал мэдээлэл бичиг баримт бүрдүүлээгүй тул даатгуулагч эрсдэлд буруутай тохиолдолд даатгуулагчийн хариуцах хэсэгт 20 хувийг хасч 80 хувиар нөхөн төлбөр олгох үүрэгтэй хэмээн нэхэмжлэлийн шаардлагаас 8,000.000 төгрөг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний нөхцөлүүдийг харьцуулан дүгнэхдээ буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй заалт буюу гэрээний 4.5 дахь хэсгийг хэрэглэж нэхэмжлэлийг хангажээ. Гэтэл даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөр олгох, эсвэл татгалзах эсэхийг тодорхойлохдоо гэрээний 3.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийг хянадаг юм. Харин нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл байхгүй буюу олгохоор бол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо гэрээний 4.4, 4.5 дахь хэсэгт зааснаар тооцдог. Өөрөөр хэлбэл, нөхөн төлбөр олгох эсэх нь эхний асуудал, олгох тохиолдолд даатгалын үнэлгээний хэдэн хувиар олгох нь дараагийн асуудал болно. Даатгуулагчтай байгуулсан Даатгалын гэрээний 3.2 дахь хэсэгт дараах тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гээд 3.2.9-д “Засвар үйлчилгээг цаг хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол, мөн 3.2.14-д Хэвийн элэгдэл хорогдлын улмаас гарсан гэмтэл хохирол” зэрэг нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлүүдийг заасан байдаг. Хэрэв анхан шатны шүүхийн тайлбарлаж байгаа шиг даатгуулагч санаатайгаар эрсдэлийг бий болгоогүй л бол даатгагч нөхөн төлбөрийг олгох ёстой байхаар талууд тохиролцсон бол гэрээний 3.2 дахь хэсэгт нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл, үндэслэлүүдийг гэрээнд оруулах шаардлагагүй байсан. Иргэд даатгалын талаар хамгийн түгээмэл мэддэг төрөл нь жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгал байдаг. Уг гэрээнүүдэд тус хэргийн тохиолдолд заасан шиг нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлүүд, даатгуулагч буруутай тохиолдолд хариуцах хэсгийг хасч нөхөн төлбөр олгох зохицуулалтууд мөн адил байдаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос учирсан эрсдэлд нөхөн төлбөр олгодоггүй болохыг хүн бүхэн мэддэг гэхэд хилсдэхгүй ба түүнтэй Г ын тохиолдол яг адилхан юм. Монгол Улсын галын аюулгүй байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 16.2.1-д зааснаар “ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” үүргийг иргэн бүр хүлээдэг. Дээрхээс дүгнэвэл даатгуулагч Г  нь аюул ослоос урьдчилан сэргийлэх үүргээ үл биелүүлж, засвар үйлчилгээг гүйцэтгээгүйн улмаас эрсдэл бий болсон учир нөхөн төлбөр олгох үндэслэлгүй ба үүнээс нэхэмжлэл хангагдах хууль зүйн үндэслэлгүй болох нь харагдаж байна.

Хоёр: Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийн тухайд: Бид давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Орхон аймгийн онцгой байдлын газрын 2018 оны 4 сарын 23-ны 28/10 тоот актаар засвар үйлчилгээ хийгээгүй нь тогтоогддог тухай, мөн нөхөн төлбөр олгох эсэх нь хамгийн эхний асуудал байдаг тухай дээр дурдсан. Гэтэл давж заалдах шатны шүүх засвар үйлчилгээг цаг хугацаанд нь гүйцэтгээгүй талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэснээс өөрөөр бусад маргаж буй үйл баримтууд, гэрээний 3.2, 4.5 дахь хэсгийн зохицуулалтын талаар дүгнэлт хийгээгүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Бид даатгуулагч нь засвар үйлчилгээ хийгээгүй, ердийн элэгдэл хорогдлоос үүсэлтэй эрсдэл эмээн нөхөн төлбөр олгохоос татгалзахдаа үндэслэл болгосон баримт нь Орхон аймгийн онцгой байдлын газрын 2018 оны 4 сарын 23-ны 28/10 тоот акт юм. Уг актын “Гал түймэр гарахын өмнөх байдал хэсэгт ... байшинд өвөл хүн амьдраагүй байсан. Гэрийн эд зүйл тавилга, барилгын материал хураасан байсан, цахилгаан холбогдсон цахилгааны утас муудсан байсан, урьд нь мааслаж гал гарч байсан, байшингийн залгаж барьсан хэсгээр хана дагаж ус ордог байсан гэдгийг дурджээ. Энэ нь галын үед онцгой байдлын байцаагчийн асуултад даатгуулагч, түүний хамаарал бүхий эргэн тойрны хүмүүс гэрчийн мэдүүлэг өгч байсан нь тусгагдсан баримт юм. Түүнчлэн Гал түймэр гарсан шалтгаан хэсэгт ...хана дагаж ус ордог байсан гэх хэсэгт байрлах цахилгааны утсанд цайвар ногоон бөмбөлөг үүссэн байдалтай, гэрч хохирогчдын өгсөн мэдүүлэг, урд өдрүүдэд цас ихээр орж, хайлж байсан зэргийг нэгтгэн үзэхэд цахилгааны утас муудсан байсан дээврээс ус орж гал гарсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтээр даатгуулагчийн үүргээ үл биелүүлснээс шууд хамааралтай хохирол болохыг нотолж байгаа юм. Нэхэмжлэгч нь уг баримтыг үгүйсгэж ярих боловч баримтаар нотлоогүй, түүнчлэн уг актыг эс зөвшөөрч хуулийн хугацаанд гомдол гаргаагүй учир акт хүчин төгөлдөр, хууль ёсны баримт болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Г  нь хариуцагч “Практикал даатгал” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 10,000,000.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд заасан “засвар үйлчилгээг цаг хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол болон хэвийн элэгдэл хорогдол” гэсний дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь хуульд нийцсэн гэж маргажээ.  

Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд даатгуулагч Г  нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 27а-12 тоотод байрлах 116.6 кв.метр  талбай бүхий Ү-2101021162 улсын бүртгэлийн дугаартай өөрийн өмчлөлийн амины сууцыг  гал, байгаль, цахилгаан, сантехникийн үндсэн эрсдэлийг тооцож, даатгуулагчийн буруутай тохиолдолд даатгуулагчийн хариуцах хувийг 20 хувь байхаар тохирч, эд хөрөнгөө 10,000,000.00 төгрөгөөр үнэлж, даатгалын хураамжид 23.000 төгрөг төлсөн бөгөөд 2017 оны 10 сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаатай хийгдсэн даатгалын баталгаа хэрэгт авагдсан ба энэ талаар зохигчид маргаагүй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д нийцсэн байна.

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02 цаг 56 минутад Орхон аймгийн Баян- Өндөр сумын Эрдэнэ багийн 27а-12 тоотод гал гарч, нэхэмжлэгч Г ын 15x6 хэмжээтэй байшин, тавилга, эд зүйл шатаж нийт 11,158,000.00 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч нь гэрээний 3.2.9-т ”... засвар үйлчилгээг цаг хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол...", 3.2.14 а-д “...хэвийн элэгдэл хорогдлын улмаас үүссэн хохиролд нөхөн төлбөр олгохгүй” гэж заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.7-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 8,000,000.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн даатгалын эрх зүйн маргаанд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00749 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 119 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч “Практикал даатгал” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 142,950.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УНДРАХ

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН