Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 119

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2018/00119

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00749 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мэргэнсанаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь Баян-Өндөр сум, Эрдэнэ баг 27-12 тоотод амьдардаг юм. Би байшингаа 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр *******-д 1 жилийн хугацаатай, 10 000 0000 төгрөгөөр үнэлүүлж даатгуулсан. Манай байшин 15*6 хэмжээтэй бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 13- ны шөнө 02 цаг өнгөрч байхад гал гарч гэр орон маань бүтэн шатсан юм. Орхон аймгийн Онцгой байдлыг газраас 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 28/10 дугаартай гал түймрийн акт гарсан. *******-д гал гарсаны маргааш утсаар мэдэгдэхэд даатгалын газраас хүмүүс ирж гэрэл зураг авч баримтжуулаад өргөдөл болон бусад шаардлагатай баримт бичгүүдээ бүрдүүлээд ир гээд явсан. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр даатгалд бичиг баримтуудаа бүрдүүлээд нөхөн төлбөр авах тухай өргөдлийн хамт өгсөн юм. Гэтэл ******* нь даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийн 3.2.9, 3.2.14-д тус тус заасны дагуу татгалзсан хариу өгсөн. Дээрх 2 үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул даатгалын гэрээний 8.1 -д заасны дагуу нөхөн төлбөр олгохыг шаардаж байна. Иймд даатгалын нөхөн төлбөр 10 000 000 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Гантөмөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 02 цаг 56 минутад Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 27-р гудамж 12 тоот айлд гал гарсан байна. Орхон аймгийн Онцгой байдлын Газар-ын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн Гал түймэр гарсан тухай 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 28/10 тоотод: Цахилгаан холбогдсон цахилгааны утас муудсан байсан, урьд нь мааслаж гал гарч байсан, байшингийн залгаж барьсан хэсэгт дээрээс хана дагаж ус ордог байсан тухай тодорхойлсон. Мөн тухайн актад гал түймэр гарсан шалтгаан нь хэргийн газрын үзлэгээр хана дагаж ус ордог байсан хэсэгт цайвар ногоон бөмбөлөг үүссэн, урд өдрүүдэд цас ихээр орсон зэргээс үзэхэд цахилгааны утас муудсан байсан ба дээврээс ус орж гал гарсан гэж тогтоожээ. Дээрх тохиолдлоос харахад тухайн хохирол гарах шалтгаан нь цахилгааны утас муудсан дээврээс ус гоождог зэргээс үүдэлтэй нь харагдаж байх ба Даатгалын тухай хуулийн 8.5-д даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэж харагдаж байна. Даатгуулагчтай байгуулсан 17202020000532 тоот хөрөнгийн даатгалын гэрээний 8.3-т Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны журмыг мөрдөх, аюул ослоос урьдчилан сэргийлэх болон хохирлыг багасгах боломжит бүх арга хэмжээнүүдийг авч байх үүрэгтэй гэж заасан байдаг. Иймд даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийн 3.2.9-д заасан Засвар үйлчилгээг цаг хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол 3.2.14 а-д хэвийн элэгдэл хорогдол тус тус заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00749 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 8 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас 142 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мэргэнсанаа давж заалдсан гомдолдоо:

******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сумын 17 дугаар баг, Эрдэнэ-Эрдэнэ 27а гудамжны 12 тоот 116 м.кв талбайтай хашаа байшинг Практикап Даатгал ХХК-ийн эд хөрөнгийн даатгалд даатгуулсан. 2018 оны 04-р сарын 13-ны өдрийн 02 цагийн орчим даатгалын зүйл болох хашаа байшин гал түймрийн улмаас шатсан. Орхон аймгийн онцгой байдлын газрын 2018 оны 04-р сарын 23-ний №28/10 тоот гал түймэр гарсан тухай актад тус гал түймэр гарсан шалтгааныг байшингийн баруун талд илүү шаталт явагдсан, хана дагаж ус ордог байсан гэх хэсэгт хананд байрлах цахилгааны утсанд цайвар ногоо өнгийн бөмбөлөг үүссэн байдалтай байсан, гэрч хохирогчдын өгсөн мэдүүлэг, урд өдрүүдэд цас ихээр орж хайлж байсан зэргээс нэгтгэн үзэхэд цахилгааны утас муудсан байсан дээврээс ус орж гал гарсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж тогтоосон. Улмаар Практикал Даатгап ХХК нь 2018 оны 04-р сарын 23-ны №28/10 тоот гал түймэр гарсан тухай акт болон даатгалын тухай хуулийн 8.5 даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн мөн даатгуулагчтай байгуулсан 17202020000532 тоот Эд хөрөнгийн даатгалын гэрээний 8.3 мөн 3.2.9 засвар үйлчилгээг цаг хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол, 3.2.14 а хэвийн элэгдэл хорогдлын улмаас үүссэн хохиролд нөхөн төлбөр олгохгүй үндэслэл болно гэж заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Дээрх татгалзалтай холбоотойгоор даатгуулагчаас шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүгч хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгтээ "... хариуцагчийн төлөөлөгч Л.Мэргэнсанаа нэхэмжлэгч нарын буруутай үйлдэл гал гарахад нөлөөлсөн, галын эрсдэл нь засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүй, дээврээс ус гоождог, цахилгааны утас муудсантай холбож тайлбарлаж байх бөгөөд энэ нь Орхон аймгийн онцгой байдлын газрын гал түймэр гарсан тухай улсын байцаагчийн актаар батлагдаж байна ..." гэж дүгнэсэн. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт" нэхэмжлэгчийн төлөөлөгчийн засвар үйлчилгээг цаг тухай бүрт нь хийж байсан талаарх баримтыг шүүх үнэлээгүй болно" гэж дурдсан байдаг. Гэтэл шүүгч даатгалын байгууллагыг хуульд заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэйг шүүхийн шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй, мөн даатгуулагч буюу ******* нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн болохыг нотлох баримт нь хэрэгт авагдсан байхад шүүгч Даатгалын тухай хуулийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж заасныг буруу тайлбарлаж гал түймэрийг ******* санаатай бий болгосон байдал тоггоогдоогүй гэж буруу дүгнэсэн байна. Тодруулбал шүүгч нь хариуцагчийн нэхэмжлэлээс татгалзсан үндэслэл болох Даатгалын Тухай хуулийн 8.5.1-д заасан даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэдэг хуулийн зохицуулалтыг шалгахгүй орхигдуулж, даатгуулагч даатгалын эрсдэл үүсгэх шууд санаатай үйлдэл хийгээгүй бол даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлгүй гэж уг хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тиймээс Иргэний Хэрэг Шүү.хэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 168.1.1 -д заасны дагуу Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00749 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 8.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаатай даатгалын баталгааг байгуулжээ.

Даатгуулагч ******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 27а-12 тоотод байрлах 116.6 м2 талбай бүхий Ү-2101021162 улсын бүртгэлийн дугаартай өөрийн өмчлөлийн амины сууцаа гал, байгаль, цахилгаан, сантехникийн үндсэн эрсдэлийг тооцож, даатгуулагчийн буруутай тохиолдолд даатгуулагчийн хариуцах хувийг 20 хувь байхаар тохирч, эд хөрөнгөө 10.000.000 төгрөгөөр үнэлж, даатгалын хураамжинд 23.000 төгрөг төлжээ.

Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-т заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02 цаг 56 минутад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 27а-12 тоотод гал гарч, нэхэмжлэгч *******ын 15х6 хэмжээтэй байшин, тавилга, эд зүйл шатаж нийт 11.158.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч байгууллага нь гэрээний 3.2.9-т заасан... засвар үйлчилгээг цаг хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол..., 3.2.14 а-д заасан ...хэвийн элэгдэл хорогдлын улмаас үүссэн хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэж заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна гэдэг боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-д заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчаас 8.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй зөв байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мэргэнсанаагийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь нотлогдохгүй байх тул түүнийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мэргэнсанаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00749 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мэргэнсанаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мэргэнсанаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД Ё.БЯМБАЦЭРЭН

 

Б.БАТТӨР