| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2018/00802/И |
| Дугаар | 182/ШШ2018/01111 |
| Огноо | 2018-05-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2018/01111
2018 оны 05 сарын 28 өдөр Дугаар 182/ШШ2018/01111 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Б-т холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 34,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Дамба овогтой Мөнхжаргал би иргэн Нямдорж овогтой Баярмаатай 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зүрж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Нямдорж овогтой Баярмаа нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 11,500,000 төгрөг нь 100 хоногийн алданги, үндсэн зээлийн 20,000,000 төгрөг, түүний хүү болох 3,000,000 төгрөгийн хамт нийт 34,500,000 төгрөгийг хариуцагч Нямдорж овогтой Баярмаагаас гаргуулан өгнө үү.” гэв.
Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Шүүхэд иргэн Д.Мын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн бодит нөхцөл байдлыг илтэд мушгин гуйвуулсан бодит нөхцөл байдлаас зөрүүтэйгээр бичсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Мөнхжаргал нь хариуцагч Н.Бд холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 3,000,000 төгрөг, алданги 11,500,000 төгрөг, нийт 34,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Мөнхжаргал нь хариуцагч Н.Б нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, хариуцагч Н.Бд зээлдүүлсэн байх ба зээлийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Зээлийн гэрээ” болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Н.Б нь 20,000,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр бэлнээр авсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зүрж нотариатаар батлуулсан.
Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 11,500,000 төгрөг нь 100 хоногийн алданги, үндсэн зээлийн 20,000,000 төгрөг, түүний хүү болох 3,000,000 төгрөгийн хамт нийт 34,500,000 төгрөгийг хариуцагч Н.Бгаас гаргуулан өгнө үү...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “....Д.Мын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн бодит нөхцөл байдлыг илтэд мушгин гуйвуулсан бодит нөхцөл байдлаас зөрүүтэйгээр бичсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.
Хариуцагч Н.Б нь хэргийн бодит нөхцөл байдлыг илтэд мушгин гуйвуулсан, бодит нөхцөл байдлаас зөрүүтэй бичсэн гэж тайлбарлах боловч тэрээр үүнийг баримтаар нотлоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т ”зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.
Хэргийн оролцогчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хариуцагч тал энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”,
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”,
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулсанд тооцох,
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.”,
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно”,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заажээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд дээр дурдсан хуульд зааснаар хариуцагч Н.Б нь зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээл болон зээлийн хүү, алдангийг нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Н.Бгийн Д.Мөнхжаргалтай байгуулсан гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон боловч тэрээр гэрээнд заасан үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Н.Б нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Ц.Мөнхжаргал нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, алданги шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул хариуцагч Н.Б нь гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алдангийг нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалд төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Н.Бгаас үндсэн зээл 20,000,000 төгрөг, 3 сарын хүү 3,000,000 төгрөг, алданги 11,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалд олгох нь зүйтэй байна.
Шүүх хариуцагч Н.Бд 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 09 цагт товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу түүнд 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдааныг түүний хүсэлтээр хойшлуулсан бөгөөд уг шүүх хуралдааны дараа өөрт нь мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч Ц.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н.Бгаас 34,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бгаас 330,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС