Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01706

 

­­­­­

 

 

 

 

 

 

 

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01111 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Д.М-ын хариуцагч Н.Батзориг-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 34 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Батзориг-тай 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 5% хүүтэй 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөг зээлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч зээлээ төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож 100 хоногийн 11 500 000 төгрөг, үндсэн зээлийн 20 000 000 төгрөг, зээлийн хүүд 3 000 000 төгрөг, нийт 34 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд бодит байдлаас илт зөрүүтэй, худал зүйлүүдийг бичсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг  баримтлан хариуцагчаас 34 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3330 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 330 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлон гаргаагүй тул нэхэмжлэлийг хангах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч Н.Батзориг-д хэргийг танилцуулсан эсэх тодорхой бус тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэх боломжгүй. Хариуцагч нь мөнгийг бэлнээр хүлээн аваагүй, дансаар шилжүүлэг хийгдсэн байдаг. Бэлнээр мөнгө өгөгдсөн гэж үзэж хууль зүйн дүгнэлт өгөлгүй хийсвэр шийдвэрлэсэн. 2018 оны 01 дүгээр сард хариуцагч нь Н.Нямсүрэнгийн өмчлөлийн Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 50 мянгатын 15 байрны 23 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хооронд үүссэн маргаантай үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Н.Батзориг-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Н.Б нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлэн авч, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөхөөр тохиролцжээ. /хх.4/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн эд хөрөнгө болон мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний 2.5-д заасны дагуу зээл олгосон хугацааг “мөнгийг бэлнээр олгосон” гэж тодорхойлж хариуцагч нь зээлийн гэрээний ард талд /хх.4/ “20 000 төгрөг 1000 ширхэг, нийт 20 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа” гэж бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсныг хариуцагч баримтаар няцаагаагүй. Иймд зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгийг нэхэмжлэгч Д.М шилжүүлсэн гэж үзэх тул хариуцагч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

Хариуцагч нь “хэргийн бодит нөхцөл байдлыг илтэд мушгин гуйвуулсан, бодит нөхцөл байдлаас зөрүүтэй байна” гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, түүнчлэн, зээлдэгч буюу хариуцагч Н.Б нь зээлийн гэрээний хугацаанд төлбөр төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

Шүүх хариуцагч Н.Батзориг-гаас үндсэн зээл 20 000 000 төгрөг, 3 сарын зээлийн хүү 3 000 000 төгрөг, нийт 23 000 000 төгрөгөөс алданги тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар нийт 34 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, 4 дүгээр сарын 17, 5 дугаар сарын 14-ний өдрүүдэд хэргийн материалыг танилцуулжээ. /хх.9, 12, 16/ Улмаар шүүх хариуцагчийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 5 дугаар сарын 28-ны өдрөөр товлон хойшлуулсан, тов мэдэгдэх тухай баримтад хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулжээ. Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдаан хойшлуулах талаар дахин хүсэлт гаргаагүй тул шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01111 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 330 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

 

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ