Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00019

 

 Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02336 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 674 дүгээр магадлалтай,

Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй,

Н.Баярмаад холбогдох,

 Зээлийн гэрээний үүрэгт 34,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч Н.Баярмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

1. Нэхэмжлэгч Д.Мөнхжаргалаас Н.Баярмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Үүнээс 8,000,000 төгрөгийг хасч тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч нь ...2016.09.06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээл авсан тухайд маргах зүйлгүй. Нэхэмжлэгчийн данс руу 8,000,000 төгрөгийн төлөлтийг хийсэн. 2016.09.06-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ бол 20,000,000 төгрөгийн барьцааны гэрээ юм. Гэрээний дагуу бүх зээлээ төлж дуусган байрыг Д.Мөнхжаргалд өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэж маргажээ.

 2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02336 дугаар шийдвэрээр ...зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, зээлдэгч 20,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж авсантай маргаагүй, үүнээс 8,000,000 төгрөг төлснөөс өөр төлбөр хийгээгүй, хууль болон гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, алдангийн хамт 22,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй... гэх үндэслэл зааж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.Баярмаагаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 674 дүгээр магадлалаар: ...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн... гэж дүгнэн, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч Н.Баярмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу гомдол гаргаж байна.

4.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд хандсан бол тус маргааныг шийдвэрлэхэд нэхэмжлэгч гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн, хариуцагч нь авсан зээл, түүний хүүг төлөх үүргээ гүйцэтгэсэн эсэх, хариуцагч гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн гүйцэтгэсэн гэж маргаж байгаа тохиолдолд талуудын хооронд өөр гэрээний эрх зүйн харилцаа байсан эсэх нь чухал ач холбогдолтой байна.

4.2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт Хариуцагч нь мөнгө хүлээлгэж өгсөн баримт болон нэхэмжлэгчийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлээгүй гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар няцаагаагүй тул энэ талаарх татгалзал үндэслэлгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид нь 2016.09.06-ны өдөр зээлийн гэрээнээс гадна Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд худалдан авагч нь төлбөр буюу 60,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх боловч бэлнээр мөнгөн төлбөр огт төлөгдөөгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон. Хариуцагч нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 50 мянгат 15 байр, 23 тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний барьцаа хэлбэрээр шилжүүлж, хожим нь зээлийн төлбөрт тооцож өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх хөрөнгийг Н.Мөнхбатын зээлийн төлбөрт тооцож авсан гэх боловч нэхэмжлэгчийн тайлбар нь нотлох баримтаар нотлогдоогүй, бодит байдлаас зөрүүтэй худал тайлбар юм.

4.3. Хэрэв шүүх ...үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлээгүй, өөр гэрээний үүрэгт шилжүүлсэн байна... гэж үзэж байгаа бол ямар гэрээний үүрэгт тооцогдсон талаар өөр гэрээгээ нотлох баримтад үнэлж, нотлох баримтад үндэслэсэн шийдвэрийг гаргах ёстой. Гэтэл хэрэгт зээлийн гэрээ болон үл хөдлөх зд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс өөр гэрээ авагдаагүй байхад өөр гэрээний үүрэгт тооцсон мэтээр таамагласан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.4. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт Н.Мөнхбат нь БНХАУ-ын Хлингол хот, Ижшмигин баянхуа, баруун талд 18 байрны 79 тоот хаягт оршин суудаг эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.5. Хариуцагч талаас Н.Мөнхбатыг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргаж шүүхээс хүлээн авсан боловч захирамжийн биелэлтийг хангахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Гэрч асуух тухай шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасны дагуу өөрчлөлт оруулсан боловч өөрчлөлт оруулсан захирамжийг хүчингүй болгосон. Иймээс гэрч асуух захирамж нь хүчин төгөлдөр байгаа юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг гэрчийг асуухаар дахин шийдвэрлэсэн мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.6. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 6. Зохигч 2016.09.06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Д.Мөнхжаргал нь Н.Баярмаад 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 20,000,000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцож, гэрээний дагуу зээлдэгч 20,000,000 төгрөгийг хүлээн авч, гарын үсэг зурсан үйл баримт тогтоогджээ.

 7. Талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2., 281 дүгээр зүйлийн 281.1.-д нийцжээ.

 7.1. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, ...зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, ...хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, ...хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.3., 232 дугаар зүйлийн 232.1., 232.6.-д тус тус зохицуулжээ.

 8. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд төлбөр төлөөгүй үндэслэлээр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү /20,000,000х5%х3сар/ 3,000,000 төгрөг, алданги /23,000,000-50%/ 11,500,000 төгрөг, нийт 34,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 9. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ: ...зээлийн гэрээ байгуулагдсан өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаа хэлбэрээр шилжүүлж, улмаар зээлийн төлбөрт өгч, төлбөр тооцоо дууссан... гэж маргажээ.

 10. Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2016.09.06-ны өдөр Зээлийн гэрээ, мөн өдрөөр огноолсон Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг тус тус байгуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээний арын нүүрэнд зээлдэгч нь 20,000,000 төгрөгийг бэлнээр хүлээж авлаа, 2016.09.07-нд гэж бичиж, гарын үсгээ зурж, утасны дугаараа бичсэн, дээрх бичвэртэй маргаагүй байна.

 11. Харин Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч Н.Баярмаа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгат, 15 дугаар байр, 23 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 60,000,000 төгрөгөөр үнэлж, худалдан авагч Д.Мөнхжаргалын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний 2.3.-т төлбөр 2016.09.06-ны өдөр бүрэн төлөгдсөн гэжээ.

 12. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн зээлийн төлбөрт шилжүүлсэн гэж тайлбарлах боловч Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд төлбөр төлөгдсөн хугацааг 2016.09.06-ны өдөр гэж, зээлдэгчийн зээл хүлээж авсан хугацааг 2016.09.07-ны өдөр гэж тус тус тэмдэглэгдсэн, мөн Н.Баярмаа нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үүргийг биелүүлж, орон сууц албадан чөлөөлүүлэх тухай Д.Мөнхжаргалын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.22-ны өдрийн 1177 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 13. Хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид зээлийн төлбөрт орон сууцыг шилжүүлсэн агуулга бүхий ямар нэг тайлбар тусгагдаагүй бөгөөд хоёр шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариу тайлбар, татгалзлаа нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй болно.

 14. Хариуцагчийн Н.Мөнхбатыг гэрчээр асуулгахыг хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч Н.Мөнхбат нь Монгол улсад байхгүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар нотлогдсон үндэслэлээр хүсэлтийг хангасан захирамжийн заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1., 38 дугаар зүйлийн 38.6. дахь заалтыг зөрчөөгүй.

 Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 15. Хэрэг шүүхэд хянагдах явцад хариуцагчийн нөхөр Н.Мөнхбатаас Н.Баярмаагийн зээлийн төлбөрт 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон тул шүүх дээрх төлбөрийг зээлийн хүү, үндсэн төлбөрөөс хасч, /20,000,000 +(20,000,00х5%х3сар)-8,000,000/, үлдэх 15,000,000 төгрөгт гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож, /15,000,000-50%/ 7,500,000 төгрөг, нийт /15,000,000+7,500,000/ 22,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4., 281, 282, 232 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, зохигчийн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02336 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 674 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Н.Баярмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н.Баярмаагаас 2020.04.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 П.ЗОЛЗАЯА

 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.ЭРДЭНЭСУВД