Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2019/01894

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2019/01894 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Х.Х ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Х /РД:/

 

Хариуцагч: А.Г /РД:/ нарт холбогдох

 

97,471,597.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, хариуцагч нарын төлөөлөгч Б.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Б.Х, А.Г нартай 2018 оны 04 сарын 13-ны өдөр №0002773 тоот зээлийн гэрээ, №0002773/2 тоот Барьцааны гэрээ, №0002773/2 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр 100,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хуүтэй, 12 сарын хугацаатайгаар Монгол улсын Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг тус тус үндэслэн байгуулж зээлийн барьцаанд барьцааны №0002773/2 тоот гэрээгээр Б.Хийн өмчлөлийн ГД- 000072208, улсын бүртгэлийн Ү-2204019552 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуутын 12 дугаар гудамж 218А тоот хаягт байршилтай 144 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, барьцааны №0002818/2 тоот гэрээгээр Б.Х, А.Г нарын өмчлөлийн ГД-0000038244, улсын бүртгэлийн Г-2204008629 дугаар бүхий Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуутын 12 дугаар гудамж 218А тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18648309167987 дугаар бүхий, 191 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, XCMG XG962 маркийн 15-39 УБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн авто ачигч зориулалттай авто машин, XIAGONG XG962 маркийн 15-98 УБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн авто ачигч зориулалттай авто машиныг тус тус барьцаалсан. Хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 04 сарын 13-ны өдөр дуусгавар болсон бөгөөд хариуцагч Б.Хийн ирүүлсэн хүсэлтийн дагуу 2019 оны 06 сарын 18-ны өдөр 4 сарын хугацаагаар сунгасан ч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн байна. Зээлийн гэрээний 2.2-д Зээлдэгч гэрээний хавсралт 1-д дурдсан хуваарийн дагуу авсан зээлийг түүний хүүгийн хамт хугацаанд нь зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэгтэй гэж заасан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 3 дугаар зүйлийн 3.3-т Зээл, хүүг энэ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг тооцож, төлбөрийг гэрээний дагуу зээлдэгчээс төлөхийг шаардах эрхтэй, Барьцааны гэрээний 4 дугаар зүйлийн 4.2-т Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээний үүргийг иргэний хуульд заасны дагуу хангуулах ба шүүхээр шийдвэрлүүлнэ зэргийг үндэслэл болгон хариуцагч Б.Х, А.Г нараас 2019 оны 08 сарын 15-ны өдрөөр тооцон үндсэн зээл 92,109,700 төгрөг, хуримтлагдсан хүү 5,361,897.20 төгрөг, нийт 97,471,597.20 төгрөгийг нэхэмжилж, зээлийн төлбөрийн үүргийг гүйцэтгэлийг зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5, 3.6 болон барьцааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг тус тус үндэслэн барьцааны гэрээнд тусгасан барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар нэхэмжилж байна. гэв.

 

Хариуцагч нар болон хариуцагч нарын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын тухайд бид зээлийн гэрээний дагуу хариу үүрэг гүйцэтгэх учиртай гэдгийг ухамсарлаж байгаа хэдий ч төлөвлөж байсан ажил зогссон учир хугацаандаа үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Мөн талууд 2019 оны 06 сарын 18-ны өдрийн №0002773-1 тоот нэмэлт гэрээгээр үүрэг гүйцэтгэх эцсийн хугацааг 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэж заасан байна. Зээлийн гэрээний 3.5, 4.2 дахь хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө, өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй хэдий ч зээлдэгч гэрээний дагуу өнгөрсөн хугацаанд 48 сая төгрөгийн хариу үүрэг гүйцэтгэсэн гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар гэрээний 6-р зүйлд заасны дагуу талууд эхний ээлжинд шүүхийн бус журмаар харилцан зөвшилцөх байдлаар шийдвэрлэхийг эрмэлзэх нь зүйтэй байсан. Хариуцагч нарын зүгээс мөнгө авсан өгсөнд бол маргахгүй. Гэрээний талууд гэрээтэй холбоотой эрх үүргийг хэрэгжүүлдэг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зээлдэгчийн санхүүгийн байдал доройтсон тохиолдолд зээлийг буцаан шаардах эрхтэй байхаар заасан. Зээл авснаас хойш 2 дахь сараас зээлдэгчийн эдийн засгийн байдал доройтож байгааг мэдсээр байж зээлээ буцаан шаардаагүй нөхцөл байдал байгаа. Зээлдэгч нар зээлийн хүүнд 48,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Хэрэв зээлдүүлэгч зээлээ буцаан шаардсан бол энэ 48,000,000 төгрөг үндсэн төлбөрөөс хасагдаж болох байсан. ББСБ-ын зээлийн хувьд хүү нь зогсдоггүй, зээлдэгчид дарамт болдог. Хэрэв зээлээ буцаан шаардах эрхээ хэрэгжүүлсэн бол ийм зүйл болохгүй байсан. Гэрээнд хугацаа сунгах заалт байсан. Хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээний хугацааг сунгасан атлаа 10 сард хугацаа нь дуусах зээлийг хугацаанаас нь өмнө буцаан шаардсан. Энэ мэтээр өөрийн үзэмжээр шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа байдлыг шүүх харгалзаж үзэх ёстой байх. Хариуцагч нарын хувьд хийж байсан үйл ажиллагаа нь гуравдагч этгээдийн үйл ажиллагаанаас шалтгаалж доголдол ийм байдал үүссэн. Талууд анх удаа зээлийн харилцаанд орсон зүйл биш, хариуцагч нар өмнө нь гэрээний үүргээ биелүүлж байсан. Эрсдэлийг хамтдаа хариуцаж 2020 оны хавар хүртэл хүлээж болох байсан болов уу гэж бодож байна. Мөн гэрээний 6.1-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх зохицуулалт байсан. Эдгээрийг шүүх харгалзан үзнэ үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Х ББСБ ХХК нь хариуцагч Б.Х, А.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 97,471,597.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар болон хариуцагч нарын төлөөлөгч нь нэхэмжлэгч тал зээлдэгч нарын эдийн засгийн байдал доройтсоныг мэдэж байсан атлаа зээлээ буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээний хугацааг сунгасан атлаа уг хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалж зээлийг буцаан шаардсан, мөн талууд гэрээндээ эхний ээлжинд эвлэрлийн журмаар маргааныг шийдвэрлэнэ гэж заасан байхад шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн тайлбарыг гаргаж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2018 оны 04 сарын 13-ны өдөр Х.Х ББСБ ХХК болон Б.Х, А.Г нарын хооронд 0002773 дугаартай Зээлийн гэрээ /хх-4,5 тал/ байгуулагдсан байх ба гэрээгээр Х.Х ББСБ ХХК нь Б.Х, А.Г нарт 100,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, Б.Х, А.Г нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байх ба зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нар нь зээл, түүний хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

2019 оны 06 сарын 18-ны өдөр Х.Х ББСБ ХХК болон Б.Х нарын хооронд 0002773-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нэрээ гэрээ /хх-6 тал/ байгуулагдсан байх ба уг гэрээгээр 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 0002773 дугаартай зээлийн гэрээний хугацааг 2019 оны 10 сарын 13-ны өдөр хүртэл сунгасан өөрчлөлтийг хийсэн байна.

2018 оны 04 сарын 13-ны өдрийн 0002773 дугаартай зээлийн гэрээний зээлдэгч нь Б.Х, А.Г нар бөгөөд тэд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөх үүргийг хамтран хүлээсэн этгээдүүд байх тул тэднийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дахь заалтад заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ.

Нэхэмжлэгч Х.Х ББСБ ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хүлээх үүрэгтэй холбоотой буюу зээлийг буцаан төлөх хугацааны талаарх тохиролцоог үүрэг гүйцэтгэгчдийн нэгтэй нь буюу Б.Хтай харилцан тохиролцож 2019 оны 06 сарын 18-ны өдрийн гэрээгээр хийснийг зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэхгүй, 2019 оны 06 сарын 18-ны өдрийн гэрээ нь нэхэмжлэгчид шаардах эрхгүй үүсгэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 0002773 дугаартай зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд 2019 оны 06 сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 92,109,700 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 4,027,425 төгрөг, нийт 96,137,125 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан болох нь зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах өдрийн байдлаар талуудын хооронд хийсэн тооцоогоор тогтоогдсон, уг үнийн дүнгийн хэмжээнд хариуцагч тал маргаагүй байх тул хариуцагч Б.Х, А.Г нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 96,137,125 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Х ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 1,334,472.2 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэхэмжлээгүй тул шүүх 2019 оны 06 сарын 18-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцох шаардлагагүй гэж үзсэн болно.

Х.Х ББСБ ХХК болон Б.Х, А.Г нарын хооронд 2018 оны 04 сарын 13ы өдөр 0002773 дугаартай Барьцааны гэрээ нэртэй гэрээ /хх-7 тал/ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Х.Х ББСБ ХХК болон Б.Х, А.Г нарын нарын хооронд 2018 оны 04 сарын 13ы өдөр байгуулагдсан 0002773 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019552 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000072208 дугаартай гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10 гудамж 218А тоот хаягт байршилтай, 144 м.кв талбай бүхий хувийн сууц, 000038244 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-2204008629 дугаартай, 494 м.кв талбайтай газар өмчлөх эрхийг тус тус үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна.

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь заалтад заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дахь заалтад Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтад Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байна.

2018 оны 04 сарын 13ы өдрийн 0002773 дугаартай барьцааны гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019552 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000072208 дугаартай гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10 гудамж 218А тоот хаягт байршилтай, 144 м.кв талбай бүхий хувийн сууц, 000038244 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-2204008629 дугаартай, 494 м.кв талбайтай газар өмчлөх эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019552 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000072208 дугаартай гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10 гудамж 218А тоот хаягт байршилтай, 144 м.кв талбай бүхий хувийн сууц, 000038244 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-2204008629 дугаартай, 494 м.кв талбайтай газар өмчлөх эрхийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч нартай 2018 оны 04 сарын 13-ны өдөр 0002773 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж уг гэрээгээр XCMG XG962 маркийн 15-39 УБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн авто ачигч зориулалттай авто машин, XIAGONG XG962 маркийн 15-98 УБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн авто ачигч зориулалттай авто машиныг тус тус барьцаалсан бөгөөд дээрх эд хөрөнгүүдээр мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа гэж тайлбарласан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018 оны 04 сарын 13-ны өдрийн огноотой Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй гэрээ /хх-8 тал/-ний удирдтгал хэсэг болон нийтлэг үндэслэл гэсэн хэсэгт гэрээг нэг талаас Х.Х ББСБ ХХК, нөгөө талаас Б.Х, А.Г нар ББСБ болон зээлдэгч нарын хооронд 2018 оны 04 сарын 13-ны өдөр байгуулагдсан 0002773 тоот гэрээний дагуу 100,000,000 төгрөгийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг баталгаажуулж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд байгаа хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр байгуулсан гэсэн байх боловч уг гэрээнд гэрээний нэг тал болох А.Г гарын үсэг зураагүй байх тул уг гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байхын зэрэгцээ уг гэрээнд дурдагдсан тээврийн хэрэгслүүд нь хариуцагч нарын өмчлөлд байсан тээврийн хэрэгсэл болохыг нотолсон баримтгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан XCMG XG962 маркийн 15-39 УБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн авто ачигч зориулалттай авто машин, XIAGONG XG962 маркийн 15-98 УБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн авто ачигч зориулалттай авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч нарын төлөөлөгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дахь заалтад талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам тохиролцсон гэсэн тайлбарыг гаргаж байх боловч гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дахь заалтад Гэрээний үүргийн биелэлтийн явцад маргаан гарвал Талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэхийг эрхэмлэнэ гэж заасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь заалтад заасан маргаан гарвал эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэхээр шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэх үндэслэлд хамаарахгүй гэж шүүх үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Х, А.Г нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 96,137,125 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Х ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 1,334,472.2 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019552 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000072208 дугаартай гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10 гудамж 218А тоот хаягт байршилтай, 144 м.кв талбай бүхий хувийн сууц, 000038244 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-2204008629 дугаартай, 494 м.кв талбайтай газар өмчлөх эрхийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгчийн гаргасан XCMG XG962 маркийн 15-39 УБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн авто ачигч зориулалттай авто машин, XIAGONG XG962 маркийн 15-98 УБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн авто ачигч зориулалттай авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 645,310 төгрөг, 2019 оны 08 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, нийт 715,510 төгрөгийн 715,508 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Х, А.Г нараас 673,735 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Х ББСБ ХХК-д олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР