Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2005

 

 

“Х”  ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01894 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Х”  ХХК-ийн хариуцагч Б.Х , А.Г  нарт холбогдуулан гаргасан 97 471 597.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага Б.Х , А.Г  нартай 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр №0002773 тоот зээлийн гэрээ, №0002773/2 тоот Барьцааны гэрээ, №0002773/2 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр 100 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар Монгол Улсын Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг тус тус үндэслэн байгуулж зээлийн барьцаанд барьцааны №0002773/2 тоот гэрээгээр Б.Х ийн өмчлөлийн ГД- 000072208, улсын бүртгэлийн Ү-2204019552 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуутын 12 дугаар гудамж 218А тоот хаягт байршилтай 144 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, барьцааны №0002818/2 тоот гэрээгээр Б.Х , А.Г  нарын өмчлөлийн ГД-0000038244, улсын бүртгэлийн Г-2204008629 дугаар бүхий Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуутын 12 дугаар гудамж 218А тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18648309167987 дугаар бүхий, 191 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, XCMG XG962 маркийн 15-39 УБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн авто ачигч зориулалттай авто машин, XIAGONG XG962 маркийн 15-91 УБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн авто ачигч зориулалттай авто машиныг тус тус барьцаалсан. Хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон бөгөөд хариуцагч Б.Х ийн ирүүлсэн хүсэлтийн дагуу 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 4 сарын хугацаагаар сунгасан ч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн байна. Зээлийн гэрээний 2.2-д зээлдэгч гэрээний хавсралт 1-д дурдсан хуваарийн дагуу авсан зээлийг түүний хүүгийн хамт хугацаанд нь зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэгтэй гэж заасан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 3.3-т Зээл, хүүг энэ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг тооцож, төлбөрийг гэрээний дагуу зээлдэгчээс төлөхийг шаардах эрхтэй, Барьцааны гэрээний 4.2-т Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээний үүргийг иргэний хуульд заасны дагуу хангуулах ба шүүхээр шийдвэрлүүлнэ зэргийг үндэслэл болгон хариуцагч Б.Х , А.Г  нараас 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөр тооцон үндсэн зээл 92 109 700 төгрөг, хуримтлагдсан хүү 5 361 897.20 төгрөг, нийт 97 471 597.20 төгрөгийг нэхэмжилж, зээлийн төлбөрийн үүргийг гүйцэтгэлийг зээлийн гэрээний 3.5, 3.6 болон барьцааны гэрээний 4.2-т заасныг тус тус үндэслэн барьцааны гэрээнд тусгасан барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд бид зээлийн гэрээний дагуу хариу үүрэг гүйцэтгэх учиртай гэдгийг ухамсарлаж байгаа хэдий ч төлөвлөж байсан ажил зогссон учир хугацаандаа үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн талууд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №0002773-1 тоот нэмэлт гэрээгээр үүрэг гүйцэтгэх эцсийн хугацааг 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэж заасан байна. Зээлийн гэрээний 3.5, 4.2-т зааснаар гэрээг хугацаанаас өмнө, өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй хэдий ч зээлдэгч гэрээний дагуу өнгөрсөн хугацаанд 48 000 000 төгрөгийн хариу үүрэг гүйцэтгэсэн гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу талууд эхний ээлжид шүүхийн бус журмаар харилцан зөвшилцөх байдлаар шийдвэрлэхийг эрмэлзэх нь зүйтэй байсан. Хариуцагч нарын зүгээс мөнгө авсан өгсөнд бол маргахгүй. Гэрээний талууд гэрээтэй холбоотой эрх үүргийг хэрэгжүүлдэг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зээлдэгчийн санхүүгийн байдал доройтсон тохиолдолд зээлийг буцаан шаардах эрхтэй байхаар заасан. Зээл авснаас хойш 2 дахь сараас зээлдэгчийн эдийн засгийн байдал доройтож байгааг мэдсээр байж зээлээ буцаан шаардаагүй нөхцөл байдал байгаа. Зээлдэгч нар зээлийн хүүд 48 000 000 төгрөгийг төлсөн. Хэрэв зээлдүүлэгч зээлээ буцаан шаардсан бол энэ 48 000 000 төгрөг үндсэн төлбөрөөс хасагдаж болох байсан. “Х”  ХХК-ийн зээлийн хувьд хүү нь зогсдоггүй, зээлдэгчид дарамт болдог. Хэрэв зээлээ буцаан шаардах эрхээ хэрэгжүүлсэн бол ийм зүйл болохгүй байсан. Гэрээнд хугацаа сунгах заалт байсан. Хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээний хугацааг сунгасан атлаа 10 сард хугацаа нь дуусах зээлийг хугацаанаас нь өмнө буцаан шаардсан. Энэ мэтээр өөрийн үзэмжээр шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа байдлыг шүүх харгалзаж үзэх ёстой байх. Хариуцагч нарын хувьд хийж байсан үйл ажиллагаа нь гуравдагч этгээдийн үйл ажиллагаанаас шалтгаалж доголдол ийм байдал үүссэн. Талууд анх удаа зээлийн харилцаанд орсон зүйл биш, хариуцагч нар өмнө нь гэрээний үүргээ биелүүлж байсан. Эрсдэлийг хамтдаа хариуцаж 2020 оны хавар хүртэл хүлээж болох байсан болов уу гэж бодож байна. Мөн гэрээний 6.1-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх зохицуулалт байсан. Эдгээрийг шүүх харгалзан үзнэ үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Х , А.Г  нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 96 137 125 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х”  ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 1 334 472.2 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019552 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000072208 дугаартай гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10 гудамж 218А тоот хаягт байршилтай, 144 м.кв талбай бүхий хувийн сууц, 000038244 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-2204008629 дугаартай, 494 м.кв талбайтай газар өмчлөх эрхийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгчийн гаргасан XCMG XG962 маркийн 15-39 УБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн авто ачигч зориулалттай авто машин, XIAGONG XG962 маркийн 15-98 УБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн авто ачигч зориулалттай авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 645 310 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөг, нийт 715 510 төгрөгийн 715 508 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Х , А.Г  нараас 673 735 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х”  ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо:

… Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг удирдлага болгон давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн огноотой “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ" нэртэй гэрээний удиртгал хэсэг болон нийтлэг үндэслэл гэсэн хэсэгт гэрээг нэг талаас “Х”  ХХК, нөгөө талаас Б.Х , А.Г  нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 0002773 тоот гэрээний дагуу 100 000 000 төгрөгийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг баталгаажуулж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд байгаа хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр байгуулсан гэсэн байх боловч уг гэрээнд гэрээний нэг тал болох А.Г  гарын үсэг зураагүй байх тул уг гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байхын зэрэгцээ уг гэрээнд дурдагдсан тээврийн хэрэгслүүд нь хариуцагч нарын өмчлөлд байсан тээврийн хэрэгсэл болохыг нотолсон баримтгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан ХCМG ХG962 маркийн 15-39 УБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн авто ачигч зориулалттай автомашин, ХIAGONG ХG962маркийн 15-98 УБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн авто ачигч зориулалттай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв" гэсэн боловч энэ нь шийдвэрийн тогтоох хэсэгт биелэлээ олсонгүй.

Учир нь шүүх "Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ"-ний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа уг шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, мөн хуулийн 60 дугаар үйлийн 60 1 дахь заалтыг баримтлан хариуцагч нараас 673 735 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хуваарилахдаа хариуцагч нараас 35 100 төгрөгийг илүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагад үл нийцсэн гэж үзэхээр байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3. "... хариуцагч Б.Х . А.Г  нараас 673 735 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х”  ХХК-д олгосугай" гэсэн шүүхийн зардлын хуваарилалттай холбогдох хэсгийг хуульд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулж буюу хариуцагч нараас гаргуулахаар илүү тогтоосон 35 100 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч “Х”  ХХК нь хариуцагч Б.Х , А.Г  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 97 471 597.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Б.Х , А.Г  нар нь нэхэмжлэгч “Х”  ХХК-аас 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 0002773 тоот зээлийн гэрээгээр 100 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж, үүргийн гүйцэтгэлийн барьцаанд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

            Талууд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан 0002773 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа үлдэгдэл төлбөр 92 109 700 төгрөг, хүүд 4 027 425 төгрөг нийт 96 137 125 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тооцоолол хийж баталгаажуулан гарын үсэг зуржээ.

 

            Хариуцагч буюу зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, 96 137 125 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь зээлийн тооцоолол, зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг 96 137 125 төгрөгийн хэмжээнд хангасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Түүнчлэн хариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах эрхтэй бөгөөд шүүх барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019552 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000072208 дугаартай гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10 гудамж 218А тоот хаягт байршилтай, 144 м.кв талбай бүхий хувийн сууц, 000038244 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-2204008629 дугаартай, 494 м.кв талбайтай газар өмчлөх эрхийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Харин анхан шатны шүүх хариуцагч Б.Х , А.Г  нараас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж шийдвэрлэхдээ тооцооллын хувьд алдаа гаргасан байх тул                   “... 673 735 төгрөг” гэснийг “...638 635 төгрөг” болгон өөрчилж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уг үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01894 дугаар шийдвэрийн 3 дахь заалтын “... 673 735 төгрөг...”  гэснийг “ ...638 635 төгрөг...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Х  заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                     А.МӨНХЗУЛ

 

А.ОТГОНЦЭЦЭГ