Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00492

 

Хас хаан ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01894 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2005 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Хас хаан ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Хуяг, А.Ганцэцэг нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 97,471,597.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөрийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа, түүний өмгөөлөгч Л.Золзаяа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Хас хаан ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай байгууллага Б.Хуяг, А.Ганцэцэг нартай 2018.04.13-ны өдөр №0002773 тоот зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж, №0002773/2 тоот барьцааны гэрээгээр Б.Хуягийн өмчлөлийн ГД-000072208, улсын бүртгэлийн Ү-2204019552 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуутын 12 дугаар гудамж 218А тоот хаягт байршилтай 144 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, барьцааны №0002818/2 тоот гэрээгээр Б.Хуяг, А.Ганцэцэг нарын өмчлөлийн ГД-0000038244, улсын бүртгэлийн Г-2204008629 дугаар бүхий Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуутын 12 дугаар гудамж 218А тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18648309167987 дугаар бүхий, 191 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, №0002773/2 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж XCMG XG962 маркийн 15-39 УБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн авто ачигч зориулалттай автомашин, XIAGONG XG962 маркийн 15-98 УБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн авто ачигч зориулалттай автомашиныг тус тус барьцаалсан. Хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019.04.13-ны өдөр дуусгавар болсон бөгөөд хариуцагч Б.Хуягийн ирүүлсэн хүсэлтийн дагуу 2019.06.18-ны өдөр 4 сарын хугацаагаар сунгасан ч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн байна. Зээлийн гэрээний 2.2-д зээлдэгч гэрээний хавсралт 1-д дурдсан хуваарийн дагуу авсан зээлийг түүний хүүгийн хамт хугацаанд нь зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэгтэй гэж заасан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 3.3-т Зээл, хүүг энэ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг тооцож, төлбөрийг гэрээний дагуу зээлдэгчээс төлөхийг шаардах эрхтэй, Барьцааны гэрээний 4.2-т Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээний үүргийг иргэний хуульд заасны дагуу хангуулах ба шүүхээр шийдвэрлүүлнэ зэргийг үндэслэл болгон хариуцагч Б.Хуяг, А.Ганцэцэг нараас 2019.08.15-ны өдрөөр тооцон үндсэн зээл 92,109,700 төгрөг, хуримтлагдсан хүү 5,361,897.20 төгрөг, нийт 97,471,597.20 төгрөгийг нэхэмжилж, зээлийн төлбөрийн үүргийг гүйцэтгэлийг зээлийн гэрээний 3.5, 3.6 болон барьцааны гэрээний 4.2-т заасныг тус тус үндэслэн барьцааны гэрээнд тусгасан барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагын тухайд бид зээлийн гэрээний дагуу хариу үүрэг гүйцэтгэх учиртай гэдгийг ухамсарлаж байгаа хэдий ч төлөвлөж байсан ажил зогссон учир хугацаандаа үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн талууд 2019.06.18-ны өдрийн №0002773-1 тоот нэмэлт гэрээгээр үүрэг гүйцэтгэх эцсийн хугацааг 2019.10.13-ны өдөр гэж заасан байна. Зээлийн гэрээний 3.5, 4.2-т зааснаар гэрээг хугацаанаас өмнө, өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй хэдий ч зээлдэгч гэрээний дагуу өнгөрсөн хугацаанд 48,000,000 төгрөгийн хариу үүрэг гүйцэтгэсэн гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу талууд эхний ээлжид шүүхийн бус журмаар харилцан зөвшилцөх байдлаар шийдвэрлэхийг эрмэлзэх нь зүйтэй байсан. Хариуцагч нарын зүгээс мөнгө авсан өгсөнд бол маргахгүй. Гэрээний талууд гэрээтэй холбоотой эрх үүргийг хэрэгжүүлдэг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зээлдэгчийн санхүүгийн байдал доройтсон тохиолдолд зээлийг буцаан шаардах эрхтэй байхаар заасан. Зээл авснаас хойш 2 дахь сараас зээлдэгчийн эдийн засгийн байдал доройтож байгааг мэдсээр байж зээлээ буцаан шаардаагүй нөхцөл байдал байгаа. Зээлдэгч нар зээлийн хүүд 48,000,000 төгрөгийг төлсөн. Хэрэв зээлдүүлэгч зээлээ буцаан шаардсан бол энэ 48,000,000 төгрөг үндсэн төлбөрөөс хасагдаж болох байсан. Хас хаан ББСБ ХХК-ийн зээлийн хувьд хүү нь зогсдоггүй, зээлдэгчид дарамт болдог. Хэрэв зээлээ буцаан шаардах эрхээ хэрэгжүүлсэн бол ийм зүйл болохгүй байсан. Гэрээнд хугацаа сунгах заалт байсан. Хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээний хугацааг сунгасан атлаа 10 сард хугацаа нь дуусах зээлийг хугацаанаас нь өмнө буцаан шаардсан. Энэ мэтээр өөрийн үзэмжээр шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа байдлыг шүүх харгалзаж үзэх ёстой байх. Хариуцагч нарын хувьд хийж байсан үйл ажиллагаа нь гуравдагч этгээдийн үйл ажиллагаанаас шалтгаалж доголдож ийм байдал үүссэн. Талууд анх удаа зээлийн харилцаанд орсон зүйл биш, хариуцагч нар өмнө нь гэрээний үүргээ биелүүлж байсан. Эрсдэлийг хамтдаа хариуцаж 2020 оны хавар хүртэл хүлээж болох байсан болов уу гэж бодож байна. Мөн гэрээний 6.1-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх зохицуулалт байсан. Эдгээрийг шүүх харгалзан үзнэ үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 181/ШШ2019/01894 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Хуяг, А.Ганцэцэг нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 96,137,125 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас хаан ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 1,334,472.2 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019552 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000072208 дугаартай гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10 гудамж 218А тоот хаягт байршилтай, 144 м.кв талбай бүхий хувийн сууц, 000038244 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-2204008629 дугаартай, 494 м.кв талбайтай газар өмчлөх эрхийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгчийн гаргасан XCMG XG962 маркийн 15-39 УБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн авто ачигч зориулалттай автомашин, XIAGONG XG962 маркийн 15-98 УБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн авто ачигч зориулалттай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 645,310 төгрөг, 2019 оны 08 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, нийт 715,510 төгрөгийн 715,508 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Хуяг, А.Ганцэцэг нараас 673,735 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас хаан ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2005 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01894 дугаар шийдвэрийн 3 дахь заалтын ...673 735 төгрөг... гэснийг ...638 635 төгрөг... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Хуяг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосон байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа нийт 97,471,597.20 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээний 3.6-д зээлдэгч эд хөрөнгө барьцаалж зээл авах үед ББСБ зээлдэгчтэй харилцан тохиролцож хөрөнгийн үнэлгээг тогтоон Фидуци, барьцаалбар, барьцааны гэрээнд тусгах ба зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ББСБ хуульд заасан үндэслэлийн дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна" гэж заасныг үндэслэн нэр бүхий 4 төрлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилжээ. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Фидуцийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар тохиролцсон байна. Ингэхдээ Фидуцийн гэрээний зүйл болох: 1. XIAGONG XG маркийн, 15-98 УБ улсын дугаартай, СХG00962Н001В0077 аралын дугаартай, авто ачигч, талуудын тохиролцсон үнэлгээ: 25,000,000 төгрөг; 2. ХСNG ХG962 маркийн, 15-37 УБ улсын дугаартай, СХG00962L001В0076 аралын дугаартай, авто ачигч, талуудын тохиролцсон үнэгээ: 25,000,000 төгрөгөөр тохиролцож Хас хаан ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. Зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний үүргээ мөнгөн хэлбэрээр биелүүлэх боломжгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлсэн нэр бүхий 2 ширхэг авто ачигч хөдлөх хөрөнгийг талуудын тохиролцсон үнэлгээгээр буюу 50,000,000 төгрөгт тооцож үүрэг гүйцэтгэгч шилжүүлсэн юм. Гэвч анхан шатны шүүх Фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн ИХШХШТХ-н 166.4-т давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасан бөгөөд Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж үзээгүй, өөрөөр хэлбэл Фидуцийн гэрээний зүйлийн өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэн байгаад, мөн үүргийн гүйцэтгэлийг Фидуцийн гэрээний зүйлээр хангуулах боломжтой эсэхэд дүгнэлт өгөөгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч болох хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тодорхой нэр бүхий 50,000,000 төгрөгийг үнэлгээ бүхий хөдлөх хөрөнгийг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид шилжүүлсэн байх тул хариуцагч нараас 96,137,125 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж байгаа нь хариуцагч нарын эрх зүй, эдийн засгийн байдлыг дордуулсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид шүүхийн шийдвэр гаргахаас өмнө 50,000,000 төгрөгийн хөрөнгө шилжчихсэн байхад хариуцагч нараас дахин нэмж 50,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэгдсэн. Иймд хариуцагч нарын зүгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгөнд өмчлөх шилжүүлэх/Фидуцийн гэрээний дагуу хариуцагч нараас гаргуулах мөнгөн хөрөнгийг төдий хэмжээгээр бууруулах буюу 46,137,125 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид 96,137,125 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй гэж үзвэл, үүний 50,000,000 төгрөгийг Фидуцийн гэрээний зүйлээр хангаж, үлдэх 46,137,125 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хасхаан ББСБ ХХК нь Б.Хуяг, А.Ганцэцэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 92,109,700 төгрөг, хүү 5,361,897.20 төгрөг, нийт 97,471,597.20 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар зээл авсанд маргахгүй, эдийн засгийн байдал доройтсон, маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэх боломжтой гэсэн хариу тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж, улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан хэсэгт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1. Зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Хэрэгт авагдсан 2018.04.13-ны өдрийн №0002773 тоот бичгийн гэрээгээр Б.Хуяг, А.Ганцэцэг нар Хасхаан ББСБ ХХК-аас 100,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн, талууд хожим гэрээний хугацааг 4 сараар сунгаж нэмэлт гэрээ байгуулсан байна.

Мөн өдөр зохигч №0002773/2 болон №0002818/2 тоот барьцааны гэрээ байгуулж зээлийн үүргийн гүйцэтгэлд Б.Хуягийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн, 12 дугаар хороо, Чулуутын 12 дугаар гудамж 218А тоот хаягт байршилтай 144 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, тухайн хаягт байршилтай Б.Хуяг, А.Ганцэцэг нарын өмчлөлийн 191 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан нь тогтоогджээ.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээж, бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж болно.

Зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулагдсан тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн ба бусад үйл ажиллагаа эрхлэх банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээг бичгээр байгуулахаас гадна улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр болдог бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хуулийн дээрх шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

2. Зээлийн гэрээг нэг талаас Хасхаан банк ББСБ ХХК, нөгөө талаас Б.Хуяг, А.Ганцэцэг нар байгуулсан байх тул хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмнө зээлийн үүргийг бүхэлд нь хүлээлгэн өгөх хамтран үүрэг гүйцэтгэгч болно гэсэн шүүхүүдийн дүгнэлт Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д заасныг зөрчөөгүй байна.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүрэг гүйцэтгэгч нь өөрийн эсхүл гуравдагч этгээдийн хөрөнгийг алийг ч барьцаалж болох бөгөөд барьцааны зүйл нь Б.Хуяг, А.Ганцэцэг нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байна. Иймд тэднийг барьцааны гэрээний барьцаалуулагч тал гэж үзэх нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3-т заасантай нийцнэ.

3. Хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг талууд харилцан шаардах эрхтэй, нэхэмжлэгч Хасхаан ББСБ ХХК нь гэрээгээр тохирсон 100,000,000 төгрөгийг хариуцагч Б.Хуяг, А.Ганцэцэг нарт шилжүүлэн өгсөн, гэрээний хугацаанд төлөгдсөн төлбөрийн үнийн дүнгийн талаар талууд маргаагүй, хожим зээлийн гэрээний хугацааг сунгаж нэмэлт гэрээ байгуулахдаа төлбөл зохих үүргийн үндсэн зээл 92,109,700 төгрөг, хүү 4,027,425 төгрөг, бүгд 96,137,125 төгрөг гэж баталгаажуулсан, уг хугацаанаас хойш төлбөр төлөгдөөгүй эдгээр байдлыг шүүх дүгнэж, хариуцагч нараас 96,137,125 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосныг үгүйсгэх үндэслэлгүй байна. Нэхэмжилсэн хүүгийн төлбөрөөс шүүх 1,334,472 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, үүнийг нэхэмжлэгч эсэргүүцээгүй болно.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, ...шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зохицуулсан. Хариуцагч нар шүүхийн шийдвэрт заасан гүйцэтгэвэл зохих үүргийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйлийг хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдаж үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх хангахдаа холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгөөс гадна хөдлөх хөрөнгө буюу 15-39 УБ болон 15-98 УБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн 2 ширхэг авто ачигч автомашинаар хангуулахыг шаардлага гаргасныг анхан шатны шүүх энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Анхан шатны шүүх Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ -д гэрээний нэг тал болох А.Ганцэцэг гарын үсэг зураагүй учир тухайн гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг хэрэглээгүй байна.

Хэрэгт авагдсан 2018.04.13-ны өдрийн №0002773/2 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г нэг талаас Хасхаан ББСБ ХХК, нөгөө талаас Б.Хуяг нар байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогджээ.

Гэрээний эхний хэсэгт үүрэг хүлээгч талыг Б.Хуяг, А.Ганцэцэг гэж заасан, А.Ганцэцэг гэрээнд гарын үсэг зураагүй байх боловч Б.Хуяг гэрээ байгуулж гарын үсэг зурсан, гэрээ байгуулсан хүсэл зоригийн илэрхийллийн талаар талууд маргаагүй байна.

Дээрх гэрээгээр авто ачигч 2 автомашиныг Хасхаан ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр талууд тохиролцсоны дагуу эдгээр хөрөнгийн бүртгэл нэхэмжлэгчийн нэр дээр шилжиж улсын бүртгэлд бүртгэгджээ.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба талуудын авто ачигч 2 автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиролцоо нь энэхүү гэрээний шинжийг агуулсан гэж үзнэ.

Харин уг хөдлөх эд хөрөнгийг үүрэг хүлээгч буюу хариуцагч нар эзэмшилдээ байлгаж байгаа бол үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь эдгээр хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болох боломжтой ба гэрээнд барьцаанд байгаа авто ачигч автомашины нэг бүрийн үнийг 25,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөг гэж тусгасныг дурдах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах шаардлагыг хангаж, энэ талаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2005 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01894 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад 175.1 гэсний дараа 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 гэж, автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг автомашиныг бодитойгоор гаргуулан авсан тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохыг дурдсугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 407,950 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД