Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2018/00366

 

 

 

2018 оны 02 сарын 08 өдөр Дугаар 181/ШШ2018/00366 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ө.Уянга, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ф-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Г ХХК -д холбогдох

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, агаарын хөлгийн нисгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийж олгуулахыг хариуцагчид даалгах, ажил олгогчоос 2013-2015 онд цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүйг тогтоох, дутуу олгосон цалин төгрөг 162,944,548 (82,102,41 ам.доллар, цалин хожимдуулсан алданги 81,472,274 төгрөг (41,051.20 ам.доллар), 2013-2014 онд гарсан зардлууд болох 39,693,000 төгрөг (20,000 ам.доллар гаргуулах, 2014 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №17, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №35, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А9 тушаалууд, суутгал тооцох, 600.000.000 төгрөгийн хохирол барагдуулах тухай 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №45 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, тус компанийг санхүүгийн алдагдалд оруулсан тул 291.708.500 төгрөг, компанийн нэр хүндэд халдсан 100.000.000 төгрөг, хууль бусаар авсан 85.130.425 төгрөг нийт 476.838.925 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Б.С, иргэдийн төлөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Э шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ф би 11 000 гаруй цагийн нислэг үйлдсэн, 21 жилийн хугацаанд дэлхийн олон улсад нам түвшиний агаарын геофизикийн судалгаа хийж байсан арвин туршлагатай, чадварлаг, дадлага туршлага бүхий нисгэгч бөгөөд 2 дээд түвшиний агаарын тээврийн нислэгийн тусгай зөвшөөрөл, Монголын Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас олгосон тусгай зөвшөөрөлтэй билээ.

1. Миний бие 2008 оны 05 дугаар сараас эхлэн Г ХХК-д нислэгийн захирал, агаарын хөлгийн нисгэгчээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Сүүлийн 2 хөдөлмөрийн гэрээг дараах хугацаагаар байгуулсан: 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2 жилийн хугацаатай, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл.

2. Ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатай гүйцэтгэж байсан, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Нислэг үйлдвэрлэлийн албанд мөрдөгдөж байгаа заавар, дүрэм, журмыг удирдлага болгон нэр төртэй ажлаа хийсээр ирсэн билээ.

3. 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өглөө ажилдаа явахаас өмнө цахим шуудангаа шалгатал ******* ХХК-ийн Ерөнхий Захирлын туслах Б.Мөнхбаяраас ирүүлсэн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэсэн огноотой, 02/74 мэдэгдлийг хүлээн авсан. Энэ мэдэгдэлд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр 30 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8 заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгож байгаа тухай мэдэгдсэн. Мөн энэ мэдэгдэлдээ дуусгавар болгох үндэслэлээ Хөдөлмөрийн хуулийн 40.1.1 аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгож байна гэжээ.

Мэдэгдэлд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байна өөр нэг үндэслэл болгож Хөдөлмөрийн гэрээний 3.1.3 сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах заалтыг дурдсан байна. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан урьдчилан мэдэгдэл хүргүүлж байна, 30 хоногийн дотор ажлаа хүлээлгэж өг гэсэн. Надад ажлаас халж байгаа тушаал шийдвэрийг өнөөдөр хүртэл өгөөгүй. Ажил олгогчоос хөдөлмөрийн харилцааг зохицуулсан аливаа шийдвэр, тушаал гаргахдаа үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн хууль холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгож баримтлах байтал Гүйцэтгэх захирал Г.Б 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02/74 дугаартай мэдэгдэл эрх зүйн хувьд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Мөн хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөхдөө мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг cap түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэснийг зөрчсөн.

Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т зааснаар ажлаас халсан атлаа миний ажиллаж байсан орон тоог нэг сарын дараа зарлаж, агаарын хөлгийн нисгэгчээр өөр хүнийг ажиллуулсан, тэр хүн одоог хүртэл Г ХХК-д ажиллаж байгаа.

4. Хариуцагч надад хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг өнөөдөр хүртэл өгөөгүй, миний ******* ХХК-ийн нэр дээрх Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсныг дурдах нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т ажилтан ажлаас буруу халагдсан гомдлоо ...ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар зохицуулсан. Нэхэмжлэгч би надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрээ ажил олгогчоос өнөөдрийг хүртэл аваагүй, ямар үндэслэлээр ажлаас халагдсанаа мэдэхгүй байна. Үүнээс гадна, Ф Улсын иргэн бөгөөд монгол хэл мэдэхгүй, надад ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлахад тушаал шийдвэр гаргаж гардуулж өгөх ёстой гэдгийг хуулийн зөвлөгөө авснаар мэдэж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хандсан. Хэдий нэхэмжлэгч би өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал шийдвэрээ гардан аваагүй ч хөөн хэлэлцэх хугацааны асуудал үүсч болзошгүй байх тул шүүхэд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээр хандаж байна.

Г ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу би нэг сард 6,025,380 төгрөгийн цалин авдаг байсан ба хариуцагчаас шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан бүх хугацааны цалин нэхэмжилж байна, 2016 оны 4-р сарын 15-ны байдлаар надад 11,5 сарын (нийт 34,500,000 төгрөг) олгохоор байна.

Хариуцагч надад эх хувиар хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлөх мэдэгдэл зэргийг өгөөгүй, ажилд орсон, гарсан тушаалуудыг мөн өгч байгаагүй учраас хариуцагчаас гаргуулах хүсэлтэй.

Иймд дээрх байдлыг үндэслэн, шүүхээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоох, агаарын хөлгийн нисгэгчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийж олгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ф-д улсын иргэн К нь 2008 оноос тус компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан болно.Энэ хугацаанд талууд гэрээний үүргээ харилцан биелүүлж ажиллаж байсан.

Нэхэмжлэгч К хувьд энэхүү хямралын үеийг зохистойгоор давж туулах хөтөлбөрийн хүрээнд ажлын байр нь цомхтголд орсон болно.Гэвч ажилтан К нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүргүүлсэн мэдэгдлээс хойш шалтгаангүйгээр, ямар ч тайлбаргүй сураг тасарсан бөгөөд огт хүлээлгэж өгөөгүйгээр барахгүй манай компанийн өмчлөлийн эд зүйлсийг буцааж өгөөгүй, санхүүгийн тооцоогоо ч дуусгаагүй болно. Бид түүнтэй ярилцаж, холбоо тогтоох гэж олон удаа оролдсон боловч биднээс санаатайгаар зугтааж огт холбоо бариагүй юм. Нэхэмжлэгч нь компанийн нэн шаардлагатай зарим багаж хэрэгслийг хүлээлгэж өгөөгүйгээс ажилд ихээхэн хэмжээний саад учруулж байсан. Үүнд: Нислэгийн үед хайгуулын шугамын нислэг хийгдэж байгаа эсэхийг шалган тогтоодог нэн чухал тоног төхөөрөмж болох Айпак багаж байсан бөгөөд түүнгүйгээр ямар ч хайгуулын ажил хийгдэх боломжгүй байдаг.

Энэ багажийг 2015 оны 07 дугаар сарын 09ний өдрийн үүрийн 4 цаг орчим компанийн үйлдвэрлэлийн захирал Г.Б биечлэн очиж Айпак төхөөрөмжөө авсан.

Нэхэмжлэгч АНУ-д компанийн зардлаар нисгэгчийн ур чадварын шалгалт өгдөг бөгөөд ийнхүү нэг явалтаараа 15-20 орчим мянган доллар зарцуулдаг байсан бөгөөд компанийн санхүүгийн дүрмийн дагуу санхүүгийн тайлангаа гаргаж, баримтаа бүрдүүлж өгөх үүргээ байнга хайнга биелүүлж ирсэн тул түүн дээр 2013 оноос хойш нилээд хэмжээний санхүүгийн баримтын асуудал үүсээд байгаатай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Манай компанийн зүгээс нэмжлэгчийг ажиллах нөхцөл, орон байр, хангамжаар бүрэн хангаж байсан. Компани нь түүнд хүргүүлсэн мэдэгдэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-т заасанчлан ажил хүлээлгэж өгөх 30 хоногийг тогтоож өгсөн ба ажилтан нь энэ хугацаанд ирж ажлаа зохих ёсоор хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүйгээр барахгүй нэн шаардлагатай онгоцны хайгуулын багажийг удаан хугацаагаар авч явсан нь харин ч манай ажилд ихээхэн хохирол учруулсан. Компани Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг, тэтгэмжийн хамт хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэхээс огтхон ч цаараглаагүй ба түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон ажил хүлээлцэх комиссыг тогтоосон захирлын шийдвэрүүд бүгд бэлэн байгаа болно. К манай компани дээр ирээд үйл ажиллагаа эрхэлсэн захирал Г уулзахад бид хөдөлмөрийн хууль болон компанийн дотоод журмын дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход бэлэн байна.

Гагцхүү нэхэмжлэгч нь өөрөө зугтаж хэл чимээгүй алга болсон. Мөн манай компани нь нэхэмжлэгчийн манай улсад оршин сууж, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн эрхийн төлбөрт cap бүр 392,000 төгрөгийг 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш нийт 9 сарын хугацаанд төлж 3,528,000 төгрөгийн зардал гаргасан болно. Ийнхүү төлөх болсон шалтгаан нь түүнийг бидэнтэй ирж уулзаж хууль болон компанийн дотоод журмын дагуу асуудлаа шийднэ гэж итгэн хүлээж боломж олгож байсан явдал юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээж авах боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага байна. Үүнд: хариуцагч надад өнөөдөр хүртэл 2013, 2014, 2015 онд хөдөлмөрийн гэрээнд заасан цалин бүрэн олгоогүй намайг хохироож байна. Улаанбаатар Аудит Корпорэйшн ХХК-ийн нарийвчлан гаргасан цалингийн тооцооллоор хариуцагч надад 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 162,944,548 (82,102,41 ам. доллар) цалин дутуу олгосон байна. Би цалин хөлсөө удаа дараа шаардаж компанийн удирдлага, нягтлан бодогчтой уулзсан боловч гомдлыг барагдуулаагүй. Компанийн зүгээс надад цалин хөлсийг нь өгнө, бусдаас гүйцэтгэсэн ажлын хөлсөө авч чадахгүй байгаа тул байгууллагын санхүүгийн байдал хэцүү байна гэж тайлбарласан. Хариуцагч надад цалин хөлс дутуу олгосон, зардлуудын тооцоотой гэдгээ удаа дараа хүлээн зөвшөөрч байснаас гадна төлөгдөөгүй байгаа цалинг өгнө гэдгээ дараах байдлаар илэрхийлж байсан.

а. Ажлаас халах тухай 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн мэдэгдэлд Хөдөлмөрийн гэрээ болон компанийн дотоод журмын дагуу ажил хүлээлцэх комиссыг томилж ажил хүлээлцсэний дараа ажилтанд МУ-ын засгийн газрын төсвийн санхүүжилтийн хүндрэлийн улмаас олгогдоогүй байсан цалин хөлсийг Ерөнхий нягтлантай ажлын хөлсний тооцоог нийлсний үндсэн дээр ажилтанд ажилласан хугацааны цалинг 30 хоногийн дотор олгоно

б. Компанийн санхүүгийн хяналт хариуцсан ажилтан И.А надад 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн [email protected] гэсэн хаягаас илгээсэн захидалдаа төлөгдөөгүй байгаа цалин 56.926.251,29 төгрөг, өнөөдрийн албан ханшаар бодвол 56.926.251,29 төгрөг/ 1947.56=29.229,52 доллар болно гэсэн.

Цалин хөлсөө авахаар би анх шүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хандсан. Шүүхээс хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсгийн шүүх хянан шийдвэрлэхээр хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс шийдвэрлэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зохицуулсан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. ******* ХХК-ийн дэргэд Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул би Нийслэлийн МХГ-т энэ гомдлоо гаргасан. Тус газраас гомдлын мөрөөр шалгаагүй, ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 02 өдрийн 02-02/1004 тоотоор хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул харьяа дүүргийнхээ шүүхэд хандана уу гэсэн хариу өгсөн. Миний үзэж байгаагаар, ажил олгогч хөлсийг маань дутуу олгосноо удаа дараа амаар болон бичгээр хүлээн зөвшөөрсөн, дутуу төлсөн цалин 56,926,251.29 төгрөг байна гэж өөрөө тооцоо гаргасан цалин хөлсний маргаан байхгүй, миний эрх зөрчигдсөн байгаа гэдгийг аль аль зөвшөөрсөн байдаг, харин үнийн дүн дээр зөрүүтэй байгаа.

Нэгэнт ажил олгогч миний цалинг дутуу олгосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул би цалингаа хүлээхээс өөр аргагүй байдалд орсон, энэ талаар аль ч тал маргаагүй тул би маргаан таслах комисст хандаагүй байсан. Цалингийн асуудлаар НМХГ-т тавихад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж хариулсан байдлаас дүгнэхэд төлөвлөгдөөгүй байгаа цалинг маань өгнө гэсэн ажил олгогчийн баталгаа гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамааралгүй гэж үзэж болохоор байгаа тул шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү.

Хариуцагч намайг орон тооны цомхтголоор ажлаас халах болсоноо 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр цахим шуудангаар мэдэгдээд тушаалыг өгөөгүй. Ажлаас чөлөөлсөн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 06/Б тушаалтай шүүхэд ирсний дараа нь танилцсан. Энэ тушаалыг дараах үндэслэлээр илт хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 06/Б дугаар тушаалыг компанийн гүйцэтгэх захирал гэж Г.Бат-Эрдэнэ гарын үсгээ зуржээ. Гэтэл хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Г ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд Гомбосүрэн овогтой Болдбаатар Гүйцэтгэх захирлаар томилогдсон гэж бүртгэгдсэн байна. Г.Бат-Эрдэнэ гэж хүн Г ХХК-ийн гүйцэтгэх захирал мөн гэж улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Тушаалыг надад цахим шуудангаар мэдэгдэл ирүүлсэн өдөр буюу 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тасалбар болгосон байна. Хариуцагч ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэг гэж заасан нь буруу болсон байна. Надад цахимаар ирүүлсэн мэдэгдэлд хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 хэсгийг үндэслэн цуцалж байна гэж заасан атлаа тушаалдаа 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалт буюу ажилтан санаачилсан гэжээ. Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө ажил олгогчид огт гаргаагүйгээс гадна ажлаас гарах бодол ч тэр үед байгаагүй. Намайг ажлаас чөлөөлсөн нь ажил олгогчийн санаачлага байсан.

Сул зогсолтын олговор олгохгүй тухай 2014 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №17, 2014 оны 10 дугаар сарын өдрийн №35, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А9 тушаал. Ажил олгогчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаас үзэхэд 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тодорхой бус хугацаагаар сул зогсолт зарлаад дараа нь сул зогсолтоо хэзээ нь зогсоосон нь тодорхойгүй байснаа дахин 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сул зогсолтоо зарлажээ. Эхний удаагийн сул зогсолтын үед 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 140 дугаар тушаалын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 56.2 заасныг баримтлан цалингийн 60% -тай тэнцэх нөхөн олговор олгохоор болсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлд сул зогсолтын тухай хууль тогтоогч заахдаа Ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний нөхөн олговор олгоно, хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ уг ажилтны цалингийн 60% байна гэжээ. Хариуцагчийн хувьд ажилтны төлөөлөгчтэй хамтын гэрээ байгуулж байгаагүй, дотоод журамдаа сул зогсолтын үед ямар зохицуулалт хийх, сул зогсолтын үед ажилтан ажилдаа ирж, бүртгүүлэх эсэх, энэ үед ажилтан ажиллах эсэх, ажилласан бол хэдэн цаг ажиллах, нөхөн олговрыг ямар нөхцөлд олгохгүй байх талаар журмаа гаргаагүй атлаа нэхэмжлэгчид 2014 оны 5, 10, 12 сарын сул зогсолтын олговор олгохгүй гэж шийдвэрлэж, 2014 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №17, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №35 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А9 тушаал гаргасан байна.

Ингэхдээ нэхэмжлэгчид сул зогсоол хийх болсон тухай, цалин өөрчлөлтийн талаар огт мэдэгдээгүй, компани зохицуулалт хийхээр болсон бол монгол хэл мэдэхгүй миний тухайд заавал мэдэгдэж хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах байсан. Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлд ажил олгогч ажилтны цалин хөлсний хэлбэр, хэмжээг өөрчилсөн тухай шийдвэрийг мөрдөж эхлэхээс 10, түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулна гэсэн ажил олгогчийн үүргийг үл биелүүлсэн байна. Мөн надад сахилгын шийтгэл ногдуулж сул зогсолтын олговрыг олгохгүй гэх дээрх тушаалуудыг огт танилцуулж байгаагүй. Ийм арга хэмжээ авагдсан талаар би мэдээгүй, тушаалд дурдсан дуудсан үед ирээгүй, огт холбоо бариагүй. утсаа нээлттэй байлгаагүй. 5 дугаар сард нийт 94 цаг ажиллуулахаар дуудсаны 32 цагт нь дуудлагыг хүлээн авч ажилласан. Үлдсэн 62 цагт нь дуудсан хугацаанд ирээгүй гэсэн зөрчлүүдийг би гаргаж байгаагүй, энэ зөрчлийг хэн, хэзээ, яаж тогтоосныг огт ойлгохгүй байна. Үүнээс гадна ийнхүү сахилгын шийтгэл ногдуулан тушаалаар арга хэмжээ авсан зэргийг танилцуулсан, ямар нэгэн хэлбэрээр мэдэгдсэн зүйл байхгүй. Иймд надад сул зогсолтын олговор олгохгүй тухай 2014 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №17, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №35, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А9 тушаалууд илт хууль бус гэж үзэж байгаа тул тушаалуудыг хүчингүй болгуулахаар хандаж байна. Мөн дээр дурдсанчлан, эдгээр тушаалуудыг хүчингүй болгуулах дараагийн үндэслэл бол бүх тушаалд компанийн гүйцэтгэх захирал гэж Г.Бат-Эрдэнэ гарын үсгээ зуржээ.Гэтэл хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Г ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд Гомбосүрэн овогтой Болдбаатар Гүйцэтгэх захирлаар томилогдсон гэж бүртгэгдсэн байна. Г.Бат-Эрдэнэ гэж хүн Г ХХК-ийн Гүйцэтгэх захирал мөн гэж улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгааг анхаарна уу.

Иймд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №45 дугаар тушаал илт ажилтан миний эрх, ашиг сонирхлыг зөрчиж, ямар ч нотлох баримтгүйгээр намайг хулгай хийсэн гэж нэр хүндэд халдаж, маш их хэмжээний мөнгө надаас гаргуулахаар шийдвэр гаргасанд гомдолтой байх тул тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Соёлмаа нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэгдүгээр шаардлагад шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Ф улсын иргэн К М нь ажил олгогчоос цалин хөлс өгөөгүйг тогтоох, дутуу олгосон цалин 162,944,548 төгрөг (82,102,41 ам доллар) цалин хожимдуулсан алданги 81,472,274 төгрөг (41,051.20 ам.доллар) тухайд: Манай компани 68 ажилтан албан хаагчтай бөгөөд Монгол улсын холбогдох хууль дүрэм журмын дагуу мэргэжлийн нягтлан бодогч ажилтнуудын цалин хөлсийг тооцож олгодог бөгөөд жил бүр Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар болон хуулийн дагуу жил бүр хийгддэг санхүүгийн аудитын шалгалтаар бүхий санхүүгийн үйл ажиллагаа хянагдан баталгааждаг билээ. Түүний нэхэмжилж байгаа цалин хөлсийг огт үндэслэлгүй гэж үзэж байна. 2013-2014 онд гарсан зардлууд болох 39,693,274 төгрөг (20,0000ам доллар) гаргуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь жил бүр АНУ-ын нисгэгчийн давтан сургалтад явж 20,000 ам.долларыг зарцуулдаг байсан бөгөөд зардлаа компаниас нөхөж авдаг байсан. Гэвч сургалтад суусан албан ёсны сертификатыг авчирдаггүй байсан тул энэ нь ИНД-19, ИНД-135 дүрмүүдийг зөрчиж компанийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг байсан. Энэ талаар ИНЕГ-аас байнга асуудал үүсгэдэг байсан ба бид тухай бүрд нь тэдэнтэй зохицож ажлаа үргэлжлүүлсээр байсан. Түүний нэхэмжлээд байгаа 20.000 ам.доллар нь санхүүгийн баримтаар нотлогдоогүй тул олгох боломжгүй болно.

******* ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр №2014/13 тоот Агаарын геофизикийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээ-г Уул уурхайн яамтай байгуулсан билээ. Агаарын геофизикийн нислэгийн 1 тууш/км нь 28,170.85 төгрөг ба сард дунджаар 10,000 тууш/км-ийн нислэг хийдэг юм. Нислэгийн үйлдэл боловсруулалтын хамт сард 400,000,000 сая гаруй төгрөгийн ажил хийж, хийсэн гүйцэтгэлээрээ санхүүждэг болно. Гэтэл нэхэмжлэгч санаатайгаар Айпакийг авч оргон зугтсан тул бид 2 cap судалгааны нислэг үйлдэж чадаагүй бөгөөд дээрх хугацаанд нислэг үйлдэгдсэн бол 20 орчим мянган тууш/км нислэг үйлдэх боломжтой байсан дараах бодит тогоо алдсан болно.29,170.85 төгрөг х 10000тууш/км х 2 сар=583,400 төгрөг юм.

Тэрээр Монгол улсын Шүүхийг үл хүндэтгэж худал мэдүүлж байгаад харамсаж байна. Хэрэв тэрээр үнэхээр эрх нь зөрчигдөж манай компанийн буруугаас хүндрэлтэй байдалд орсон бол яагаад хууль журмын дагуу ажлаа хүлээлгэж өгөөд цалин хөлсөө аваагүй юм. Гэтэл тэрээр 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш ямар ч шалтгаангүй ор сураггүй алга болж байгаад 2016 оны 4 дугаар сард гэнэт хөдөлмөрийн гэрээний маргаан үүсгээд гараад ирсэн. Манай компанийн зүгээс түүнд компани дээр ирсэн мэдээлэл, туслалцаагаа авах бүхий л боломж байсан тэр ч бүү хэл түүний оршин суух эрхийг 2016 оны 1 cap хүртэл төлсөөр байсан. Хэрэв 1 удаа ч гэсэн ирж уулзаад санал солилцсон эсхүл санал зөрөлдсөн бол түүний эрхийг зөрчсөн гэж үзэх боломжтой. Дээрх нөхцөл байдлаас харахад энд Ажилтан ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн харилцааны маргаан үүссэн гэж үзэх үндэслэл ч харагдахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа хамгийн гол үндсэн шаардлага бол нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан нэмэгдүүлсэн шаардлагын тухайд эрхээ зөрчигдсөн гэдгээ мэдэх ёстой байсан хугацаа нь 3 сарын дотор эрхээ сэргээлгэх боломжтой. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар эрхээ зөрчигдсөн гэдгээ 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн мэдэгдлийг хүлээж авснаар мэдсэн гэж тайлбарлаж байна. Тушаал гарахгүй байна гэж ямар ч үйлдэл хийхгүй хүлээгээд өөрийн тушаалаа гарна гэдгийг К мэдэж байсан. Манай компани К байгууллагатай ирж тооцоо хийсний дараа тушаал шийдвэр албажина гэдгийг мэдэгдэлд тодорхой дурдсан. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэх үндэслэл нь тушаал аваагүй гэж байна. Хууль зүйн үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа сэргээхдээ хүндэтгэн үзэх шалтгаан гэж байх ёстой. Хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхой тайлбарлах ёстой. Монгол хэл мэдэхгүй гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Кари Тапани эрүүл мэндийн шалтгаантай болон зайлшгүй байгалийн давагдашгүй байдлын улмаас нэхэмжлэл гаргах хүндэтгэн үзэх шалтгаантай гэдэг баримт байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдсонгүй. Хоёрдугаарт ажлаас үндэслэлгүй халсан асуудал байхгүй. Учир нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу мэдэгдэл явуулсан. Ажилтны аваад явсан Ай Пак гэх төхөөрөмж нь хямдхан зүйл гэж байна. Бид нар төхөөрөмжийн үнийн талаар яриагүй тус төхөөрөмжийг аваад явсан үйлдлийн талаар ярьсан. Танай авчирсан баримтаар ач холбогдолгүй гэж үзэж байгаа бол байгууллагын зөвшөөрөлгүй авч явсаныг нэг удаа нэхэхэд өгсөн гэдгийг та өөрөө хүлээн зөвшөөрөөд байна. 2015 оны 7 дугаар сард буцаан өгсөн. Гэтэл 2015 оны 4 дүгээр сард мэдэгдлээ хүлээж аваад 7 дугаар сард төхөөрөмжийг нэг удаагийн шаардлагад гаргаж өгсөн байдаг. Энэ нь өөрөө ажил олгогчийн ажилд саад учруулсан үйлдэл мөн.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хоёрдугаарт ажлаас үндэслэлгүй халагдсан гэдгийг тус тайлбараар нотолж байна. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд тайлбар гаргавал. Нисгэгч хүнд тавигдах ёстой тусдаа байдаг. Нисгэгч сургалтад хамрагдаж байж Иргэний Нисэхийн дүрмийн шаардлагыг хангадаг. Таны сургалтад яваад ирсэн гэх баримт нь Иргэний Нисэхийн дүрмийн шаардлага хангахгүй байгаа бөгөөд хоёр дугаарт нь энэ сургалтын гэрчилгээг Иргэний Нисэхийн сургалт зохион байгуулдаг газраас өгөөгүй. Хаанаас авчирсан нь мэдэгдэхгүй баримт авч ирээд хавтаст хэрэгт өгсөн байдаг. Үүнийг Иргэний Нисэхийн ерөнхий газраас ирсэн албан бичгээр нотолж байна. Нэхэмжлэгч талын шинжлэн судлуулсан албан бичиг бол Кари Тапанийг сургалтад хамрагдсан гэдгийг нотлох баримт Г ХХК-н өгсөн албан бичгээр нотлоод байна. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нь ямар ч үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухай товч тайлбар гаргахад өөрөө гэрээний үүрэг хүлээсэн байсныг хавтаст хэрэгт авагдсан. Гэрээний үүргийг биелүүлж чадаагүй болох нь цаг хугацааны хувьд харуулаад байна. 2015 оны 7 сар 6 сар гэдэг нь гэрээний үүрэг биелэгдэх ёстой цаг мөн. Гэтэл тус төхөөрөмж байхгүй учраас онгоц нислэг үйлдээгүй гэдэг нь үүргээр харагдаж байгаа учраас манай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Соёлмаа шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч Кари Тапани Маттинен нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 2 сар 8 хоногийн хугацаатайгаар санаатайгаар, компанийг санхүүгийн алдагдалд оруулах зорилготойгоор онгоцонд байнга суурилуулсан байх ёстой Айпак төхөөрөмжийг хулгайлан авч явсны улмаас манай компани нь 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 10,000 орчим туш км нислэгээ хийж чадалгүй алдсан тул энэ үед олох байсан бодит орлого 291.708.500 төгрөгийн хохирлыг

2. Хариуцагч нь өөрөө ажлаа хүлээлгэж өгөөгүй оргон зайлсан хирнээ компанийг түүнд цалин хөлсийг нь олгоогүй, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нь өгөхгүй байсан, нийгмийн даатгалыг нь төлөөгүй гэх мэтээр худлаа ярьж компанийн бизнесийн нэр хүндэд ноцтойгоор бүдүүлгээр халдсан тул 100,000,000 төгрөгийг

3. Хариуцагч Кари Тапанид хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэх захирлын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 140 тоот тушаалын дагуу түүний үндсэн цалингийн 60 хувиар тэнцэх хэмжээний сул зогсолтын олговрын үлдэгдэл болох 34,517,351 төгрөгийн өглөгтэй тул түүний учруулсан бодит хохирол болох 291,708,500 төгрөгөөс дээрх өглөгийг хасаж тооцоод нийт 357,191,149 төгрөгийг хариуцагч Кари Тапани Маттиненээс нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулж өгнө үү. Финлянд Улсын иргэн Кари Тапани Маттинен нь тус компанийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гүйцэтгэх захирлын 06/б тоот тушаалаар орон тооны цомхтголоор ажлаасаа халагдсан болно.

Тэрээр түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэж байгааг мэдэгдэлд албан ёсоор мэдэгдэл хүргүүлэх тухай захирлын туслах Мөнхбаяр амаар хэлээд компанийн цалин- тооцооны нягтлан бодогч Отгонхишигтэй уулзаж цалинг нь бодох хэрэгтэй байгаа талаар дурдаж 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр томилолтын зардалд авсан 10,000 ам доллар, мөн 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдөр сургалтын төлбөр гэж шилжүүлж авсан 6000 ам доллартой холбоотой санхүүгийн баримтаа бүрдүүлж өгөхийг шаардсан байна. Гэвч хариуцагч нь дээрх шаардлагыг тавьснаас хойш компанитай шууд харилцаа холбоогоо тасалж сураггүй алга болсон бөгөөд ингэхдээ санаатайгаар компанийг санхүүгийн алдагдалд оруулах зорилготойгоор онгоцонд байнга суурилуулсан байх ёстой Айпак төхөөрөмжийг хулгайлан авч оргон зайлсан болно. Түүнд ажлаас халж байгаа тухай мэдэгдлээ албан ёсоор өгсний дараа эхний 7 хоногт түүнийг бусад ажилтан албан хаагчдын адилаар санхүүгийнхээ баримтыг бүрдүүлж цалингийн тооцоогоо хийгээд, өөрт нь байгаа компанийн эд зүйлсээ буцааж өгөөд ажлаа хүлээлцэх байх гээд хүлээж байсан ба тухайн үед нислэг хараахан хийгдэж эхлээгүй байсан тул Айпак төхөөрөмжийг авч явсныг мэдээгүй байсан..

Компани нь 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 1 өдөр хүртэл нийт 10,000 км тууш нислэг хийсэн бөгөөд 1тууш км нь 29,170.85 төгрөг байхаар Уул уурхайн яамтай гэрээгээр тохирсон болно. /Гэрээ болон уул уурхайн яамны 2015 оны 7 дугаар сарын 9 өдрөөс 1 сарын хугацаанд хийсэн нислэгийг баталгаажуулсан актыг хавсаргав/Хариуцагч Кари Тапани нь Айпак төхөөрөмжийг хулгайлан авч яваагүй байсан бол манай компани 2015 оны 6 дугаар сарын 1 нээс 2015 оны 7 дугаар сарын 8 өдөр хүртэл хангалттай 10,000 тууш км нислэг үйлдэх байсан бөгөөд үүний ажлын хөлсөнд 291,708.500 төгрөгийг шууд ажлын гүйцэтгэлээрээ уул уурхайн яамнаас авах байсан. Бид энд түүний учруулсан алданги болон шууд бус олон алдагдлуудыг дурдаагүй болно.Мөн тэрээр 2013 онд компаниас АНУ-д сургалтад явах зорилгоор 16000 ам.долларыг шилжүүлж авсан бөгөөд санхүүгийн албаны зүгээс удаа дараа баримтаа бүрдүүлж өгөхийг шаардахад биелүүлээгүй тул санхүүгийн албаны хүмүүс Ерөнхий захирал Ихбаярт танилцуулж Ерөнхий захирал түүнийг дээрх шаардлагыг биелүүлэхийг өрөөндөө дуудаж мэдэгдсэн. Гэтэл тэрээр энэ үүргээ биелүүлээгүй бөгөөд түүний оргон зайлж зугтах болсон шалтгааны нэг нь болсон гэж үзэж байна. Иймд тэрээр 2013 оны 1 дүгээр сарын 16 өдөр шилжүүлж авсан 10,000 ам доллар, 2013 оны 3 дугаар сарын 5 өдөр шилжүүлж авсан 6000 ам доллар нийт 16,000 ам доллар буюу 22,408,900 сая төгрөгийн хохирол учруулаад байгаа билээ.

Бид түүний дээрх үйлдлийг илт компанийн нэр хүндэд халдсан гүтгэлэг гэж үзэж байгаа тул 100,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Кари Тапани Маттинен нь тус компаниас 2012 оноос 2014 оны хооронд жилд нэг удаагийн давтан сургалтад сууж эрүүл мэндийн үзлэгт орох зориулалтаар 34.317.79ам.долларыг гаргуулж авсан боловч давтан сургалтад хамрагдаагүй эрүүл мэндийн үзлэгт ордоггүй байсан тул түүний манай компаниас хууль бусаар авсан 34.317.79ам долларыг буцаан олгуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү.Финланд улсын иргэн Кари Тапани Маттинен нь манай компанийг гүтгэж луйврын шинжтэйгээр их хэмжээний мөнгө нэхэмжлэх нь хэрээс хэтэрч байгаа тул бид түүний манай компаниас хууль бусаар 34,317.79 ам доллар буюу 85,130,425 төгрөг авсан мөнгийг буцаан нэхэмжилж байна. Кари Тапани нь тус компаниас Монгол улсын иргэний нисэхийн багц дүрмийн дагуу жил тутам хамрагдах ёстой давтан сургалтад суух эрүүл мэндийн үзлэгт хамрагдана гэсэн үндэслэлээр 2008 оноос 2012 оны хооронд 70,000 орчим ам долларыг авсан байдаг ба энэ тухайгаа шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ өөрөө бичсэн байна. Гэвч тэрээр дээрх их хэмжээний мөнгийг зориулалтын дагуу зарцуулдаггүй байсан ба сургалтанд сууж эрүүл мэндийн үзлэгт хамрагддаггүй байсан ба биднийг удаа дараа хуурч сургалтанд суусан мэтээр үнэмшүүлдэг байсан. Энэ нь ******* ХХК-д Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын Нисэхийн Аюулгүй Ажиллагаа Хяналт Зохицуулалтын Алба-наас хийгдсэн Аюулгүй ажиллагааны аудит шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон байна. Хариуцагч Кари Тапани Маттинен нь тус компаниас 2012 оноос 2014 оны хооронд жилд нэг удаагийн давтан сургалтад сууж эрүүл мэндийн үзлэгт орох зориулалтаар 34.317.79ам.долларыг гаргуулж авсан боловч давтан сургалтад хамрагдаагүй эрүүл мэндийн үзлэгт ордоггүй байсан тул түүний манай компаниас хууль бусаар авсан 34.317.79ам долларыг буцаан олгуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү.Финланд улсын иргэн Кари Тапани Маттинен нь манай компанийг гүтгэж луйврын шинжтэйгээр их хэмжээний мөнгө нэхэмжлэх нь хэрээс хэтэрч байгаа тул бид түүний манай компаниас хууль бусаар 34,317.79 ам доллар буюу 85,130,425 төгрөг авсан мөнгийг буцаан нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Кари Тапани нь Айпак төхөөрөмжийг хулгайлж явсны улмаас 2015 оны 5 дугаар сарын 1-нээс 2015 оны 7 дугаар сарын 8 хүртэл хугацаанд 10,000 орчим нислэгээ хийж чадаагүй тул компанийг санхүүгийн алдагдалд оруулсан тул 291,708,500 төгрөгийн хохирол нэхэмжилнэ гэжээ. Эл шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй:

1.Нэхэмжлэлд Кари Тапани тус компанийн 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн гүйцэтгэх захирлын 06/6 орон тооны цомхтголоор ажлаас халагдсан болно гэжээ дурдаад тушаалын хувийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна. Намайг ажлаас орон тооны цомхтголоор халах тухай захидлыг 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр цахим шуудангаар хүлээн авсан. Харин ажлаас халсан тушаалтай ******* компаниас шүүхэд ирүүлсний дараа нь танилцлаа. Энэ тушаалын огноо нь надад ирүүлсэн өдөр буюу 2015 оны 4 дүгээр сарын 30-нд байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1 заалтыг үндэслэж мөн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1. Хөдөлмөрийн гэрээг. дараах үндэслэлээр цуцална. Миний зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах ямар ч санаачлага гаргаагүй байхад ажил ч тушаалдаа ажилтан санаачилсан гэсэн үндэслэлээ заасан атлаа надад илгээсэн захидал, сөрөг нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбартаа Кари Тапани орон тооны цомхтголоор халагдсан гээд байгаа нь хачирхалтай. Би яг ямар үндэслэлээр ажлаас халагдсанаа одоо хүртэл ойлгохгүй байна, хэрэв орон тооны цомхтгол юм бол надад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэл хүргүүлж гэрээг цуцлах байсан. Харин намайг хөдөлмөрийн гэрээгээ цуцлахаар санаачилсан гэж байгаа бол миний өргөдөл байх естой.

******* ХХК ажлаас чөлөөлөх 06/6 тушаалыг нөхөж гаргасан гэж үзэж байна. Учир нь 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ******* ХХК-нийн санхүүгийн хяналт хариуцсан И.Алгирмаа, нягтлан бодогч Н.Оюунтуяа, Ерөнхий захирал Г. Ихбаяр, туслах н.Мөнхбаяр нартай итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* уулзахад Кари одоог хүртэл ажлаа хүлээлгэн өгөөгүй учраас ажлаас чөлөөлөх тушаал гараагүй байгаа гэж мэдэгдэж байсан. Үүнийг тухайн өдрийн уулзалтын тэмдэглэл болон хамт уулзаж " Б.Мөнхнаран гэрчилнэ.Би ажил олгогчид шударга, зүй ёсны шаардлага тавьсан тул намайг халсан гэж үзэж ажлаас халагдах өмнөх өдөр би компанийн захирал Н.Ихбаяртай захиралтай хөдөлмөрийн гэрээнд заасанчлан миний амьдарч байгаа байрны түрээсийн төлбөрийг эзэнд нь яагаад нэг жилийн хугацаанд төлөөгүй байгаа тухай асууж, мөнгөгүйгээс болж би байрнаас гарах болоод байна, энэ мөнгийг яаралтай төл гэсэн шаардлага тавьсан. Үүнд захирал уурлаж намайг шууд маргааш нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр халсан.

2. Нэхэмжлэлд Кари нь 2013 онд түүнд томилолтын зардалд шилжүүлсэн 16,000 ам.долларын санхүүгийн баримтуудыг гаргаж өгөхийг шаардахад харилцаа холбоогоо тасалсан гэжээ.Ийм зүйл огт болоогүй, би ******* ХХК-д ямар ч өргүй харин компани надад өртэй байгаа. Би Монголын Иргэний нисэхийн багц дүрмүүд, Монголын Иргэний Агаарын Тээвэр болон АНУ-ын Нисэх Хүчний Холбооноос шаардсаны дагуу жилд нэг удаа сургалтад хамрагдах, эрүүл мэндийн үзлэгт орсон байх үүрэгтэй. ******* ХХК-ийн зүгээс санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан 2012-2014 оны сургалтын зардлаа өөрөө гаргаад дараа нь компаниас төлье гэж гуйхаар нь урьд нь бас дараа тооцоогоор сургалтын мөнгөө нөхөж авч байсан болохоор итгээд өөрөө 100 хувь зардлаа төлсөн. Хэрэв жил бүр мэргэжлээ дээшлүүлж сургалтад хамрагдаагүй бол би Монгол Улсад нислэг үйлдэх эрхгүй болно. Зардлуудыг нөхөн төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу 2013 оны 01 дүгээр сарын сүүлчээр зардлын бүх баримтуудаа эх нь санхүүд тайлагнасан учир миний гаргасан 16,000 ам.долларыг эргүүлж төлсөн. Үүнийг баталж компанийн цалин хөлсний мэргэжилтэн И.Алгирмаа надад 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн [email protected] гэсэн цахим хаягаас илгээсэн захидалдаа төлөгдөөгүй байгаа томилолтын мөнгөний тухайд: 2012 оны 1 дүгээр сард 4,000 ам.доллар байгаа. 2013 онд томилолтын мөнгө бүрэн төлөгдсөн (1 дүгээр сарын 16, 03 дугаар сарын 05-ны өдөр), 2014 оны байдлаар төлбөл зохих томилолтын мөнгө 16,000 ам доллар байна, нийт 20,000 ам.доллар гэж баталсан атлаа одоо надаас 2013 оны 3 дугаар сард учруулсан хохирол гэж 22,408,900 төгрөг нэхэмжилж байна, үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнээс гадна, хэрэв би компанид өртэй гэж байгаа энэ тухай компаниас акт тавигдаж надад танилцуулагдсан байх учиртай. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт ажилтнаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай маргааныг шүүх шийдвэрлэхээр заасан байна.

Түүнчлэн мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэхь хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргана гэж заасан байгаа ба нэхэмжлэгч байгууллага Каригийн зөрчил гарган байгууллагад хохирол учруулсныг тогтоосноос буюу 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. Гэтэл нэхэмжлэгч байгууллага энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Тэгсэн атлаа надад өгөх ёстой мөнгөнөөс 22,408,900 төгрөгийг 2013 оны хохирол гэж 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 45 тоот тушаалаар суутгаж авсанд гомдолтой байна.

3.******* ХХК намайг Айпак төхөөрөмжийг хулгайлж явсан гэжээ. Би ******* ХХК-д 2008 оноос 2015 онуудад ажиллаж байхдаа компанийн өмч хөрөнгийг ганц ч хулгайлж гэмт хэргийн шинжтэй асуудлыг иргэний шүүхэд бус харин цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах ёстой. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэснийг нэхэмжлэгч зөрчиж намайг хулгайн гэмт хэрэгт гүтгэснийг зөвшөөрөхгүй. Айпак төхөөрөмжийг Г ХХК-аас надад баримтаар албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, эд хөрөнгийн хариуцлага хүлээх гэрээ байгуулж байгаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Анх ажилд ороход л нислэг үйлдэхдээ хэрэглэж байгаарай гэж өгч байсан төхөөрөмжийг нисгэгчид хариуцуулж байнга цэнэгтэй байлгахыг шаарддаг болсноор байнга онгоцонд байлгаж болохгүй. Хэрэв Айпак цэнэггүй болбол хянагч самбарын бүх мэдээлэл алдагдаж төхөөрөмжийг Австрали дахь нийлүүлэгч рүү явуулж дахин програмчлах шаардлага гардаг. Иймд хэрэв нисгэгч ойрын 7 хоногт нислэг үйлдэхгүй гэж үзвэл онгоцноос салгаж аваад өөр дээрээ байлгаж цэнэгтэй эсэхэд хяналт тавьж байнгын цэнэгтэй байлгах хатуу журамтай. Энэ журмыг төхөөрөмж нийлүүлэгч, зөвлөх үйлчилгээг одоог хүртэл ******* ХХК-д үзүүлдэг Георезалтс компани гаргасан

Иймд би 2015 оны 04 дүгээр сард хамгийн сүүлд нислэг үйлдсэний дараа Айпак төхөөрөмжийг гэр рүүгээ авч явсан ба надаас авах хүртэл төхөөрөмжийг байнга цэнэгтэй байхад нь хяналт тавьж байсан. ******* компанийн анхны шаардлагаар буюу 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэж өгсөн. Хэрэв Айпакийг онгоцонд суурилуулж үлдээсэн бол цэнэгээ алдаж төхөөрөмжид байсан мэдээлэл устаж дахин програм суулгахаар нийлүүлэгч рүү илгээж цаг алдах байсныг нэхэмжлэгч ойлгохгүй байгаа нь харамсалтай. Айпак төхөөрөмжийн онцлог, төхөөрөмжийг цэнэгтэй байлгах нисгэгчийн үүргийн талаар Австралийн Георезалтс компанийн албан бичгийг шүүхэд нотлох баримтаар гаргасан болно. Миний зүгээс нисгэгчийн үүргээ л биелүүлсэн болохоос компанийн өмч хөрөнгийг хулгайлаагүй, төхөөрөмжийг авч оргон зайлаагүй. Би оршин суух хаягаар байсан, намайг олохгүй олон хоног хайсан гэдэг бүгд худлаа.

4. Нэхэмжлэгч хэрэв Айпак төхөөрөмжийг хулгайлж авч яваагүй байсан бол манай компани 10000 км тууш нислэг үйлдэх байсан... ажлын хөлсөнд 291.708.500 төгрөг авах байсныг алдсан гэжээ. Энэ нь үнэнд үл нийцнэ. ******* ХХК нь судалгааны талбайн газрын хотгор гүдрэгээс хамааран 70-100 метрийн өндөрт нислэг үйлдэх шаардлагатай байдаг бөгөөд энэ ажлыг олон жилийн туршид мэргэшсэн, туршлагатай нисгэгч л хийж чадна. Намайг ажлаас халсны дараа ийм нислэг хийх туршлагатай нисгэгч компанид байгаагүй ба гадаадаас шинээр нисгэгч авах хүртэл нислэг хийх ямар ч боломжгүй байсан. ******* ХХК нь нисгэгч ажилд авах зараа гаргасны дараа Бразили Улсын иргэн Эрик Де Баррос Камара ажилд шалгарч улмаар тэрээр Монгол Улсад нислэг үйлдэх эрхийн гэрчилгээг 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр л авсан. Энэ өдрөөс эхлэн нэхэмжлэгч компани нислэг үйлдэх эрхтэй болсон. Иймд Айпак төхөөрөмжийг би авч явснаар 10,000 тууш км нислэг үйлдэж 291,708,500 төгрөгийн орлого олох байсан үүнийгээ алдсан гэсэн шаардлага ямар ч үндэслэлгүй. Нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа Айпакийг авч оргон зайлсан тул бид 2 сарын судалгааны нислэг үйлдэж чадаагүй.... 20 орчим мянган тууш км нислэг үйлдэх боломжтой байсан... 583,400,000 төгрөгийн орлого алдсан гэжээ. Энэ нь 2 сарын хугацаанд хэдий хэмжээний тууш км нислэг үйлдэж болох талаар нэхэмжлэгч наад захын баримжаагүй, нэхэмжилж байгаа нислэгийн тууш км-ийн тоо алдсан мөнгөний хэмжээ нь үндэслэлгүй, хий хоосон зүйл болохыг нотолж Айпак төхөөрөмжийн зах зээлийн үнэ нь 100 ам. доллар, хэрэв үнэхээр олдохгүй байсан юм бол 291,708,500 төгрөг алдсанаас 100 ам доллараар шинэ Айпак худалдаад авсан нислэг үйлдэхгүй яасан юм бэ гэсэн асуулт логикоор гарч ирж байна.

Нэхэмжлэгчийн гаргасан хоёр дугаар шаардлага нь: Компаниин нэр хүндэд ноцтой бүдүүлгээр халдсан тул 100,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. Г ХХК болон К хооронд үүсээд байгаа маргаан зөвхөн ажил олгогч болон ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэх асуудлаар гарсан маргаан. Миний эрх зөрчигдсөн гэж үзэж би шүүхэд гомдлоо гаргасан болохоос бусдад энэ тухай яриад компанийн нэр хүндэд халдаад явсан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч надад цалин, зардлуудыг дутуу олгосноо өөрсдөө шүүхэд өгсөн тайлбартаа хүлээгээд байгаа, би нийгмийн болон эрүүл мэндийн дэвтрээ одоог хүртэл аваагүй нь үнэн, миний нийгмийн даатгалыг 2009 оны 01 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд, 2011 оны 01 дүгээр сараас 2012 оны 07 дугаар cap хүртэл төлөөгүй гэдгийг ЧД-ийн НДХ-ийн 2016 оны 01 дүгээр 28-ны өдрийн 17 тоот албан тоотоор батлагдсан, эдгээр нь яагаад нэр хүндэд нь халдсан гэж үзээд байгаа нь хачирхалтай. Би компанийн нэр хүндэд ноцтой, бүдүүлгээр халдах ямар ч үйлдэл гаргаагүй бөгөөд нэр хүндэд нь халдсан мэдээг санаатай буюу болгоомжгүй байдлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сонин, сошиал сүлжээгээр тараагаагүй тул Иргэний хуулийн 497.2-т зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй. Миний зүгээс нэхэмжилж байгаа зүйлээ хурдан гаргуулаад гэр рүүгээ л явах сонирхолтой, тэрнээс биш компанийн нэр хүндэд халдаад яваад байх хэрэгцээ, шаардлага байхгүй. Нэхэмжлэгч шүүхэд компанийн нэр хүндэд ямар байдлаар, хэзээ, хаана халдсан талаар нотлох баримт гаж өгөөгүй атлаа надаас яагаад 100 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, компани өөрт учирсан ямар хохирлоо нөхөн төлүүлэх эсвэл ямар сэтгэл санааны гэм хор учраас надаас мөнгө нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна.

Шүүхэд гаргасан гомдолдоо Гкомпани миний оршин суух визийг гаргуулсан, орон байраар хангасан, жилд нэг удаа Боливи руу явуулдаг байсан гэжээ. Энэ бүгд л ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг байсныг тэмдэглэх нь зүйтэй. Нэхэмжлэгч талаас шаардаад байгаа 357.191.148 төгрөг яаж тооцож гаргасан нь ойлгомжгүй байна: бодит хохирол 291.708.500 төгрөг, түүнээс сул зогсолтын олговрын үлдэгдэл 34.517.351 төгрөгийн өглөгтэй тул түүний учруулсан бодит хохирол 291.708.500 төгрөгөөс дээрх өглөгийг хасаж тооцоод 357,191,148 төгрөг нэхэмжилж байна гэжээ. Дээр дурдсаныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Кари Тапанид 2012, 2013, 2014 оны хооронд хэзээ, ямар хэмжээний мөнгө өгсөн, энэ мөнгө ямар давтан сургалт, эрүүл мэндийн үзлэгт зориулсан байсан, сургалтад оролцсон бол ямар гэрчилгээ авчирч өгч тайлагнах, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан бол яг ямар эмчийн үзлэгт орох байсан талаарх мэдээлэл байхгүй ба шаардлагаа дэмжсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна. Мөн нэхэмжлэгч намайг хууль бусаар мөнгө авсан гэж бичжээ. Би Монгол Улсын хууль тогтоомж зөрчиж хууль бусаар компаниас мөнгө авсан зүйл байхгүй, сургалтад явсан, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан нь зөвхөн хөдөлмөрийн гэрээний хүрээнд талуудын сайн дурын хүсэл зоригийн илэрхийллийн дагуу болсон. Агаарын хөлгийн нисгэгчийн хувьд би жил бүр мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн бол Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын Үнэмлэх, Гэрчилгээжүүлэлтийн Газраас нисгэгчийн тусгай зөвшөөрлийг 6 сараар сунгадаг. 2012-2015 онд Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 19, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 01 дүгээр 19 өдөр, 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 01, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 31, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд нислэг үйлдэх зөвшөөрөл олгосон. Энэ бүх гэрчилгээ сунгалтыг ******* компани хариуцдаг, хэрэв сургалтад хамрагдаагүй, эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй бол гэрчилгээ олгодоггүй, гэрчилгээ байхгүй бол нислэг үйлдэх боломжгүй байдаг.2012-2014 оны хооронд хамрагдсан сургалт, зардлуудаа тайлагнахад хууль бусаар мөнгө авсан, баримтууд хуурамч байна гэж надад албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй, өнөөдөр ийм хэмжээний мөнгийг ямар ч баримт нотолгоогүй нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Дээр дурдсаныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 34,317.17 ам. доллар гаргуулах нь маргаан шийдвэрлэх харьяалал зөрчсөн, илт хууль бус тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Кари Тапани Маттинен нь хариуцагч Геонсан ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхийг, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, агаарын хөлгийн нисгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хураамжийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийж олгуулахыг даалгах, ажил олгогчоос 2013-2015 онд цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүйг тогтоолгох, дутуу олгосон цалин 162,944,548 төгрөг (82,102,41 ам.доллар, цалин хожимдуулсан алданги 81,472,274 төгрөг (41,051.20 ам.доллар), 2013-2014 онд гарсан зардлууд болох 39,693,000 төгрөг (20,000 ам.доллар) гаргуулах, 2014 оны 6 дугаар сарын 2014.6.29-ний өдрийн №17, 2014.10.24-ний өдрийн №35, 2014.12.26-ны өдрийн А9 тушаалууд, суутгал тооцох, 600 сая төгрөгийн хохирол барагдуулах тухай 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №45 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч Г ХХК нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад К компанийг 291,708,500 төгрөгийн санхүүгийн алдагдалд оруулсан, компанийн нэр хүндэд халдсан эдийн бус гэм хорыг арилгахад 100,000,000 төгрөг, хууль бусаар авсан 85,130,425 төгрөгийг нийт 476,838,925 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасныг нэхэмжлэгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын тайлбарыг үндэслэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Финланд улсын иргэн К нь Г ХХК-д 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2 жилийн хугацаатай сарын 8500 ам.доллар, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1 жилийн хугацаатай сарын 3000 ам.долларын цалинтай агаарын хөлгийн нисгэгчээр харилцан тохиролцож талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсжээ.

Хариуцагч Г ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 02/74 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг түүний е-майл хаягаар хүргүүлж, нэхэмжлэгч нь мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажилдаа очоогүй байх ба энэ талаар талууд маргаагүй.

К нь ажлаас чөлөөлсөн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалтай танилцаагүй, тушаалын хувийг гардаж аваагүй, мэдэгдэл болон тушаалд дурдсан хуулийн заалтууд өөр байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

Хариуцагч Г ХХК нь ажилтан Кари Тапани Маттинен Хөдөлмөрийн тухай хуульд заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

К Г ХХК-ийн нэр дээр хөдөлмөр эрхлэгчээр 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Монгол улсад оршин суух зөвшөөрөлтэй байжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж зааснаар эрх нь зөрчигдсөн асуудлаар гомдол гаргах хугацааг, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана гэж заасан.

Нэхэмжлэгч нь дутуу олгогдсон цалин хөлс, бусад зардлуудыг 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд, ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлыг 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрүүдэд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан боловч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гомдол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл тус тус гаргасан байна.

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу дутуу олгогдсон, сул зогсолтын цалин хөлс, өөрөөс гарсан сургалтын болон бусад зардлыг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн үеэс шаардах эрхийг тоолох нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, энэ талаар баримтаар нотлоогүй, хавтас хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Г ХХК нь Кнь онгоцонд байнга суурьлуулсан байх ёстой Айпак төхөөрөмжийг хулгайлан авч явсны улмаас манай компани нь 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл нийт 10,000 орчим тууш км нислэгээ хийж чадалгүй алдсан тул энэ үед олох байсан бодит орлого болох 291,708.500 төгрөгийн хохирлыг, компанийн бизнесийн нэр хүндэд ноцтойгоор бүдүүлгээр халдсан тул 100,000,000 төгрөгийг, компаниас хууль бусаар авсан 34,317.79 ам долларыг буюу 85,130,425 төгрөгийг тус тус нэхэмжлэж шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан.

К итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510 -д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хороо арилгахдаа учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө. гэж заажээ.

Кари Тапани Маттиненаас Айпак төхөөрөмжийг авч явсныг хүлээн зөвшөөрдөг ба 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр уг төхөөрөмжийг ******* ХХК-ийн захирал Г.Бат-Амгаланд хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдсон.

******* ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 10.000 орчим тууш км нислэгээ хийж чадаагүйгээс компанид орох ёстой байсан бодит орлого болох 291,708.500 төгрөгийн, сургалт, томилолтын зардалыг хууль бусаар 85.130.425 төгрөг авсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаар баримт хавтас хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт нотлоогүй болно.

Түүнчлэн компанийн бизнесийн нэр хүндэд халдсан гэх боловч Кари Тапани Маттинен нь хэнд, ямар хэлбэрээр ямар мэдээллийг хэрхэн тараасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй, энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж зааснаар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, ******* ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлөгдөөгүй улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч К/-ийн үндсэн нэхэмжлэл, Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г ХХК-иас 376,838,925 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 2,042,145 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧ Ө.УЯНГА

С.ХИШИГБАТ