Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01684

 

К  / -ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар     

             Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00366 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1293 дугаар магадлалтай,

            К  / -ийн нэхэмжлэлтэй,

            “Г ” ХХК-д холбогдох

         Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэж, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах, 2013-2015 онд цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүйг тогтоон дутуу олгосон цалин 162,944,548 төгрөг /82,102.41 ам.доллар/, алданги 81,472,274 төгрөг /41,051.20 ам.доллар/, 2013-2014 онд гарсан сургалтын зардал 39,693,000 төгрөг /20,000 ам.доллар/ гаргуулж, 2014 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 17, 10 дугаар сарын 24-ний өдрийн 35, 12 дугаар сарын 26-ны өдрийн А9, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 45 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн компанийн эд хөрөнгөд учруулсан хохиролд 291,708,500 төгрөг, компанийн нэр хүндэд учирсан хохирол 100,000,000 төгрөг, сургалтын зардалд төлсөн 85,130,425 төгрөг, нийт 476,838,925 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Соёлмаа, Б.Солонго, нарийн бичгийн дарга   Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2008 оны 5 сараас эхлэн “Г ” ХХК-д нислэгийн захирал, агаарын хөлгийн нисгэгчээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилласан. Сүүлийн хөдөлмөрийн гэрээг 2015 оны 01 сарын 05-ны өдрөөс 2016 оны 01 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. 2015 оны 04 сарын 30-ны өдөр цахим шуудангаа шалгахад “Г ” ХХК-ийн Ерөнхий захирлын туслахаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 2015 оны 04 сарын 30-ны өдрийн огноотой, 02/74 мэдэгдлийг хүлээн авсан. Мэдэгдэлд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгож, Хөдөлмөрийн гэрээний 3.1.3 сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах заалтыг дурдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар урьдчилан мэдэгдэл хүргүүлж байна, 30 хоногийн дотор ажлаа хүлээлгэж өг гэсэн. Уг мэдэгдэл эрх зүйн хувьд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг cap түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэснийг зөрчсөн. Мөн миний ажиллаж байсан орон тоог нэг сарын дараа зарлаж, агаарын хөлгийн нисгэгчээр өөр хүнийг ажиллуулсан. Хариуцагч нь ажлаас халсан тушаал шийдвэрийг өнөөдрийг хүртэл өгөөгүй тул ямар үндэслэлээр халагдсанаа мэдээгүй. Үүнээс гадна монгол хэл мэдэхгүй бөгөөд ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлахад тушаал шийдвэр гардуулж өгөх ёстой гэдгийг хуулийн зөвлөгөө авснаар мэдэж, шүүхэд хандсан. Цалин хөлсөө авахаар би анх 2016 оны 01 сарын 22-ны өдөр шүүхэд хандсан боловч хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс шийдвэрлэхээр зохицуулсан гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдлоо гаргахад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Ажил олгогч нь цалин дутуу олгосон гэдгээ зөвшөөрсөн бөгөөд төлөвлөгдөөгүй цалинг өгнө гэсэн ажил олгогчийн баталгаа гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамааралгүй тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү. “Улаанбаатар Аудит Корпорэйшн” ХХК-ийн гаргасан цалингийн тооцооллоор хариуцагч нь 2013 оны 11 сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 162,944,548 /82,102.41 ам.доллар/ төгрөгийн цалин дутуу олгосон. Компанийн зүгээс надад цалин хөлсийг нь өгнө, байгууллагын санхүүгийн байдал хэцүү байна гэж тайлбарлаж, компанийн санхүүгийн хяналт хариуцсан ажилтан И.Алгирмаа 2015 оны 03 сарын 11-ний өдөр надад илгээсэн захидалд төлөгдөөгүй цалин 56,926,251.29 төгрөг гэж бичсэн. Ажлаас чөлөөлсөн тушаалтай шүүхэд ирж танилцсан. Энэ тушаалд гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ гарын үсэг зурсан боловч “Г ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар Г.Болдбаатар бүртгэгдсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-ийг тушаалын үндэслэлээ болгосон боловч цахимаар ирүүлсэн мэдэгдэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг үндэслэсэн. Би ажлаас чөлөөлөгдөх өргөдөл огт гаргаагүй. Ажил олгогч 2013 оны 12 сарын 02-ны өдрөөс эхлэн сул зогсолт зарлаж дараа хэзээ зогсоосон нь тодорхойгүй байснаа 2015 оны 12 сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл сул зогсолт зарлажээ. Эхний удаагийн сул зогсолтын үед 2013 оны 12 сарын 02-ны өдрийн 140 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 56.2 дахь хэсэгт зааснаар цалингийн 60 хувьтай тэнцэх нөхөн олговор олгохоор болсон. Хариуцагч ажилтны төлөөлөгчтэй хамтын гэрээ байгуулаагүй, сул зогсолтын үед ямар зохицуулалт хийх талаар журам гаргаагүй атлаа нэхэмжлэгчид 2014 оны 5, 10, 12 сарын сул зогсолтын олговор олгохгүй гэж шийдвэрлэсэн. Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлд ажил олгогч ажилтны цалин хөлсний хэлбэр, хэмжээг өөрчилсөн тухай шийдвэрийг мөрдөж эхлэхээс 10, түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулна гэсэн үүргийг биелүүлээгүй. Мөн надад дээрх тушаалуудыг огт танилцуулаагүй, би мэдээгүй ба дуудсан үед ирээгүй, огт холбоо бариагүй гэх зөрчлүүдийг би гаргаж байгаагүй. Сул зогсолтын олговор олгохгүй тухай 2014 оны 06 сарын 29-ний өдрийн 17, 2014 оны 10 сарын 24-ний өдрийн 35, 2014 оны 12 сарын 26-ны өдрийн А9 тушаалууд илт хууль бус гэж үзэж байгаа тул тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү. Хөдөлмөрийн гэрээний дагуу би нэг сард 6,025,380 төгрөгийн цалин авдаг байсан ба хариуцагчаас шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан бүх хугацааны цалин нэхэмжилж байна, 2016 оны 04 сарын 15-ны байдлаар надад 11,5 сарын нийт 34,500,000 төгрөг олгохоор байна. Иймд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэж, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоон, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Соёлмаагийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч нь 2008 оноос тус компанид хөдөлмөрийн гэрээгээр ажилласан. Нэхэмжлэгчийн ажлын байр нь цомхтголд орсон боловч К  нь 2015 оны 04 сарын 30-ны өдөр хүргүүлсэн мэдэгдлээс хойш шалтгаангүйгээр, ямар ч тайлбаргүй сураг тасарсан бөгөөд компанийн өмчлөлийн эд зүйлсийг буцааж өгөөгүй, санхүүгийн тооцоогоо ч дуусгаагүй. Бид түүнтэй холбоо тогтоох гэж олон удаа оролдсон ч биднээс зугтаасан. Нэхэмжлэгч нь компанийн нэн шаардлагатай зарим багаж хэрэгслийг хүлээлгэж өгөөгүйгээс ажилд ихээхэн хэмжээний саад учруулсан. Компани нь түүнд хүргүүлсэн мэдэгдэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 дэх хэсэгт зааснаар ажил хүлээлгэж өгөх 30 хоног тогтоосон боловч энэ хугацаанд ирж ажлаа зохих ёсоор хүлээлгэж өгөлгүй, нэн шаардлагатай онгоцны хайгуулын багажийг удаан хугацаагаар авч явсан нь ажилд ихээхэн хохирол учруулсан. Компани Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, тэтгэмжийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхээс татгалзаагүй. Манай компани Кари Тапанид байгууллага дээр ирж тооцоо хийсний дараа тушаал шийдвэр албажина гэдгийг мэдэгдэлдээ тодорхой дурдсан. Мөн нэхэмжлэгчийг бидэнтэй уулзаж асуудлаа шийднэ гэж итгэн, түүний Монголд оршин сууж, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн эрхийн төлбөрийг 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 9 сарын хугацаанд cap бүр 392,000 төгрөгөөр нийт 3,528,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч нь жил бүр АНУ-ын нисгэгчийн давтан сургалтад явж 20,000 ам.долларыг зарцуулдаг байсан боловч сургалтад суусан албан ёсны сертификатыг авчраагүй нь ИНД-19, ИНД-135 дүрмүүдийг зөрчиж компанийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсан. Түүний нэхэмжилсэн 20,000 ам.доллар нь санхүүгийн баримтаар нотлогдоогүй тул олгох боломжгүй. “Г ” ХХК нь 2014 оны 07 сарын 30-ны өдөр 2014/13 тоот агаарын геофизикийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээг Уул уурхайн яамтай байгуулж, агаарын геофизикийн нислэгийн 1 тууш/км нь 28,170.85 төгрөг ба сард дунджаар 10 000 тууш/км-ийн нислэг хийдэг учир сард 400,000,000 гаруй төгрөгийн ажил хийж, гүйцэтгэлээрээ санхүүждэг. Гэтэл нэхэмжлэгч санаатайгаар Айпак багажийг авч зугтсан тул бид 2 cap судалгааны нислэг үйлдэж чадаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор эрхээ сэргээлгэх боломжтой. Монгол хэл мэдэхгүй гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй. Сургалтад яваад ирсэн гэх баримт нь Иргэний Нисэхийн дүрмийн шаардлага хангахгүй бөгөөд сургалтын гэрчилгээг Иргэний Нисэхийн сургалт зохион байгуулдаг газраас өгөөгүй. Хаанаас авчирсан нь мэдэгдэхгүй баримт авч ирээд хавтаст хэрэгт өгсөн. Ай Пак гэх төхөөрөмжийг 2015 оны 7 сард буцаан өгсөн бөгөөд төхөөрөмж байхгүй учраас онгоц нислэг үйлдээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: К  нь 2015 оны 05 сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 сарын 08-ны өдөр хүртэл 2 сар 8 хоногийн хугацаанд санаатайгаар, онгоцонд байнга суурилуулсан байх ёстой Айпак төхөөрөмжийг хулгайлан авч явснаас манай компани 2015 оны 06 сарын 02-ны өдрөөс 2015 оны 07 сарын 08-ны өдрийг хүртэл нийт 10,000 орчим тууш км нислэгээ хийж чадалгүй олох байсан бодит орлого 291,708,500 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ. Түүнчлэн, хариуцагч нь өөрөө ажлаа хүлээлгэж өгөөгүй оргон зайлсан атлаа түүнд цалин хөлсийг нь олгоогүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нь өгөөгүй, нийгмийн даатгал төлөөгүй гэх мэт худал ярьж компанийн бизнесийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан тул 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Кари Тапанид хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэх захирлын 2013 оны 12 сарын 02-ны өдрийн 140 тоот тушаалын дагуу түүний үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх хэмжээний сул зогсолтын олговрын үлдэгдэл болох 34,517,351 төгрөгийн өглөгтэй тул түүний учруулсан бодит хохирол болох 291,708,500 төгрөгөөс дээрх өглөгийг хасаж тооцоод нийт 357,191,149 төгрөгийг К ээс нэхэмжилнэ. Түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох мэдэгдэлд компанийн цалин-тооцооны нягтлан бодогч н.Отгонхишигтэй уулзаж цалинг нь бодох хэрэгтэй талаар дурдаж 2013 оны 01 сарын 16-ны өдөр томилолтын зардалд авсан 10,000 ам.доллар, мөн 2013 оны 03 сарын 05-ны өдөр сургалтын төлбөр гэж шилжүүлж авсан 6000 ам.доллартай холбоотой санхүүгийн баримтаа бүрдүүлж өгөхийг шаардсанаас хойш харилцаагаа тасалж сураггүй болсон. Түүнд мэдэгдэл өгсний дараа 7 хоногт ажлаа хүлээлцэх байх гээд хүлээсэн ба тухайн үед нислэг эхлээгүй байсан тул Айпак төхөөрөмжийг авч явсныг мэдээгүй. Компани нь 2015 оны 07 сарын 09-ний өдрөөс 2015 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл нийт 10,000 км тууш нислэг хийсэн бөгөөд 1 тууш км нь 29,170.85 төгрөг байхаар Уул уурхайн яамтай гэрээгээр тохирсон болно. Айпак төхөөрөмжийг авч яваагүй бол манай компани 10,000 тууш км нислэг үйлдэх байсан бөгөөд үүний ажлын хөлсөнд 291,708,500 төгрөгийг гүйцэтгэлээрээ уул уурхайн яамнаас авах байсан. Мөн 2013 онд АНУ-д сургалтад явах зорилгоор 16,000 ам.долларыг шилжүүлж авсан бөгөөд санхүүгийн баримтаа бүрдүүлж өгөхийг шаардахад биелүүлээгүй. Иймд 2013 оны 01 сарын 16-ны өдөр шилжүүлж авсан 10,000 ам.доллар, 2013 оны 03 сарын 05-ны өдөр шилжүүлж авсан 6000 ам.доллар нийт 16,000 ам доллар буюу 22,408,900 төгрөгийн хохирол учруулсан. Бид түүний дээрх үйлдлийг илт компанийн нэр хүндэд халдсан гүтгэлэг гэж үзэж байгаа тул 100,000,000 төгрөгийг нэхэмжилнэ. К  нь тус компаниас 2012 оноос 2014 оны хооронд жилд нэг удаагийн давтан сургалтад сууж эрүүл мэндийн үзлэгт орох зориулалтаар 34,317.79 ам.долларыг гаргуулж авсан боловч давтан сургалтад хамрагдаагүй эрүүл мэндийн үзлэгт ордоггүй байсан тул түүний манай компаниас хууль бусаар авсан 34,317.79 ам долларыг буцаан олгож өгнө үү. Нэхэмжлэгчийн манай компаниас хууль бусаар авсан 34,317.79 ам доллар буюу 85,130,425 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. Кари Тапани нь иргэний нисэхийн багц дүрмийн дагуу жил тутам хамрагдах ёстой давтан сургалтад суух эрүүл мэндийн үзлэгт хамрагдана гэсэн үндэслэлээр 2008 оноос 2012 оны хооронд 70,000 орчим ам.долларыг авахдаа сургалтад сууж эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй. Энэ нь “Г ” ХХК-д Иргэний нисэхийн ерөнхий газрын нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албанаас хийгдсэн Аюулгүй ажиллагааны аудит шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон тул 34,317.79 ам.доллар буюу 85,130,425 төгрөгийг буцаан олгуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би хөдөлмөрийн гэрээг цуцлах ямар ч санаачлага гаргаагүй байхад тушаалд ажилтан санаачилсан гэсэн үндэслэл зааж, харин надад илгээсэн захидал, сөрөг нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбартаа орон тооны цомхтголоор халагдсан гэсэн. Би Монголын Иргэний нисэхийн багц дүрмүүд, Монголын Иргэний Агаарын Тээвэр болон АНУ-ын Нисэх Хүчний Холбооноос шаардсаны дагуу жилд нэг удаа сургалтад хамрагдах, эрүүл мэндийн үзлэгт орох үүрэгтэй тул “Г ” ХХК-ийн санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан 2012-2014 оны сургалтын зардлаа өөрөө төлсөн. Хэрэв жил бүр мэргэжлээ дээшлүүлж сургалтад хамрагдаагүй бол би нислэг үйлдэх эрхгүй. Зардлуудыг нөхөн төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу 2013 оны 01 дүгээр сарын сүүлчээр зардлын бүх баримтуудаа санхүүд тайлагнасан учир миний гаргасан 16,000 ам.долларыг эргүүлж төлснийг баталж компанийн цалин хөлсний мэргэжилтэн И.Алгирмаа 2015 оны 05 сарын 11-ний өдөр надад илгээсэн захидалдаа 2012 оны 1 дүгээр сард 4000 ам.доллар байгаа. 2013 онд томилолтын мөнгө бүрэн төлөгдсөн, 2014 оны байдлаар төлбөл зохих томилолтын мөнгө 16,000 ам доллар, нийт 20,000 ам.доллар гэж баталсан. Айпак төхөөрөмжийг анх ажилд ороход нислэг үйлдэхдээ хэрэглэж бай гэж хариуцуулж, байнга цэнэгтэй байлгахыг шаарддаг тул онгоцонд орхиж болохгүй. Иймд би хамгийн сүүлд нислэг үйлдсэний дараа Айпак төхөөрөмжийг гэр рүүгээ авч явсан ба надаас авах хүртэл төхөөрөмжийг байнга цэнэгтэй байлгасан. Хэрэв Айпакийг онгоцонд суурилуулж үлдээсэн бол цэнэгээ алдаж төхөөрөмжид байсан мэдээлэл устаж дахин програм суулгахаар нийлүүлэгч рүү илгээж цаг алдах байсан. Би оршин суух хаягтаа байсан, намайг олохгүй олон хоног хайсан гэдэг нь худлаа. “Г ” ХХК нь судалгааны талбайн газрын хотгор гүдрэгээс хамааран 70-100 метрийн өндөрт нислэг үйлдэх шаардлагатай бөгөөд намайг ажлаас халсны дараа ийм нислэг хийх туршлагатай нисгэгч компанид байгаагүй. Харин “Г ” ХХК нь Бразили улсын иргэн Эрик Де Баррос Камараг ажилд авч тэрээр 2015 оны 07 сарын 05-ны өдөр нислэг үйлдэх эрхийн гэрчилгээ авсан тул энэ өдрөөс эхлэн “Г ” ХХК нислэг үйлдэх эрхтэй болсон. Иймд Айпак төхөөрөмжийг би авч явснаар 10,000 тууш км нислэг үйлдэж 291,708,500 төгрөгийн орлого олох байсан гэх шаардлага үндэслэлгүй. “Г ” ХХК-тай холбоотой хөдөлмөрийн маргаанд би шүүхэд гомдол гаргасан болохоос бусдад энэ тухай яриад компанийн нэр хүндэд халдаагүй тул 100,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Агаарын хөлгийн нисгэгч жил бүр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэнээр ИНЕГ-ын Үнэмлэх, Гэрчилгээжүүлэлтийн Газраас нисгэгчийн тусгай зөвшөөрлийг 6 сараар сунгадаг. Уг гэрчилгээ сунгалтыг “Г ” ХХК хариуцдаг, хэрэв сургалтад хамрагдаагүй, эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй бол гэрчилгээ олгодоггүй, гэрчилгээ байхгүй бол нислэг үйлдэх боломжгүй байдаг. 2012-2014 оны хооронд хамрагдсан сургалт, зардлуудаа тайлагнахад хууль бусаар мөнгө авсан, баримтууд хуурамч гэж надад албан ёсоор мэдэгдээгүй байж одоо ямар ч баримтгүй нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00366 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч К  /Mattinen Kari Тapani/-ийн үндсэн нэхэмжлэл, “Г ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Г ” ХХК-аас 376,838,925 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 2,042,145 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1293 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00366 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийг 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г ” ХХК-иас 58,236,603 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Финланд Улсын иргэн К д олгож, үлдэх 113,924.09 ам.доллар гаргуулж, 2014 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 17, 10 дугаар сарын 24-ний өдрийн 35, 12 дугаар сарын 26-ны өдрийн А9, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 45 тоот тушаалуудыг хүчингүйд тооцуулах тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 129 дүгээр зүйлийн 129.1 болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “Г ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2, 3, 4, 5 гэснийг 3, 4, 5, 6 гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, бусад шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,578,500 төгрөг, хариуцагчаас төлсөн 2,527,508 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г ” ХХК-иас 449,133 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К д буцаан олгон, хариуцагчаас дутуу төлсөн 2,042,145 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай” гэж тус тус нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1293 дугаар магадлалд өөрчлөлт оруулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хөдөлмөрийн маргаан. Нэхэмжлэгч Кари Тапани нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байнгын ажлын байранд 2008 оны 5-р сараас 2015 оны 4-р сарын 30 хүртэл нислэгийн захирал, агаарын хөлгийн нисгэгчээр ажилласан. Гэтэл 2015 оны 04 сарын 30 өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байна гэсэн мэдэгдлийг цахим шуудангаар хүлээн авсан. Ингэхдээ ажлаас халсан тушаалыг өгөөгүй, ажил дээр очиж тооцоо хийе, дутуу авсан цалин хөлсөө авъя гэхэд хүлээн аваагүй, нэвтрүүлээгүй. Нэхэмжлэгчээс Айпак төхөөрөмж авахаар 2015 оны 07 сарын 07-нд ирэхэд мөн л тооцоо хийе, тушаалаа авья гэхэд өгөөгүй. Харин ажлаас халсан тушаалтай шүүхэд ирсний дараа танилцахад ажил олгогч 2015 оны 04 сарын 30-ны өдөр баталсан мөн өдрөөр тасалбар болгон ажилтны өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлийг зааж тушаалд гарын үсэг зурах эрхгүй этгээд Г.Бат-Эрдэнэ үзэглэсэн байсан. Ажил олгогч ажлаас халсан үндэслэлээ өөр өөрөөр ярьж тайлбарладаг. Нэг болохоор ажилтан өөрөө санаачилсан, эсвэл шүүх хуралдаанд төлөөлөгч Г.Соёлмаа тайлбарласнаар орон тооны цомхтголоор гэдэг. Ийнхүү ажил олгогч өөрөө ч үндэслэлээ мэдэхгүй, янз бүрээр тайлбарласнаар яг ямар шалтгааны улмаас халагдсан нь одоо хүртэл ойлгомжгүй хэвээр үлдлээ. Давж заалдах шүүх 2015 оны 04 сарын 30-ны өдрийн цахим шуудангаар ирүүлсэн мэдэгдлийг ажил олгогчийн шийдвэр мөн, түүнийг нэхэмжлэгч гардан авсан гэж үзээд 2015 оны 05 сарын 30-ны өдөр шүүхэд гомдлоо гаргах эрхтэй байсан, эрхээ хэрэгжүүлээгүй хөөн хэлэлцэх хугацаа мөн өдрөөр дууссан гэж буруу дүгнэж анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой.

Дутуу олгосон цалин хөлс, нэхэмжлэгчээс гаргасан сургалтын болон бусад зардлуудын тухай. Ажил олгогч нэхэмжлэгчид санхүүжилтийн улмаас цалин хөлсийг нь хугацаандаа өгөөгүй болохоо, нэхэмжлэгчээс гарсан сургалтын зардлуудыг нөхөж өгөх тухайгаа удаа дараа цахим шуудангаар мэдэгдэж, мөн шүүхэд гаргасан тайлбартаа Кари Тапанид цалинг нь дутуу олгосон, манай компани мөнгийг нь өгнө гэж нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байсан. Үүнийг нягтлан бодогч н.Оюунтуяа, гэрч Мөнхнаран нар баталдаг. Өөрөөр хэлбэл, компани ажилтанд цалин хөлс, томилолтын зардлын тодорхой хэмжээний өглөгтэй гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн ажил олгогч дутуу мөнгийг чинь өгнө гэсэн хэлцэл гэж үзнэ. Харин талууд мөнгөний хэмжээ дээр л маргаантай байсан. Давж заалдах шатны шүүх Хянавал хэсэгтээ "анхан шатны шүүх ИХШХШХ-ийн 40-р зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчин Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж зөв дүгнэсэн атлаа магадлалд зөвхөн олгогдоогүй цалин 58,236,603 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой. Нэхэмжлэгч ажил олгогчоос мөнгөө хэлцлийн дагуу шаардаж нэхэмжлэлээ гаргасан, ажилтны хууль, гэрээ хэлцэл хөдөлмөрийн гэрээний дагуу авах ёстой мөнгөний шаардлагыг хэсэгчлэн шийдвэрлэж томилолтын мөнгө 39,693,000 гаргуулах шаардлагыг шийдвэрлээгүй нь ажил олгогчид үндэслэлгүй хөрөнгөжих, бусдын хөдөлмөрийг завших боломж олгож байна. Томилолт, сургалтын зардлын мөнгөний баримтуудыг компанийн санхүү зохих ёсоор хүлээн авснаа зөвшөөрдөг, харин эдгээр баримтуудын дагуу томилолт, сургалтын зардалд төсөвлөсний дагуу 20,000 ам.доллар биш харин 16,000 доллар нөхөн өгч болох гэснийг компаниас ирүүлсэн захидлууд, цалин хөлсний мэргэжилтэн И.Алгирмаагий ирүүлсэн захидал болон нягтлан бодогч н.Оюунтуяа нартай хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байхад нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаагүйд гомдолтой.

Ажил олгогчийн илт хууль бус тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлага. Шүүхэд гаргасан 3 дахь шаардлага бол ажил олгогчийн цалин хасах, их хэмжээний мөнгө нэхэмжлэгчээс гаргуулах 2014.06.29-ний 17-р тушаал, 2014 оны 10 сарын 24-ний өдрийн 35-р тушаал, 2014.12.26-ны А9 тушаал, 2016.09.02-ны 45 тушаалыг тус тус хүчингүй илт хууль бусд тооцуулах 2017.04.24-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага байсан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч компани гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн дотор хариу тайлбар ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч дээрх хугацаа болон шүүх хуралдаан болох хугацаа хүртэл 9 сар 18 хоногийн туршид хариу тайлбараа ирүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн билээ. Мөн ганц ч нотлох баримт ирүүлээгүйг тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3 дахь хэсэгт "Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно", мөн УДШ-ийн 2008 оны 10 сарын 10-ны өдрийн зөвлөмжийн 2.4 зааснаар "нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал эсэргүүцээгүй, хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбараа өгөөгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно" гэсэн үр дагаварт хүргэсэн байдлыг шүүх хариуцагч хариу тайлбар, татгалзлаа нотлох баримтуудын хамт шүүхэд өгөөгүйгээс шүүх хуралдаанд талууд шударгаар мэтгэлцэх зарчмыг алдагдуулж, нэхэмжлэгчийн өөрийн шаардлагаа нотлохын тулд бүхий л баримт, үйл явдлаа шүүхэд гаргаж өгсөн байхад нөгөө тал ямар ч хариу тайлбар ирүүлээгүй, шаардлагыг эсэргүүцээгүй шууд хуралдаанд орж ирж тайлбараа гаргасан нь талууд хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх үүрэгтэй оролцох байдлыг алдагдуулснаар шүүхээс гарах шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн зарчимтай нийцэхгүй болжээ.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухай. Давж заалдах шатны шүүх "Г ” ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь зөв болсон гэж үзэж байна. Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байсныг нотолно. Иймд дээрх байдлыг үндэслэн ДЗШ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зохигчдын гаргаж өгсөн бичгийн нотлох баримт, нотлох баримтыг шинжлэн судалж шийдвэрээ хууль ёсны дагуу үндэслэлтэй гаргаагүй тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1293 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Соёлмаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1293 тоот магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 дэх хэсэгт заасан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 172.2.2 дахь хэсэг шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Магадлалын 10 дахь талд дээрээсээ 3 дахь параграфд “хариуцагч “Г ” ХХК нь санхүүгийн хүндрэлийн улмаас нэхэмжлэгчийн 2013-2015 оны цалин, хөлсийг тогтоосон хугацаанд өгч чадаагүй, олгогдоогүй цалингийн үлдэгдэл 29,229.52 ам доллар, цалин олгох өдөр тухайн өдрийн албан ёсны ханшаар тооцон төгрөгт хөрвүүлдэг тухай нэхэмжлэгчийн и-мэйл хаягаар тус компанийн санхүүгийн менежер И.Алгирмаа захиа илгээсэн болох нь талуудын тайлбар, цахим шуудангаар илгээсэн захиаг англи хэлнээс орчуулсан орчуулгын баримт, гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна. Уг и-мэйл хаягаар илгээсэн захидалд нэхэмжлэгчид олгогдоогүй цалин, хөлсийг олгох хугацаа тодорхойгүй байх тул Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар цалинг хойшлуулж байсан  хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх асуудлаар хариуцагч компанид 2016 оны 01 сарын 28-ны өдөр хандсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймээс нэхэмжлэгч К  нь дутуу олгосон цалин, хөлс болон 2013-2014 оны сургалтын зардлыг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь “Г ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бат-Эрдэнийн 2015 оны 04 сарын 30-ны өдөр Кари Тапанид хүргүүлсэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай Англи, Монгол хэл дээр хүргүүлсэн мэдэгдэлд “Хөдөлмөрийн гэрээ болон компанийн дотоод журмын дагуу ажил хүлээлцэх комиссыг томилж ажлыг хүлээлцсэний дараа ажилтанд ажилласан хугацааны цалинг 30 хоногийн дотор олгоно” гэж маш тодорхой нөхцөл заасан. Энэхүү мэдэгдлийг аваад нэхэмжлэгч Кари Тапани нь өөрийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа болон түүний 2013 оны 01 сарын 16-ны өдөр сургалт томилолтын зардалд шилжүүлж авсан 10,000 ам.доллар, 2013 оны 01 сарын 06-ны өдөр шилжүүлж авсан сургалтын төлбөр 6000 ам.доллар, 2013 оны 01 сарын 16-ны өдөр тийзний үнэд шилжүүлсэн 3,420.555 төгрөгтэй холбоотой санхүүгийн баримтыг зохих ёсоор компанийн санхүүгийн албанд бүрдүүлж өгнө гэдгээ маш тодорхой ойлгож байсан. Учир нь компани нэхэмжлэгчээс хөдөлмөрийн гэрээ цуцлагдахаас өмнө байнга эдгээр баримтуудыг шаардаж байсан юм. Тиймээс Кари Тапани нь хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан талаар маргаагүй 2 жил өнгөрсөн гэдэг нь хэрэгт авагдсан байгаа нотлох баримтуудаар нотолно.

            Шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзээгүй хэрэгт авагдсан нотлох баримтуудад бүхэлд нь дүн шинжилгээ хийж зохих ёсоор бодит байдалд нийцүүлэн дүгнэлт хийгээгүй. Жишээ нь Кари Тапани нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тухай мэдэгдлийг хүлээж авснаасаа хойш дахин ажил дээрээ нэг ч удаа ирээгүй ба бид түүнийг хүлээж 2015 оныг дуустал түүний Монгол Улсад оршин суух болон ажил эрхлэх зөвшөөрлийн төлбөрийг нь компани төлж байсан болно. Кари Тапани нь түүнд цалин хөлсийг нь олгоно гэж мэдэгдсээр байхад яагаад нэг ч удаа компани дээр очоогүй, улсын онцгой объектод орж онгоцонд суурилуулсан Айпак төхөөрөмжийг дур мэдэн авч явсан. Сургалтын төлбөрт олгосон 16,000 ам.доллартай холбоотой санхүүгийн баримтыг компанид гаргаж өгөөгүй, Мөн Кари Тапани нь сургалтад сууна гэдэг байдлаар жил бүр компаниас 20,000 ам.доллар авдаг байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. 2012-2014 оны хооронд жилд нэг удаагийн давтан сургалтад сууж эрүүл мэндийн үзлэгт орох зориулалтаар 34,317.79 ам.долларыг гаргуулж авсан боловч давтан сургалтад хамрагдаагүй, эрүүл мэндийн үзлэгт ордоггүй байсан тул түүний компаниас хууль бусаар авсан 34,317.79 ам.долларыг буцаан олгуулж компанийг хохиролгүй болгуулахаар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд манай байгууллагын байр суурь тодорхой байсан. Энэхүү сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдаж хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 12 дахь талын дээрээсээ 2 дахь параграфд “Хариуцагч тал шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтад дүгнэлт хийгээгүй бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцнэ гэж дүгнэж хариуцагчийг хохироосон шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчид олгохоор шийдсэн шүүхийн магадлал үндэслэлгүй бөгөөд компани түүнээс холбогдох тооцоог суутгаж авсны үндсэн дээр ажилласан хугацааны цалинг нь олгох байсан. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1293 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч К  нь хариуцагч “Г ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, агаарын хөлгийн нисгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хураамжийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах, ажил олгогчоос 2013-2015 онд цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүйг тогтоолгох, дутуу олгосон цалин 162,944,548 төгрөг (82,102,41 ам.доллар, цалин хожимдуулсан алданги 81,472,274 төгрөг (41,051.20 ам.доллар), 2013-2014 онд гарсан зардлууд болох 39,693,000 төгрөг (20,000 ам.доллар) гаргуулах, 2014 оны 6 дугаар сарын 2014.6.29-ний өдрийн №17, 2014.10.24-ний өдрийн №35, 2014.12.26-ны өдрийн А9 тушаалууд, суутгал тооцох, 600 сая төгрөгийн хохирол барагдуулах тухай 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №45 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргасан.

Хариуцагч “Г ” ХХК нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, К  компанийг 291,708,500 төгрөгийн санхүүгийн алдагдалд оруулсан, компанийн нэр хүндэд халдсан эдийн бус гэм хорыг арилгахад 100,000,000 төгрөг, хууль бусаар авсан 85,130,425 төгрөг, нийт 476,838,925 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэжээ.

Нэхэмжлэгч К  нь “Г ” ХХК-д 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2 жилийн хугацаатай сарын 8500 ам.доллар, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1 жилийн хугацаатай сарын 3000 ам.долларын цалинтай агаарын хөлгийн нисгэгчээр ажиллахаар тохиролцсоныг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв.

Ажил олгогч “Г ” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 02/74 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” мэдэгдлийг түүний цахим шуудангаар хаягаар хүргүүлж, нэхэмжлэгч нь мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажилдаа очоогүй, энэ үйл баримтын тухайд талууд маргаагүй.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн  ажил олгогчийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалтай танилцаагүй, тушаалын хувийг гардаж аваагүй, мэдэгдэл болон тушаалд дурдсан хуулийн заалтууд өөр байна гэж К  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Нэхэмжлэгч нь дутуу олгогдсон цалин хөлс, бусад зардлуудыг гаргуулах шаардлагыг 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд, харин ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлоо 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан боловч тэрээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гомдол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл  гаргасан байна гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болохыг баримтаар нотлоогүй буюу хавтас хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй  байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн боломжгүй юм.  

Иймд нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т нийцсэн гэж үзнэ.

“Г ” ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргасан байна. К  нь онгоцонд байнга суурилуулсан байх ёстой “Айпак” төхөөрөмжийг хулгайлан авч явсны улмаас  компани нь 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 8 хүртэл нислэг хийгээгүйгээс  алдсан бодит орлого болох 291,708.500 төгрөгийн хохирол, компанийн бизнесийн нэр хүндэд ноцтойгоор бүдүүлгээр халдсан гэж 100,000,000 төгрөг,  34,317.79 ам доллар буюу 85,130,425 төгрөгийг компаниас хууль бусаар авсан гэж нийт 476,838,925 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг шаардлагыг гаргажээ.

К  Айпак төхөөрөмжийг авч явснаа хүлээн зөвшөөрдөг ба 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр уг төхөөрөмжийг “Г ” ХХК-ийн захирал Г.Бат-Амгаланд хүлээлгэн өгсөн болох нь тогтоогджээ.

“Г ” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 08 хүртэл нийт 10.000 км тууш нислэгийг хийгээгүйгээс 291,708,500 төгрөгийн олох ёстой бодит орлогоо алдсан, сургалт, томилолтын зардалд 85,130,425 төгрөгийг хууль бусаар  авсан гэсэн шаардлагаа баримтаар нотлоогүй, түүнчлэн компанийн бизнесийн нэр хүндэд халдсан гэх боловч К  нь ямар мэдээллийг, ямар хэлбэрээр, хэнд, хэрхэн тараасан үйл баримт тогтоогдоогүй байна.

Хариуцагчийг сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж  дүгнэн, сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна. 

Давж заалдах шатны шүүх хариуцагч “Г ” ХХК-иас дутуу олгосон цалин, хөлсөнд 58,236,603.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөнөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны  шүүх бүрэлдэхүүн тогтоов.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1293 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00366 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

      2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Г ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449,400 /дөрвөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН