Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1293

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

Финланд улсын иргэн КТ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00366 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Финланд улсын иргэн КТ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Г” ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэж, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах, 2013-2015 онд цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүйг тогтоон дутуу олгосон цалин 162 944 548 төгрөг /82 102.41 ам.доллар/, алданги 81 472 274 төгрөг /41 051.20 ам.доллар/, 2013-2014 онд гарсан сургалтын зардал 39 693 000 төгрөг /20 000 ам.доллар/ гаргуулж, 2014 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 17, 10 дугаар сарын 24-ний өдрийн 35, 12 дугаар сарын 26-ны өдрийн А9, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 45 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагчийн, компанийн эд хөрөнгөд учруулсан хохирол 291 708 500 төгрөг, компанийн нэр хүндэд учирсан хохирол 100 000 000 төгрөг, сургалтын зардалд төлсөн 85 130 425 төгрөг, нийт 476 838 925 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2008 оны 5 дугаар сараас эхлэн “Г” ХХК-д нислэгийн захирал, агаарын хөлгийн нисгэгчээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилласан. Сүүлийн хөдөлмөрийн гэрээг  2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр цахим шуудангаа шалгахад “Г” ХХК-ийн Ерөнхий захирлын туслахаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн огноотой, 02/74 мэдэгдлийг хүлээн авсан. Мэдэгдэлд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгож, Хөдөлмөрийн гэрээний 3.1.3 сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах заалтыг дурдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дэх хэсэгт зааснаар урьдчилан мэдэгдэл хүргүүлж байна, 30 хоногийн дотор ажлаа хүлээлгэж өг гэсэн. Уг мэдэгдэл эрх зүйн хувьд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг cap түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэснийг зөрчсөн. Мөн миний ажиллаж байсан орон тоог нэг сарын дараа зарлаж, агаарын хөлгийн нисгэгчээр өөр хүнийг ажиллуулсан. Хариуцагч нь ажлаас халсан тушаал шийдвэрийг өнөөдрийг хүртэл өгөөгүй тул ямар үндэслэлээр халагдсанаа мэдээгүй. Үүнээс гадна монгол хэл мэдэхгүй бөгөөд ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлахад тушаал шийдвэр гардуулж өгөх ёстой гэдгийг хуулийн зөвлөгөө авснаар мэдэж, шүүхэд хандсан.

Цалин хөлсөө авахаар би анх 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд хандсан боловч хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс шийдвэрлэхээр зохицуулсан гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдлоо гаргахад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Ажил олгогч нь цалин дутуу олгосон гэдгээ зөвшөөрсөн бөгөөд төлөвлөгдөөгүй цалинг өгнө гэсэн ажил олгогчийн баталгаа гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамааралгүй тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү.

Улаанбаатар Аудит Корпорэйшн ХХК-ийн гаргасан цалингийн тооцооллоор хариуцагч нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 162 944 548 /82,102,41 ам.доллар/ төгрөгийн цалин дутуу олгосон. Компанийн зүгээс надад цалин хөлсийг нь өгнө, байгууллагын санхүүгийн байдал хэцүү байна гэж тайлбарлаж, компанийн санхүүгийн хяналт хариуцсан ажилтан И.Алгирмаа 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр надад илгээсэн захидалд төлөгдөөгүй цалин 56 926 251,29 төгрөг гэж бичсэн.

Ажлаас чөлөөлсөн тушаалтай шүүхэд ирж танилцсан. Энэ тушаалд гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ гарын үсэг зурсан боловч “Г” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар Г.Болдбаатар бүртгэгдсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-ийг тушаалын үндэслэлээ болгосон боловч цахимаар ирүүлсэн мэдэгдэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг үндэслэсэн. Би ажлаас чөлөөлөгдөх өргөдөл огт гаргаагүй. Ажил олгогч 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн сул зогсолт зарлаж дараа хэзээ зогсоосон нь тодорхойгүй байснаа 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сул зогсолт зарлажээ. Эхний удаагийн сул зогсолтын үед 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 140 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 56.2 дахь хэсэгт зааснаар цалингийн 60 хувьтай тэнцэх нөхөн олговор олгохоор болсон. Хариуцагч ажилтны төлөөлөгчтэй хамтын гэрээ байгуулаагүй, сул зогсолтын үед ямар зохицуулалт хийх талаар журам гаргаагүй атлаа нэхэмжлэгчид 2014 оны 5, 10, 12 сарын сул зогсолтын олговор олгохгүй гэж шийдвэрлэсэн. Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлд ажил олгогч ажилтны цалин хөлсний хэлбэр, хэмжээг өөрчилсөн тухай шийдвэрийг мөрдөж эхлэхээс 10, түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулна гэсэн үүргийг биелүүлээгүй. Мөн надад дээрх тушаалуудыг огт танилцуулаагүй, би мэдээгүй ба дуудсан үед ирээгүй, огт холбоо бариагүй гэх зөрчлүүдийг би гаргаж байгаагүй. Сул зогсолтын олговор олгохгүй тухай 2014 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №17, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №35, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А9 тушаалууд илт хууль бус гэж үзэж байгаа тул тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү. Хөдөлмөрийн гэрээний дагуу би нэг сард 6 025 380 төгрөгийн цалин авдаг байсан ба хариуцагчаас шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан бүх хугацааны цалин нэхэмжилж байна, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар надад 11,5 сарын нийт 34 500 000 төгрөг олгохоор байна.

Иймд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэж, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоон, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Соёлмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2008 оноос тус компанид хөдөлмөрийн гэрээгээр ажилласан. Нэхэмжлэгчийн ажлын байр нь цомхотголд орсон боловч КТ- нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүргүүлсэн мэдэгдлээс хойш шалтгаангүйгээр, ямар ч тайлбаргүй сураг тасарсан бөгөөд компанийн өмчлөлийн эд зүйлсийг буцааж өгөөгүй, санхүүгийн тооцоогоо ч дуусгаагүй. Бид түүнтэй холбоо тогтоох гэж олон удаа оролдсон ч биднээс зугтаасан. Нэхэмжлэгч нь компанийн нэн шаардлагатай зарим багаж хэрэгслийг хүлээлгэж өгөөгүйгээс ажилд ихээхэн хэмжээний саад учруулсан. Компани нь түүнд хүргүүлсэн мэдэгдэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 дэх хэсэгт зааснаар ажил хүлээлгэж өгөх 30 хоног тогтоосон боловч энэ хугацаанд ирж ажлаа зохих ёсоор хүлээлгэж өгөлгүй, нэн шаардлагатай онгоцны хайгуулын багажийг удаан хугацаагаар авч явсан нь ажилд ихээхэн хохирол учруулсан. Компани Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, тэтгэмжийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхээс татгалзаагүй. Манай компани Кари Тапанид байгууллага дээр ирж тооцоо хийсний дараа тушаал шийдвэр албажина гэдгийг мэдэгдэлдээ тодорхой дурдсан. Мөн нэхэмжлэгчийг бидэнтэй уулзаж асуудлаа шийднэ гэж итгэн, түүний Монголд оршин сууж, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн эрхийн төлбөрийг 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 9 сарын хугацаанд cap бүр 392 000 төгрөгөөр нийт 3 528 000 төгрөгийг төлсөн.

Нэхэмжлэгч нь жил бүр АНУ-ын нисгэгчийн давтан сургалтад явж 20 000 ам.долларыг зарцуулдаг байсан боловч сургалтад суусан албан ёсны сертификатыг авчраагүй нь ИНД-19, ИНД-135 дүрмүүдийг зөрчиж компанийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсан. Түүний нэхэмжилсэн 20 000 ам.доллар нь санхүүгийн баримтаар нотлогдоогүй тул олгох боломжгүй.  “Г” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр №2014/13 тоот агаарын геофизикийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээг Уул уурхайн яамтай байгуулж, агаарын геофизикийн нислэгийн 1 тууш/км нь 28 170.85 төгрөг ба сард дунджаар 10 000 тууш/км-ийн нислэг хийдэг учир сард 400 000 000 гаруй төгрөгийн ажил хийж, гүйцэтгэлээрээ санхүүждэг. Гэтэл нэхэмжлэгч санаатайгаар Айпак багажийг авч зугтсан тул бид 2 cap судалгааны нислэг үйлдэж чадаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор эрхээ сэргээлгэх боломжтой. Монгол хэл мэдэхгүй гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй.

Сургалтад яваад ирсэн гэх баримт нь Иргэний Нисэхийн дүрмийн шаардлага хангахгүй бөгөөд сургалтын гэрчилгээг Иргэний Нисэхийн сургалт зохион байгуулдаг газраас өгөөгүй. Хаанаас авчирсан нь мэдэгдэхгүй баримт авч ирээд хавтаст хэрэгт өгсөн. Ай Пак гэх төхөөрөмжийг 2015 оны 7 дугаар сард буцаан өгсөн бөгөөд төхөөрөмж байхгүй учраас онгоц нислэг үйлдээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: КТ- нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 2 сар 8 хоногийн хугацаанд санаатайгаар, онгоцонд байнга суурилуулсан байх ёстой Айпак төхөөрөмжийг хулгайлан авч явснаас манай компани 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 10 000 орчим тууш км нислэгээ хийж чадалгүй олох байсан бодит орлого 291 708 500 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ. Түүнчлэн, хариуцагч нь өөрөө ажлаа хүлээлгэж өгөөгүй оргон зайлсан атлаа түүнд цалин хөлсийг нь олгоогүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нь өгөөгүй, нийгмийн даатгал төлөөгүй гэх мэт худал ярьж компанийн бизнесийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан тул 100 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Кари Тапанид хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэх захирлын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 140 тоот тушаалын дагуу түүний үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх хэмжээний сул зогсолтын олговрын үлдэгдэл болох 34 517 351 төгрөгийн өглөгтэй тул түүний учруулсан бодит хохирол болох 291 708 500 төгрөгөөс дээрх өглөгийг хасаж тооцоод нийт 357 191 149 төгрөгийг КТ-ээс нэхэмжилнэ.

Түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох мэдэгдэлд компанийн цалин-тооцооны нягтлан бодогч н.Отгонхишигтэй уулзаж цалинг нь бодох хэрэгтэй талаар дурдаж 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр томилолтын зардалд авсан 10 000 ам.доллар, мөн 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр сургалтын төлбөр гэж шилжүүлж авсан 6000 ам.доллартай холбоотой санхүүгийн баримтаа бүрдүүлж өгөхийг шаардсанаас хойш харилцаагаа тасалж сураггүй болсон. Түүнд мэдэгдэл өгсний дараа 7 хоногт ажлаа хүлээлцэх байх гээд хүлээсэн ба тухайн үед нислэг эхлээгүй байсан тул Айпак төхөөрөмжийг авч явсныг мэдээгүй. Компани нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 10 000 км тууш нислэг хийсэн бөгөөд 1 тууш км нь 29 170.85 төгрөг байхаар Уул уурхайн яамтай гэрээгээр тохирсон болно. Айпак төхөөрөмжийг авч яваагүй бол манай компани 10 000 тууш км нислэг үйлдэх байсан бөгөөд үүний ажлын хөлсөнд 291 708 500 төгрөгийг гүйцэтгэлээрээ уул уурхайн яамнаас авах байсан. Мөн 2013 онд АНУ-д сургалтад явах зорилгоор 16000 ам.долларыг шилжүүлж авсан бөгөөд санхүүгийн баримтаа бүрдүүлж өгөхийг шаардахад биелүүлээгүй. Иймд 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлж авсан 10 000 ам.доллар, 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлж авсан 6000 ам доллар нийт 16 000 ам доллар буюу 22 408 900 төгрөгийн хохирол учруулсан. Бид түүний дээрх үйлдлийг илт компанийн нэр хүндэд халдсан гүтгэлэг гэж үзэж байгаа тул 100 000 000 төгрөгийг нэхэмжилнэ. КТ- нь тус компаниас 2012 оноос 2014 оны хооронд жилд нэг удаагийн давтан сургалтад сууж эрүүл мэндийн үзлэгт орох зориулалтаар 34.317.79 ам.долларыг гаргуулж авсан боловч давтан сургалтад хамрагдаагүй эрүүл мэндийн үзлэгт ордоггүй байсан тул түүний манай компаниас хууль бусаар авсан 34 317.79 ам долларыг буцаан олгож өгнө үү. Нэхэмжлэгчийн манай компаниас хууль бусаар авсан 34 317.79 ам доллар буюу 85 130 425 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. Кари Тапани нь иргэний нисэхийн багц дүрмийн дагуу жил тутам хамрагдах ёстой давтан сургалтад суух эрүүл мэндийн үзлэгт хамрагдана гэсэн үндэслэлээр 2008 оноос 2012 оны хооронд 70 000 орчим ам.долларыг авахдаа сургалтанд сууж эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй. Энэ нь “Г” ХХК-д Иргэний нисэхийн ерөнхий газрын нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албанаас хийгдсэн Аюулгүй ажиллагааны аудит шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон тул 34 317.79 ам.доллар буюу 85 130 425 төгрөгийг буцаан олгуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би хөдөлмөрийн гэрээг цуцлах ямар ч санаачлага гаргаагүй байхад тушаалд ажилтан санаачилсан гэсэн үндэслэл зааж, харин надад илгээсэн захидал, сөрөг нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбартаа орон тооны цомхотголоор халагдсан гэсэн. Би Монголын Иргэний нисэхийн багц дүрмүүд, Монголын Иргэний Агаарын Тээвэр болон АНУ-ын Нисэх Хүчний Холбооноос шаардсаны дагуу жилд нэг удаа сургалтад хамрагдах, эрүүл мэндийн үзлэгт орох үүрэгтэй тул “Г” ХХК-ийн санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан 2012-2014 оны сургалтын зардлаа өөрөө төлсөн. Хэрэв жил бүр мэргэжлээ дээшлүүлж сургалтад хамрагдаагүй бол би нислэг үйлдэх эрхгүй. Зардлуудыг нөхөн төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу 2013 оны 01 дүгээр сарын сүүлчээр зардлын бүх баримтуудаа санхүүд тайлагнасан учир миний гаргасан 16 000 ам.долларыг эргүүлж төлснийг баталж компанийн цалин хөлсний мэргэжилтэн И.Алгирмаа 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр надад илгээсэн захидалдаа 2012 оны 01 дүгээр сард 4 000 ам.доллар байгаа. 2013 онд томилолтын мөнгө бүрэн төлөгдсөн, 2014 оны байдлаар төлбөл зохих томилолтын мөнгө 16 000 ам доллар, нийт 20 000 ам.доллар гэж баталсан.

Айпак төхөөрөмжийг анх ажилд ороход нислэг үйлдэхдээ хэрэглэж бай гэж хариуцуулж, байнга цэнэгтэй байлгахыг шаарддаг тул онгоцонд орхиж болохгүй. Иймд би хамгийн сүүлд нислэг үйлдсэний дараа Айпак төхөөрөмжийг гэр рүүгээ авч явсан ба надаас авах хүртэл төхөөрөмжийг байнга цэнэгтэй байлгасан. Хэрэв Айпакийг онгоцонд суурилуулж үлдээсэн бол цэнэгээ алдаж төхөөрөмжид байсан мэдээлэл устаж дахин програм суулгахаар нийлүүлэгч рүү илгээж цаг алдах байсан. Би оршин суух хаягтаа байсан, намайг олохгүй олон хоног хайсан гэдэг нь худлаа.

“Г” ХХК нь судалгааны талбайн газрын хотгор гүдрэгээс хамааран 70-100 метрийн өндөрт нислэг үйлдэх шаардлагатай бөгөөд намайг ажлаас халсны дараа ийм нислэг хийх туршлагатай нисгэгч компанид байгаагүй. Харин “Г” ХХК нь Бразили улсын иргэн Эрик Де Баррос Камараг ажилд авч тэрээр 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нислэг үйлдэх эрхийн гэрчилгээ авсан тул энэ өдрөөс эхлэн “Г” ХХК нислэг үйлдэх эрхтэй болсон. Иймд Айпак төхөөрөмжийг би авч явснаар 10 000 тууш км нислэг үйлдэж 291 708 500 төгрөгийн орлого олох байсан гэх шаардлага үндэслэлгүй. “Г” ХХК-тай холбоотой хөдөлмөрийн маргаанд би шүүхэд гомдол гаргасан болохоос бусдад энэ тухай яриад компанийн нэр хүндэд халдаагүй тул 100 000 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Агаарын хөлгийн нисгэгч жил бүр мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэнээр ИНЕГ-ын Үнэмлэх, Гэрчилгээжүүлэлтийн Газраас нисгэгчийн тусгай зөвшөөрлийг 6 сараар сунгадаг. Уг гэрчилгээ сунгалтыг “Г” ХХК хариуцдаг, хэрэв сургалтад хамрагдаагүй, эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй бол гэрчилгээ олгодоггүй, гэрчилгээ байхгүй бол нислэг үйлдэх боломжгүй байдаг. 2012-2014 оны хооронд хамрагдсан сургалт, зардлуудаа тайлагнахад хууль бусаар мөнгө авсан, баримтууд хуурамч гэж надад албан ёсоор мэдэгдээгүй байж одоо ямар ч баримтгүй нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч КТ- /Mattinen Kari Тapani/-ийн үндсэн нэхэмжлэл, “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Г” ХХК-аас 376 838 925 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 2 042 145 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, хэрэгт хавсаргасан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаж чадаагүй.

Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн төлөөлөгчид давхардуулж чөлөөтэй ярих боломж олгосон атлаа нэхэмжлэгч талын ярьж байгааг таслах, загнах зэргээр чөлөөтэй мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан. Мөн шүүгч Ө.Уянга нь О.Солонготой хамт хуулийн ангид сурч байснаа шүүх хуралдаанд хэлэхэд нь шийдвэрт эргэлзэж байна гэхэд шүүх бүрэлдэхүүн нотлох баримтгүй гээд хүлээн аваагүй. Шүүгч С.Хишигбат хариуцагчид хөтөлсөн, дэлгэрэнгүй тайлбартай асуулт тавьж хариуцагчид ашигтай байдлаар хариулт авахыг эрмэлзэж байсан. Шүүх хуралдаанд хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчим алдагдсан.

Нэхэмжлэгчид ажлаас халсан тушаалыг гардуулж өгөөгүй, ажил дээр очиж тооцоо хийж, дутуу цалин хөлсөө авъя гэхэд хүлээн аваагүй, нэвтрүүлээгүй. Айпак төхөөрөмж авахаар 2015 оны 7 дугаар сарын 07-нд ирэхэд нь тооцоо хийе, дутуу авсан цалин, тушаалаа авъя гэхэд өгөөгүй. Шүүх хуралдаанд орон тооны цомхотгол хийсэн гэж янз бүрээр тайлбарлаж яг ямар шалтгаанаар халсан нь ойлгомжгүй.

Цахим хэлбэрээр илгээсэн шууданг ажил олгогчийн шийдвэр мөн, түүнийг нэхэмжлэгч гардан авсан гэж үзээд эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж буруу дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргахаар зохицуулсан байхад шүүх цахим хэлбэрээр ирүүлсэн бичвэрийг ажил олгогчийн шийдвэр гэж үзсэн нь ойлгомжгүй.

Ажил олгогч нь нэхэмжлэгчид санхүүжилтийн улмаас цалин хөлсийг нь хугацаанд өгөөгүй болохоо, нэхэмжлэгчээс гарсан сургалтын зардлуудыг нөхөж өгөх тухайгаа удаа дараа цахим шуудангаар мэдэгдэж, мөн шүүхэд тайлбартаа нэхэмжлэгчид цалинг нь дутуу олгосон, манай компани мөнгийг нь өгнө гэж нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байсан. Мөн цалин хөлсний тооцоо байгаа, нэхэмжлэгчид мөнгө өгөх ёстой гэдгийг захирал Б.Ихбаяр хэлдэг. Өөрөөр хэлбэл, цалин хөлсний маргаан гэхээсээ илүү компани ажилтандаа тодорхой хэмжээний өглөгтэй гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн. Харин талууд мөнгөний хэмжээ их бага гэж байсан, шүүх үүнд дүгнэлт өгч цалин хөлсний маргаанаа нэхэмжлэгч 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд гаргах эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь хууль бус болсон.

Мөн сургалтын зардлыг шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч ажил олгогчоос өгнө гэж зөвшөөрсөн мөнгийг шаардахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 578 500 төгрөг төлснийг шүүх хэрхэх талаар шийдвэртээ тусгаагүй. Нэхэмжлэгч нь компанийн санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан компанийн удирдлага санал болгосноор өөрөөсөө сургалтын зардлуудыг гаргаж компани тусгай зөвшөөрлөө сунгуулж байсан.

2014 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 17 тоот, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 тоот, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А9 тушаал, 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 45 тоот тушаалыг тус тус хүчингүй, илт хууль бус тул хүчингүй тооцуулах шаардлагыг хариуцагч хүлээн авч, 14 хоногийн хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй буюу 9 сар 18 хоногийн туршид хариу тайлбар гаргаагүй нь тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Шүүх хариуцагч талын үндсэн нэхэмжлэлтэй холбоогүй санхүүгийн алдагдалд оруулсан тул 291 708 500 төгрөг, компанийн нэр хүндэд халдсан 100 000 000 төгрөг хууль бусаар авсан 85 130 425 төгрөг, нийт 476 838 925 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлүүлэхгүйгээр хүлээн авсан. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, зохигчдын гаргаж өгсөн нотлох баримт, зохигчдын мэтгэлцээн болон нотлох баримтыг шинжлэн судалж шийдвэрээ хууль ёсны дагуу гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч КТ- нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэж, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах, 2013-2015 онд цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүйг тогтоон дутуу олгосон цалин 162 944 548 төгрөг /82 102.41 ам.доллар/, алданги 81 472 274 төгрөг /41 051.20 ам.доллар/, 2013-2014 онд гарсан сургалтын зардал 39 693 000 төгрөг /20 000 ам.доллар/ гаргуулж, 2014 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 17, 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 12 дугаар сарын 26-ны өдрийн А9, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 45 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, байгууллагын эд хөрөнгөд учруулсан хохирол 291 708 500 төгрөг, компанийн нэр хүндэд учирсан хохирол 100 000 000 төгрөг, сургалтын зардалд төлсөн 85 130 425 төгрөг, нийт 476 838 925 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна.

            Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.Нэхэмжлэгч КТ-ы хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг гардуулж өгөөгүй гэх үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаж, улмаар ажилд эгүүлэн тогтоолгон, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэхээр шүүхэд ханджээ.

Талуудын хооронд 2008 оноос хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч “Г” ХХК-ийн захирал 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 02/74 тоот тушаал гарган, нэхэмжлэгч КТ-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /1хх-24 дэх тал/ Хариуцагч тал уг тушаалыг гардуулж өгөөгүй үндэслэлээ “... мэдэгдлээс хойш шалтгаангүйгээр, ямар ч тайлбаргүй сураг тасарсан, ажлаа хүлээлгэж өгөөгүй ...” гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн и-мэйл хаягаар хариуцагч “Г” ХХК-ийн явуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг хүлээн авч, уг өдрөөс хойш ажилдаа очоогүй, шүүхэд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргасан болох нь нотлогдож байна. /хх-1, 14-15, 76-77 дахь тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан ба хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.

Ажил олгогч буюу хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг өгөх үүргээ биелүүлээгүй, зөрчсөн байгаа боловч энэ нь нэхэмжлэгч КТ-ыг шүүхэд гомдол гаргахад саад болсон, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэл болохгүй юм. Учир нь хариуцагч талын нэхэмжлэгчид явуулсан мэдэгдэлд КТ-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, хөдөлмөрийн гэрээний 3.1.3-т зааснаар цуцалж байгааг дурдсан байх тул нэхэмжлэгчийг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэх тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжгүй байна. Анхан шатны шүүх энэ үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний үр дагавар болох цалин, хөлсний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж бичилт хийх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3 дахь хэсэгт заасанд нийцжээ. 

2.Нэхэмжлэгч КТ- нь дутуу олгосон цалин, хөлс 82 102.41 ам.доллар, алданги 41 051.20 ам.доллар, 2013-2014 онд гарсан сургалтын зардал 20 000 ам.долларын хамт гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүх уг шаардлагатай холбоотой үйл баримтыг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь  хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчин, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч “Г” ХХК нь санхүүгийн хүндрэлийн улмаас нэхэмжлэгчийн 2013- 2015 оны цалин, хөлсийг тогтоосон хугацаанд өгч чадаагүй, олгогдоогүй цалингийн үлдэгдэл 29,229.52 ам.доллар, цалин олгох өдөр тухайн өдрийн албан ёсны ханшаар тоооцон төгрөгт хөрвүүлдэг тухай нэхэмжлэгчийн и-мэйл хаягаар тус компанийн нягтлан бодогч И.Алгирмаа захиа илгээсэн болох нь талуудын тайлбар, цахим шуудангаар илгээсэн захиаг англи хэлнээс орчуулсан орчуулгын баримт, гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна. /1хх-150-151, 4хх-106-116/

Уг и-мэйл хаягаар илгээсэн захианд нэхэмжлэгчид олгогдоогүй цалин, хөлсийг олгох хугацаа тодорхойгүй байх тул Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар цалинг хойшлуулж байсан хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх асуудлаар хариуцагч компанид 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хандсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолох тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймээс нэхэмжлэгч КТ- нь дутуу олгосон цалин, хөлс болон 2013-2014 оны сургалтын зардлыг гаргуулахаар шаардах эрхтэй.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн, хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ болох 29 229.52 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон хариуцагч “Г” ХХК-иас дутуу олгосон цалин, хөлсөнд 58 236 603 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Харин дутуу олгосон цалин хөлс гаргуулах шаардлагын үлдэх хэсэг болох 52 872.84 ам.доллар, алданги 41 051.20 ам.доллар, мөн сургалтын зардал 20 000 ам.доллар гаргуулах шаардлагыг хангах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 82 102.41 ам.долларт тооцох хэмжээний цалин дутуу авсан, мөн 20 000 ам.долларыг сургалтын төлбөрт төлсөн гэх үйл баримтаа баримтаар нотлоогүй. Мөн талууд дутуу олгосон цалин, хөлсийг олгох хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байсан учир нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

3.Нэхэмжлэгч КТ- нь тушаалууд хүчингүй болгох шаардлага гаргаж, үндэслэлээ “... тушаал гарсан талаар мэдэгдээгүй, ... эрх бүхий этгээд гаргаагүй” гэж тайлбарладаг.

Хариуцагч “Г” ХХК-ийн ерөнхий захирал Г.Ихбаяр 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 01/б тоот тушаал гарган, гүйцэтгэх захирлаар Г.Бат-Эрдэнийг томилсон байна. /1хх-82/ Улмаар гүйцэтгэх захирал нь 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 17, 10 дугаар сарын 24-ний өдөр 35, 12 дугаар сарын 26-ны өдөр А9 тоот тушаал тус тус гарган, КТ-ыг компаниас дуудсан хугацаанд  ирээгүй гэх үндэслэлээр сул зогсолтын олговор олгохгүй байхаар шийдвэрлэжээ. /2хх-93-95/ Уг тушаалууд нь нэхэмжлэгчийг ажиллаж байх үед гарсан байх тул түүнийг мэдээгүй гэж үзэх боломжгүй байна. Хэрвээ дээрх тушаалууд нэхэмжлэгчийн эрхийг зөрсөн гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор эрх бүхий байгууллагад гомдлоо гаргах эрхтэй боловч уг хугацаа хэтэрсэн байна.

Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 45 тоот “Суутгал тооцох, 600 000 000 төгрөгийн хохирол барагдуулах тухай” тушаалын 1 дэх заалтаар “Кари Маттинен Тапанид олгох цалингийн үлдэгдлээс шалгалт болон томилолтын зардалд компаниас өгсөн 16 000 ам.долларын зарцуулалт нь санхүүгийн баримтаар нотлогдоогүй тул уг зардлыг суутган тооцохыг”, 2 дахь заалтаар “.... компанид учруулсан 600 сая төгрөгийн бодит хохирлыг холбогдох байгууллагатай хамтран нөхөн төлүүлэх үүргийг компанийн нягтлан бодох, хуулийн зөвлөх нарт даалган” шийдвэрлэсэн байна. /2хх-89/  Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт заасны дагуу ажилтан нь цалин хөлснөөс суутгал хийх тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргах бөгөөд гомдлоо хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргах ёстой. Тушаалын 2 дахь заалтын хувьд ажил олгогч хохиролтой холбоотой асуудлаар шүүхэд гомдол гаргахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зохицуулсан бөгөөд уг асуудал нь энэ маргааны үндэслэл болоогүй байна. Мөн тухайн эрх зүйн актыг гаргасан этгээдийг өөрөө төлөөлөх эрхгүй гэж хариуцагч компани маргаагүйн гадна дээрх тушаал гарснаар нэхэмжлэгчийн эрх ашиг шууд зөрчигдсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул түүний тушаалуудыг хүчингүй болгох тухай шаардлагыг хангах үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Шүүх, хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Хариуцагч тал шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтад дүгнэлт хийгээгүй бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцнэ.

Хариуцагч “Г” ХХК-ийн, нэхэмжлэгч Кари Тапани Матенинд холбогдуулан компанийн эд хөрөнгийг санаатай авч явсны улмаас санхүүгийн алдагдалд оруулсан гэх үндэслэлээр хохиролд 291 708 500 төгрөг, нэхэмжлэгчид сургалт, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах зардалд өгсөн 34 317.79 ам.доллар буюу 85 130 425 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасанд, компанийн нэр хүндэд учирсан хохиролд 100 000 000 төгрөг гаргуулах шаардлага нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэсгийг хууль хэрэглээний хувьд зөвтгөн өөрчлөх боломжтой.

Мөн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хангасан хэмжээгээр зохигчдод хуваарилан хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нийцнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00366 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийг 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-иас 58 236 603 /тавин найман сая хоёр зуун гучин зургаан мянга зургаан зуун гурван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Финланд Улсын иргэн КТ-д олгож, үлдэх 113 924.09 ам.доллар гаргуулж, 2014 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 17, 10 дугаар сарын 24-ний өдрийн 35, 12 дугаар сарын 26-ны өдрийн А9, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 45 тоот тушаалуудыг хүчингүйд тооцуулах тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 129 дүгээр зүйлийн 129.1 болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, “2, 3, 4, 5” гэснийг “3, 4, 5, 6” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, бусад шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 578 500 төгрөг, хариуцагчаас төлсөн 2 527 508 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-иас 449 133 төгрөг гаргуулан нэхэмжлэгч КТ-д буцаан олгон, хариуцагчаас дутуу төлсөн 2 042 145 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай” гэж тус тус нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                              Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Ч.ЦЭНД