Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2017/01605

 

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2017/01605

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ННМЭТББ -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МЭНБТББ -д холбогдох

ННМЭТББ нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Энхтайван найрамдлын ордны 3054 м2 талбайтай 3 давхар барилгыг барихад нийт зардлын 30 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, тус ордныг бусдад зарсан дүнгээс өөрт ногдох 30 хувьтай тэнцэх хэсгийн үнэ болох 300,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, өмгөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг нь 1947 онд Монголын олон нийтийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан гадаад орнуудтай найрамдал, соёлоор харилцах Монголын анхны нийгэмлэг бөгөөд жил тутам сая гаруй төгрөгийн орлого олдог олон нийтийн байгууллага байсан. Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагуудын Холбоог 1959 онд уусгэн байгуулсан бөгөөд Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагуудын Холбоо нь 1968 он хүртэл өөрийн харилцах дансгүй, зөвхөн Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн Төв зөвлөлийн орлого болон улсын төсвөөс санхүүжиж иржээ.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1967 оны 09 сарын 29-ны 294 дүгээр тогтоолоор Энхтайван найрамдлын фонд байгуулагдаж, 1968 онд Энхтайван Найрамдлын ордныг барих шийдвэр гаргасан байна. Энхтайван найрамдлын ордныг барих болсонтой холбогдуулан Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн дансаас гишүүдийн татварын орлогын мөнгийг Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагуудын Холбооны Гүйцэтгэх хорооны шинээр нээсэн дансанд шилжүүлэн авсан тул Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн дансанд 200 гаруй мянган төгрөг үлдсэн баримт байдаг.

1969-1971 онд Энхтайван найрамдлын ордныг барьж байгуулахад Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг нь нийт санхүүжилтийн 30 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг гаргасан байна.

Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын холбооны Гүйцэтгэх хорооны 1971 оны тайланд 1971 оны 11 сарын 01-ний байдлаар Уг барилгыг барихад нийт 3500000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг зарсаны 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг Энхтайван найрамдлын фондоос, 1030000 /нэг сая гучин мянган/ төгрөгийг Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн гишүүдийн татвар болон бусад орлогоос санхүүжүүлсэн байна баримтаар тэмдэглэсэн болон Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын холбооны 1972 оны 03 сарын 23-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталсан тогтоолд оруулсан хөрөнгө оруулалтын талаар дурьдсан байна.

Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг нь Энхтайван найрамдлын ордны барилгад нийт санхүүжилтийн 30 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалт хийсэн тул ордныг ашиглалтанд ороход оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнд хувь тэнцүүлэн Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн Төв зөвлөлд 1, 2 дугаар давхарт гэрэл зургийн лаборатори болон номын санд зориулан том, жижиг 6 өрөө, 3-р давхарт тус нийгэмлэгийн Төв зөвлөлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, зааварлагчид, ЗХУ сэтгуүлийн эрхлэгч, орчуулагчид, номын сангийн эрхлэгч, гэрэл зургийн тасгийг эрхлэгч нарт нэр заан 6 өрөө, ордны подвалийн давхарт номын фонд, гэрэл зургийн агуулах, кинофильмийн агуулах гэх мэт 6 өрөө, нийтдээ 18 өрөөг хувиарлан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүнээс гадна 1971 оноос 1991 оныг хүртэл 20 жилийн турш Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн Төв зөвлөл Энхтайван найрамдлын ордны барилгын ашиглалтын зардлын 50%-ийг санхүүжүүлж байсан тул ашиглалтын зардалд хөрөнгө оруулалт хийж байсан гэж үзнэ.

1991 оны 03 сарын 29-нд Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг, Монголын Энхтайван найрамдлын нийгэмлэгүүдийн холбоотой хамтран Улс орон зах зээлийн эдийн засагт шилжиж өмчийн асуудал чухал үүрэгтэй болж байгаатай холбогдуулан Энхтайван найрамдлын ордныг анх барьж байгуулахад болон засвар үйлчилгээ, тохижилтын ажилд хоёр талаас ямар хэмжээний хөрөнгө оруулсан байдлыг баримт материалд тулгуурлан тогтоох хамтарсан комисс байгуулж" ажиллуулсан байна. Хамтарсан комиссын хурлаар Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн Төв зөвлөлийн эзэмшиж байсан 18 өрөө тасалгааны тоог 9 болгон 50%-аар бууруулж тус ордны барилгын 3 дугаар давхарын 7 өрөө болон, подвалийн давхарт өрөө эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь тэмдэглэгдэн үлдсэн байна.

Энхтайван найрамдлын ордныг өмчлөх эрхийн асуудлаар байгуулсан протокол гаргаж ордны барилгад нийтдээ 3530000 /гурван сая таван зуун гучин мянган/ төгрөг зарсны 71,0 хувь 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг Энхтайван найрамдлын фондоос гаргаж, 29 хувь 1030000 /нэг сая гучин мянган/ төгрөгийг Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн гишүүдийн татвар бусад орлогоос санхүүжүүлсэн болох, мөн барилгыг ашиглалтанд орсоноос хойш Монголын Энхтайван найрамдлын нийгэмлэгүүдийн холбоо, Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгтэй хамтран хоёр талаас ижил хэмжээгээр хөрөнгө нийлүүлэн ордны барилгын засвар болон ашиглалтын зардлыг хариуцаж байсан ба Ордны тоног төхөөремж болон бусад үндсэн хөрөнгийг шинэчлэх бүрдүүлэхэд мөн 2 талаас хөрөнгө нийлүүлж иржээ. гэж талууд харилцан зөвшөөрч 1992 оны 03 сарын 26-ны өдөр баталгаажуулсан байна.

Уг протоколоор Энхтайван найрамдлын ордны ашиглалтыг сайжруулан, өмч хөрөнгийг тодорхой эзэнтэй байлгах үүднээс Монголын Энхтайван найрамдлын нийгэмлэгүүдийн холбоо нь тус ордныг эзэмших, ашиглах, түүний эд хөрөнгийг зохицуулах эрхтэй байхаар харилцан тохиролцов. Харин Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн нэр өөрчлөгдсөн тул Хамтын нөхөрлөл, тусгаар тогтносон орнуудтай найрамдах Монголын нийгэмлэгүүдийн эвлэл нь цаашид ордны үйл ажиллагаанаас олох ашгийн 30 хувийг авч байх эрх эдэлнэ. гэж талууд шийдвэрлэсэн болно.

Гэвч энэхүү шийдвэрийн дагуу Хамтын нөхөрлөл, тусгаар тогтносон орнуудтай найрамдах Монголын нийгэмлэгүүдийн эвлэл нь 30 хувийн ашиг огт авч байгаагүй, Монголын Энхтайван найрамдлын нийгэмлэгүүдийн холбоо нь ашиг орлогоо тодорхойлж, ногдох 30 хувийг өгч байгаагүй атлаа ашиглалтын төлбөр гаргуулахаар 1995 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Үүний хариуд манай Эвлэл Энхтайван найрамдлын ордны барилга барихад анх оруулсан хөрөнгө санхүүгийн хувь хэмжээгээр ордны барилгын тодорхой хэсгийг эзэмших, өмчлөх эрхтэй болохоо тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан билээ.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1995 оны 5 сарын 30-ний өдрийн 309 дүгээр Шийдвэрт Хамтын нөхөрлөл, тусгаар тогтносон орнуудтай найрамдах Монголын нийгэмлэгүүдийн Эвлэл нь Энхтайван найрамдлын ордны өмчлөлийн өмчлөлийн асуудлыг Засгийн газар, өмч хувьчлалын комиссоор шийдвэрлүүлсэний дараа маргаан гарвал жич нэхэмжлэх эрхтэй гэж заасан бөгөөд энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг Улсын Дээд шүүхийн 1995 оны 11 сарын 27-ний өдрийн 399 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж баталсан юм.

1997, 2001 оны Төрийн өмчийн улсын үзлэг тооллогод хамрагдаагүй гэдэг үндэслэлээр Энхтайван найрамдлын Ордны өмчлөлийн асуудал шийдэгдээгүй үлдсэн бөгөөд Маргаантай өмчийн бүртгэлд орсон байсан.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 127 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2003 оны 07 сарын 17-ний өдрийн 1/1642 тоот албан бичиг, Санхүү, эдийн засгийн Сайдын 2003 оны 07 сарын 09-ний өдрийн 4-9а/2467 тоот албан бичгийг үндэслэн Төрийн емчийн хорооны 2003 оны 09 сарын 11-ний өдрийн 573 дугаар Тогтоолоор ЭТН Ордны хөрөнгө оруулалт өмчлөлд төрийн өмчийн оролцоо байхгүй тул Төрийн маргаантай өмчийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан болно.

Манай Хамтын нөхөрлөл, тусгаар тогтносон орнуудтай найрамдах Монголын нийгэмлэгүүдийн Эвлэл нь 1998 онд Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл нэртэй болж улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлсэн ба Монголын Энхтайван найрамдлын нийгэмлэгүүдийн Холбоо нь 2005 онд ЭТНТМХ нэртэй болж нэрээ өөрчлөн бүртгүүлсэн юм.

Энхтайван найрамдлын ордны Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 90710005111 улсын бүртгэлийн дугаартай, 1002333 регистрийн дугаартай гэрчилгээг 2009 оны 12 сарын 17-нд ЭТНТМХ ганцхан өөрийн нэр дээр гаргуулан авч дангаараа өмчлөх эзэмших эрхтэй мэт болсон тул Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл нь тус ордны барилгын тодорхой хувь хэсгийг өөрийн өмчлөх эрхээ баталгаажуулах санал гаргаж, ЭТНТМХ, түүний удирдлагад байсан нэр бүхий хүмүүст удаа дараа шаардлага хүргүүлж байсан юм.

Гэтэл ЭТНТМХны Удирдах зөвлөл нь 2011 оны 06 сарын 24-нд Энхтайван найрамдлын ордныг худалдах шийдвэр гаргаж, Оффис үйлчилгээний объект худалдах, худалдан авах гэрээ-г Юнико ХХК-тай 2011 оны 06 сарын 28-ны өдөр байгуулж гуравдагч этгээд болох манай Эвлэлийн өмчлөх эрхийг зөрчсөн хэлцэл хийсэн байв.

Энхтайван найрамдлын ордны барилгаас өмчлөх эрхийн маргааны талаар бид Энхтайван найрамдлын ордны барилгыг худалдсан даруйд 2011 оны 10 сарын 24-нд №11/47 тоот албан бичгээр ЭТНТМХнд болон 2012 онд 05 сарын 04-нд №12/7 тоот албан бичгээр "Юнико" ХХК-д тус тус өмчлөлийн маргаантай байгаа талаар мэдэгдсэн бөгөөд Энхтайван найрамдлын ордны барилгыг худалдсан шийдвэр, гэрээ хэлцлийг цуцлах шаардлага тавьж байсан боловч Юнико" ХХК нь манай Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлийн хөрөнгө оруулалт хийсэн, тодорхой хэсгийг нь өмчлөх эрхтэй этгээд гэдгийг мэдсээр байж худалдан авч Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан байна.

Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг нь Энхтайван найрамдлын ордныг барьж байгуулахад нийт гаргасан зардлын 3500000 / гурван сая таван зуун мянгантөгрөгөөс 1030000 нэг сая гурван зуун мянган/ төгрөгийг оруулсан болох нь Монголын Энхтайван найрамдлын нийгэмлэгүүдийн Холбооны Гүйцэтгэх хорооны тайлан болон бусад баримтуудаар нотлогдож байгаагаас гадна Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгт тус ордны барилгын хөрөнгө оруулсан хувь хэмжээг харгалзан 18 өрөөг эзэмшүүлж ирсэн юм.

ЭТНТМХ (ЭТНТМХ) нь ННМЭТББ-ын хүч хөдөлмөр, хөрөнгөө шингээн байж босгосон ордоныг дангаар худалдан борлуулсаны улмаас 70 гаруй жилийн түүхтэй манай байгууллага нь үйл ажиллагаагаа явуулах байргүй, гадаадын зочид төлөөлөгчдийг угтан авах, уулзах газаргүй, үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй нөхцөл байдалд ороод байгаа бөгөөд одоогоор ЭТНТМХ-ны Пийс Тауэр барилгын 17 давхарт байрлах өрөөг түрээсийн гэрээгээр төлбөртэйгээр эзэмшиж ашиглаж байна.

Иймд МЗНН буюу одоогийн залгамжлагч Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын эвлэл (ННМЭ) нь ЭТН Ордныг барьж байгуулахад гарсан зардлын нийт үнийн дүн болох 3500000 төгрөгөөс 1030000 төгрөгийг буюу 30 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг оруулсан болох нь тухайн үеийн МЗНН-ийн гишүүдийн татвар болон бусад орлогоос санхүүжүүлсэн нь МЭТНБ-ын Холбооны Гүйцэтгэх хорооны тайлан болон бусад баримтуудаар нотлогдож байгаа, мөн нь ЭТН Ордныг ашиглалтанд орсон цагаас эхлэн оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээнд тохирсон 18 өрөөг зохих ёсоор эзэмшиж, ашиглаж холбогдох бүхий л зардал, төлбөрийг төлж ирсэн тул Энхтайван Найрамдлын Ордны 3054 м.кв талбайтай 3 давхар барилгыг барихад нийт зардлын 30 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоож,

ЭТНТМХ (ЭТНТМХ) нь 90710005111 улсын бүртгэлийн дугаартай, 1002333 регистрийн дугаартай ЭТН Ордныг өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг дангаар авсаныг далимдуулан санаа зорилгоос гадуур ЭТНО-ийг дур мэдэн Юнико ХХК-нд 1 000 000 000 /нэг тэрбум/ төгрөгөөр худалдсан байх тул тус ордныг хамтран өмчлөх эрхтэй этгээдийн хувьд худалдан борлуулсан үнийн дүнгээс өөрт ногдох хэсэг болох 300 000 000 (гурван зуун сая) төгрөгийг ЭТНТМХ(ЭТНТМХ)-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монголын Энхтайван, Найрамдлын Байгууллага Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага 60 жилийн тэртээ 1958 оны 12 дугаар сарын 9-нд Найрамдал ба гадаадтай соёлоор харилцах хороо нэртэйгээр байгуулагдсан. Одоогоор нэр бүхий ашгийн бус нийгэмд үйлчилдэг гишүүн нийгэмлэгүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллагын үйл ажиллагаагаа төвлөрүүлэн явуулдаг байр нь Энхтайван, Найрамдлын ордон байсан бөгөөд уг ордныг анх 1971 оны 8 дугаар сард ашиглалтанд оруулан 40 гаруй жил үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1967 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 294 дүгээр тогтоолоор анх Энхтайван Найрамдлын фонд байгуулагдан улмаар 1968 онд ЭТН Ордныг барих шийдвэр гарч анхны хөрөнгийн эх үүсвэрийг тэр үеийн 500,000 (таван зуун мянган) төгрөгийг Гандантэгчилэн хийд өгч байжээ. Уг сангийн хөрөнгөөр 1969-1971 онд Энхтайван, Найрамдлын Ордны барилгыг бариулж 1971 оны 8 дугаар сарын 14-нд ашиглалтанд оруулснаар тус холбоо өөрийн өмч болох үндсэн хөрөнгөтэй болжээ. ЭТНО-ын барилгыг дээрхи Энхтайван, Найрамдлын фондын санхүүжилтээр барьсныг олон жилийн судалгаа, архивын баримт материалд түшиглэн хөдөлбөргүй бүрэн нотолсон байдаг. Энэ ч үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 127 дугаар тогтоол, Хууль зүй дотоод хэргийн Сайдын 2003 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/1642 тоот албан бичиг, Санхүү, Эдийн засгийн Сайдын 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4-9а/2467 тоот албан бичгийг үндэслэн Төрийн өмчийн хорооны 2003 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 573 дугаар тогтоолоор ЭТН Ордны хөрөнгө оруулалт өмчлөлд төрийн өмчийн оролцоо байхгүй тул төрийн маргаантай өмчийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан болно. Ийнхүү ЭТН Ордон нь ЭТНТМХны бүрэн эзэмшилд ирсэн юм.

otys

 

Энхтайван, найрамдлын ордны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн 90710005111 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг 2003 оны 09 дүгээр сарын 18-нд ЭТНТМХ нэр дээр олгогдсон байна.

Төрийн бус байгууллагын хуулийг мөрдлөг болгон өмнөх удирдлага уг байгууллагыг ЭТНТМХ нэртэй болгож 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ерөнхий чуулганаа хуралдуулж хурлаар өдөр тутам мөрдлөг болгох дүрэм, байгууллагаа удирдах Удирдах Зөвлөлөө хэлэлцэн баталсан байдаг.

Төрийн бус Байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар төрийн бус байгууллагын дүрэмд төрийн бус байгууллагын бүтэц, хяналтын тогтолцоог тусгана гэжээ. Үүний дагуу ЭТНТМХны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсэгт Холбооны дээд байгууллага нь ерөнхий чуулган байна 5,5 дахь хэсэгт өдөр тутмын үйл ажиллагааг ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөл хөтлөн явуулна гэжээ.

Ерөнхий чуулганаараа батлагдсан ЭТНТМХны дүрмийн 7.2-т холбооны үндсэн өмч нь Энхтайван, Найрамдлын Ордон болно гэж заасан байдаг байна.

2005 оны Ерөнхий Чуулган тус холбооны дүрмийг Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хуульд нийцүүлэн өөрчилж, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болгосон төдийгүй Монголын ЭТНТМХны дүрмийг шннэчлэн, ойрын жилүүдийн үндсэн чиглэлийг баталж, тус холбоо нь байгууллагын холбоо (Federation) бүтцээр ажиллаж ирснийг шинэ дүрмээр өөрчилж ЭТНТМХ (Union) болгосноор тус холбоо дотоод гадаадын иргэд хувь хүмүүст нээлттэй өргөн олон нийтийн байгууллага болсон юм.

Л

 

Ерөнхий чуулганаар батлагдсан ЭТНТМХны Удирдах Зөвлөл 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, хуралдаанаар Энхтайван, Найрамдлын Ордны барилгыг худалдах шийдвэр, тогтоол гаргаж, хэлэлцэн баталсан. 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Оффис үйлчилгээний объект худалдах, худалдан авах гэрээ-г ЮНИКО ХХК-тай байгуулсан. Уг тогтоолд ЭТНТМХны Удирдах Зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч, Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлийн Дэд тэргүүн Д.Ц нь санал нэгдэн гарын үсэг зурсан байдаг.

Гэтэл манай нэг гишүүн нийгэмлэг ННМЭ-ийн тэргүүн Ж.Г, Дэд тэргүүн Д.Ц нар Ерөнхий Чуулганаар батлагдсан дүрэм журам, бусад гишүүн нийгэмлэгүүдээ үл хүндэтгэсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь ордны барилгын 30%-ийг өөрсдийн эрх мэдэлд авах гэсэн эрмэлзлэл, энэ нь чуулганаар батлагдсан дүрмээрээ огт зөвшөөрөгдөхгүй, дүрмийн бус үйлдэл юм.

ННМЭТББ-н нэхэмжлэлийн үндэслэлд 1972.03.23-ны өдрийн МЭТНБ-н Холбооны Гүйцэтгэх хорооны тайлан тэмдэглэлд уг барилгыг барихад нийт 3.500.000 төгрөг зарсны 2.500.000 төгрөгийг ЭТН фондоос, 1.030.000 төгрөгийг МЗНН-н гишүүдийн татвар болон бусад орлогоос санхүүжүүлсэн гэж дурдсан байна. Тухайн үеийн социалист нийгэмд хувийн өмч байгаагүй тул уг барилгыг барихад гарч буй зардлыг Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн газар хуваариладаг байсан. Өөрөөр хэлбэл ЭТН фонд нь бүх мөнгөө улсад төвлөрүүлж, барилгыг барих мөнгийг жил бүрээр тооцоолон өгдөг байсан байна. Талууд тайланд хэдий ингэж тусгасан боловч оруулсан гэх 1.030.000 төгрөгөөр санхүүжүүлсэн гэх мөнгөний баримт байхгүй байна.

ННМЭТББ нь нэхэмжлэлдээ 2003.09.11-ний өдрийн 573 дугаар тогтоолоор ЭТН Ордны хөрөнгө оруулалт, емчлөлд төрийн өмчийн оролцоо байхгүй тул Төрийн маргаантай өмчийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан гэсэн байна. Дээрх шийдвэрийн үндэслэн Газрын харилцаа, геодизи, зурагзүйн газраас 2003.09.18-ны өдөр Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагын Холбоо ТББ нь дээрх барилгын хууль ёсны өмчлөгч тул 2202007487 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон. Мөн Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагын Холбоо ТББ нь 2004.12.20-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр 048592 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Энэ нь манай байгууллагыг хууль ёсны эрх бүхий өмчлөгч байгааг илтгэн харуулж байна.

Үүнээс гадна үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шаардахад хөөн хэлэлцэх хугацаа хамааралтай байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил, гэрээний үурэгтэй холбоотой шаардлага гаргах хөен хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж тус тус заасан. ННМЭТББ нь 1990 оноос хойш улс зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор өмчийн асуудал яригдах үеэс дээрх барилгын өмчлөх эрхийн талаар хөөцөлдөж байсан нь шаардах эрхээ хэрэгжуүлэх боломжтой байсныг харуулж байна. Мөн 1995.11.27-ны өдрийн 339 дүгээр Улсын дээд шүүхийн тогтоол болон 2003 онд Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагын Холбоо ТББ нь хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ албан ёсоор авсныг мэдэж байснаар үл барам шаардлага, санал гаргаж байсан байна. Үүнээс үзэхэд гэрээний үүрэгтэй шаардлага гаргах болон ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа бүгд дууссан байна.

Иймд ННМЭТББ-аас Монголын Энхтайван Найрамдлын Байгууллага ТТБ-д холбогдуулан гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ННМЭТББ /цаашид ННМЭ ТББ гэхнь хариуцагч Монголын Энхтайван Найрамдлын Байгууллага ТББ /цаашид МЭНБ ТББ гэх/-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Энхтайван найрамдлын ордон буюу 3054 м2 талбайтай 3 давхар барилгыг барихад нийт зардлын 30 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, тус ордныг бусдад зарсан дүнгээс өөрт ногдох 30 хувьтай тэнцэх хэсгийн үнэ болох 300,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, ННМЭ ТББ нь 1947 онд Монгол Зөвлөлтийн Найрамдлын Нийгэмлэг (МЗННнэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд улмаар бусад нийгэмлэгүүдтэй хамтран Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагуудын Холбоог 1959 онд үүсгэн байгуулсан. 1969-1971 оны хооронд Энхтайван найрамдлын ордныг барьж байгуулахад дээрх байгууллагууд хамтран хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд нийт санхүүжилтийн 30 хувийг МЗНН гаргасан болох нь хангалттай нотлох баримтаар тогтоогддог. Эдгээр байгууллагуудын хооронд 1990-ээд оноос хойш тухайн ордны өмчлөлийн талаар харилцан яриа хэлэлцээ хийгдсээр ирсэн бөгөөд дундын өмчийн асуудлаар тухайн үеийн байгууллагуудын тэргүүн Ч.Г, Ж.Г нар протокол үйлдсэнээр тохиролцоонд хүрч хууль зүйн хувьд ойлголцсон юм. Гэтэл уг хэлцлийг зөрчиж 2011 онд ордныг бусдад худалдсан байх бөгөөд энэ үед ТЭНБХ нь ордныг дангаар өмчлөхөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2009 онд авсан байсныг олж мэдсэн. Нэхэмжлэгч тал ордныг барьж байгуулахад 30 хувийн хөрөнгө оруулалт оруулсан тул тухайн хэмжээгээр өмчлөх эрхтэй байсан боловч ордон нэгэнт хэд хэдэн этгээдийг дамжин худалдаалагдсан тул түүнийг 2011 онд Юнико ХХК-нд худалдан борлуулсны орлого 1,000,000,000 төгрөгөөс бидэнд зүй ёсоор ногдох байсан 30 хувьтай тэнцэх хэсэг буюу ойролцоогоор тооцвол 300,000,000 төгрөгийг гаргуулах үндэстэй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч ННМЭ ТББ нь тухайн үеийн МЗНН мөн эсэх нь тодорхойгүй, мөн байсан ч МЗНН ордныг барьж байгуулахад 30 хувийн хөрөнгө оруулалт хийсэн нь тогтоогддоггүй. Тухайн үед Энхтайван найрамдлын ордныг барих хөрөнгө оруулалтыг татсан фондын данс байршиж байсан Түлш, эрчим банкны албан тоотоор ордныг Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын холбооны өөрийн хөрөнгөөр барьсан болохыг дурдсан байдгийн зэрэгцээ МЗНН-ээс хөрөнгө оруулж байсныг нотлох санхүүгийн анхан шатны баримт хэрэгт байдаггүй. Мөн ордныг өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч байгууллага 2003 онд авсан байх тул нэхэмжлэгч хөрөнгө оруулсан эсэхээс үл хамааран уг хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дуусгавар болсон. гэж маргаж байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

1.     Нэхэмжлэгч ННМЭ ТББ нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын статустайгаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9071005117 дугаарт бүртгүүлжээ. Тус байгууллага нь 1998 оныг хүртэл Хамтын нөхөрлөл, тусгаар тогтносон орнуудтай найрамдах монголын нийгэмлэгүүдийн эвлэл гэсэн оноосон нэртэй байсан бөгөөд уг нэрийг 1998 онд Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл болгон өөрчилсөн болох нь Улсын бүртгэлийн төв архиваас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна /1 дэх хх-ийн 20 дугаар тал/.

Хамтын нөхөрлөл, тусгаар тогтносон орнуудтай найрамдах Монголын Нийгэмлэгүүдийн эвлэл ТББ нь 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх /1 дэх хх-ийн 20 дугаар талбөгөөд 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр МЗНН-ийг тусгаар тогтносон хамтын нөхөрлөлийн орнуудтай найрамдах Монголын нийгэмлэгүүдийн эвлэл болгон өөрчлөн зохион байгуулах тухай МЗНН-ийн Бага хурлын 2 дугаар тогтоол гарч байжээ /1 дэх хх-ийн 24 дүгээр тал/.

Харин МЗНН нь МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооны 1949 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор байгуулагдсан тухай Улсын түүхийн төв архивын лавлагаа 1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан байна.

Тодруулбал, нэхэмжлэгч ННМЭ ТББ нь 1949 оны 05 дугаар сарын 22-ны өдөр МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооны шийдвэрээр МЗНН нэртэй үүсгэн байгуулагдаж, 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад оноосон нэрээ Хамтын нөхөрлөл, тусгаар тогтносон орнуудтай найрамдах Монголын нийгэмлэгүүдийн эвлэл ТББ болгон өөрчилжээ. Улмаар 1998 онд оноосон нэрээ дахин өөрчилж Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл болгосон дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч ННМЭ ТББ-ыг 1949 онд үүсгэн байгуулагдсан МЗНН гэх байгууллага мөн гэж үзэх нь зүйтэй байна.

Харин хариуцагч ТЭНБХ-ы эрх зүйн байдал болон МАХН-ын ТХ-ны УТТ-ны 1959 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор Энхтайван найрамдлын байгууллагын гүйцэтгэх хороо нэртэйгээр үүсгэн байгуулж, улмаар 1966 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаар тогтоолоор оноосон нэрийг нь Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагуудын Холбооны Гүйцэтгэх Хороо болгон өөрчилсөн байна /1 дэх хх-ийн 44 дүгээр тал/.

Зохигчид дээрх байгууллага нь 1995 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хууль зүйн яамны шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж 428 тоот гэрчилгээ авч регистрийн 1002333 дугаарт бүртгэгдсэн Монголын Энхтайван Найрамдлын байгууллагуудын холбоо нэртэй болсон /1 дэх хх-ийн 46 дугаар тал/, мөн 2005 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн яаманд нэрээ дахин өөрчлөн Энхтайван Найрамдлын төлөө Монголын Холбоо болгож бүртгүүлсэн /2 дахь хх-ийн 32 дугаар талүйл баримтын талаар тус тус маргахгүй байна.

Түүнчлэн Энхтайван найрамдлын төлөө Монголын Холбоо төрийн бус байгууллага нь 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9071005111 дугаарт 1002333 регистрээр бүртгүүлэн уг нэрээрээ гэрчилгээ /1дэх хх-ийн 246 дугаар талавсан байх боловч мөн дээрх улсын бүртгэлийн болон регистрийн дугаараар гэхдээ Монголын энхтайван найрамдлын байгууллага нэртэй нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэх статусаар 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дахин гэрчилгээ /1 дэх хх-ийн 236 дугаар талавсан байна.

Иймд тус хэргийн хариуцагч МЭНБ ТББ нь 1959 онд үүсгэн байгуулагдсан байгууллага нь Энхтайван найрамдлын байгууллагын гүйцэтгэх хороо болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

2.     Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч ННМЭ нь Энхтайван найрамдлын ордныг барихад хөрөнгө оруулсан эсэхээс үл хамааран тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргаж байна. Татгалзлын үндэслэлээ нотолж, Монголын Энхтайван найрамдлын холбоо төрийн бус байгууллага нь 2003 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Энхтайваны өргөн чөлөөнд байрлах 3054 м2 талбайтай Энхтайван найрамдлын ордныг өмчлөх эрхийн гэрчилгээг нэгэнт гаргуулан авсан байсан. Үүнийг нэхэмжлэгч тал мэдсэн байх бүрэн боломжтой. Иймд хэрэв өмчлөх эрхээ зөрчигдсөн гэж үзэж байгаа бол энэ талаарх нэхэмжлэлээ тухайн үеэс, эсхүл өмчлөх эрхийн маргаан үүссэн 1992-1993 оноос эхлэн гаргах боломжтой байсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэх арга замаа хариуцагчаас өөрт зүй ёсоор ногдох хэсэг болох 300,000,000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлж байгаа, харин түүний гаргасан хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох шаардлага нь хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд эрх, үүрэг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгохуйц хууль зүйн үр дагавар бүхий үйл баримтыг тогтоолгох шаардлага байна.

Иргэний эрх зүйн системчлэлийн хувьд авч үзвэл түүний 300,000,000 төгрөгийн шаардлага нь өмчийн эрх зүйн, эсхүл үүргийн эрх зүйн харилцаанд хамаарах үйл баримтаар дэмжигдэх учиртай. Хэрэв үүргийн эрх зүй дундаа гэрээний эрх зүйн шаардлага гэвэл эрхийн зөрчлийн талаар 2011 онд анх мэдсэн гэж мэтгэлцэж буй нэхэмжлэгчийн тайлбараар ч хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэстэй. Харин өмчийн эрх зүйн зөрчил гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон эсэхийг тогтоохын тулд эрхийн зөрчлийн талаар нэхэмжлэгч хэзээ мэдсэн үйл баримтыг тодруулах шаардлагатай болно.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбартаа МЭНБХ, Монгол Зөвлөлтийн Найрамдлын Нийгэмлэгүүд 1991 оны 03 дугаар сарын 29-ний өдөр үйлдсэн протокол /1 дэх хх-ийн 29 дүгээр талгэх баримт бичгийг гэрээ гэж үзэн мэтгэлцсэн. Шүүх хуралдааны явцад тус тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлөөлөгч тухайн үед талуудын хооронд Энхтайван найрамдлын ордны талаар аливаа гэрээ хэлцэл байгуулагдаагүй гэж дүгнэсэн. /мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/

Хавтаст хэрэгт авагдсан дээрх баримт бичгийг талуудын хооронд Энхтайван найрамдлын ордныг дундын өмчлөлд эсхүл, хэн нэгний дангаар өмчлөх эрхэд шилжүүлэх үр дагавар бүхий гэрээ хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь уг протоколын Ордны эзэмшлийг тогтоох талаар гэсэн нэг дэх хэсэгт Улс орон зах зээлийн эдийн засагт шилжиж өмчлөлийн асуудал чухал үүрэгтэй болж байгаатай холбогдуулан Энхтайван найрамдлын ордныг анх барьж байгуулахад болон засвар үйлчилгээ, тохижилтын ажилд хоёр талаас ямар хэмжээний хөрөнгө оруулсан байдлыг баримт материалд тулгуурлан тогтоох хамтарсан комисс байгуулж ажиллуулах-аар тохиролцсон байгаагаас үзвэл тус баримт бичгээр өмчлөлийн асуудал нэг мөр шийдвэрлэгдээгүй, энэ асуудлаар хэн аль нь нөгөөгийнхөө өмнө тодорхой эрх, үүрэг хүлээгээгүй байна. Үүнээс дээрх баримт бичиг нь өмчлөлийн асуудлыг нэг мөр шийдвэрлэж, улмаар аль нэг талын өмчлөх эрхийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох үндэслэл болсон гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч хэдийгээр уг баримт бичгийг гэрээ гэж тайлбарлан түүнд заасан эрхээ зөрчигдсөн гэж тайлбарласан боловч шүүх дээрх протоколыг өмчлөх эрх шилжүүлэх үүргийн аль нэг талд үүсгэсэн, өмчлөх эрхийг хууль зүйн агуулгаар хүлээн зөвшөөрсөн хэлцэл биш гэж дүгнэлээ. Үүнээс үзвэл талуудын хооронд үүссэн маргааныг иргэний эрх зүй дэх аль нэг төрлийн гэрээнээс үүссэн маргаан гэх үндэслэлгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний хөөн хэлэлцэх тусгай хугацаа хамаарахааргүй байна.

Гэвч дээр дурдсан протокол гэх баримт бичгийг иргэний эрх зүйн аль нэг гэрээ биш гэж үзсэн нь түүнийг цаашид бичмэл нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд саад болохгүй юм.

Харин иргэний эрх зүйн гэрээ байгуулалгүйгээр хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүний улмаас зүй ёсоор өмчлөх эрхтэй байх ёстой байсан боловч энэ эрх нь зөрчигдсөн, эсхүл зөрчөөгүй гэх агуулга бүхий маргаан талуудын хооронд үүссэн гэж үзэж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа тоологдох үндэстэй байна.

Хариуцагч тал маргаан бүхий энхтайван найрамдлын ордныг 2003 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр анх дангаар өмчлөх өмчлөлдөө бүртгүүлсэн байх бөгөөд уг үйл баримтыг нэхэмжлэгч мэдсэн байсан боловч тухайн үед эрхээ зөрчигдсөн гэж маргаан үүсгээгүй гэж мэтгэлцэж байгаа. Учир нь ННМЭ-ийн дэд тэргүүн Д.Цогзолмаа нь МЭТНБХ-ны удирдах зөвлөлийн гишүүнээр 2005 оноос сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тэрээр 2003 онд хариуцагч ордныг дангаар өмчлөх гэрчилгээ гаргуулан авсныг мэдэж байсан гэжээ.

Хоёрдугаар хх-ийн 20 дугаар талд авагдсан Энхтайван найрамдлын төлөө Монголын холбооны ерөнхий чуулганы 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор нэр бүхий 10 хүнийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосны дотор ННМЭ-ийн дэд тэргүүн Д.Цогзолмаа багтаж байна. Гэсэн хэдий ч Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан байгууллагын дотоод засаглалын зарчмаар аливаа төрийн бус байгууллагын удирдах зөвлөл нь тус байгууллагын эрх барих дээд байгууллага болох хувьдаа өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй, хууль болон дүрмээр тогтоосон тодорхой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг. Иймд нэхэмжлэгчийн эрх бүхий албан тушаалтан хариуцагч талын удирдах зөвлөлийн гишүүн байснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ тухайн байгууллагын нэр дээр гарсан эсэх асуудлыг гарцаагүй мэдсэн, эсхүл мэдэх үүрэгтэй байсан гэж үзэх боломжгүй. Энэ нь илүүтэй байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшинд шийдвэрлэгдэх асуудал мөн. Түүнчлэн, угаас өмчлөлийн маргаантай байсан барилгыг Энхтайван найрамдлын төлөө Монголын холбоо гэх байгууллага өөрийн тайлан бүртгэлдээ удаан хугацаанд бүртгэж ирсэн бодит байдлыг зохигчдын хэн аль нь мэдэх бөгөөд үүний зэрэгцээ гишүүн байгууллага болох ННМЭ-д тайлан, бүртгэлээ ийнхүү хөтөлснөөр тэдний дундын өмчлөлийг бүрнээ үгүйсгэсэн хэрэг бус гэсэн ойлголтыг төрүүлж байсан нь талуудын хооронд байгуулсан протокол, комиссын илтгэх хуудас /1 дэх хх-ийн 32 дугаар талын арын нүүр, 33-35 дугаар тал/-аар тус тус тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн гэх хөөн хэлэлцэх хугацааг энэ үеэс тоолж эхлэх үндэслэлгүй байна.

Харин Монголын Энхтайван найрамдлын төлөө холбооны удирдах зөвлөлийн хурлын 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Энхтайван найрамдлын ордны барилгыг худалдах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна /2 дахь хх-ийн 18 дугаар тал/. Энэ үед нэхэмжлэгч ННМЭ-ийн дэд тэргүүн Д.Цогзолмаа нь ЭТНМХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Тус шийдвэрийн дагуу Энхтайван найрамдлын ордныг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэхээр тогтсон байх тул ННМЭ-ийн энэ үеэс эхлэн түүний эрх зөрчигдсөнийг мэдсэн гэх тайлбар үндэстэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байна.

3.     Нэхэмжлэгчийн төлөөлөгч Энхтайван найрамдлын ордныг нийт 3,530,000 төгрөгийн зардлаар барьж байгуулсан бөгөөд энэ хөрөнгөнөөс 1,030,000 төгрөгийн буюу нийт хөрөнгө оруулалтын 30 хүртэл хувийг ННМЭ гаргасан. Энэ нь Энхтайван найрамдлын төлөө байгууллагуудын холбооноос томилсон комиссын дүгнэлт, он оны шалган байцаах комиссуудын дүгнэлт, тухайн үеийн Энхтайван найрамдлын байгууллагуудын холбооны удирдлагуудаас төрийн өмчийн хороонд гаргаж өгч байсан илтгэл, танилцуулга, зохигч талуудын удирдлагуудын хамтран үйлдсэн протоколоор нотлогдоно гэж тайлбарлаж, хариуцагч Монголын энхтайван найрамдлын байгууллага нь ордныг өөрийн хөрөнгөөр барьсан, ННМЭ-ийн хөрөнгө оруулсан тухай анхан шатны баримт архивт болон хэрэгт байдаггүй гэж хариу мэтгэлцэж байгаа.

Зохигчид БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1967 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 294 тоот тогтоолоор Энхтайван найрамдлын ордны барилгын ажлыг санхүүжүүлэх зорилго бүхий фонд байгуулагдсан үйл баримтын талаар маргадаггүй.

Хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан МЭТНБ-ын холбооны ерөнхийлөгч Ч.Ганболд, Хамтын нөхөрлөл, тусгаар тогтносон орнуудтай найрамдах монголын нийгэмлэгүүдийн эвлэлийн тэргүүн Ж.Гүррагчаа нарын гарын үсэг зуран 1992 онд үйлдсэн протоколд Ордны барилгад нийтдээ 3,530,000 төгрөг зарсны 2,500,000 төгрөгийг 71 хувийг Энхтайван найрамдлын фондноос, 1,030,000 төгрөгийг буюу 29 хувийг МЗНН-ийн гишүүдийн татвар бусад орлогоос санхүүжүүлсэн байна гэж, Энхтайван найрамдлын байгууллагуудын холбооны ерөнхий зөвлөлийн 1995 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар байгуулагдсан Холбооны аж ахуй, санхүүгийн өнөөгийн үйл ажиллагааны комиссын дүгнэлтэд ...1972 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар баталж мөн сарын 28-нд илтгэсэн ЭТНБХ-ны 1971 оны ажлын тайланд ...ордны барилгыг ... хотын барилга трест барьж ардын хувьсгалын 50 жилийн өмнө үндсэнд нь дуусган 08 дугаар сарын 10-нд ашиглалтад өглөө. 1971 оны 11 дүгээр сарын байдлаар энэ барилгад 3,530,000 төгрөг зарсны 2,500,000 төгрөгийг фондноос, 1,030,000 төгрөгийг МЗНН-ийн гишүүдийн татвар бусад орлогоос санхүүжүүлсэн байна гэж тэмдэглэжээ гэж тус тус дурдсан байна.

Дээрх тайлангийн мэдээллийг хариуцагч Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билэгт 1997 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн Монголын энхтайван найрамдлын ордны барилгыг санхүүжүүлсэн байдлын тухай гэсэн танилцуулгадаа хүлээн зөвшөөрч иш татсан байна. /хх-ийн 45, 49 дүгээр тал/

Түүнчлэн МЗНН-ийн 5 дугаар их хуралд тавьсан шалган байцаах комиссын тайлан илтгэлд ...тайлангийн хугацаанд МЗНН-ийн төв зөвлөлийн бичиг хэрэг санхүүгийн үндсэн баримтад нэгбүрчилсэн шалгалт 2 удаа хийж тайлангийн 1968-71 оныг дуусталх хугацааг хамарсан шалгалт хийлээ /1 дэх хх-ийн 112 дугаар тал/ ..., ... Энхтайван найрамдлын ордон барих явдалд манай нийгэмлэгийн хуримтлагдсан хөрөнгөнөөс 1,510,000 төгрөг зарцуулагдсан байна. ... /1 дэх хх-ийн 114 дүгээр тал/ гэж дурджээ.

Нөгөөтэйгүүр хх-ийн 50 дугаар талд Түлш, эрчим банкны Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын холбоонд 1995 оны 01 дүгээр сард гаргаж өгсөн тодорхойлолтод 2. ЭТН-ын ордны барилгын ажлыг санхүүжүүлэх зорилгоор 1969 онд Улсын банкинд 363051 тоот данс нээлгэж, 1970 онд 1307.0 мянган төгрөгийн санхүүжилтийг ЭТНБ-ын гүйцэтгэх хороо өөрийн хөрөнгөнөөс хийсэн байна. Дараагийн жил 1971 онд мөн хэлбэрээр хийсэн барилгын санхүүжилт нь 1.3 мянган төгрөг байна. 3. Ашиглалтад оруулсан үндсэн фондны 1971 оны тайлангаас үзэхэд ЭТНБХ-ны гүйцэтгэх хорооны ЭТН-ын ордны барилгын угсралтын ажилд 2743,4 мянган төгрөг, зураг төсвийн ажилд 122,8 мянган төгрөг, бусад зардалд 14.4 мянган төгрөг буюу нийт гүйцэтгэлийн өртөг нь 2885,3 мянган төгрөг өөрийн хөрөнгөөр санхүүжигдсэнээр тусгагджээ. гэжээ.

Дээрх байдлаар Энхтайван найрамдлын ордныг барьж байгуулсан нийт хөрөнгийн тоо болон түүнд оруулсан МЗНН-ийн санхүүжилтийн хэмжээг хоёр өөрөөр тооцсон тоо баримтууд хэрэгт авагдсан байна.

Хавтаст хэргийн 34 дүгээр талд авагдсан комиссын дүгнэлтэд барилгын балансад тусгагдсан бодит өртөг 3,583,068 төгрөг байгаа атлаа Түлш, эрчим банкнаас гарсан зардал 2,885,3 мянган төгрөг байгаа зөрүүтэй байдлыг авч үзэж Гүйцэтгэх хорооны 1969 оны орлогоос 490,000, 1970 оны 1 дүгээр сарын 12-ны 01 тоот тогтоолоор 70,000 төгрөг, 1971 оны 08 дугаар сарын 12-ны 06 тоот тогтоолоор 150,000 төгрөгийн зарцуулалтыг ордны хөрөнгө оруулалтад фондны хөрөнгөнөөс гадна нэмж гарган нийт хөрөнгө оруулалт 3,583, мянган төгрөг болсон гэж үзсэн нь ордонд зарцуулсан нийт зардлыг 2,885,300 төгрөг, 3,583,000 төгрөг гэж ялгаатай тогтоосны учрыг үндэслэл бүхий тайлбарласан тайлбар болжээ.

Өөрөөр хэлбэл Энхтайван найрамдлын ордныг дан ганц фондны хөрөнгөөр бариагүй фондод хуримтлагдаж байсан хөрөнгөнөөс гадна гүйцэтгэх хорооны тухайн жилийн орлогуудаас нэмэлт хөрөнгө зарцуулж байжээ гэж үзэх үндэслэл бүрдэж байна.

Үүний зэрэгцээ гүйцэтгэх хорооны тухайн үеийн төсвийн орлогын бүрдүүлэлтэд мөн л МЗНН-ийн гишүүдийн татвар, улсын дотац тодорхой хувь хэмжээ эзлэж байсан нь нэгдүгээр хавтаст хэргийн 142-165 дугаар талд авагдсан Энхтайван найрамдлын байгууллагуудын холбооны гүйцэтгэх хорооны тэргүүлэгчдийн тогтоол болон Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгчдийн тогтоолуудаар тус тус тогтоогддог. Харин эдгээр эх үүсвэрийн бүрдүүлэлт нийт орлогод ямар хувь хэмжээ эзлэж байсныг хавтаст хэргийн 34 дүгээр талд авагдсан комиссын дүгнэлтэд дараах байдлаар дурджээ. Үүнд: ...мөн судалгаанаас үзвэл ЭТНБХ-ны орлогын 58 хувь нь өөрийн орлогоос, 42 хувь нь улсын төсвөөс бүрдүүлж байсан байна. Холбооны өөрийн орлогын бүрдэлтийг эх үүсвэрээр нь салгаж үзэхэд ... МЗНН-ийн гишүүдийн татвар ... 72.1 хувь, бусад орлого нь ... 27.9 хувь болж байна. гэсэн байна. Үүнээс үзвэл Энхтайван найрамдлын байгууллагуудын холбооны тухайн үеийн өөрийн орлогын 72.1 хувийг МЗНН бүрдүүлж байсан гэж үзэх үндэстэй байна.

Иймд Энхтайван найрамдлын ордныг барих Фондны анхны эх үүсвэр болох 1,200,000 төгрөгийн бүрдүүлэлтэд ч мөн нэгэн адил МЗНН-ийн хөрөнгийн хувь хэмжээ байгаа гэж үзэх үндэс байна. Өөрөөр хэлбэл, Энхтайван найрамдлын байгууллагуудын холбооны гүйцэтгэх хорооны тэргүүлэгчдийн хурлын 1968 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Гүйцэтгэх хорооны барилга бариулах тухай 13 дугаар тогтоол /хх-ийн 47 дугаар талгарах үед 1,200,000 төгрөгийн мөнгөн дүнг ордны санхүүжилтийн анхны эх үүсвэр болгон хуваарилсан бөгөөд дээр дурдсан тогтоол, тайлан дүгнэлтүүдээс үзвэл гүйцэтгэх хорооны төсвийн орлогын дийлэнх хувь МЗНН-ийн гишүүний татварын орлого, улсын дотацаас бүрддэг байжээ. /хх-ийн 34, 142-165 дугаар тал/

Дээр дурдсанчлан Энхтайван найрамдлын байгууллагуудын холбооны төсвийн орлогыг бүрдүүлэхэд МЗНН-ийн гишүүдийн татвар тодорхой хувийг бүрдүүлж байсан гэж үзвэл Түлш, эрчим банкны гаргасан тодорхойлолтод тэмдэглэсэн ордон барих фондны орлогыг бүрдүүлсэн гэх Энхтайван найрамдлын байгууллагуудын холбооны өөрийн хөрөнгө гэдэгт МЗНН-ийн гишүүдийн татварын оролцоо холбооны нийт төсвийн орлогод эзлэх хувьтай тэнцэх хэмжээгээр бий гэж үзэх үндэстэй байна.

Эдгээр үйл баримтыг нэгтэн дүгнэвэл, Энхтайван, найрамдлын ордон барихад зарцуулагдсан 3,583,068 төгрөгийн 58 хувийг тухайн үеийн нэрээр Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын холбооны гүйцэтгэх хороо өөрийн орлогоос бүрдүүлсэн байх бөгөөд тэрхүү 58 хувийн хөрөнгөний 72.1 хувь нь МЗНН-ийн гишүүдийн татварын хөрөнгө оруулалт байсан гэж үзэх үндэстэй байна. Үүнийг тоон дүнгээр илэрхийлвэл 3,583,068 төгрөгийн 58 хувь 2,078,179 төгрөг байх бөгөөд тус дүнгийн 72.1 хувь нь 1,496,288 төгрөгтэй тэнцэж байна.

Эдгээр үйл баримтад тулгуурлан Энхтайван найрамдлын ордныг барьж байгуулахад зарцуулсан нийт хөрөнгийн 41.7 хувь буюу 1,496,288 төгрөгтэй тэнцэх хэмжээгээр нэхэмжлэгч Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл хөрөнгө оруулсан болох нь тогтоогдож байна. Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлийн эхний шаардлагаа өөр хоорондоо зөрчилтэй буюу 1,030,000 төгрөг оруулсан болохыг тогтоолгох, мөн нийт хөрөнгө оруулалтын 30 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох гэж хоёр янзаар тодорхойлсон болно. Дээрх нөхцөл байдлыг хуралдааны явцад тодруулан асуухад нийт мөнгөн дүн буюу 1,030,000 төгрөг оруулсан гэх шаардлагаа дэмжин тайлбарласан.

Иймд ордон барихад зарцуулсан нийт хөрөнгө болох 3,583,068 төгрөгт 1,030,000 төгрөгийн эзлэх хувийг гарган 28.7 хувиар нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгийг тогтоох үндэстэй гэж үзлээ..

4.     Нэхэмжлэгч Энхтайван найрамдлын ордныг барьж байгуулахад 30 хувийн хөрөнгө оруулсан тул тухайн хэсгээр зүй ёсоор өмчлөх эрхтэй байх байжээ. Гэвч энэ эрх нь зөрчигдсөн гэж үзэж өөрийн өмчилбөл зохих байсан 30 хувьд ногдох хэсэгтээ тэнцэх хувь болох 300,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, өмчлөх эрх хүчин төгөлдөр улсын бүртгэлийн дагуу Монголын энхтайван найрамдлын байгууллага ТББ-д үүссэн бөгөөд нэхэмжлэгч тал нэгэнт өмчлөгч биш, түүнчлэн өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох Энхтайван найрамдлын ордны барилга нь өнөөдрийн байдлаар Капитал банк ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байна /2 дахь хх-ийн 53 дугаар талӨөрөөр хэлбэл, 2011 онд ТЭНБХ-аас Юнико ХХК-нд 1,000,000,000 төгрөгөөр худалдан борлуулснаас хойш хэд хэдэн удаа дамжин борлуулагдсаар Капитал банк ХХК-ийн өмчлөлд иржээ.

Иймд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд заасны дагуу өмчлөх эрхийг шударгаар олж авсан байж болзошгүй өмчлөгчдийн эрх ашгийг хөндөхгүй байх үүднээс маргаан бүхий обьектыг дундаа өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин хөрөнгө оруулсан болохыг тогтоолгож, тухайн үед талуудын хоорондын харилцаа зүй ёсоор явагдсан бол дундаа өмчлөх эрхтэй байх байсан гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нөхцөл байдлыг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Энхтайван найрамдлын ордон баригдаж дууссаны дараа уг ордны ашиглалт, эзэмшлийн талаар байгууллагуудын оролцоог хэрхэн шийдвэрлэхийг урьдчилан зохицуулалгүйгээр Монгол зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн гишүүдийн татвараас ордон барих болон бусад зорилгоор Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын холбооны гүйцэтгэх хорооны төсөвт шууд хуримтлуулж байсан явдалд нэхэмжлэгч ННМЭ-ийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ нь тухайн үеийн улс төрийн дэглэм, эдийн засгийн тогтолцоотой холбоотой байх тул дээр дурдсанчлан хөрөнгөө шилжүүлж байсан гэх үндэслэлээр зүй ёсны хуваарилалтыг шаардаж нэхэмжлэгч энэ талаарх маргаан үүсгэх хууль зүйн боломжтой.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Монголын Энхтайван найрамдлын төлөө байгууллагуудын холбоо нь Юнико ХХК-нд 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Энхтайваны өргөн чөлөөнд байрлалтай оффис үйлчилгээний зориулалттай 3054 м2 талбайтай 3 давхар барилгыг 1,000,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байна. /2 дахь хх-ийн 13-16 дугаар тал/.

Худалдан авагч Юнико ХХК тус барилгыг өмчлөлдөө шилжүүлэн авч улмаар цааш дамжуулан гуравдагч этгээдэд захиран зарцуулсан байна.

Хэрэв маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч МЭНБ ТББ-ын өмчлөлд байсан бол нэхэмжлэгч ННМЭ нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасны дагуу маргаан бүхий барилгад оруулсан хөрөнгөд ногдох хэмжээгээр өмчлөх эрхээ тогтоолгох шаардлага гаргах хууль зүйн боломжтой байжээ. Нэгэнт өмчлөх эрхийг шударгаар олж авсан байх бломжтой бусад өмчлөгчдийн эрх ашгийг хөндөхгүйгээр өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх хүссэн нэхэмжлэгчийн ногдох хэсгээ буруутай этгээдээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан хэсгээр хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь өөрт ногдох хэсгийг 1 тэрбум төгрөгийн 30 хувьтай тэнцэх хэсэг гэсэн атлаа 300,000,000 төгрөгөөр тооцон оруулж ирсэн байна. Гэвч өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болон шийдвэрлэсэн байдалтай уялдуулж үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулсны орлого 1 тэрбум төгрөгийн 28.7 хувь буюу 287,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасантай нийцнэ гэж дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгч Юнико ХХК-иас өнөөдрийг хүртэл 200,000,000 сая төгрөгийн үлдэгдэл төлбөрөө аваагүй бөгөөд тус компани төлбөрийн чадваргүйд тооцуулж дампууруулах хүсэлтээ шүүхэд гаргасан хэмээн тайлбарлаж байна. Гэвч Юнико ХХК төлбөрийн чадваргүй нь тогтоогдсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч тал дээрх үнийн дүнгийн хэмжээгээр тус компаниас шаардах эрхтэй нь хэвээр гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас хангасан дүнг аливаа хэмжээгээр бууруулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,657,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 1,592,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасны дагуу нэхэмжлэгч ННМЭТББ-ыг Энхтайван найрамдлын ордныг барихад 28.7 хувийн хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоон, хариуцагч МЭНБ ТББ-аас 287,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ННМЭТББ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ННМЭТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,657,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч "МЭТНБ" ТББ-аас 1,592,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ННМЭ" ТББ-д олгосугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.     Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА