Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 390

 

Х.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол, хохирогч Б.Е, түүний өмгөөлөгч Л.Бүдханд, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 592 дугаар магадлалтай, Х.У-д холбогдох 201625030234 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Л.Бүдхандын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлж байсан Б овогт Х-ийн У.

Х.У нь 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр банкны баталгаа гаргуулах нэрээр өөрийн данс руу хийлгэсэн иргэн Б.Е-ын 103.000.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “Залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.У-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 7 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.У-гийн цагдан хоригдсон 556 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-гээс 73.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Е-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч А.Бүдхандын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч А.Бүдханд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Х.У нь өмгөөлөгч Ө.Болормаагийн хамт 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ Х.М-тай  хамтарч гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мэдүүлдэг бөгөөд энэ нь Х.Г цагдаагийн байгууллагад 30.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогддог. Хэрэгт харилцан эсрэг сонирхолтой хэргийн холбогдогч болох Х.М, Х.У- нарын байцаалтад нэг өмгөөлөгч оролцуулж хууль зөрчин байцаалт авснаас Х.У нь залилан авсан мөнгөө өөрөө хэрэглэсэн гэж мэдүүлгээ өөрчлөн өгдөг боловч хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, зочид буудлын бүртгэлийн дэвтэр, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр нотлогдоогүй. Х.М-ыг энэ хэрэгт шалгахдаа бүрэн гүйцэд шалгаагүй бөгөөд түүнийг шалгуулахаар Х.У-д холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол хэлсэн саналдаа “Хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Х.М гэдэг хүнийг 2 жилийн хугацаанд сэжигтнээр татаж шалгаад тухайн гэмт хэрэгт оролцоогүй гэж дүгнэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүгдэгч Х.У нь тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, банкны камерийн бичлэг зэргээр хангалттай нотлогддог. Х.У нь Х.М-т 70.000.000 төгрөг өгсөн гэж мэдүүлдэг боловч тухайн үйл баримт нь бусад нотлох баримтуудаар огт нотлогддоггүй юм. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Хэргийн үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Х.У нь тухайн гэмт хэргийг Х.М-тай хамтран үйлдсэн гэж эхний мэдүүлэгтээ хэлдэг ч тухайн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Энэ хэрэгт Х.М-ыг сэжигтнээр татан, шалгавал зохих бүхий л ажиллагааг явуулж шалгасан боловч тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан болон давж заалдах шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж хохирогчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгч Л.Бүдхандын гаргасан гомдлыг үндэслэн Х.У-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Х.У нь банкны баталгаа гаргуулах нэрээр өөрийн данс руу хийлгэсэн иргэн Б.Е-ын 103.000.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилаж их хэмжээний хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүх Х.У-гийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Х.М-ыг Х.У-тэй хамтарч гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд явуулж, шалгасан боловч түүнийг энэ гэмт хэрэгт холбоотой болохыг нотолсон хангалттай баримт авагдаагүй байх тул прокурорын тогтоолоор Х.М-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч А.Бүдхандын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 592 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Л.Бүдхандын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН