Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2017/02974

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 22 өдөр Дугаар 181/ШШ2017/02974 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүгч Ч.Батчимэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХБ ХХК холбогдох,

 

Ажилтны буруугаас учирсан хохиролд 73,211,163 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, Х.Б, иргэдийн төлөөлөгч А.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Г.Тнь А.Г, А.Бнарын гэр бүлд 1997 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. Ээж А.Б2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр *******ын нэр дээр *******тай 6018/837 дугаартай Ирээдүйн саятан хадгаламжийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Г.Тхамтран эзэмшигч болдог.

А.Г, А.Бхоёр 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд ээж А.БГ.Т-ыг2 настай байхад орхиод явсан гэдэг, өнөөг хүртэл ямар нэг харилцаагүй. Турк улсад сүүлийн 5-6 жил амьдарч байгаа гэсэн. Г.Таавынхаа асрамжид өссөн.

Ирээдүйн саятан хадгаламжийн гэрээнд зааснаар Г.Т-ыг2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 18 насанд хүрэхэд хадгаламжийн данс дахь мөнгийг гарын үсэг бүхий зөвшөөрлийн дагуу түүний эзэмшилд шилжүүлэх ёстой байсан.

Гэвч 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ******* дахь Г.Тын 5000134299 дугаарын данснаас 73,211,163 төгрөгийг хууль бусаар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, гэрээний 1.6 дахь заалтыг зөрчиж зарлагадаж гаргасан байна. Энэ асуудлаар даруй Х банк ХХК-ийн дотоод хяналтын газарт өргөдөл мэдээллийн утсаар холбогдож мэдэгдэхэд ямар нэгэн хариу өгөлгүй өнөөг хүрсэн. Банкны Өмнөговь аймаг дахь салбарын захиралтай уулзаж тайлбар хүсэхэд ямар ч хариу өгөөгүй. Гэрээний хуулбарыг ч Г.Т-дөгөхөөс татгалзсан.

Иймд Өмнөговь аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Өргөдлийн хариуд Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гардуулсан. Уг тогтоолд тус салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн А.Тын буруутай үйлдлийн улмаас Г.Тд хохирол учирсан боловч энэ үйлдэл нь шунахайн сэдэлгүйгээр үйлдсэн тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй. Гэвч хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан.

Иймд *******ны Өмнөговь салбарын ажилтан А.Тын буруутай үйлдлээс болж Г.Т-дучирсан 73,211,163 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Х банк ХХКаас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

А.Бнь Х Банк ХХКтай 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаатай хадгаламжийн данс нээлгэж, Г.Ттой хамтран эзэмшихээр 6018/837 дугаартай Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламжийн гэрээ байгуулсан. Хадгаламжийн гэрээний хугацаанд уг дансанд данс хамтран эзэмшигч А.Бөөрөө болон өөрийн ээж болох Р.Саар дамжуулан орлого хийдэг байсан. Данс хаах үед нийт үлдэгдлийн хэмжээ 73,211,163.81 төгрөг, үүнээс данс хаах шимтгэл хасаж 73,208,163.81 төгрөг байжээ.

А.Баас Р.Ст 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 5000134299 тоот хугацаатай хадгаламжийг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хугацаа нь дуусах үед нь миний нэр дээр хадгаламж нээж, миний ээж болох Р.С тус хадгаламжийг бүрэн хамтран захиран зарцуулах эрхтэй хамтран эзэмшигчээр оруулах эрх олгосон итгэмжлэлийг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр А.Бийн нэр дээр ................ тоот хугацаатай хадгаламжийн данс нээж шилжүүлсэн.

А.Бнь дээрх шийдвэрээ тайлбарлахдаа түүний салсан нөхөр буюу Г.Тын эцэг болох Г, Гын дүү болох Г нар нь бусдад их хэмжээний өртэй тул хадгаламж дахь мөнгийг тэдэнд ашиглуулахаас сэргийлж өөрийн нэр дээр данс нээн шилжүүлэх болсон, түүнээс бол огт өгөхгүй гэсэн асуудал байхгүй гэсэн.

Нэхэмжлэгч Г.Тнь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэснийг үндэслэж нэхэмжилжээ.

Банкны үйлдлээс болж Г.Тбодитоор хохироогүй. Учир нь:

1. Данс дахь мөнгийг банкны ажилтан завшаагүй, үрэгдүүлээгүй, огт танихгүй этгээдэд шилжүүлээгүй. Харин түүний хууль ёсны төлөөлөгч болох ээж А.Бд нь уг дансан дахь мөнгийг хүлээлгэн өгсөн. А.Бнь:

- Банкны мэдээллийн санд Г.Тын цор ганц хууль ёсны төлөөлөгчөөр А.Ббүртгэлтэй, уг дансанд дангаар орлого хийдэг байсан, уг дансыг хамтран эзэмшигч, тухайн үед Ирээдүйн саятан хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй цор ганц эзэмшигч нь А.Ббайсан.

2. А.Бнь уг мөнгийг аваад алга болоогүй, өгөхгүй гэж маргаагүй. Г.Т-дшинэ данс нээж шилжүүлж өгнө гэсэн боловч заавал банкнаас авна, таниас мөнгө авахгүй гэж цагдаагийн байгууллагад хандаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгчийн ээж А.Бйтай банк байнга холбоотой байдаг бөгөөд Г.Тын нэхэмжлэлд байгаа зарим мэдээлэл бодит байдлаас зөрүүтэй, түүний банкны эсрэг гомдол гаргаад байгаад А.Бхамт нэг гэрт байсан хэрнээ мэдээгүй, хүүтэйгээ уулзаж ярилцъя гээд маргааш нь гомдолгүй талаар тайлбарыг банкинд өгч байсан. Үүний дараагаас хүүтэйгээ ерөөсөө ойлголцохоо байлаа, аавынх нь талаас буруу ойлголт төрүүлээд ятгаад байх шиг байна, дахин хадгаламж нээж өгье гэсэн боловч хүлээн авахгүй, заавал банкнаас авна гээд байна гэж байсан.

Иймд энэ нэхэмжлэлийн цаана хохирлоо бодитоор барагдуулах сонирхол байхгүй, эсхүл А.Б-долгосон 73,208,163 төгрөгөөс гадна банкнаас дахин 73,208,163 төгрөг гаргуулах боломжгүй гэдгийг ухамсарлахгүйгээр ийм үйлдэл гаргаж байна гэж банкны зүгээс үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх талуудаас шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх талуудын хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Тнь хариуцагч Х банк ХХК-д холбогдуулан хадгаламжийн мөнгө болох 73,211,163 төгрөгийг банкны ажилтны буруугаас авч чадахгүй нөхцөл байдалд хүрч, хохирсон үндэслэлээр 73,211,163 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж маргахдаа мөнгийг хамтран эзэмшигч А.Бийн анхны шаардлагаар түүнд данс нээж шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж тайлбарласан.

 

Шүүх хэргийн баримтаар тогтоогдсон үйл баримтад үндэслэн дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн ээж А.Бнь Х банк ХХКтай 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 6018/837 тоот ирээдүйн саятан хүүхдийн хадгаламжийн гэрээ-г 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулснаар уг хадгаламж эзэмшигч нь Г.Т, хамтран эзэмшигч нь А.Бболжээ.

 

Г.Т2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр насанд хүрсэн ба Х банк ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр түүний ....................... тоот хадгаламжийн дансан дахь хуримтлал болох 73,211,163 төгрөгийг А.Бн хүсэлтээр түүний олгосон итгэмжлэлд үндэслэн А.Бн нэр дээр ................. тоот хугацаатай хадгаламжийн данс нээн шилжүүлж, Г.Тын дансыг хаажээ.

 

Нэхэмжлэгч нь Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламжийн гэрээ-ний 1.6-д Хадгаламж эзэмшигч хүүхдийг 18 нас хүртэл энэхүү хадгаламжийг хамтран эзэмшигч нь эзэмших бөгөөд энэхүү гэрээний хугацаа дуусахад хамтран эзэмшигч болон хадгаламж эзэмшигч нар иргэний үнэмлэхтэйгээ банканд биечлэн ирж, хадгаламжийн дансыг хаалгана гэсэн заалтыг банкны ажилтан зөрчсөнөөс хохирол учирсан үндэслэлээр ажил олгогч буюу *******-аас 73,211,163 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

Хэргийн баримтаар тогтоогдсон үйл баримтад үндэслэн дүгнэхэд талуудын хооронд банканд мөнгө хадгалуулснаас үүссэн буюу мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ маргааныг Иргэний хуульд заасан гэрээний бус үүрэг буюу зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаатай холбоотой зохицуулалтаар хянан шийдвэрлэх үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан аргаар хамгаалах үүргийг мөн зүйлийн 9.3-т зааснаар хүлээдэг байна.

 

Энэ үүднээс шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааны төрлийг тогтоож, уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу маргааныг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцнэ гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээдэг бөгөөд гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол банк уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүргийг мөн хуулийн 455 дугаар зүйлийн 455.3-т зааснаар хүлээдэг.

 

Манай тохиолдолд А.Бн хүсэлтээр Х банк ХХК нь 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Г.Т-ыг18 нас хүртэл түүний нэр дээр ................... тоот хугацаатай хадгаламжийн данс нээж, мөнгө хадгалуулахаар тохиролцсон байх тул шүүх Г.Тболон Х банк ХХК-ийн хооронд мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Гэрээний 1.6 дахь заалтаар Г.Т-ыг18 нас хүртэл хадгаламжийг хамтран эзэмшигч А.Бэзэмшихээр тохирсон байх боловч Г.Т2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 18 насанд хүрч, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай хадгаламж эзэмшигч болсны хувьд одоо ******* ХХК-тай байгуулсан ирээдүйн саятан хүүхдийн хадгаламжийн гэрээ-ний үүргийг хариуцагч банкнаас дангаар шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Энэ үндэслэлээр шүүх энэхүү маргааныг А.Бн оролцоогүй шийдвэрлэх нь хууль зөрчихгүй болно.

 

Хариуцагч Х банк ХХК нь Г.Тын хадгаламжийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дууссан тул хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгаламжийг буцаан олгосон гэх үндэслэлээр маргасан.

 

Банк мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүргийг Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүлээх боловч 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хадгаламж эзэмшигч Г.Т18 насанд хүрсэн байхад түүний ээж буюу хамтран эзэмшигчийн эрх дуусгавар болсон А.Бн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгө, түүний хүүг олгож, дансыг хаасан нь хуулийн дээрх зохицуулалт болон гэрээний 1.6-д Хадгаламж эзэмшигч хүүхдийг 18 нас хүртэл энэхүү хадгаламжийг хамтран эзэмшигч нь эзэмших бөгөөд энэхүү гэрээний хугацаа дуусахад хамтран эзэмшигч болон хадгаламж эзэмшигч нар иргэний үнэмлэхтэйгээ банкинд биечлэн ирж, хадгаламжийн дансыг хаалгана гэсэн заалтад нийцээгүй байна.

 

Тодруулбал, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө буюу хадгаламж эзэмшигч Г.Т-ыг18 насанд хүрээгүй байх үед хадгалуулагч гэж А.Бг, харин 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 18 насанд хүрсэн учир Г.Т-ыгхадгалуулагч гэж ойлгохоор байхад 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр А.Бн шаардлагаар хадгаламжийн мөнгө, түүний хүүг дан ганц А.Бн хүсэлтээр түүнд шилжүүлсэн байдал хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байгаа юм.

 

Үүрэг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

 

Иймд шүүх нэхэмжлэгч Г.Тын Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 455 дугаар зүйлийн 455.3-т заасан хадгаламжийн мөнгө, түүний хүүг хариуцагч Х банк ХХК-аас анхны шаардлагаар буцаан авах эрх зөрчигдсөн гэж үзэв.

 

Гэхдээ нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хадгаламжийн мөнгө болон түүний хүүг хариуцагчаас шууд гаргуулахаар шаардаж байгаа нь Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламжийн гэрээ-ний 1.6 дахь заалтад нийцэхгүй тул шүүх Г.Тын зөрчигдсөн эрхийг зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээх замаар хамгаалах нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр шүүх Х банк ХХК-аас 73,211,163 төгрөгийг гаргуулж, Г.Тд, А.Бнарын нэр дээр хамтран эзэмших эрх бүхий данс нээж, уг дансанд 73,211,163 төгрөгийг байршуулан Г.Т, А.Бнарыг хамт байлцуулан уг дансыг хаахыг Х банк ХХК-д даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин хариуцагч нь мөнгөн хадгаламжийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо буруутай этгээд, эсхүл зохих этгээдээс шаардах эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 206 дугаар зүйлийн 206.1, 454 дүгээр зүйлийн 454.1, 455 дугаар зүйлийн 455.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4-т заасныг тус тус баримтлан Х банк ХХК-аас 73,211,163 төгрөгийг гаргуулж, Г.Тд, А.Бнарын нэр дээр хамтран эзэмших эрх бүхий данс нээж, уг дансанд 73,211,163 төгрөгийг байршуулж, Г.Т, А.Бнарыг хамт байлцуулан уг дансыг хаахыг Х банк ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Тнь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас 524,006 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА

 

 

ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ

 

 

Д.НЯМБАЗАР