Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00368

 

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00368

 

Г.Төрболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181Ш2017/02974 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Г.Төрболдын нэхэмжлэлтэй хариуцагч Хас банк ХХК-д холбогдох

 

Хохиролд 73 211 163 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Х.Тэмүүжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Төрболд нь А.Ганбат, А.Баярмагнай нарын гэр бүлд 1997 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн бөгөөд А.Баярмагнай нь 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Хас банктай 6018/837 дугаартай Ирээдүйн саятан хадгаламжийн гэрээ байгуулснаар гэрээний дагуу Г.Төрболд хамтран эзэмшигч болдог. А.Ганбат, А.Баярмагнай хоёр 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд Г.Төрболд аавынхаа асрамжид өссөн. Ирээдүйн саятан хадгаламжийн гэрээнд зааснаар Г.Төрболдыг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 18 насанд хүрэхэд хадгаламжийн данс дахь мөнгийг гарын үсэг бүхий зөвшөөрлийн дагуу түүний эзэмшилд шилжүүлэх ёстой байсан боловч 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хас банк дахь Г.Төрболдын 5000134299 дугаарын данснаас 73 211 163 төгрөгийг хууль бусаар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, гэрээний 1.6 дахь заалтыг зөрчиж зарлагадаж гаргасан байна. Энэ асуудлаар даруй Хас банкны дотоод хяналтын газарт өргөдөл мэдээллийн утсаар холбогдож мэдэгдэхэд ямар нэгэн хариу өгөлгүй өнөөг хүрсэн. Банкны Өмнөговь аймаг дахь салбарын захиралтай уулзаж тайлбар хүсэхэд ямар ч хариу өгөөгүй. Гэрээний хуулбарыг ч Г.Төрболдод өгөхөөс татгалзсан. Иймд Өмнөговь аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан бөгөөд хариуд нь Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гардуулсан. Уг тогтоолд тус салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн А.Туулын буруутай үйлдлийн улмаас Г.Төрболдод хохирол учирсан боловч энэ үйлдэл нь шунахайн сэдэлгүйгээр үйлдсэн, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Иймд Хас банкны Өмнөговь салбарын ажилтан А.Туулын буруутай үйлдлээс болж Г.Төрболдод учирсан 73 211 163 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Хадгаламжийн гэрээний хугацаанд уг дансанд данс хамтран эзэмшигч А.Баярмагнай өөрөө болон өөрийн ээж болох Р.Сугираар дамжуулан орлого хийдэг байсан. Данс хаах үед нийт үлдэгдлийн хэмжээ 73 211 163.81 төгрөг, үүнээс данс хаах шимтгэл хасаж 73 208 163.81 төгрөг байжээ. А.Баярмагнайгаас Р.Сугирт 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 5000134299 тоот хугацаатай хадгаламжийг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хугацаа нь дуусах үед миний нэр дээр хадгаламж нээж, миний ээж болох Р.Сугир тус хадгаламжийг бүрэн хамтран захиран зарцуулах эрхтэй хамтран эзэмшигчээр оруулах эрх олгосон итгэмжлэлийг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр А.Баярмагнайгийн нэр дээр 5001547949 тоот хугацаатай хадгаламжийн данс нээж шилжүүлсэн. А.Баярмагнай нь дээрх шийдвэрээ тайлбарлахдаа түүний салсан нөхөр буюу Г.Төрболдын эцэг болох Ганбат, Ганбатын дүү болох Гантулга нар нь бусдад их хэмжээний өртэй тул хадгаламж дахь мөнгийг тэдэнд ашиглуулахаас сэргийлж өөрийн нэр дээр данс нээн шилжүүлэх болсон, түүнээс бол огт өгөхгүй гэсэн асуудал байхгүй гэсэн. Банкны үйлдлээс болж Г.Төрболд бодитоор хохироогүй. Учир нь, данс дахь мөнгийг банкны ажилтан завшаагүй, үрэгдүүлээгүй, огт танихгүй этгээдэд шилжүүлээгүй. Харин түүний хууль ёсны төлөөлөгч болох эх А.Баярмагнайд нь дансан дахь мөнгийг хүлээлгэн өгсөн. Банкны мэдээллийн санд Г.Төрболдын цор ганц хууль ёсны төлөөлөгчөөр А.Баярмагнай бүртгэлтэй, уг дансанд дангаар орлого хийдэг байсан, уг дансыг хамтран эзэмшигч, тухайн үед Ирээдүйн саятан хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй цор ганц эзэмшигч нь байсан. А.Баярмагнай нь уг мөнгийг аваад алга болоогүй, өгөхгүй гэж маргаагүй. Г.Төрболдод шинэ данс нээж шилжүүлж өгнө гэсэн боловч заавал банкнаас авна, таниас мөнгө авахгүй гэж цагдаагийн байгууллагад хандаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн ээж А.Баярмагнайтай банк байнга холбоотой байдаг бөгөөд Г.Төрболдын нэхэмжлэлд байгаа зарим мэдээлэл бодит байдлаас зөрүүтэй, түүний банкны эсрэг гомдол гаргаад байгаад А.Баярмагнай хамт нэг гэрт байсан хэрнээ мэдээгүй, хүүтэйгээ уулзаж ярилцъя гээд маргааш нь гомдолгүй талаар тайлбарыг банкинд өгч байсан. Үүний дараагаас хүүтэйгээ ерөөсөө ойлголцохоо байлаа, аавынх нь талаас буруу ойлголт төрүүлээд ятгаад байх шиг байна, дахин хадгаламж нээж өгье гэсэн боловч хүлээн авахгүй, заавал банкнаас авна гээд байна гэж байсан. Иймд энэ нэхэмжлэлийн цаана хохирлоо бодитоор барагдуулах сонирхол байхгүй, эсхүл А.Баярмагнайд олгосон 73 208 163 төгрөгөөс гадна банкнаас дахин 73 208 163 төгрөг гаргуулах боломжгүй гэдгийг ухамсарлахгүйгээр ийм үйлдэл гаргаж байна гэж банкны зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 206 дугаар зүйлийн 206.1, 454 дүгээр зүйлийн 454.1, 455 дугаар зүйлийн 455.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4-т заасныг тус тус баримтлан Хас банк ХХК-аас 73,211,163 төгрөгийг гаргуулж, Г.Төрболд, А.Баярмагнай нарын нэр дээр хамтран эзэмших эрх бүхий данс нээж, уг дансанд 73,211,163 төгрөгийг байршуулж, Г.Төрболд, А.Баярмагнай нарыг хамт байлцуулан уг дансыг хаахыг Хас банк ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Төрболд нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Хас банк ХХК-аас 524,006 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Г.Төрболд, А.Баярмагнай нарын нэр дээр хамтран эзэмших эрх бүхий данс нээж, уг дансанд 73,211,163 төгрөгийг байршуулж, Г.Төрболд, А.Баярмагнай нарыг хамт байлцуулан уг дансыг хаахыг Хас банк ХХК-д даалгах гэснийг Г.Төрболдод олгосугай гэх байдлаар өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна. Ирээдүйн саятан хадгаламжийн журмын 1.1, 2.1, 2.2 заалтууд, хариуцагчийн төлөөлөгч Сэргэлэнчимэгийн шүүх хуралдаан болон эрүүгийн хэрэгт өгсөн тайлбаруудаас үзэхэд 2007 оноос хойш 18 насанд хүрсэн хадгаламж эзэмшигчийн хүсэл зоригийн дагуу мөнгөн хөрөнгийг олгож иржээ. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээний стандарт нөхцөлийг анхаарч үзээгүй, нотлох баримтыг бодитойгоор үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Хас банк нь Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламжийн гэрээгээр миний өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх гэдэг нь анхны шаардлагаар хадгаламжид байсан 73 211 163 төгрөгийг надад ойлгохыг хэлнэ. Банкны зүгээс Г.Төрболд болн А.Баярмагнай нар нь ээж, хүү хоёр тул мөнгийг дахин гаргаж өгөх боломжгүй гэсэн тайлбар өгдөг ч бид хоёр тус тусдаа эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай хоёр өөр амьдралтай хүмүүс болохыг анхаарч үзэх нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагч буруутай гүйлгээ хийсэн өөрийн ажилтан, А.Баярмагнай нараас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй. Шийдвэрийг хэвээр үлдээвэл би нэхэмжлэлийн шаардлагаа хэзээ ч хүлээн авах боломжгүй болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн талуудын хоорондын маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлагыг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс өөрчилж шийдвэрлэх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Г.Төрболд нь хариуцагч Хас банк ХХК-д холбогдуулж банкны ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг мөнгөн хадгаламжинд байсан 73 211 163 төгрөгөөр тооцон гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч хамтран эзэмшигчид шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Хариуцагч Хас банк ХХК-тай 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламжийн гэрээгээр хадгаламж эзэмшигч Г.Төрболд, хамтран эзэмшигч А.Баярмагнай нар мөнгөн хуримтлалыг хадгаламж эзэмшигчийг 18 нас хүртэл буюу 10 жил, 9 сарын хугацаатай хадгалахаар тохиролцож, гэрээнд Г.Төрболдыг төлөөлж эх А.Баярмагнай гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэг заасан мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.Төрболд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 18 насанд хүрч мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа дуусахад түүний мөнгөн хадгаламжийн дансанд байсан 73 211 163 төгрөгийг хамтран эзэмшигч А.Баярмагнайн Р.Сугирт олгосон итгэмжлэлийн үндсэн дээр А.Баярмагнайн нэр дээрх хугацаатай хадгаламжийн дансанд шилжүүлж, Г.Төрболдын хадгаламжийн дансыг хаасан үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Төрболд болон Хас банк ХХК-ийн хооронд мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан, хадгаламж эзэмшигчийн хувьд нэхэмжлэгч шаардах эрхтэй, А.Баярмагнайн хамтран эзэмших эрх дуусгавар болсон, банк Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг болон гэрээний 1.6-д заасныг тус тус зөрчсөн болохыг зөв дүгнэжээ.

Талуудын хоорондын мөнгөн хадгаламжийн гэрээний 1.6-д Хадгаламж эзэмшигч хүүхдийг 18 нас хүртэл энэхүү хадгаламжийг хамтран эзэмшигч нь эзэмших бөгөөд гэрээний хугацаа дуусахад хамтран эзэмшигч болон хадгаламж эзэмшигч нар иргэний үнэмлэхтэйгээ банкинд биечлэн ирж хадгаламжийн дансыг хаалгана гэж тохиролцсон байхад Хас банкны ажилтан зөвхөн Р.Сугирт олгосон А.Баярмагнайн итгэмжлэлийг үндэслэн Г.Төрболдын хадгаламжийн данснаас зарлагын гүйлгээ хийж, дансыг хаасан нь хууль болон гэрээний заалтад нийцээгүй байна.

Энэ талаар хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

Харин шүүх нэхэмжлэгч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан шаардлага гаргаагүй байхад эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээсэн шийдвэр гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагаас өөр зүйлийг шийдвэрлэсэн гэж үзэх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д зааснаар хадгалуулагч нь хадгалагчаас үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгуулахаар эрх бүхий байгууллагад хандах, шүүхэд нэхэмжлэх эрхтэй, мөн зүйлийн 2 дах хэсгийн 6-д зааснаар хадгалагч банк нь өөрийн буруугаас учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181Ш2017/02974 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, мөн зүйлийн 2 дах хэсгийн 6-д тус тус зааснаар хариуцагч Хас банк ХХК-иас 73 211 163 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Төрболдод олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч Г.Төрболд нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Н.БАТЗОРИГ