Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00802

 

Г.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02974 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 368 дугаар магадлалтай,

Г.Тын нэхэмжлэлтэй

“Х Б”ХХК-д холбогдох

Хохиролд 73 211 163 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжингийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Х.Тэмүүжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т нь А.Ганбат, А.Б нарын гэр бүлд 1997 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн бөгөөд А.Б нь 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Хас банктай 6018/837 дугаартай Ирээдүйн саятан хадгаламжийн гэрээ байгуулснаар гэрээний дагуу Г.Т хамтран эзэмшигч болдог. А.Ганбат, А.Б хоёр 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд Г.Т аавынхаа асрамжид өссөн. Ирээдүйн саятан хадгаламжийн гэрээнд зааснаар Г.Тыг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 18 насанд хүрэхэд хадгаламжийн данс дахь мөнгийг гарын үсэг бүхий зөвшөөрлийн дагуу түүний эзэмшилд шилжүүлэх ёстой байсан боловч 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Х Б”дахь Г.Тын 5000134299 дугаарын данснаас 73 211 163 төгрөгийг хууль бусаар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, гэрээний 1.6 дахь заалтыг зөрчиж зарлагадаж гаргасан байна. Энэ асуудлаар даруй Хас банкны дотоод хяналтын газарт өргөдөл мэдээллийн утсаар холбогдож мэдэгдэхэд ямар нэгэн хариу өгөлгүй өнөөг хүрсэн. Банкны Өмнөговь аймаг дахь салбарын захиралтай уулзаж тайлбар хүсэхэд ямар ч хариу өгөөгүй. Гэрээний хуулбарыг ч Г.Тод өгөхөөс татгалзсан. Иймд Өмнөговь аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан бөгөөд хариуд нь Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гардуулсан. Уг тогтоолд тус салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн А.Туулын буруутай үйлдлийн улмаас Г.Тод хохирол учирсан боловч энэ үйлдэл нь шунахайн сэдэлгүйгээр үйлдсэн, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Иймд Хас банкны Өмнөговь салбарын ажилтан А.Туулын буруутай үйлдлээс болж Г.Тод учирсан 73 211 163 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:...Хадгаламжийн гэрээний хугацаанд уг дансанд данс хамтран эзэмшигч А.Б өөрөө болон өөрийн ээж болох Р.Сугираар дамжуулан орлого хийдэг байсан. Данс хаах үед нийт үлдэгдлийн хэмжээ 73 211 163.81 төгрөг, үүнээс данс хаах шимтгэл хасаж 73 208 163.81 төгрөг байжээ. А.Бгаас Р.Сугирт 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 5000134299 тоот хугацаатай хадгаламжийг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хугацаа нь дуусах үед миний нэр дээр хадгаламж нээж, миний ээж болох Р.Сугир тус хадгаламжийг бүрэн хамтран захиран зарцуулах эрхтэй хамтран эзэмшигчээр оруулах эрх олгосон итгэмжлэлийг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр А.Бгийн нэр дээр 5001547949 тоот хугацаатай хадгаламжийн данс нээж шилжүүлсэн. А.Б нь дээрх шийдвэрээ тайлбарлахдаа түүний салсан нөхөр буюу Г.Тын эцэг болох Ганбат, Ганбатын дүү болох Гантулга нар нь бусдад их хэмжээний өртэй тул хадгаламж дахь мөнгийг тэдэнд ашиглуулахаас сэргийлж өөрийн нэр дээр данс нээн шилжүүлэх болсон, түүнээс бол огт өгөхгүй гэсэн асуудал байхгүй гэсэн. Банкны үйлдлээс болж Г.Т бодитоор хохироогүй. Учир нь, данс дахь мөнгийг банкны ажилтан завшаагүй, үрэгдүүлээгүй, огт танихгүй этгээдэд шилжүүлээгүй. Харин түүний хууль ёсны төлөөлөгч болох эх А.Бд нь дансан дахь мөнгийг хүлээлгэн өгсөн. Банкны мэдээллийн санд Г.Тын цор ганц хууль ёсны төлөөлөгчөөр А.Б бүртгэлтэй, уг дансанд дангаар орлого хийдэг байсан, уг дансыг хамтран эзэмшигч, тухайн үед Ирээдүйн саятан хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй цор ганц эзэмшигч нь байсан. А.Б нь уг мөнгийг аваад алга болоогүй, өгөхгүй гэж маргаагүй. Г.Тод шинэ данс нээж шилжүүлж өгнө гэсэн боловч заавал банкнаас авна, таниас мөнгө авахгүй гэж цагдаагийн байгууллагад хандаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн ээж А.Бтай банк байнга холбоотой байдаг бөгөөд Г.Тын нэхэмжлэлд байгаа зарим мэдээлэл бодит байдлаас зөрүүтэй, түүний банкны эсрэг гомдол гаргаад байгаад А.Б хамт нэг гэрт байсан хэрнээ мэдээгүй, хүүтэйгээ уулзаж ярилцъя гээд маргааш нь гомдолгүй талаар тайлбарыг банкинд өгч байсан. Үүний дараагаас хүүтэйгээ ерөөсөө ойлголцохоо байлаа, аавынх нь талаас буруу ойлголт төрүүлээд ятгаад байх шиг байна, дахин хадгаламж нээж өгье гэсэн боловч хүлээн авахгүй, заавал банкнаас авна гээд байна гэж байсан. Иймд энэ нэхэмжлэлийн цаана хохирлоо бодитоор барагдуулах сонирхол байхгүй, эсхүл А.Бд олгосон 73 208 163 төгрөгөөс гадна банкнаас дахин 73 208 163 төгрөг гаргуулах боломжгүй гэдгийг ухамсарлахгүйгээр ийм үйлдэл гаргаж байна гэж банкны зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02974 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 206 дугаар зүйлийн 206.1, 454 дүгээр зүйлийн 454.1, 455 дугаар зүйлийн 455.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4-т заасныг тус тус баримтлан “Х Б”ХХК-аас 73,211,163 төгрөгийг гаргуулж, Г.Т, А.Б нарын нэр дээр хамтран эзэмших эрх бүхий данс нээж, уг дансанд 73,211,163 төгрөгийг байршуулж, Г.Т, А.Б нарыг хамт байлцуулан уг дансыг хаахыг “Х Б”ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Х Б”ХХК-аас 524,006 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 368 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02974 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, мөн зүйлийн 2 дах хэсгийн 6-д тус тус зааснаар хариуцагч “Х Б”ХХК-иас 73 211 163 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Тод олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Т нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын хянах хэсэгт “Талуудын хоорондын мөнгөн хадгаламжийн гэрээний 1.6-д “Хадгаламж эзэмшигч хүүхдийг 18 нас хүртэл энэхүү хадгаламжийг хамтран эзэмшигч нь эзэмших бөгөөд гэрээний хугацаа дуусахад хамтран эзэмшигч болон хадгаламж эзэмшигч нар иргэний үнэмжлэхтэйгээ банкинд биечлэн ирж хадгаламжийн дансыг хаалгана” гэж тохиролцсон байхад Хас банкны ажилтан зөвхөн Р.Сугирт олгосон А.Бн итгэмжлэлийг үндэслэн Г.Тын хадгаламжийн данснаас зарлагын гүйлгээ хийж, дансыг хаасан нь хууль болон гэрээний заалтад нийцэхгүй байна гэж дүгнэсэн атлаа давж заалдах шатны шүүх гэрээний уг заалтад нийцэхгүй шийдвэр гаргаж гэрээний заалтад нийцүүлэн анхан шатны шүүхээс 2 хадгаламж эзэмшигч хамтдаа ирж зарлага гаргахаар шийдвэрлэснийг өөрчилсөнд гомдолтой байна. Банкны зүгээс хадгаламж эзэмшигч нар хамтдаа ирж зарлага гаргахаар хадгаламжийн гэрээний 1.6-д заасны дагуу шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх Г.Тыг дангаар зарлага гаргахаар шийдвэрлэсэн нь хадгаламжийн гэрээний дээрх заалтыг хэрхэн тайлбарлаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Банкны ажилтан огт хамааралгүй этгээдэд данс дахь мөнгийг олгож хохирол учруулаагүй бөгөөд 2 эзэмшигчтэй данс дахь мөнгийг “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай” хуулийн 7.2.2, 7.2.3 дахь заалтын дагуу нэг хадгаламж эзэмшигчийн даалгавраар, түүний анхны шаардлагаар өгсөн байгаа юм. Ингэхдээ гаргасан алдаа нь хадгаламжийн гэрээний 1.6-д 2 эзэмшигч хамтдаа ирж зарлага гаргах тохиролцоог зөрчсөн нь буруу болсон. Өөрөөр хэлбэл гэрээний уг заалтаа зөрчснөөс бус “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай” хуулийг зөрчөөгүй. Банк ийм алдаа гаргасандаа анхан шатны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч давж заалдах шатны шүүх гэрээний 1.6 дахь заалтыг анхааралгүй, хэрхэн дүгнэж байгаа нь тодорхойгүй, уг заалт хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй мэтээр шийдвэрлэсэн байдлыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв гэрээний 1.6 дахь заалт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм бол бусдаар бол банк хууль зөрчөөгүй, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв гэрээний 1.6 дахь заалтыг баримтлана гэж үзвэл магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Банкны үйлдлээс болж Г.Т бодитоор хохироогүй. Учир нь: а) данс дахь мөнгийг банкны ажилтан завшаагүй, үрэгдүүлээгүй, огт танихгүй этгээдэд шилжүүлээгүй. Харин түүний хууль ёсны төлөөлөгч болох ээж А.Бд нь уг дансан дахь мөнгийг хүлээлгэн өгсөн. А.Б нь: -Банкны мэдээллийн санд Г.Тын цор ганц хууль ёсны төлөөлөгчөөр бүртгэлтэй; - Уг дансанд дангаар орлого хийдэг байсан; - Уг дансыг хамтран эзэмшигч; - Тухайн үед Ирээдүйн саятан хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй цор ганц эзэмшигч нь байсан. Б) А.Б нь уг мөнгийг аваад алга болоогүй, өгөхгүй гэж маргаагүй. Г.Тод шинэ данс нээж шилжүүлж өгнө гэсэн боловч “заавал банкнаас авна, таниас мөнгө авахгүй” гэж цагдаагийн байгууллагад хандаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Нэхэмжлэгчийн ээж А.Бтай банк байнга холбоотой байсан бөгөөд Г.Тын нэхэмжлэлд байгаа зарим мэдээлэл бодит байдлаас зөрүүтэй, түүний банкны эсрэг гомдол гаргаад байгаад А.Б хамт нэг гэрт байсан хэрнээ мэдээгүй, хүүтэйгээ уулзаж ярилцъя гээд маргааш нь гомдолгүй талаар тайлбарыг банкинд өгч байсан. Үүний дараагаас хүүтэйгээ ерөөсөө ойлголцохоо байлаа, аавынх нь талаас буруу ойлголт төрүүлээд ятгаад байх шиг байна, дахин хадгаламж нээж өгье гэсэн боловч хүлээн авахгүй, заавал банкнаас авна гээд байна гэж байсан. Иймд энэ нэхэмжлэлийн цаана хохирлоо бодитоор барагдуулах сонирхол байхгүй, эсхүл А.Бд олгосон 73,208,163 төгрөгөөс гадна банкнаас дахин 73,208,163 төгрөг гаргуулах боломжгүй гэдгийг ухамсарлахгүйгээр ийм үйлдэл гаргаж байна гэж банкны зүгээс үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тодорхойлж, Иргэний болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг оновчтой тодорхойлж, мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан алдаа гаргаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч Хас банкнаас 73 211 163 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Тод олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, 2 дах хэсгийн 6-д тус тус нийцсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хас банктай байгуулсан Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламжийн гэрээгээр Г.Т, хамтран эзэмшигч А.Б нар хадгаламж эзэмшигч Г.Тыг 18 нас хүртэл буюу 10 жил, 9 сарын хугацаатай мөнгөн хөрөнгө хадгалуулахаар тохиролцож, гэрээнд Г.Тыг төлөөлж эх А.Б гарын үсэг зурснаар тэдгээрийн хооронд мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч Г.Т 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 18 насанд хүрч мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа дуусахад “Х Б”дансанд байсан 73 211 163 төгрөгийг хамтран эзэмшигч А.Бгийн хүсэлтээр түүний дансанд шилжүүлж, хадгаламжийн дансыг хаасан үйл баримт тогтоогджээ.

Г.Т нь Хас банкийг буруутгахдаа хадгаламжийн гэрээний 1.6-д заасан “Хадгаламж эзэмшигч хүүхдийг 18 нас хүртэл энэхүү хадгаламжийг хамтран эзэмшигч нь эзэмших бөгөөд гэрээний хугацаа дуусахад хамтран эзэмшигч болон хадгаламж эзэмшигч нар иргэний үнэмлэхтэйгээ банкинд биечлэн ирж хадгаламжийн дансыг хаалгана.” гэснийг зөрчиж, өөрт нь мэдэгдэхгүйгээр дансыг хааж, мөнгөн хадгаламжийг бусдад шилжүүлснээр гэрээгээ зөрчсөн гэж үзэж, хадгаламж дахь 73 211 163 төгрөгийг хариуцагчаас шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг маргаж, “...мөнгөн хөрөнгийг хадгаламж эзэмшигч нар хамтран эзэмших эрхтэй тул нэхэмжлэгч дангаараа шаардсан тохиолдолд оногдох хэсгээ шаардах эрхтэй, хадгаламжийн дансанд түүний ээж мөнгийг хийдэг байсан бөгөөд ээжээсээ авах боломжтой байхад банкнаас шаардаж байгаа нь хууль бус, мөнгөн хөрөнгийг гаргуулах тохиолдолд хамтран эзэмшигч Г.Т, А.Б нарын нэр дээрх дансанд шилжүүлэх ёстой...” гэж үзжээ.

Зохигч талуудын хооронд мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан, “Х Б”нь Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, гэрээний 1.6-д заасныг зөрчсөн талаарх шүүхийн эрх зүйн дүгнэлт хэрэгт байгаа баримтад  байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д зааснаар хадгалуулагч нь хадгалагчаас үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгуулахаар эрх бүхий байгууллагад хандах, шүүхэд нэхэмжлэл гаргах, мөн зүйлийн 2 дах хэсгийн 6-д зааснаар хадгалагч банк нь өөрийн буруугаас учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

“Ирээдүйн саятан хүүхэд” хадгаламжийн гэрээний стандарт нөхцлөөс үзвэл насанд хүрээгүй хүүхдийн нэр дээр хадгаламж үүсгэн 18 нас хүртэл мөнгөн хөрөнгийг хадгалах, хүү тооцох, мөн нэмэлт урамшууллыг санал болгосон байх ба уг хадгаламж нь хүүхдэд зориулагдсан, 18 насанд хүрснээр хүүхэд уг мөнгөн хөрөнгийг эзэмших эрхтэй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй талаар давж заалдах шатны шүүх гэрээний агуулгыг зөв тайлбарласан байна. “Х Б”нь гэрээний 1.6-д заасан заалтыг зөрчиж, мөнгөн хөрөнгийг  нэхэмжлэгчийн ээж С.А.Бн данс руу шилжүүлсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч Г.Тын эцэг, эх нь Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан, Г.Т нь аав А.Ганбатын асрамжид үлдсэн ба эх А.Бтай холбоогүй байдаг талаар нэхэмжлэлдээ дурьджээ. 

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д зааснаар “Х Б”нь хадгаламжийн гэрээний хугацаа дуусахад мөнгөн хөрөнгийг 18 насанд хүрсэн хадгаламж эзэмшигчид бүхэлд нь хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгч үүргийг шаардах эрхтэй болно. Энэ тохиолдолд гуравдагч этгээдээр Я.А.Бг татан оролцуулах нь ач холбогдолгүй бөгөөд шүүх хариуцагчийн хүсэлтээр энэ талаар зохих ажиллагааг явуулсан боловч Я.А.Б нь гадаадад амьдардаг тул боломжгүй байжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх үзэв.

  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 368 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 524 006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА