Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2019/02582

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2019/02582

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХХК холбогдох,

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 тоот ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын цалин болох 1 100 000 төгрөг, мөн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 14 хоног өвчтэй байсан листний мөнгө 1 500 000 төгрөгийг тус тус гаргуулах, дээрх хугацаанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын газарт төлөх ёстой байсан шимтгэлийг байгууллагаас нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Б ХХК-д 2017 оны 7 сарын 24-нд ажилд орсон. Анх ажилд орохдоо хяналтын инженер төсөвчин гэсэн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Тэгээд 3 сарын туршилтын хугацаагаар ажиллаад 10 сарын 24-нд тушаал гарч тус местэндээ ажиллаж эхэлсэн. Ингэж ажиллаж байгаад 2018 оны 2 сарын 2-нд ерөнхий инженер болгож дэвшиж ажиллуулсан бөгөөд мөн адил туршилтын хугацаагаар ажиллаж байгаад 4 сарын 2-нд тус албан тушаалд томилогдсон. Ерөнхий инженерээр ажиллаж байх туршилтын болон үндсэн хугацаанд надтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөхгүйгээр ажиллуулж байсан. Би өөрийн хүсэлтээр өргөдөл гаргаж ажлаасаа гарсан байгаа. Эргээд тушаал гаргахдаа хөдөлмөрийн тухай хуулийн бүх болохгүй заалтыг, өөр олон зөрчил үйлдсэн мэтээр, дотоод хяналтаар тогтоосон Н гэх хүнтэй ажил хэргийн зөрчилтэй гэсэн шалтгаанаар халж, дарамтлан ажил хийх боломжгүй болгосон. Тэгээд ажиллах боломжгүй байна гээд 4 сарын 18-ны өдөр ажлаас гарах хүсэлтээ гаргаж өгсөн. Энэ хооронд шууд шүүхэд нэхэмжлэл гаргахыг хүсээгүй. Явах ёстой шат дарааллаар нь шинээр томилогдсон О гүйцэтгэх захиралтай уулзаж, Ямар үндэслэлээр ийм тушаал гаргачихваа гээд асууж байсан. Гэтэл тийм зүйл огт байхгүй байхад маш их зөрчил тогтоогоод биччихсэн байсан. Тиймээс энэ шалтгаанаар гүйцэтгэгч захирал, тухайн үед байсан Должинжав гээд гэрчээр асуугдаж байсан хүнтэй уулзсан. Тус тушаалыг хэн гаргасан юм бэ? надтай холбоотойгоор тогтоосон зүйл байгаа юу? гэж асуухад надад ямар нэг юм мэдэгдээгүй. Эргээд Ариунболдтой уулзахад би гаргаагүй гэсэн. Хуулийн зөвлөх Энхбаяртай уулзахад Б компани тушаалыг гаргадаггүй гэж хэлсэн. Би аргаа бараад группын захирал Гантөмөрт гомдол гаргаж орсон. Гаргасан зөрчил байвал баталгаа нотолгоотой байх нь зөв зүйтэй гэхэд мөн шийдвэрлэж өгөөгүй.

4 сарын 22-ны тушаалыг 24-нд би авсан. Энэ хооронд шийдвэрлүүлэх гэж чадаагүй Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Ажлаас халахдаа сүүлийн цалинг өгөөгүй бөгөөд гүйцэтгэлийн үнэлгээ 70 гэж юм яриад байгаа. Үйлдвэрийн тухай хуулиар зөрчилтэй гэж би үздэг. Үндсэн цалингаас 70 хувийг нь хасаж тооцонгуутаа сар бүр тайлан хамгаалаад тэр 70-гаа нэмж өгдөг. Ажлаас халангуут тэр 70-ийг үзэмжээрээ хасаж байгаа юм. Тэр 70 хувийг тооцох ёстой журмаар нь авна. Өвчтэй 14 хоног хагалгаанд ороод ирсэн листний мөнгийг өгөөгүй. Тэрийг мөн авна. Шүүхийн шийдвэр гарах хугацааны цалинг тооцож авна. Үүнийг нийгмийн даатгалын сүүлийн 3 сараар тооцоод гарчих байх. Зун бол барилгын үе учраас амрах боломж байдаггүй. Өвөл бидний цалинг бодож өгдөг боловч огт амардаггүй. Тэгж ярилцаад барилгын ажилчдын онцлогоос шалтгаалж нэг сарыг бодоод өгье гэж тохирсон. Өвөл бид амраагүй зөвхөн амралтын мөнгийг нь бодож өгсөн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тушаалд маргаад байх юм байхгүй. Нийгмийн даатгалд бичигдсэн тушаалыг үндэслэнэ. Тушаалын гол үндэслэл болсон хуулийн заалт илтэд үндэслэлгүй байгаа. 40.1.4 бол ноцтой зөрчил юм. Ноцтой зөрчлийг хэрхэн гаргасан талаар энэ байгууллага нотолж чадаагүй. Чанар муутай барилга барьсан, гарсан дүгнэлтийг нуун дарагдуулсан гэх мэт зөрчлүүдийг ноцтой зөрчил гээд байгаа юм. Гэтэл энэ ноцтой зөрчил нь тогтоогдсон байхыг үндсэн хууль, бусад хуульд шаарддаг. Зөвлөх инженертэй, иж бүрэн хуулийн зөвлөхтэй юм байна. Энэ хүмүүс чанар муутай барилга барьсан байгааг мэдээд байсан юм бол чанар муутай барилгад дотоодын хяналт шалгалт хийж дүгнэлт гаргуулахгүй яасан юм. Ийм дүгнэлт байхгүй байж хар яриагаар эргэлзэж байна, хувь хүний дотоод үнэмшлээр хардаж болохгүй. Энэ бүхэн нотлох баримттай байх хэрэгтэй.

Д.Оийн 5 сарын 1-ний өдрийн тушаалтай холбоотой, ажил хүлээлцэх хэрэгжилтийг хангах ажлыг Ариунболд өөрөө хүлээсэн байдаг. Гэтэл энэ хүн өөрөө 2 янзын тушаал барьсан, чанартай чанаргүй гэж яриад байгаа нь үндэслэлгүй байна. Чанар муутай барилга гэж зөвлөх инженер хэлж байна. 2018 оны 3 сарын 22-ны өдрийн А/7 гээд Б компаний үндсэн цалин гээд хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Үүнд үйлдвэр техникийн алба гэдэгт ерөнхий инженерийн дээд албан тушаал нь зөвлөх инженер гэж байгаа юм. Тэгээд энэ 16 давхар чанар муутай барилга баригдаад байхад уг ажлыг мэдэхгүй байсан юм шиг зүйл яриад 5-аас 6 инженерийн бүрэлдэхүүнтэй олон хүн байхад Оийг ганцаараа барьсан юм шиг зүйл яриад байх юм. Ажлын байрны тодорхойлолт гээд хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Эхний ажлын байрны тодорхойлтод бүх хүмүүс гарын үсэг зурсан хүчин төгөлдөр ажлын байрны тодорхойлолт байгаа. Энэ тодорхойлолтод ерөнхий инженер гэж байгаагүй. Нөгөө ажлын байрны тодорхойлолтод Н гарын үсэг зураагүй. 2018 оны 2 сарын 1-ний өдрийн ажлын байрны тодорхойлтод Ажилд авсан тушаал нь 2018 оны 4 сарын 2-ны өдрийн тушаалтай. Гэтэл тушаалд авахаас өмнө ажлын байрны тодорхойлолт хийсэн байгаа захирал нь батлаагүй байгаа. Компанийн дотоод асуудал энд ямарч хамааралгүй. 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан байгааг тогтоосон дүгнэлт байхгүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гээд ажлаас нь халсан байдаг. Ажлаас халсан тушаал гарсны дараа 2019 оны 6 сарын 28-ны өдрийн тушаалыг үндэслэж байна гээд байгаа юм. Бид тушаалд заасан хуулийн заалтыг үндэслэж маргаж байна. Ингэж буруутай байдал нь тогтоогдоогүй байхад буруутгаж байгаа нь үндсэн хууль, хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан шалгуурыг хангаагүй байхад үндэслэлгүй дүгнэлт гаргаж байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээг аман хэлбэрээр хийсэн гээд байгаа юм. Барилгын зарим нэг практикт аман хэлбэрээр ажиллаад төлбөрөө аваад явдаг. Гэтэл энэ ажилд ажлын байрны тодорхойлолтын хариуцлагын заалтыг үндэслээд шүүхэд нэхэмжлэл гаргаад явах эрхтэй. Тэр гэрээ байхгүй байгаа учраас та нар ямар ч хариуцлага тооцох юмгүй болж байгаа юм. Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ ч байхгүй хөдөлмөрийн гэрээ нь өөрөө байхгүй учраас эд хөрөнгийн заалт мөн ороогүй. Цалин мөнгөнд талууд маргаагүй тушаал гараад нийгмийн даатгалын газарт төлбөр тушаагаад явсан. Дээд шүүхэд аман хэлбэрээр байж болох хэдий ч эргээд танай байгуулага хариуцлага тооцоход танайд хохиролтой заалт байгаа юм.

Хөдөлмөрийн хуулийн 36.3-т хэд хэдэн ажилтны буруугаас үүссэн гэм буруугийн хэмжээ, гэм буруугийн төрлийг харгалзан ажилтан тус бүрээр төлүүлнэ гэж заасан. Энэ барилгад 5-аас доошгүй инженер, О гээд зөндөө хүмүүс ажилласан. Эдгээр хүмүүсээс О ямар алдаа гаргасан юм. Та нарын дотоод комиссын дүгнэлт байхгүй учраас Оийг буруутгах эрх зүйн үндэслэл байхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагад барилга барьж байгаатай холбоотой мэдээлэх боломжтой байсан. Мэргэжлийн байгууллагаар шалгуулаад дүгнэлтийг гаргуулчих боломжтой байсан. Иймэрхүү үндэслэл тус тушаалд авагдаагүй. Барилгын тухай хуулийн 37-р зүйлийн баахан заалтыг үндэслэсэн. Энэ хууль бол захиалагч, гүйцэтгэгч талд хамааралтай хууль. О захиалагч болохгүй. Н гүйцэтгэх захирал гэрээг баталж, О ажилтан гэдэг утгаараа гэрээнд 2-дагч байдлаар оролцож явсан. Захиалагч гэсэн гэрээний үүргийг үндэслэхгүй. Очир Ундраа гэдэг группийн дотоод журмыг танилцуулсан зүйл гэж байхгүй. Од танилцуулаагүй. Б компани нь охин компани тул журмаараа уншиж танилцуулаад явах ёстой байтал хаа байгаа тэр компаний журмыг уг ажилтанд тулгаж болохгүй.

2018 оны 12 сарын 03-ны өдрийн аудитын тайланг үндэслэсэн байгаа. О яг ямар буруутай талаар ганц өгүүлбэр ч байхгүй байхад тус тушаалыг үндэслэж халах нь үндэслэлгүй. Хамгийн том алдаа бол огноон дээр бүдүүлэг алдаа болсон. Хуульчдын сургалтад тушаал гаргахдаа алдаа битгий гаргаж байгаач бидний алдааг байгууллага төлж хохирдог гэж хэлж байсан. Гэтэл энэ тушаалд 2019 оны 5 сарын 1-ны өдөр гарсан мөртлөө 2019 оны 4 сарын 30-ны өдрөөр гэрээг цуцлаад халсан байгаа юм. Доор нь ажил хүлээлцэх комиссыг гаргасан байгаа. Ажил хүлээлцэх нь хоног хугацаатай байдаг. Тэр хүн ээлжийн амралт авсан аваагүй хугацаа байх ёстой. Тэр тушаал өөрөө бүтнээрээ цаг хугацааны хүвьд бүтнээрээ хүчин төгөлдөр болох ёстой. О ямар алдаа дутагдал гаргасан ч энэ хүнийг буруутай гэдэг зүйл харагдахгүй байна. Энэ маргаанд эрүүгийн зүйл ямарч хамааралгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс хэлж байна.

Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтэд 4 сарын цалин 540.000 төгрөгөөр бичигдсэн байгаа. 1 сард ээлжийн амралт авсан учраас энэ мөнгийг суутгаад 4 сарын цалингаас авсан гэж байна. Энэ хүн 4 сард 13 хоног өвчтэй байсан. Листны мөнгө өгөөгүй. 6 сар ажиллаад бүтэн жил ажиллуулалгүй түрүүлээд их мөнгө өгсөн байна гээд шууд авчих үндэслэл байхгүй. Үүнтэй холбоотой захирлын тушаал байхгүй, илтэд бууруулаад бичсэн байгаагийн хохирол юу вэ гэхээр шүүхээс Оийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх юм бол дундаж цалин хөлс тодорхойлсон сүүлийн 3 сарын нийлбэрээр цалинг тодорхойлоод явна. Сүүлийн 4 дэх сарын цалинг илт бага хэмжээгээр бичиж байгаа нь нөлөөлнө. Нийтдээ зарим сард 3 сая ер нь бол 2.500.000 төгрөгөөс дээш хэмжээний цалин авдаг байсан. Тэр 2019 оны 4 сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн дагуу 2 янзын өргөдөл байгаа гэж байна. Энэ хэд байх нь хамааралгүй. Өөрөө тушаал нь хөдөлмөрийн хуулийг зөрчөөд гарсан байгаа учраас, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байгаа учраас илүү тайлбар хэлэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 135.4-т зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй учраас эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.О нь 2017.04.24-ний өдрөөс 2018.02.01-нийг хүртэл Б ХХК-д төсөвчинөөр, 2018.02.01-нээс 2019.04.22-ны өдрийг хүртэл ерөнхий инженерээр тус тус ажилласан ба Б ХХК-ийн 2019.04.22-ны өдрийн Б/14 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар Д.Оийг ерөнхий инженерийн ажил албан тушаалаас ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан. Ийнхүү ажлаас халахдаа тус компанийн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлын төмөр бетон каркас угсралтын ажил гүйцэтгэх Есөн гол эрдэнэ ХХК-ийг өндөр төвөгшилтэй буюу 16 давхар барилгын төмөр бетон каркас угсралтын ажил хийж байгаагүй, туршлагагүй компанийг сонгон шалгаруулж чанар муутай барилга бариулсан, мөн уг каркас угсралтыг хийхдээ зах зээлийн ханшаас өндөр үнээр сонгон шалгаруулалтгүй, ажлын гүйцэтгэл муу, мөн Б ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Н нь өөрийн 100 хувь хувьцаа эзэмшдэг Гидро эко ХХК, мөн хамаарал бүхий дээрх Есөн гол эрдэнэ ХХК, Тэнгэрлэг бүтээмж ХХК-иар тус тус төмөр бетон каркас угсралт явуулсныг мэдсээр байж Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлын төмөр бетон каркас угсралтын ажил гүйцэтгэх ажилд Есөн гол эрдэнэ ХХК-ийг сонгон шалгаруулсан нь ашиг сонирхолын зөрчил гаргасан. Уг 140 айлын орон сууцны бетон зуурмагийг нийлүүлэх компаниар Эм ай ар си конкрет ХХК-ийг сонгон шалгаруулж ажиллуулсан бөгөөд тухайн компанийн барилгын бетон зуурмаг нь М350 маркандаа хүрээгүй чанар муутай зуурмаг нийлүүлсэн, уг зуурмагийг Барилгын хөгжлийн төвийн барилгын материалын сорил шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн Сорилт шинжилгээний 2068 дугаартай дүн нь барилгын 2-р давхарт 2 зөрүүтэй буюу 30.63 мПа, 38.63 мПа гэж гарсан бөгөөд энэхүү шинжилгээний дүнд хяналт тавьж бетоны маркийг хянаагүй, мөн барилга дээр тухай бүр ирж буй бетон зуурмагийн шоог бэхжүүлж авсан даруй лабораторийн шинжилгээгээр баталгаажуулаагүй. Эм ай ар си конкрет ХХК-ийн өгсөн шинжилгээний дүнг барьж ажилласан зэргээс үзэхэд Эм ай ар си конкрет ХХК-ийг ашиг сонирхолын зөрчилтэй сонгон шалгаруулж, чанар муутай бетон зуурмаг нийлүүлсэн гэж үзэж байна. Мөн бетон каркас угсралтын ажлыг гүйцэтгэсэн Есөн гол эрдэнэ ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллах буюу барилгын талбайн инженерийн өдөр тутмын ажилд хяналт тавьж, барилгын алдаа зөрчлийг арилгах ажлыг бодитой үр дүн гаргаж ажиллаагүй, мэргэжил арга зүйн болон барилга угсралтын мэргэжлийн ур чадваргүй ерөнхий инженерийн ажлыг гүйцэтгэсэн. Эрдэнэт хотод баригдаж буй 315 айлын орон сууцны төслийн ажилд барилгын чанарын болон туслан гүйцэтгэгч компаниудын гэрээнд заасан ажилд хяналт тавьж ажиллаагүй ба ямар нэгэн ажил хийгээгүй компаниудад гэрээний урьдчилгаа мөнгө өгч ашиг сонирхолын зөрчил гаргаж ажилласан ба одоог хүртэл урьдчилгаа мөнгө аваад ажлаа гүйцэтгээгүй, бараа нийлүүлээгүй алга болсон Холыг холбогч ХХК нь 49 000 000 төгрөг, Хос монтаж ХХК нь 5 200 000 төгрөг өгөхгүй цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж, шүүхийн байгууллагаар өр төлбөрийг шийдвэрлүүлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Мөн 140 айлын орон сууцны В1, В2, 1-р давхарт бетоны бат бэхийн чанар хангалтгүй, В2 давхарт ус нэвтэрч барилгын суурь давхаруудад ноцтой алдаа зөрчилтэй байсныг мэдсээр байж уг алдаа зөрчлийг арилгаагүй байхад барилга эхлүүлж, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч 2018 оны 5-р сард барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн барьж Б ХХК-д 5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Н, ерөнхий инженерээр ажиллаж байсан Н.Э, Д.О, барилгын инженерээр ажиллаж байсан Г.Л, Г.Гнарыг Эрүүгийн хуулийн 20.13-т заасан чанар муутай барилга барьсан гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаах тасагт шалгуулахаар гомдол гарган материалыг шилжүүлсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 190901778 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж байна. Ялангуяа барилгын 2-р давхарт 2018 оны 5-р сард төмөр бетон каркас угсралтад гарсан алдаа зөрчлийг зураг төслийн компани болох Голомт өргөө ХХК-нд мэдэгдээгүй, барилгын 1-р давхарт хүчитгэлийн ажлыг явуулахдаа мөн Голомт өргөө ХХК-нд мэдэгдэхгүйгээр явуулж Барилгын тухай хуулийн 37.1.5, 37.1.9, 37.1.13-т заасныг ноцтой зөрчиж ажилласан. Б ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байхдаа 140 айлын төмөр бетон каркас угсралтын ажилд ноцтой алдаа зөрчил гаргасныг гол үндэслэл болгон Д.Оийг ажлаас нь халсан.

Д.Оийг ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийг тайлбарлавал: Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан учир түүнтэй байгуулсан 2017.07.24-ний өдөр барилгын хяналтын инженер, төсөвчинөөр ажилд авч байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд ажлын харицлага, ажилтны эрх, үүргийг сайтар тусгаж өгсөн, мөн 2018.04.02-ны өдөр ерөнхий инженерээр тушаал дэвшүүлэн жинхэлж хөдөлмөрийн гэрээ байгуулсан, уг гэрээний 4-р зүйл, 6.7 ажилтан дор дурдсан зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтан үзэж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно гэж заасны дагуу 6.7.4, 6.7.5, 6.7.9, 6.7.10, 6.7.13, 6.7.16, 6.7.17, 6.7.19, 6.7.20-т зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэж Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ болон мөн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэдэгт Хөдөлмөрийн гэрээний 8.1-т зааснаар байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол хохирлыг төлж барагдуулан байгууллагыг хохиролгүй болгоно гэж заасны дагуу эд хөрөнгийн хохирол учруулсан эсэх талаар цагдаагийн байгууллагад шалгуулж байна. Энэ нь түүнтэй байгуулсан Эд хөрөнгийн болон хариуцлагын гэрээг байгуулсан, түүнд заасан зохицуулалттай холбоотой эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ.

Ерөнхий инженерээр ажилласан байсан Д.Оийг ажлаас халахдаа тушаалд хууль, журмын заалтыг үндэслэл болгосон бөгөөд тушаалын тушаах хэсэгт барьсан хуулийн заалтыг зөрчсөн болох нь доорх баримтаар тогтоогдсон.

Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.03.12-ны өдрийн А/7 дугаартай тушаалаар тус компаний бүтэц орон тоо болон ажилтнуудын цалин хөлс, нэмэгдэл урамшууллыг тогтоосон. Уг тушаалын хавсралтаар 1-т Ерөнхий инженер 1, түүний доод талд барилгын 3 инженер байхаар тогтоож, 3-р хавсралтаар түүний үндсэн цалинг 1 700 000 төгрөг, үүн дээр 70 хувийн урамшуулал нийт сард өгөх цалинг 2 890 000 төгрөгөөр тогтоосон байгаа нь ерөнхий инженер Д.Оийг ийм өндөр цалинтай ажиллуулж барилгын инженерүүдийг хариуцан тэдгээрийн ажилд хяналт тавин үйлдвэрийн техникийн албыг хариуцаж тэдгээрийн өмнө хариуцлага хүлээж ажиллахыг үүрэгжүүлсэн байна.

Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017.07.24-ний өдрийн 17/29 дугаартай тушаалаар Д.Оийг 3 сарын туршилтын хугацаагаар барилгын хяналтын инженер, төсөвчинөөр ажилд авсан тушаал, 2017.10.24-ний өдрийн 17/47 дугаартай тушаалаар түүнийг барилгын хяналтын инженер төсөвчнөөр жинхэлүүлэн томилсон тушаал, 2018.02.01-ний өдрийн б/04 дугаартай тушаалаар ерөнхий инженерээр туршилтын хугацаагаар ажиллуулах тушаал, 2018.04.02-ны өдрийн б/11 дугаартай тушаалаар ерөнхий инженерээр жинхэлүүлэн ажиллуулахаар тус тус Д.Оийг тус компанид дэвшин ажиллаж компанийн барилга угсралтын ажлыг 2017 оны 07-р сараас хойш мэдэж, гүйцэтгэлд оролцож, бүр хариуцаж байсныг гэрчлэх юм.

Очир Ундраа группын хөдөлмөрийн дотоод журмын 4-р зүйл, 10.7.7, 10.7.9, 10.7.13, 10.7.18 тус тус зөрчин хөдөлмөрийн дотоод журмын сахилгын болон эд хөрөнгийн хариуцлагын зохицуулалтыг зөрчсөн талаар уг журмыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Д.Отэй 2017.07.24-ний өдөр байгуулсан туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээний 4-р зүйлд ажилтны үүргийг тодорхой зааж, 2018.04.02-ны өдөр байгуулсан гэрээнд гүйцэтгэх захирал Б.Н гарын үсэг зурж баталгаажуулаагүй ч энэхүү гэрээг хийж баталгаажуулах үүргийг хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Од 2018.04.02-ны өдрийн б/11 дугаартай тушаалаар үүрэг өгсөн байсан, харин энэхүү үүргийг биелүүлж ажиллахдаа Д.Отэй хөдөлмөрийн гэрээг танилцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулсан болон Д.О нь тушаалын дагуу ерөнхий инженерийн ажлыг гүйцэтгэж, сар бүр ерөнхий инженерийн цалин хөлсийг авч ажиллаж байсан тул түүнийг ерөнхий инженерээр ажиллаж байсан гэж үзэх ба нэхэмжлэлээ хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байсан өөрийн эрх, үүргээ мэдэхгүй байсан мэтээр тайлбарлаж бичсэн ба тэрээр хэрэв хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй гэдгийг мэдсэн бол ерөнхий инженерийн ажлыг гүйцэтгэхгүй байх боломж байсан, мөн тэрээр сар бүр үндсэн цалин түүний урамшууллыг хүлээн авахгүй ажиллах байсан боловч тэгээгүй ажлыг гүйцэтгэн цалин хөлсийг холбогдох гарын үсгээ зурж, эрх зүйн үр дагавар гаргах шийдвэрийг гаргаж, компанид эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан нь тогтоогдож байна.

Мөн барилгын хяналтын инженер, төсөвчинөөр ажиллахдаа ажлын байрны тодорхойлолттой, дараа нь ерөнхий инженерээр ажиллахад ажлын байрны тодорхойлолттой 2018.02.01-ний өдөр танилцаж гарын үсэг зурснаас үзэхэд ажлын байрны тодорхойлолтгүй ажилласан гэдэг нь няцаагдаж байна. Д.Оийг ерөнхий инженерээр ажиллахад хөдөлмөрийн гэрээг баталгаажуулж ажиллаагүй хүний нөөцийн мэргэжилтэн олжинжавыг 2019.04.22-ны өдрийн б/12 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн гүйцэтгэх захирал Б.Нг 2019.02.18-ны өдөр 19/04 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн. Ийнхүү компанийн захиргааны болон барилгын угсралтын ажлыг норм стандарт хууль дүрмийн дагуу гүйцэтгээгүй ажилтнуудыг дарга цэрэг гэлтгүй ажлаас халж, чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэл журмын дагуу явагдсан үйл ажиллагаа юм. Ажлаас халсан талаар гомдол гаргах эрхээ эдлэх нь өөрийнх нь субьектив эрх юм. Д.Отэй хөдлмөрийн гэрээг байгуулж, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж, харин түүний хөдөлмөрийн гэрээнд заасан эрхийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө цалин хөлс, хангаж, хөдөлмөрийн таатай нөхцөлөөр хангаж ажилласан бол Д.О хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж ажиллаагүй байна.

Д.Оийн ажилд томилж ерөнхий инженерийн ажил үүргийг гүйцэтгүүлсний үндэслэл компанийн Орхон аймагт баригдаж буй 315 айлын орон сууц, Баянгол дүүрэгт баригдаж буй 140 айлын орон сууцны барилга угсралтын хэвийн үйл ажиллагааг хангаж, Барилгын тухай хууль болон норм дүрэм журам, стандартыг хэрхэн хангаж ажиллаж буйд доор ажиллаж байгаа барилгын инженерүүдээ хянах, туслан гүйцэтгэгч компаниудыг хянах тэдгээрийн ажлыг хариуцан компанийн нэрийн өмнөөс хариуцлага тооцож, чанартай барилга бариулах зорилготойгоор ажиллуулж байгааг ойлгохгүй байгаад нь харамсаж байна. Д.О нь тус компанийн хуульч, дотоод хяналтын менежерт 2019.05.07-ны өдөр гаргасан тайлбартаа: барилгын алдаа дутагдалтай бариулсан нь гүйцэтгэх захирал Б.Нгаас болж чанар муутай барилгыг барьсан өөрөө буруугүй мэтээр тайлбар гаргасан нь ойлгомжгүй бөгөөд алдаа зөрчлийг нэг нэгэн рүүгээ чихэх гэсэн түүний увайгүй үйлдэл гэж үзэж байна.

Очир Ундраа группын толгой компани болох Очун ХХК-ийн комплаенсийн газрын 2018 онд Б ХХК-нд аудит хийсэн ажлын тайланд 140 айлын орон сууцны барилга угсралтын ажилд гаргасан алдаа зөрчлийг төрөлжүүлэн дурдсан. Дээрх аудитийг хийхдээ хөндлөнгийн барилгын мэргэшсэн инженер Г.Г140 айлын орон сууцны барилга угсралтын явцад хөндлөнгийн хяналт хийлгэсэн ба уг дүгнэлтэд 6 зөрчил дутагдал гарсан. Дүгнэлт зөвлөмжид 4 зүйлийг хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөсөн байна. Б ХХК нь 2018 онд Голомт банкнаас орон сууц барих санхүүжилтийг зээлийн гэрээ байгуулан санхүүжилтийг авч барилга угсралтын ажлыг явуулж байсан бөгөөд барилга ашиглалтад оруулахад борлуулалтын үйл ажиллагаанд Голомт банктай хамтран Ипотекийн зээлийн гэрээг байгуулан ажиллах саналыг тавьж, тус банкнаас 2019 оны 3 дугаар сард 360 үнэлгээний тайлан 140 айлын барилгын талбай дээр явуулсан бөгөөд үнэлгээний тайлангаар барилга угсралтын ажил алдаатай, эрсдэлтэй тул зэрэглэлээр ипотекийн зээл олгох боломжгүй гэж барилга угсралтын ажил муу үнэлгээтэй гарсан.

Оригакен ХХК-тай 2018.05.29-ний өдрийн 18/23 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр 140 айлын орон сууцны барилгын 1-р давхарын дам нурууны хүчитгэлийн ажлыг 67 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан, 2018.09.04-ний өдрийн 24/18 дугаартай албан тоотоор Оригакен ХХК-иас хүчитгэлийн ажлыг хүлээлцэх албан тоот ирүүлэн, ажил гүйцэтгэсэн актыг мөн өдөр ерөнхий инженер Д.О гарын үсэг зурж гэрээний гүйцэтгэлийг хүлээн авсан. Үүгээр 1-р давхарыг алдаа зөрчилтэй барьсан нь тогтоогдож, түүний дам нурууг хүчитгэл хийж зассан нь тогтоогдож байна. Гэрээг халхавчлан мөн өдөр адил дугаартай бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулан Оригакен ХХК-иас арматур төмөр худалдаж авахаар хуурамч гэрээ байгуулсан нь тогтоогдсон.

Оригакен ХХК-иас 2018.09.26-ны өдрийн 26/18 албан тоотоор гэрээгээр 140 айлын орон сууцны барилгын В1-р давхарын 23 дам нуруунуудад 63 700 000 төгрөг, 1-р давхарын нийт багануудад 47 900 000 төгрөг, 2-р давхарын нийт багануудад 47 900 000 төгрөгөөр тус тус хүчитгэл хийх үнийн саналыг ирүүлсэн. Үүгээр В1, 1, 2-р давхаруудад барилгыг алдаа зөрчилтэй барьсан нь тогтоогдсон. Оригакен ХХК-иас 2018.08.20-ны өдрийн 23/18 дугаартай албан тоотоор 2-р давхарын баганын хүчитгэл, бэхэлгээг 47 900 000 төгрөгөөр хийх үнийн санал ирүүлсэн бөгөөд энэ нь мөн 2-р давхарт алдаа зөрчилтэй барилга угсралтын ажил явуулсныг нотлож байна.

ШУТИС-ийн барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Реконстракшн төвийн 2018.05.23-ны өдрийн Барилгын экспертизын тайлангийн зөвлөмжид барилгын 1-р давхарын төмөр бетон дам нурууны бетоны бат бэх бага, ан цавтай байгаа учир бетон дам нурууг хүчитгэх шаардлагатай гэж дүгнэсэн. ШУТИС-н барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Реконстракшн төвийн 2019.09.13-ны өдрийн 51/18 дугаартай дүгнэлтээр 2-р давхар баганын бетоны бат бэх зураг төслийн шаардлага хангахгүй тул хүчитгэх шаардлагатай гэж дүгнэсэн. Голомт өргөө ХХК нь уг барилгын зураг төслийн зохиогч бөгөөд дээрх В1, В2, 1, 2-р давхарт гарсан алдаа зөрчлийг мэдээгүй байсан гэдэг ба мэдсэн даруй 2019 оны 4 сард зохиогчийн хяналт хийж 2019.04.29-ний өдрийн 39 дүгээртэй албан тоотоор хөндлөнгийн дүгнэлтийг ирүүлсэн байдаг. Үүнд: 2-р давхарын багана, дам нуруу, хучилт, хөшүүн хананд, 12, 13-р давхарын багана, дам нуруу, хучилт, хөшүүн хананд, 16-р давхарын болон техникийн давхарын цутгамал төмөр бетон бүтээц хүйтэн сэрүүний улиралд цутгагдсан тул хөндлөнгийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж ирүүлсэн байна.

Д.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нотлох баримтаар 2019.04.18-ны өдөр ажлаас халагдах өргөдлөө өгсөн бөгөөд худал баримтыг шүүхэд гаргасан өгсөн байсан энэ өдөр гүйцэтгэх захиралд өргөдөл өгсөн бөгөөд уг өргөдөл нь ажлаас халагдах өргөдөл биш хяналтын инженер Зоригтбаатартай ажиллах боломжгүй байгааг дурьдсан өргөдөл байсан. Ажлаас халагдах өргөдөл гаргаагүй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Зураг төслийн Голомт өргөө ХХК-наас 2019.04.29-ний өдөр ирүүлсэн албан тоотод 2-р давхар, 12, 13-р давхар алдаатай, 16-р давхар алдаатай тул хөндлөнгийн мэргэжлийн байгууллагыг дүгнэлт гаргуулах шаардлага тавьсан байна. Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2019.05.23-ны өдрийн 14-07-025/185 дугаартай албан тоотоор албан шаардлага хүргүүлсэн зөрчил арилгах акт ирүүлсэн. Уг акт урьд нь хийгдсэн ажлын алдаа, дутагдал, түүнийг засч сайжруулах ажилтай холбоотой шаардлага байсан бөгөөд үүнийг ерөнхий инженер Д.О хянаж шалгаж барилгын инженер Г.Ганбатыг хянаагүйн илрэл баримт юм. Мөн 140 айлын орон сууцны туслан гүйцэтгэгч Есөн гол Эрдэнэ ХХК-ийг алдаа зөрчилтэй ажилласныг мэдсээр байж барилгын ажлыг нь үргэлжлүүлэн 16 давхар хүртэл чанаргүй барилга бариулсан бөгөөд 2018.06.08-ны өдрийн 2/55 дугаартай албан тоотоор Есөн гол Эрдэнэ ХХК руу ерөнхий инженер Д.О гэсэн гарын үсэгтэй мэдэгдэл хүргүүлж байсан нь давхар нотлогдож байна. Бетон зуурмагийг нийлүүлэх Эм ай ар си ХХК-тай 2018.05.07-ны өдрийн 18/14 дугаартай байгуулсан гэрээ, төмөр бетон цутгамал каркас угсралтыг гүйцэтгэхээр Есөн гол Эрдэнэ ХХК-тай 2018.04.24-ний өдрийн 18/10 дугаартай байгуулсан гэрээнүүдийг байгуулах шийдвэр, гэрээний хугацаа төлбөрийн нөхцөл зэргийг ерөнхий инженер Д.О хариуцан шийдвэрлэж гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар тогтоогдож байна.

Иймд ерөнхий инженерээр ажиллаж байсан Д.Оийн шийдвэрээр болон түүний удирдлага дор барилгын инженер Г.Л нар нь 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байхдаа ноцтой барилга угсралтын алдаа гаргаж, барилга угсралтын ажлыг зөрчилтэйг нь мэдсээр байж үргэлжлүүлэн ажилласан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Д.Оийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Б ХХК-нд холбогдуулан анх 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тушаал болгож өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгуулж, ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын цалин болох 1 100 000 төгрөг, мөн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 14 хоног өвчтэй байсан листний мөнгө 1 500 000 төгрөгийг тус тус гаргуулах, дээрх хугацаанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын газарт төлөх ёстой байсан шимтгэлийг байгууллагаас нөхөн гаргуулах тухай болгон өөрчлөн, нэмэгдүүлжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлтэй халсан гэж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага нь хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл шүүх байна.

Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол-ыг шүүх хянан шийдвэрлэхээр тус тус заасан. Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан.

Хариуцагч Б ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б/14 дүгээртэй тушаалаар нэхэмжлэгч Д.Оийг ажлаас чөлөөлсөн үйл баримт хэргийг хянан хэлэлцэхэд тогтоогдсон. Харин нэхэмжлэгч Д.О нь уг тушаалын огноог нийгмийн даатгалын тэтгэмж авах зорилготойгоор хариуцагчид хүсэлт гаргаснаар тухайн тушаалыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэсэн огноотой болгон өөрчлүүлсөн үйл баримт нотлогдон тогтоогдсон учир энэхүү тушаалыг үндэслэн тухайн шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан боловч 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/14 дүгээртэй тушаалтай Д.О нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр танилцаж, тушаалын хувийг гардан авсан гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчид тайлбарласан. Иймээс хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэгч шүүхэд гомдлоо гаргасан гэж үзэх тул нэхэмжлэгч Д.Оийн хариуцагчид холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргааныг тус шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч Д.Оийг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 17/29 дүгээр ажилд томилох тухай тушаалаар, барилгын инженер, төсөвчин албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар томилон ажиллуулсан /хх-40 талд/ бөгөөд тухайн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан /хх-50-53 талд/, мөн ажлын байрны тодорхойлолтыг талууд тохиролцон хийж, түүнд танилцуулан гарын үсэг зуруулан /хх-61-64 талд/ ажиллуулж байгаад 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай Дэвшүүлэн томилох тухай тушаалаар Д.Оийг ерөнхий инженер албан тушаалд дэвшүүлэн ажиллуулсан /хх-42 талд/ ба мөн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/11 дүгээртэй Үндсэн ажилтнаар томилох тухай тушаалаар Д.Оийг туршилтын хугацаа дууссантай холбогдуулан тус компаний ерөнхий инженерийн үндсэн ажилтнаар томилон /хх-43 талд/ ажиллуулсан байх боловч 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/14 дүгээртэй ажлаас чөлөөлөх тухай тушаалаар түүнийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэсэн гомдлыг нэхэмжлэгч шүүхэд гаргасан.

Хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Тендерийн хууль болон туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах холбогдох журмыг зөрчин ашиг сонирхлын зөрчилтэйгээр 140 айлын орон сууцны төмөр бетон каркас угсралтын туслан гүйцэтгэгч компаниар Есөн гол Эрдэнэ ХХК-ийг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус компанийн ажлын гүйцэтгэлд гэрээнд заасан үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 163 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан Бетон ба төмөр бетон бүтээц үндсэн дүрэм (бнбд 52-01-10)-ийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж, чанар муутай барилга бариулж, компанид их хэмжээний хохирол учруулсан, МУ-ын ШУТИС-ийн Реконстракшн төвийн 2018.09.13-ны өдрийн 51/18 дугаартай дүгнэлтийг нуун дарагдуулсан, төмөр бетон бүтээцийн түүхий эд болох бетон зуурмагийг нийлүүлэх компаниар зах зээлийн үнэ ханшаас өндөр үнэтэй, сорьц чанарын шаардлага хангахгүй MIRC ХХК-ийг сонгон шалгаруулж, бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан зэрэг мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргасан нь тогтоогдсон үндэслэлүүдийг зааж, Ерөнхий инженер Дорж овогтой Оийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Д.О нь тус шүүхэд гаргасан гомдлын шаардлагаа Б ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, 4 дүгээр сарын цалин 1 100 000 төгрөг, 4 дүгээр сарын 03-наас эхэлж 14 хоног өвчтэй байсан листний мөнгө 1 500 000 төгрөгийг тус тус гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын газарт төлөх ёстой байсан шимтгэлийг байгууллагаас нөхөн гаргуулах тухай гэж тодорхойлж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин тайлбарлаж, мэтгэлцсэн.

1. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дүгээртэй тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар, Б ХХК нь ажилтан Д.Оийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/14 дүгээртэй тушаалаар 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Харин нэхэмжлэгч Д.О нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, танилцсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 86 дах талд авагдсан тушаалын ар талын хуудсанд танилцсан Оийн гарын үсэг 24/IV.19 г гэж бичсэн баримт, нэхэмжлэгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А нарын шүүх хуралдаанд тайлбарласан тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.О нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/14 дүгээртэй ажлаас халсан тушаалын он сарыг хойшлуулах хүсэлтийг гүйцэтгэх захирал Н.Отай зөвшилцсөнөөр Б ХХК-ийн захиргаанд өргөдөл гаргах нь гэж 2019.0.07-ны өдрийн огноотойгоор гараар бичиж өгсөн ба уг хүсэлтийг нь хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Н.О нь Хүний нөөцөд: Д.Оийн тушаалыг өөрчилж НД-ын тэтгэмж авахад дэмжлэг үзүүлье. V/7 2019 гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй.

Ажил олгогч болох Б ХХК нь ажилтан болох Д.Оийг ажлаас халсан тухай тушаалыг 2 өөр сар, өдөртэйгээр, 2 ширхэг тушаал гаргасан байгаа нь нотлогдон тогтоогдсон учир шүүх энэхүү байдалд үнэлэлт дүгнэлтийг өгч хууль зүйн үүднээс нэхэмжлэгчийн гаргасан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Иймээс, ажилтан Д.Оийг ажлаас халсан тушаалыг ажил олгогч Б ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б/14 дугаартай тушаалыг гаргасан болох нь нотлогдон тогтоогдсон тул нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дүгээртэй ажилтан Д.Оийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Ажил олгогчийн санаачилгаар 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Д.Оийг Тендерийн хууль болон туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах холбогдох журмыг зөрчин ашиг сонирхлын зөрчилтэйгээр 140 айлын орон сууцны төмөр бетон каркас угсралтын туслан гүйцэтгэгч компаниар Есөн гол эрдэнэ ХХК-ийг сонгон шалгаруулсан, ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус компанийн ажлын гүйцэтгэлд гэрээнд заасан үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй, Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 163 дугаар тушаалын чанар муутай барилга бариулж, компанид их хэмжээний хохирол учруулсан, МУ-ын ШУТИС-ийн Реконстракшн төвийн 2018.09.13-ны өдрийн 51/18 дугаартай дүгнэлтийг нуун дарагдуулсан, төмөр бетон бүтээцийн түүхий эд болох бетон зуурмагийг нийлүүлэх компаниар зах зээлийн үнэ ханшаас өндөр үнэтэй, сорьц чанарын шаардлага хангахгүй MIRC ХХК-ийг сонгон шалгаруулж, бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан зэрэг мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.О нь анх 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 17/29 дүгээр ажилд томилох тухай тушаалаар барилгын инженер, төсөвчин албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, мөн ажлын байрны тодорхойлолтыг талууд тохиролцон хийж, түүнд танилцуулан гарын үсэг зуруулан /хх-61-64 талд/ ажиллуулж байгаад 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай Дэвшүүлэн томилох тухай тушаалаар Д.Оийг ерөнхий инженер албан тушаалд дэвшүүлэн ажиллуулсан /хх-42 талд/ ба мөн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/11 дүгээртэй Үндсэн ажилтнаар томилох тухай тушаалаар Д.Оийг туршилтын хугацаа дууссантай холбогдуулан тус компаний ерөнхий инженерийн үндсэн ажилтнаар томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан ба инженер техникийн ажлын багт томилогдон ажилласан үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн, Д.О нь ажлын байрны тодорхойлолтод заагдсаны дагуу Очир Ундраа ХХК-ийн 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлын төмөр бетон каркас угсралтын ажлыг гүйцэтгэх, үйлдвэрлэл техникийн албыг удирдах чиг үүрэгтэй Б ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байсан болох нь Бараа материал худалдах, худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ, барилга угсралтын ажил гүйцэтгэсэн тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна./хх-82-83, 100-116 дугаар тал/

Нэхэмжлэгч Д.О нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн болох нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, мөн оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн үнийн санал хүргүүлэх тухай албан тоот, хүчитгэлийн ажлыг гүйцэтгэсэн акт, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Монгол Улсын ШУТИС-ын Барилга, архитекторын сургууль-Реконстракшн төвийн дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Очир Ундраа ХХК-ийн 140 айлын үйлчилгээтэй, орон сууцны барилга угсралтын ажлын явцад хийсэн хөндлөнгийн хяналтын дүгнэлт, 2018 оны Очун ХХК-ийн аудитын тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-74, 77-87, 117-148 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж, мөн хуулийн 40.1.5-д ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон байхаар тус тус зохицуулсан.

Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна. Сахилгын зөрчил нь хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг ойлгодог.

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

Хэргийн 54-57 дугаар талд Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н нь ажилтан Д.Отэй 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдсан ба уг гэрээнд ажилтан Д.О гарын үсгээ зурсан, ажил олгогчийн төлөөлөгч Б.Н гарын үсэг зураагүй байгаа боловч үүнийг гэрээг хийгдсэн гэж үзнэ. Тухайн гэрээний зургаадугаарт гэрээ дуусгавар болох үндэслэлүүдийг заасан, 6.7-д ажилтан дор дурдсан зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно гэж заасан. Гэрээний ...6.7.7, 6.7.9, 6.7.13, 6.7.18-д заасан үндэслэлүүдийг Очир-Ундраа группын хөдөлмөрийн дотоод журмын аравдугаар зүйлд Хөдөлмөрийн сахилгын болон эд хөрөнгийн хариуцлага хэсгийн 10.7.7, 10.7.9, 10.7.13, 10.7.18 дугаар зүйлүүдэд тус тус заасан бөгөөд эдгээр зөрчлийг ажилтан Д.Оийг гаргасан болохыг тогтоож, түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Ажилтныг халсан тушаалд нэхэмжлэгч Д.Оийг чанар муутай барилга бариулж, компанид их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлийг нотолсон талаар Төрийн орон сууцны корпораци ТӨҮГазраас Очир-Ундраа ХХК-д 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1/471 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14-07-025/185 дугаартай зөрчил арилгуулах тухай Очир-Ундраа ХХК-ийн захирал Т.Гантөмөрд хүргүүлсэн албан шаардлага, Очир-Ундраа группын толгой компани болох Очун ХХК-ийн Комплаенсийн газрын 2018 оны Б ХХК-д аудит хийсэн тайлан зэрэг бичгийн баримтууд авагдсан байна.

Иймээс, нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө бүрдүүлэх, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзээд Б ХХК нь Д.Оийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлаас халсан байх тул нэхэмжлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. 2019 оны 4 дүгээр сарын цалин гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.Оийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/14 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхдөө, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд хэргийн 20, 39, 217-219 дүгээр талуудад авагдсан бичгийн баримтуудаар түүний ажилласан хугацааны цалин олговрыг хуульд заасан журмын дагуу тооцож олгосон болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.О нь нэхэмжлэлдээ ажил олгогчийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цалинг бодож олгосон, гэтэл 5 сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэж үндэслэлгүй гарсан тушаалыг үндэслэн цалин нэхэмжилсэн байдал нь үгүйсгэгдэж байгаа болно.

4. 14 хоног өвчтэй байсан листний мөнгө гэх 1 500 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

Нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 9-нийг хүртэл хугацаанд мэс засал эмчилгээ хийлгэж, боолт хийгдсэн болох нь хэргийн 200 дугаар талд авагдсан эмч Э.Төмөрчөдөрийн тэмдэглэгээгээр тогтоогдож байх бөгөөд энэ хугацаанд листний мөнгө тооцогдож олгогдсон, суутгал хийгдсэн талаархи тооцооллыг Б ХХК-ийн санхүүгийн ажилтан Ж.Отгончимэгийн гаргасан тооцооллын баримт хэргийн 217 дахь талд авагдсанаар тогтоогдож байх тул энэхүү шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

5. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын газарт төлөх ёстой байсан шимтгэлийг байгууллагаас нөхөн гаргуулах шаардлага нь дээр дурдсан үндэслэлүүдээр хангагдах хууль зүйн үндэслэлгүйг дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Б ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 тоот ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж, Б ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 тоот Д.Оийг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, үлдэх ерөнхий инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор, 4 дүгээр сарын цалин 1 100 000 төгрөг болон листний мөнгө 1 500 000 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын газарт төлөх ёстой байсан шимтгэлийг Б ХХК-иас нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ТҮМЭНЦЭЦЭГ