Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 365

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/00365

 

 

 

Д.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02582 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б ХХК-д холбогдох, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 тоот ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын цалин болох 1 100 000 төгрөг, мөн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 14 хоног өвчтэй байсан листний мөнгө 1 500 000 төгрөгийг тус тус гаргуулах, дээрх хугацаанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б ХХК-д 2017 оны 7 сарын 24-нд ажилд орж, хяналтын инженер төсөвчин гэсэн албан тушаалд ажиллаж эхэлсэн. 2018 оны 2 сарын 02-нд ерөнхий инженер болгож дэвшиж ажиллуулсан бөгөөд мөн туршилтын хугацаагаар ажиллаж байгаад 4 сарын 2-нд үндсэн албан тушаалд томилогдсон. Ерөнхий инженерээр ажиллаж байх туршилтын болон үндсэн хугацаанд надтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөхгүйгээр ажиллуулсан. Өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах өргөдөл өгөхөд тушаал гаргахдаа хөдөлмөрийн тухай хуулийн бүх болохгүй заалтыг, өөр олон зөрчил үйлдсэн мэтээр, дотоод хяналтаар тогтоосон Нямдаваа гэх хүнтэй ажил хэргийн зөрчилтэй гэсэн шалтгаанаар халж, дарамтлан ажил хийх боломжгүй болгосон. Тэгээд ажиллах боломжгүй байна гээд 4 сарын 18-ны өдөр ажлаас гарах хүсэлтээ гаргаж өгсөн. Энэ хооронд шууд шүүхэд нэхэмжлэл гаргахыг хүсээгүй. Явах ёстой шат дарааллаар нь шинээр томилогдсон Оюунжаргал гүйцэтгэх захиралтай уулзаж, ямар үндэслэлээр ийм тушаал гаргасныг асуусан. Гэтэл тийм зүйл огт байхгүй байхад маш их зөрчил тогтоогоод биччихсэн байсан. Тус тушаалыг хэн гаргасан нь мэдэгдээгүй. Ариунболдтой уулзахад гаргаагүй гэсэн. Хуулийн зөвлөх Энхбаяртай уулзахад Б компани тушаалыг гаргадаггүй гэж хэлсэн. Группийн захирал Гантөмөрт гомдол гаргасан ч мөн шийдвэрлэж өгөөгүй. 4 сарын 22-ны тушаалыг 24-нд авч, Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Ажлаас халахдаа сүүлийн цалинг өгөөгүй бөгөөд ажлаас халангуут 70 хувийг хассан тул тооцох ёстой журмаар нь авна. Өвчтэй 14 хоног хагалгаанд ороод ирсэн листний мөнгийг өгөөгүй. Шүүхийн шийдвэр гарах хугацааны цалинг нийгмийн даатгалын сүүлийн 3 сараар тооцож авна. Зун бол барилгын үе учраас амрах боломж байдаггүй. Өвөл бидний цалинг бодож өгдөг боловч огт амардаггүй, зөвхөн амралтын мөнгийг нь бодож өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 135.4-т зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.О нь 2017.04.24-ний өдрөөс 2018.02.01-нийг хүртэл Б ХХК-д төсөвчнөөр, 2018.02.01-нээс 2019.04.22-ны өдрийг хүртэл ерөнхий инженерээр тус тус ажилласан ба Б ХХК-ийн 2019.04.22-ны өдрийн Б/14 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар Д.Оийг ерөнхий инженерийн ажил албан тушаалаас ажил олгогчийн санаачилгаар халсан. Ийнхүү ажлаас халахдаа тус компанийн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй 140 айлын орон сууцны барилга, Эрдэнэт хотод баригдаж буй 315 айлын орон сууцны төслийн ажилд барилгын чанарын болон туслан гүйцэтгэгч компаниудын гэрээнд заасан ажилд хяналт тавьж ажиллаагүй ба ямар нэгэн ажил хийгээгүй компаниудад гэрээний урьдчилгаа мөнгө өгч ашиг сонирхлын зөрчил гаргаж ажилласан ба одоог хүртэл урьдчилгаа мөнгө аваад ажлаа гүйцэтгээгүй, бараа нийлүүлээгүй алга болсон Холыг холбогч ХХК нь 49 000 000 төгрөг, Хос монтаж ХХК нь 5 200 000 төгрөгийн хохирлыг компанид учруулсан. Ялангуяа 140 айлын барилгын 2-р давхарт 2018 оны 5-р сард төмөр бетон каркас угсралтад гарсан алдаа зөрчлийг зураг төслийн компани болох Голомт өргөө ХХК-нд мэдэгдээгүй, барилгын 1-р давхарт хүчитгэлийн ажлыг явуулахдаа мөн Голомт өргөө ХХК-нд мэдэгдэхгүйгээр явуулж Барилгын тухай хуулийн 37.1.5, 37.1.9, 37.1.13-т заасныг ноцтой зөрчиж ажилласан. Д.Оийг ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийг тайлбарлавал: Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан учир түүнтэй байгуулсан 2017.07.24-ний өдөр барилгын хяналтын инженер, төсөвчнөөр ажилд авч байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд ажлын хариуцлага, ажилтны эрх, үүргийг сайтар тусгаж өгсөн, мөн 2018.04.02-ны өдөр ерөнхий инженерээр тушаал дэвшүүлэн жинхэлж хөдөлмөрийн гэрээ байгуулсан, уг гэрээний 4-р зүйл, 6.7 ажилтан дор дурдсан зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно гэж заасны дагуу 6.7.4, 6.7.5, 6.7.9, 6.7.10, 6.7.13, 6.7.16, 6.7.17, 6.7.19, 6.7.20-т зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ болон мөн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэдэгт Хөдөлмөрийн гэрээний 8.1-т зааснаар байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол хохирлыг төлж барагдуулан байгууллагыг хохиролгүй болгоно гэж заасны дагуу эд хөрөнгийн хохирол учруулсан эсэх талаар цагдаагийн байгууллагад шалгуулж байна. Энэ нь түүнтэй байгуулсан Эд хөрөнгийн болон хариуцлагын гэрээг байгуулсан, түүнд заасан зохицуулалттай холбоотой эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ. Ерөнхий инженерээр ажиллаж байсан Д.Оийг ажлаас халахдаа тушаалд хууль, журмын заалтыг үндэслэл болгосон бөгөөд тушаалын тушаах хэсэгт барьсан хуулийн заалтыг зөрчсөн болох нь доорх баримтаар тогтоогдсон. Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.03.12-ны өдрийн А/7 дугаартай тушаалаар тус компанийн бүтэц орон тоо болон ажилтнуудын цалин хөлс, нэмэгдэл урамшууллыг тогтоосон. Уг тушаалын хавсралтаар 1-т Ерөнхий инженер 1, түүний доод талд барилгын 3 инженер байхаар тогтоож, 3-р хавсралтаар түүний үндсэн цалинг 1 700 000 төгрөг, үүн дээр 70 хувийн урамшуулал нийт сард өгөх цалинг 2 890 000 төгрөгөөр тогтоосон байгаа нь ерөнхий инженер Д.Оийг ийм өндөр цалинтай ажиллуулж барилгын инженерүүдийг хариуцан тэдгээрийн ажилд хяналт тавин үйлдвэрийн техникийн албыг хариуцаж тэдгээрийн өмнө хариуцлага хүлээж ажиллахыг үүрэгжүүлсэн байна.. Д.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нотлох баримтаар 2019.04.18-ны өдөр ажлаас халагдах өргөдлөө өгсөн бөгөөд худал баримтыг шүүхэд гаргасан өгсөн байсан энэ өдөр гүйцэтгэх захиралд өргөдөл өгсөн бөгөөд уг өргөдөл нь ажлаас халагдах өргөдөл биш хяналтын инженер Зоригтбаатартай ажиллах боломжгүй байгааг дурдсан өргөдөл байсан. Ажлаас халагдах өргөдөл гаргаагүй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Зураг төслийн Голомт өргөө ХХК-аас 2019.04.29-ний өдөр ирүүлсэн албан тоотод 2-р давхар, 12, 13-р давхар алдаатай, 16-р давхар алдаатай тул хөндлөнгийн мэргэжлийн байгууллагыг дүгнэлт гаргуулах шаардлага тавьсан байна. Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2019.05.23-ны өдрийн 14-07-025/185 дугаартай албан тоотоор албан шаардлага хүргүүлсэн зөрчил арилгах акт ирүүлсэн. Уг акт урьд нь хийгдсэн ажлын алдаа, дутагдал, түүнийг засч сайжруулах ажилтай холбоотой шаардлага байсан бөгөөд үүнийг ерөнхий инженер Д.О хянаж шалгаж барилгын инженер Г.Ганбатыг хянаагүйн илрэл баримт юм. Иймд ерөнхий инженерээр ажиллаж байсан Д.Оийн шийдвэрээр болон түүний удирдлага дор барилгын инженер Г.Лхагва-Очир нар нь 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байхдаа ноцтой барилга угсралтын алдаа гаргаж, барилга угсралтын ажлыг зөрчилтэйг нь мэдсээр байж үргэлжлүүлэн ажилласан нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Д.Оийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Б ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 тоот ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж, Б ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 тоот Д.Оийг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, үлдэх ерөнхий инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор, 4 дүгээр сарын цалин 1 100 000 төгрөг болон листний мөнгө 1 500 000 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын газарт төлөх ёстой байсан шимтгэлийг Б ХХК-иас нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн мөртлөө бусад шаардлагыг хангаагүй нь үндэслэлгүй юм. Хариуцагчийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн анхан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбарт "... 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 6/14 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар Д.Оийг ажлаас халсан ... гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч талаас 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ажлаас халсан тушаалыг, хариуцагч талаас шүүх хуралдаан дээр 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалыг гаргаж өгсөн төдийгүй энэ 2 тушаал аль нь хүчин төгөлдөр эсэх талаар талууд шүүх хуралдаанд мэтгэлцэж, маргасан байхад маргаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн Д.О нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалыг 04 дүгээр сарын 24-ний өдөр зөвхөн танилцуулсан төдий мэдэгдэж, энэ тушаалын эх хувь болон нийгмийн даатгалын дэвтрийн эх хувийг гардуулаагүй болохыг тайлбарласан. Б ХХК-ийн тушаалын бүртгэлийн дэвтэрт энэ тушаалыг эх хувиар гардаж авсан гэх гарын үсэг зурагдаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан байхад нотлох баримтаар үнэлээгүй. Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэсэн хуулийг хариуцагч тал зөрчсөн. Д.Оийн хүсэлтийг үндэслэн Б ХХК-ийн захирал Н.Оюунжаргал нь Д.Оийн тушаалыг өөрчилж Нийгмийн даатгалын тэтгэмж авахад дэмжлэг үзүүлье гэсэн шийдвэр гаргасан нь тэрээр өөрийн гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалыг өөрчлөх, хүчингүй болгох эрхийн дагуу 04 сарын 22-ны тушаал хүчингүй болсон. Тодруулбал, хариуцагч тал тухайн үед нийгмийн даатгалын дэвтэр, тушаалыг эх хувиар гардуулаагүй буруутай үйлдлээ ойлгож, ийнхүү шийдвэр гаргасан байхад шүүх 2019 оны 04 сарын 22-ны өдрийн тушаалыг хүчинтэй гэж үзсэн нь нотлох баримтыг шүүх үнэн зөв үнэлээгүй. Гэтэл маргаан бүхий дээрх 2 тушаалд ажил хүлээлцэх өдрийг тогтоож өгөөгүйгээс яг хэдэн сарын хэдний өдөр ажилтан Д.О ажлаас халагдсан нь тодорхой бус юм. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж тус тус зааснаар Д.О нь 2019 оны 04-р сарын 24-нд танилцан тойрох хуудсаар ажлыг хүлээлгэж өгсөн байхад нийгмийн даатгалын дэвтрийг өгөөгүй. Ингээд барилга хот байгуулалтын яамнаас батлан гаргасан талбайн инженерийн хөтлөн явуулахаар гаргасан ил далд ажлын актад тухайн үед ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэж байсан Д.Оийн нэрийг зориуд оруулж  нэг бүрчлэн гарын үсэг эуруулсан. Энэ нь ерөнхий инженерийн ажил үүрэгт байхгүй ба тухайн ажлыг хариуцан гүйцэтгэгч талбайн инженер болон ажил гүйцэтгэгч, зохиогч, захиалагч нарын талбай дээр ажлыг шалгаж хүлээж аваад баталгаажуулдаг акт юм. Гэтэл энэ ил далд ажлыг ажил явагдаж байх үеэс хөтлөөд баталгаажуулаад хүлээлгээд өгсөн байхад дахиж бүгдийг шинээр засаж Д.Оийн гарын үсэг заавал зуруулна, зурахгүй бол НД-ийн дэвтрийг өгөхгүй гэх шалтгаанаар дэвтрийг барьцаалсан нийт 3 хавтас баримтад гарын үсэг зурж, нэмэлт бичилт хийж өгсөн гэх тайлбарыг гаргасаар байхад шүүх үнэлээгүй. Шүүх үндэслэлдээ Нэхэмжлэгч тал нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн болох нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 9 дүгээр сарын 26-ны өдрийн үнийн санал хүргүүлэх тухай албан тоот, хүчитгэлийн ажлыг гүйцэтгэсэн акт, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Монгол улсын барилга архитекторын сургууль-Реконстракшн төвийн дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Очир Ундраа ХХК-ийн 140 айлын үйлчилгээтэй, орон сууцны барилга угсралтын ажлын явцад хийсэн хөндлөнгийн дүгнэлт, 2018 оны Очун ХХК-ийн аудитын тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэжээ. Гэтэл хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг ноцтой зөрчсөн төдийгүй хөөн хэлэлцэх хуулийн хугацаа өнгөрсөн. Б ХХК-ийн санхүүгийн ажилтан Ж.Отгончимэгийн гаргасан тооцооллын баримт хэргийн 217 дахь талд авагдсан бөгөөд Б.Одгэрэлийн цалингаас суутгал хийсэн нь тогтоогдсон тул листний мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг хангаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-ыг хариуцагч зөрчиж, цалингаас үндэслэлгүй суутгал хийсэн тул энэ хуулийн 63.4-т шүүхэд хандсан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь ямар хуулийг баримталсан нь тодорхой бус байна. Иймд дээрх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181 /ШШ2019/02582 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 тоот ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын цалин болох 1 100 000 төгрөг, мөн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 14 хоног өвчтэй байсан листний мөнгө 1 500 000 төгрөгийг тус тус гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулахаар өөрчилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Д.О нь хариуцагч Б ХХК-д анх 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс барилгын инженер, төсөвчинөөр, 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс ерөнхий инженерээр томилогдож туршилтын хугацаагаар, 2018 оны 4 сарын 02-ны өдрөөс үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтууд, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.15, 37.1.6, 37.1.8, 37.1.13, 37.1.19, 37.4 дэх заалтууд, Очир Ундраа групп ХХКомпанийн хөдөлмөрийн дотоод журам-ын 10 дугаар зүйлийн 10.7.7, 10.7.9, 10.7.13, 10.7.18, ОЧУН ХХК-ийн Комплаенсийн газрын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Аудитын тайланг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн болох нь дээрх тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 20-21, 40-43, 50-57/

Хариуцагч Д.Оийг ажлаас халсан тушаалын үндэслэлийг тайлбарлахдаа хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэжээ.

Хэргийн баримтаас үзвэл ажил олгогч Б ХХК-ийн дээрх тушаалд заасан Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, Очир Ундраа групп ХХКомпанийн хөдөлмөрийн дотоод журам-ын компанийн өмч хөрөнгийг сольсон, чанарыг дордуулсан, бүртгэл будилуулсан, байгууллагын ёс зүйн дүрмийг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил гаргасан нь нотлогдсон, хууль бус үйлдэл хийсэн болон аюулгүй ажиллагааны зааврыг зөрчсөний улмаас хөдөлмөрийн ноцтой осол, технологийн аваар саатал гаргасан, гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, үүрэгт ажил албан тушаалаа урвуулан ашигласан, хувийн зорилгодоо группын эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хэвлэмэл хуудас зэргийг ашигласан гэх ноцтой зөрчлүүдийг ажилтан гаргасан болохыг зохих ёсоор шалган тогтоосон баримтгүй. Мөн ОЧУН ХХК-ийн Комплаенсийн газрын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Аудитын тайлангийн 3-т барилгын угсралтын явцад илэрсэн алдаа дутагдлын талаар дурдсан байх боловч Д.О буруутай болохыг дүгнэсэн зүйлгүй байна. /1хх-88-99, 133-144/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар зохицуулсан.

Ажил олгогч ажилтантай 2018 оны 04 сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж нэхэмжлэгчийг ерөнхий инженерийн албан тушаалд ажиллуулан 1 700 000 төгрөгийн үндсэн цалин олгохоор, гэрээний 6.7-д ноцтой зөрчлийг нэрлэн зааж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болгохоор харилцан тохиролцсон бөгөөд эдгээр зөрчилд Очир Ундраа групп ХХКомпанийн хөдөлмөрийн дотоод журам-ын 10.7-д заасан зөрчлүүдийг тодорхойлсон байна./1хх-54-57/ Энэхүү гэрээнд ажил олгогчийн төлөөлөгч гарын үсэг зураагүй ч ажилтан зөвшөөрөн гарын үсэг зуржээ.

Анхан шатны шүүх ажилтны гаргасан гэх зөрчил хөтөлбөргүй тогтоогдсон эсэх, уг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл байгаа эсэхэд хуульд нийцүүлэн дүгнэлт өгөөгүй байна.

Б ХХК-ийн захирлын Д.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан тушаалын үндэслэлд заагдсан ноцтой зөрчил гэх үйлдлүүдийг ажилтан гаргасан талаарх нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шалгахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл буюу сахилгын зөрчил давтан гаргасан, эсхүл ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй. Тухайлбал, хэзээ хэрхэн ёс зүйн болон байгууллагын эд зүйлийг ашигласан гэх зөрчлийг гаргасан, байгууллагын зүгээс шалгаж тогтоосон болох нь тодорхойгүй, эдгээрийг баримтаар нотолсон зүйлгүй. Мөн тушаалд зааж буй барилгын ажлыг чанар муутай гүйцэтгэсэн гэсэн үндэслэл хөдөлмөрийн гэрээний 6.7.13-т хууль бус үйлдэл хийсэн болон аюулгүй ажиллагааны зааврыг зөрчсөний улмаас хөдөлмөрийн ноцтой осол, технологийн аваар саатал гаргасан, гаргах нөхцөлийг бүрдүүлсэн гэж заасан ноцтой зөрчилд шууд хамаарахааргүй байна. Хариуцагч энэхүү өөрийн татгалзлаа нотлохоор заасан эрх бүхий байгууллага болох мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн огноотой буюу цаг хугацааны хувьд ажлаас халсан тушаалын дараа ирүүлсэн байх ба түүнчлэн нэхэмжлэгчийг ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан гэх нөхцөл тогтоогдоогүй байхад дээрх мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шаардлагыг талуудын хөдөлмөрийн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй./1хх-71-72/

Мөн МУШУТИС-ийн Реконстракшн төвийн 2019 оны 3 сарын 27-ны №30/19 тоот дүгнэлт, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГазрын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1/471 тоот мэдэгдэл зэрэг баримтуудаас харахад Д.О нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хууль бус үйлдэл хийсний улмаас аваар осол гаргасан эсхүл аваар осол гарах нөхцөл байдал бүрдүүлсэн болох нь эргэлзээгүй тогтоогдсон гэхэд учир дутагдалтай юм.

Түүнчлэн дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.5 дахь хэсгийг баримтлан ажилтныг буруутгасан боловч нэхэмжлэгч мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан, эд хөрөнгийн хариуцлага хүлээсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл Д.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан шийдвэр хууль бус болжээ.

Нэхэмжлэгчийн "...чанар муутай барилга барьсан, гарсан дүгнэлтийг нуун дарагдуулсан ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан, энэ нь 5-6 инженерийн бүрэлдэхүүнтэй байхад ганцхан надад хариуцлага тооцож, буруу байдал нь тогтоогдоогүй байхад ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсныг зөвшөөрөхгүй" гэх тайлбар, гомдол үндэслэлтэй.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Оийг Б ХХК-ийн ерөнхий инженерийн ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 17 129 586 төгрөг /1 769 254 : 22 = 80 420 х 9 сар 15 хоног/-ийг хариуцагч Б ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцнэ. Ажилгүй байсан хугацааг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 9 сар 15 хоногоор тогтоох бөгөөд урьд авч байсан дундаж цалинхөлстэй тэнцэх олговрыг хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг үндэслэн сүүлийн 3 сарын дундаж цалин 1 769 254 төгрөгөөс тооцсон болно. /1хх- 20/

Харин нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 4 дүгээр сарын цалин болох 1 100 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 14 хоног өвчтэй байсан листний 1 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэх байгууллагад хандсан эсэх, тухайн байгууллага байхгүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Ажилтныг ажилд нь эгүүлэн томилсонтой холбоотойгоор түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих бичилт хийлгэхийг Б ХХК-д даалгавал зохино. Нэхэмжлэгчийн ажил олгогчийн ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох гомдол нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах тул тухайлан шийдвэрлэх шаардлагагүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оийг Б ХХК-ийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17 129 586 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын ...болгосугай гэснийг болгож, хариуцагч Б ХХК-аас .... төгрөгийг гаргуулж, ... төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж, 70 200 төгрөгийг нэхэмжлэгч Д.Од олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Б.НАРМАНДАХ