Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00800

 

 

Д.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02582 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 365 дугаар магадлалтай,

 

Д.Оийн нэхэмжлэлтэй

“Б” ХХК-д холбогдох

 

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 тоот ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын цалин болох 1 100 000 төгрөг, мөн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 14 хоног өвчтэй байсан листний мөнгө 1 500 000 төгрөгийг тус тус гаргуулах, дээрх хугацаанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ХХК-д 2017 оны 7 сарын 24-нд ажилд орж, хяналтын инженер төсөвчин гэсэн албан тушаалд ажиллаж эхэлсэн. 2018 оны 2 сарын 02-нд ерөнхий инженер болгож дэвшиж ажиллуулсан бөгөөд мөн туршилтын хугацаагаар ажиллаж байгаад 4 сарын 2-нд үндсэн албан тушаалд томилогдсон. Ерөнхий инженерээр ажиллаж байх туршилтын болон үндсэн хугацаанд надтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөхгүйгээр ажиллуулсан. Өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах өргөдөл өгөхөд тушаал гаргахдаа хөдөлмөрийн тухай хуулийн бүх болохгүй заалтыг, өөр олон зөрчил үйлдсэн мэтээр, дотоод хяналтаар тогтоосон Нямдаваа гэх хүнтэй ажил хэргийн зөрчилтэй гэсэн шалтгаанаар халж, дарамтлан ажил хийх боломжгүй болгосон. Тэгээд ажиллах боломжгүй байна гээд 4 сарын 18-ны өдөр ажлаас гарах хүсэлтээ гаргаж өгсөн. Энэ хооронд шууд шүүхэд нэхэмжлэл гаргахыг хүсээгүй. Явах ёстой шат дарааллаар нь шинээр томилогдсон Оюунжаргал гүйцэтгэх захиралтай уулзаж, ямар үндэслэлээр ийм тушаал гаргасныг асуусан. Гэтэл тийм зүйл огт байхгүй байхад маш их зөрчил тогтоогоод биччихсэн байсан. Тус тушаалыг хэн гаргасан нь мэдэгдээгүй. Ариунболдтой уулзахад гаргаагүй гэсэн. Хуулийн зөвлөх Энхбаяртай уулзахад “Б” компани тушаалыг гаргадаггүй гэж хэлсэн. Группийн захирал Гантөмөрт гомдол гаргасан ч мөн шийдвэрлэж өгөөгүй. 4 сарын 22-ны тушаалыг 24-нд авч, Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Ажлаас халахдаа сүүлийн цалинг өгөөгүй бөгөөд ажлаас халангуут 70 хувийг хассан тул тооцох ёстой журмаар нь авна. Өвчтэй 14 хоног хагалгаанд ороод ирсэн листний мөнгийг өгөөгүй. Шүүхийн шийдвэр гарах хугацааны цалинг нийгмийн даатгалын сүүлийн 3 сараар тооцож авна. Зун бол барилгын үе учраас амрах боломж байдаггүй. Өвөл бидний цалинг бодож өгдөг боловч огт амардаггүй, зөвхөн амралтын мөнгийг нь бодож өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 135.4-т зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.О нь 2017.04.24-ний өдрөөс 2018.02.01-нийг хүртэл “Б” ХХК-д төсөвчнөөр, 2018.02.01-нээс 2019.04.22-ны өдрийг хүртэл ерөнхий инженерээр тус тус ажилласан ба “Б” ХХК-ийн 2019.04.22-ны өдрийн Б/14 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар Д.Оийг ерөнхий инженерийн ажил албан тушаалаас ажил олгогчийн санаачилгаар халсан. Ийнхүү ажлаас халахдаа тус компанийн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй 140 айлын орон сууцны барилга, Эрдэнэт хотод баригдаж буй 315 айлын орон сууцны төслийн ажилд барилгын чанарын болон туслан гүйцэтгэгч компаниудын гэрээнд заасан ажилд хяналт тавьж ажиллаагүй ба ямар нэгэн ажил хийгээгүй компаниудад гэрээний урьдчилгаа мөнгө өгч ашиг сонирхлын зөрчил гаргаж ажилласан ба одоог хүртэл урьдчилгаа мөнгө аваад ажлаа гүйцэтгээгүй, бараа нийлүүлээгүй алга болсон Холыг холбогч ХХК нь 49 000 000 төгрөг, Хос монтаж ХХК нь 5 200 000 төгрөгийн хохирлыг компанид учруулсан. Ялангуяа 140 айлын барилгын 2-р давхарт 2018 оны 5-р сард төмөр бетон каркас угсралтад гарсан алдаа зөрчлийг зураг төслийн компани болох Голомт өргөө ХХК-нд мэдэгдээгүй, барилгын 1-р давхарт хүчитгэлийн ажлыг явуулахдаа мөн Голомт өргөө ХХК-нд мэдэгдэхгүйгээр явуулж Барилгын тухай хуулийн 37.1.5, 37.1.9, 37.1.13-т заасныг ноцтой зөрчиж ажилласан. Д.Оийг ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийг тайлбарлавал: Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан учир түүнтэй байгуулсан 2017.07.24-ний өдөр барилгын хяналтын инженер, төсөвчнөөр ажилд авч байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд ажлын хариуцлага, ажилтны эрх, үүргийг сайтар тусгаж өгсөн, мөн 2018.04.02-ны өдөр ерөнхий инженерээр тушаал дэвшүүлэн жинхэлж хөдөлмөрийн гэрээ байгуулсан, уг гэрээний 4-р зүйл, 6.7 ажилтан дор дурдсан зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно гэж заасны дагуу 6.7.4, 6.7.5, 6.7.9, 6.7.10, 6.7.13, 6.7.16, 6.7.17, 6.7.19, 6.7.20-т зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ болон мөн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэдэгт Хөдөлмөрийн гэрээний 8.1-т зааснаар байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол хохирлыг төлж барагдуулан байгууллагыг хохиролгүй болгоно гэж заасны дагуу эд хөрөнгийн хохирол учруулсан эсэх талаар цагдаагийн байгууллагад шалгуулж байна. Энэ нь түүнтэй байгуулсан Эд хөрөнгийн болон хариуцлагын гэрээг байгуулсан, түүнд заасан зохицуулалттай холбоотой эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ. Ерөнхий инженерээр ажиллаж байсан Д.Оийг ажлаас халахдаа тушаалд хууль, журмын заалтыг үндэслэл болгосон бөгөөд тушаалын тушаах хэсэгт барьсан хуулийн заалтыг зөрчсөн болох нь доорх баримтаар тогтоогдсон. “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.03.12-ны өдрийн А/7 дугаартай тушаалаар тус компанийн бүтэц орон тоо болон ажилтнуудын цалин хөлс, нэмэгдэл урамшууллыг тогтоосон. Уг тушаалын хавсралтаар 1-т Ерөнхий инженер 1, түүний доод талд барилгын 3 инженер байхаар тогтоож, 3-р хавсралтаар түүний үндсэн цалинг 1 700 000 төгрөг, үүн дээр 70 хувийн урамшуулал нийт сард өгөх цалинг 2 890 000 төгрөгөөр тогтоосон байгаа нь ерөнхий инженер Д.Оийг ийм өндөр цалинтай ажиллуулж барилгын инженерүүдийг хариуцан тэдгээрийн ажилд хяналт тавин үйлдвэрийн техникийн албыг хариуцаж тэдгээрийн өмнө хариуцлага хүлээж ажиллахыг үүрэгжүүлсэн байна.. Д.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нотлох баримтаар 2019.04.18-ны өдөр ажлаас халагдах өргөдлөө өгсөн бөгөөд худал баримтыг шүүхэд гаргасан өгсөн байсан энэ өдөр гүйцэтгэх захиралд өргөдөл өгсөн бөгөөд уг өргөдөл нь ажлаас халагдах өргөдөл биш хяналтын инженер Зоригтбаатартай ажиллах боломжгүй байгааг дурдсан өргөдөл байсан. Ажлаас халагдах өргөдөл гаргаагүй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Зураг төслийн Голомт өргөө ХХК-аас 2019.04.29-ний өдөр ирүүлсэн албан тоотод 2-р давхар, 12, 13-р давхар алдаатай, 16-р давхар алдаатай тул хөндлөнгийн мэргэжлийн байгууллагыг дүгнэлт гаргуулах шаардлага тавьсан байна. Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2019.05.23-ны өдрийн 14-07-025/185 дугаартай албан тоотоор албан шаардлага хүргүүлсэн зөрчил арилгах акт ирүүлсэн. Уг акт урьд нь хийгдсэн ажлын алдаа, дутагдал, түүнийг засч сайжруулах ажилтай холбоотой шаардлага байсан бөгөөд үүнийг ерөнхий инженер Д.О хянаж шалгаж барилгын инженер Г.Ганбатыг хянаагүйн илрэл баримт юм. Иймд ерөнхий инженерээр ажиллаж байсан Д.Оийн шийдвэрээр болон түүний удирдлага дор барилгын инженер Г.Лхагва-Очир нар нь 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байхдаа ноцтой барилга угсралтын алдаа гаргаж, барилга угсралтын ажлыг зөрчилтэйг нь мэдсээр байж үргэлжлүүлэн ажилласан нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Д.Оийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02582 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “Б” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 тоот ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж, “Б” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 тоот Д.Оийг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, үлдэх ерөнхий инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор, 4 дүгээр сарын цалин 1 100 000 төгрөг болон листний мөнгө 1 500 000 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын газарт төлөх ёстой байсан шимтгэлийг “Б” ХХК-иас нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 365 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оийг “Б” ХХК-ийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17 129 586 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэл0ээс үлдэх 2 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын ...болгосугай гэснийг болгож, хариуцагч “Б” ХХК-аас .... төгрөгийг гаргуулж, ... төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж, 70 200 төгрөгийг нэхэмжлэгч Д.Од олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд хяналтын гомдолдоо: Магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх хүсэлтэй байна. 1. ...Анхан шатны шүүх 2019.04.22-ны өдрийн тушаалыг хууль зүйн хүчин чадалтай тушаал хэмээн дүгнэж, 2019.05.01-ний өдрийн б/14 дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Харин нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн бусад шаардлагыг хангахгүй боломжгүй бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан цагаасаа 2019.05.01-ний өдрийн тушаалыг хүчингүй болгож: ажилдаа эргүүлэн тогтоолгох хүсэлтэй байсан бөгөөд хууль бус тушаалыг хүчингүй болгосон хэдий ч хуулийн хүчин чадалтай 2019.04.22-ны өдрийн б/14 дугаартай тушаал хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хуулийн хүчин төгөлдөр 2019.04.22-ны өдрийн тушаалыг хүчингүй болгох талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч энэхүү 2019.04.22-ны тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй юм. Одоо шүүх хуулийн хүчин чадалтай 2019.04.22-ны тушаалтай холбогдуулан нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан маргааныг хянан шийдвэрлэх нь хууль зөрчих ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т зааснаар ажлаас халсан ажил олгогчийн тушаалыг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлд дурьдсан шаардлагаар хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2. ...Мөн 140 айлын орон сууцны В1, В2, 1-р давхарт бетоны бат бэхийн чанар хангалтгүй, В2 давхарт ус нэвтэрч барилгын суурь давхарууд ноцтой алдаа зөрчилтэй байсныг мэдсээр байж уг алдаа зөрчлийг арилгаагүй байхад барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зевшөөрлийг авч 2018 оны 05-р сард барилга угсралтын ажлыг эхлүүлэн барилгын 2-16 давхар, техникийн давхрын ажлыг гүйцэтгүүлэн алдаатай барилгын ажлыг үргэлжлүүлэн барьж ““Б”” ХХК-нд 5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Нямдаваа, ерөнхий инженерээр ажиллаж байсан Н.Эрдэнэпүрэв, Д.О, барилгын инженерээр ажиллаж байсан Г.Лхагва-Очир, Г.Ганбат нарыг Эрүүгийн хуулийн 20.13-т заасан чанар муутай барилга барьсан гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаах тасагт шалгуулахаар гомдол гарган материалыг шилжүүлсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 190901778 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, одоо Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна. Ялангуяа барилгын 2-р давхарт 2018 оны 5-р сард төмөр бетон каркас угсралтад гарсан алдаа зөрчлийг зураг төслийн компани болох “Голомт өргөө” ХХК-нд мэдэгдээгүй, мөн барилгын 1-р давхарт хүчитгэлийн ажил явуулахдаа мөн “Голомт өргөө” ХХК-нд мэдэгдэхгүйгээр явуулж Барилгын тухай хуулийн 37.1.5, 37.1.9, 37.1.13-т заасныг ноцтой зөрчиж ажилласан. ““Б”” ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байхдаа 140 айлын төмөр бетон каркас угсралтын ажилд ноцтой алдаа зөрчил гаргасныг гол үндэслэл болгон Д.Оийг ажлаас халсан болно. Д.Оийг ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийг доорхи байдлаар тайлбарт дурьдав. Барилгын тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.4, 37.1.5, 37.1.6, 37.1.13, 37.1.19, 37.4 заалтуудыг тус тус зөрчин барилга угсралтын ажлыг 2018 он 2-р давхараас 16 давхар, техникийн давхар хүртэл барилга угсралтын ажлыг явуулж, түүнд хяналт тавьж 140 айлын орон сууцны барилгын талбайд ажилласан барилгын инженер нь Г.Лхагва-Очир бөгөөд түүний өдөр тутмын барилгын инженерийн ажилд Д.О хяналт тавьж ажиллаагүй байна. ОЧУН ХХК-ийн Комплаесийн газрын 2018.12.03-ны өдрийн аудитын дүгнэлтээр 140 айлын орон сууцны барилга угсралтын ажилд гарсан алдаа зөрчлийг төрөлжүүлэн дурьдсан. Дээрх аудитын мөрөөр “Б” ХХК-нд 140 айлын орон сууцны барилга угсралтын ажилд цаашид анхаарах, засч сайжруулан хэрэгжүүлэх ажлын талаар 2018.11.23-ны өдөр үүрэг болгосон албан даалгаварт зөрчлийг тодорхой дурьдсан. Дээрх аудитыг хийхдээ хөндлөнгийн барилгын мэргэшсэн инженер Э.Ганбаатараар 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлын явцад хөндлөнгийн хяналт хийлгэсэн бөгөөд уг дүгнэлтэд 6 зөрчил дутагдал гарсныг дурьдсан. Дүгнэлт зөвлөмжид 4 зүйлийг заавал хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөсөн байна. “Б” ХХК нь 2018 Голомт банкнаас орон сууц барих санхүүжилтийг зээлийн гэрээ байгуулан санхүүжилтийг авч барилга угсралтын ажлыг явуулж байсан бөгөөд цаашид барилга ашиглалтад оруулахад борлуулалтын үйл ажиллагаанд Голомт банктай хамтран Ипотекийн зээлийн гэрээг байгуулан ажиллах саналыг тавьж, тус банкнаас 2019 оны 03 дугаар сард 360 үнэлгээний тайлан 140 айлын барилгын талбай дээр явуулсан бөгөөд үнэлгээний тайлангаар барилга угсралтын ажил алдаатай, эрсдэлтэй тул зэрэглэлээр ипотекийн зээл олгох боломжгүй гэж барилга угсралтын ажил муу үнэлгээтэй гарсан байна. Оригакен ХХК-тай 2018.05.29-ний өдрийн 18/23 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр 140 айлын орон сууцны барилгын 1-р давхарын дам нурууны хүчитгэлийг ажлыг 67 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан, 2018.09.04-ний өдрийн 24/18 дугаартай албан тоотоор Оригакен ХХК-наас хүчитгэлийн ажлыг хүлээлцэх албан тоот ирүүлэн, ажил гүйцэтгэсэн актыг мөн өдөр ерөнхий инженер Д.О гарын үсэг гэрээний гүйцэтгэлийг хүлээн авсан. Үүгээр 1-р давхарыг алдаа зөрчилтэй барьсан нь тогтоогдож, түүний дам нурууг хүчитгэл хийж зассан нь тогтоогдож байна. Мөн гэрээг халхавчлан мөн өдөр адил дугаартай бараа материал худалдах-худалдан авах гэрээг байгуулан Оригакен ХХК-наас арматур төмөр худалдаж авахаар хуурамч гэрээ байгуулсан нь тогтоогдсон. Оригакен ХХК-наас 2018.09.26-ны өдрийн 26/18 албан тоотоор гэрээгээр 140 айлын орон сууцны барилгын В1-рдавхрын 23 дам нуруунуудад 63.700.000 төгрөг, 1-рдавхарын нийт багануудад 47.900.000 төгрөг, 2-р давхарын нийт багануудад 47.900.000 төгрөгөөр тус тус хүчитгэл хийх үнийн саналыг ирүүлсэн. Үүгээр В1, 1, 2-р давхруудад барилгын алдаа зөрчилтэй барьсан нь тогтоогдож байна. Оригакен ХХК-наас 2018.08.20-ны өдрийн 23/18 дугаартай албан тоотоор 2-р давхарын баганын хүчитгэл, бэхэлгээг 47 900 000 төгрөгөөр хийх үнийн санал ирүүлсэн бөгөөд энэ нь мөн 2-р давхарт алдаа зөрчилтэй барилга угсралтын ажил явуулсныг нотлож байна. ШУТИС-н барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Реконстракшн төвийн 2018.05.23-ны өдрийн Барилгын экспертизийн тайлангийн зөвлөмжид барилгын 1-р давхарын төмөр бетон дам нурууны бетоны бат бэх бага, ан цавтай байгаа учир төмөр бетон дам нурууг хүчитгэх шаардлагатай гэж дүгнэсэн. ШУТИС-н барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Реконстракшн төвийн 2019.09.13-ны өдрийн 51/18 дугаартай дүгнэлтээр 2-р давхар баганын бетоны бат бэх зураг төслийн шаардлага хангахгүй тул хүчитгэх шаардлагатай гэж дүгнэсэн. Голомт өргөө ХХК нь уг барилгын зураг төслийн зохиогч бөгөөд дээрх В1, В2, 1, 2-р давхарт гарсан алдаа зөрчлийг мэдээгүй байсан гэдэг ба мэдсэн даруй 2019.04-р сард зохиогчийн хяналт хийж 2019.04.29-ний өдрийн 39 дугаартай албан тоотоор хөндлөнгийн дүгнэлтийг ирүүлсэн байдаг. Үүнд: 2-р давхарын багана, дам нуруу, хучилт, хөшүүн хананд, 12, 13-р давхарын багана, дам нуруу, хучилт, хөшүүн хананд, 16-р давхар болон техникийн давхарын цутгамал төмөр бетон бүтээц хүйтэн сэрүүний улиралд цутгагдсан тул хөндлөнгийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж ирүүлсэн байна. Зураг төслийн “Голомт өргөө” ХХК-наас 2019.04.29-ний өдөр ирүүлсэн албан тоотод 2-р давхар, 12, 13, давхар алдаатай, 16-р давхар алдаатай тул хөндлөнгийн мэргэжлийн байгууллагыг дүгнэлт гаргуулах шаардлага тавьсан байна. Орхон аймгийн мэргэжлийн 2019.05.23-ны өдрийн 14-07-025/185 дугаартай албан тоотоор үндэслэлээр шаардлага хүргүүлсэн зөрчил арилгах акт ирүүлсэн. Уг акт нь урьд нь хийгдсэн ажлын алдаа, дутагдал, түүнийг засч сайжруулах ажилтай холбоотой шаардлага байсан бөгөөд үүнийг ерөнхий инженер Д.О хянаж шалгаж барилгын инженер Г.Ганбатыг хянаагүйн илрэл баримт юм. Мөн 140 айлын орон сууцны туслан гүйцэтгэгч “Есөн гол Эрдэнэ” ХХК-ийг алдаа зөрчилтэй ажилласныг мэдсээр байж барилгын ажлыг нь үргэлжүүлэн 16 давхар хүртэл чанаргүй барилга бариулсан бөгөөд 2018.06.08-ны өдрийн 2/55 дугаартай албан тоотоор “Есөн гол Эрдэнэ” ХХК-руу ерөнхий инженер Д.О гэсэн гарын үсэгтэй мэдэгдэл хүргүүлж байсан нь давхар нотлогдож байна. Ерөнхий инженерээр ажиллаж байсан Д.Оийн шийдвэрээр болон түүний удирдлагад дор барилгын инженер Г.Лхагва-Очир нар нь 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байхдаа ноцтой барилгын угсралтын алдаа гаргаж, барилга угсралтын ажлыг зөрчилтэйг нь мэдсээр байж үргэлжүүлэн 2-16 давхар бетон каркас угсралтыг явуулсан нь дээрх баримттай тайлбараар тогтоогдож байх бөгөөд Д.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.7-р зүйлийн 6.7.4-т “компани хохирол учруулсан нь баримтаар тогтоогдсон”, 6.7.7 “компанийн өмч хөрөнгийн чанарыг дордуулсан”, 6.7.13 “аюулгүй ажиллагааны дүрэм журмыг зөрчсний улмаас хөдөлмөрийн ноцтой осол, технологийн аваар саатал гаргах нөхцөл бүрдүүлсэн”, 6.7.20 “ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй” зэрэг алдаа зөрчил гаргасан нь дээрх баримтаар тогтоогдсон. 3.Мөн Д.О нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.7-р зүйлийн 6.7.22-т “ажил олгогчийн бизнестэй ижил төстэй, эсхүл өрсөлдөхүйц үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд оролцсон, өөрийн ажил үүргийн хуваарьт заасан ажил үүргийг өөр аж ахуйн нэгжид давхардуулан гүйцэтгэсэн, түүнчлэн энэ талаар бусадтай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулсан буюу үндсэн ажлаас гадуур давхар ажил гүйцэтгэж байгаа нь илэрсэн” гэсэн үндэслэлээр түүнийг Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзсэн юм. 4.”Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.03.12-ны өдрийн А/7 дугаартай тушаалаар тус компанинй бүтэц орон тоо болон ажилтнуудын цалин хөлс, нэмэгдэл урамшуулалыг тогтоосон. Уг тушаалын хавсралтаар 1-т Ерөнхий инженер 1, түүний доод талд барилгын 3 инженер байхаар тогтоож, 3-р хавсралтаар түүний үндсэн цалинг 1 700 000 төгрөг, үүн дээр тухайн сард хийж гүйцэтгэсэн ажлын үзүүлэлтийг тооцож 70 хувийн урамшуулал олгож болохоор зохицуулсан бөгөөд түүнтэй 2018.04.02-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.2.5-т Сарын үндсэн цалинг 1 700 000 төгрөгөөр тооцож, ажлын гүйцэтгэлийн үр дүнг сар бүр тооцож олгохоор тусгасан байхад давж заалдах шатны шүүх “Б” ХХК-нд 2019.04.02-ний өдрөөс хойш ажиллаагүй хүнд Хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан бүтэн орон, тоо ажилтнуудын цалин хөлс олгох тушаалыг үндэслэж ажилгүй байсан хугацааны цалинг тогтоогоогүй. Д.Од ажилгүй байсан хугацааны цалинг сар бүр 1.700.000 төгрөгөөр тооцож олгох ёстой бөгөөд ажиллаагүй хүнд нэмэгдэл цалингийн урамшуулал олгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын цалин 1 100 000 төгрөг, мөн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 14 хоног өвчтэй байсан листний мөнгө 1 500 000 төгрөгийг тус тус гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

 

Анхан шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгож, “ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах нэхэмжлэл”-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

 

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчийн хоорондох маргааныг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй  хянан шийдвэрлэсэн байхад шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан үндэслэлд нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв. Ажил олгогчийн тушаалын үндэслэлийн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад нийцээгүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Шүүх хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах, сахилгын хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын ноцтой зөрчил, сахилгын шийтгэл зэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн тухайн маргааныг зохицуулсан зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох ба Д.О нь сахилгын ноцтой зөрчил гаргасан байх тул түүнийг ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн тушаалыг хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

Д.О нь “Б” ХХК-д 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс барилгын инженер, төсөвчинөөр, 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс туршилтын хугацаагаар ерөнхий инженерээр, 2018 оны 4 сарын 02-ны өдрөөс үндсэн ажилтнаар ажилласан, “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/14, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 гэх 2 тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ.

 

Ажил олгогч нэг агуулгатай хоёр өөр огноо бүхий тушаалыг гаргасан ба 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/14 тоот тушаалыг 4 сарын 24-ний өдөр ажилтанд танилцуулсан, энэ өдөр талууд ажил хүлээлцсэн, энэ үеэс эхлэн ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй баримтын хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалыг нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэж, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Д.О нь 2019 оны 5 сарын 7-ны өдөр бичгээр хүсэлт гаргахдаа “...тушаалын он сар өдрийг өөрчилж өгөх...”-ийг хүссэн, ажил олгогч хүсэлтийг хангаж тушаалын огноог өөрчилсөн баримт хэрэгт авагджээ.

 

Д.О нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ажлаа хүлээлгэн өгч, ажил хүлээлцсэн ба ажлаас халагдсан өдрийг ажил хүлээлцсэн өдрөөр тооцон, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй ажил олгогчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/14 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтууд, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.15, 37.1.6, 37.1.8, 37.1.13, 37.1.19, 37.4 дэх заалтууд, Очир Ундраа групп ХХКомпанийн хөдөлмөрийн дотоод журам-ын 10 дугаар зүйлийн 10.7.7, 10.7.9, 10.7.13, 10.7.18, ОЧУН ХХК-ийн Комплаенсийн газрын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Аудитын тайланг баримталж, ..сонгон шалгаруулах холбогдох журмыг зөрчин ашиг сонирхлын зөрчилтэйгээр 140 айлын орон сууцны төмөр бетон карказ угсралтын туслан гүйцэтгэгч компаниар Есөн гол эрдэнэ ХХК-ийг шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус компанийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаагүй, барилгын норм, хэм хэмжээг зөрчиж чанар муутай барилга бариулж компанид их хэмжээний хохирол учруулсан, тус компанийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаагүй, сорьц, чанарын шаардлага хангаагүйгээс гадна зах зээлийн үнээс өндөр үнээр   бетон зуурмаг худалдан авч мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх 20-21, 40-43, 50-57/

Ноцтой зөрчилд заасан хөдөлмөрийн гэрээний зохих заалтыг баримтлаагүй боловч хөдөлмөрийн дотоод журамд давхар заасан учраас хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг баримталсан гэжээ.

 

Ажил олгогч өөрийн компанийн хэм хэмжээг бус хамаарал бүхий хуулийн этгээд буюу Очир Ундраа групп ХХКомпанийн хөдөлмөрийн дотоод журам, ажилтны ажил үүрэгт хамаарахгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.5 дэх хэсгийг тус тус тушаалд баримталсан, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосноос хойшхи үеийн Орхон аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 185 тоот албан шаардлага, Голомт өргөө ХХК-ийн 2019 оны 4 сарын 29-ний өдрийн албан тоот гэх баримтыг ажилтны гаргасан зөрчлийг нотолно гэж шүүхэд гаргасан нь үндэслэл муутай боловч хэрэгт байгаа бусад баримтын хэмжээнд Д.Оийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Ажлаас халсан тушаалд заасан “...ашиг сонирхлын зөрчилтэйгээр, 140 айлын орон сууцны төмөр бетон карказ угсралтын туслан гүйцэтгэгч компаниар Есөн гол эрдэнэ ХХК-ийг шалгаруулсан, сорьц, чанарын шаардлага хангаагүйгээс гадна зах зээлийн үнээс өндөр үнээр бетон зуурмаг худалдан авсан...гэх зөрчлүүдийг Д.О гаргасан гэх байдал баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй байна.

Харин Д.О үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс барилгын норм, хэм хэмжээг зөрчиж чанар муутай барилга бариулсан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна. Барилга чанар муутай баригдаж, доголдол илэрсэнд Д.О ганцаараа биш бусад холбогдох албан тушаалтнууд буруутай боловч Д.Оийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

 

“Б” ХХК Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 140 айлын, Эрдэнэт хотод 315 айлын орон сууцны барилга барих ажлыг гүйцэтгэхдээ ерөнхий инженерээр Н.Эрдэнэпүрэв, Д.О нарыг, инженерээр Г.Лхагва-Очир, Г.Ганбат нарыг тус тус ажилуулсан, 2018 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр Д.О “Б” ХХК хөдөлмөрийн гэрээ байгуулж, Д.О нь ерөнхий инженерийн албан тушаалд томилогдон ажиллахдаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй 140 айлын, Орхон аймаг дах 315 айлын орон сууцны барилга угсралтын чанар, Барилгын тухай хууль болон норм, дүрэм стандартыг хэрхэн хангаж байгаад өөрөө болон инженерүүдэд зохих хяналт тавьж, туслан гүйцэтгэгч нарын үйл ажиллагааг хянах үндсэн үүрэг хүлээжээ. Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтын 2, 3-т нэхэмжлэгчийн гүйцэтгэх ёстой ажил үүргийг тодорхой заажээ.

 

Давж заалдах шатны шүүх “...ажилтан ноцтой зөрчлүүдийг хэзээ, хэрхэн гаргасан болохыг зохих ёсоор шалган тогтоосон баримтгүй, ОЧУН ХХК-ийн Комплаенсийн газрын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Аудитын тайлангийн 3-т барилгын угсралтын явцад илэрсэн алдаа дутагдлын талаар дурдсан байх боловч Д.О буруутай болохыг дүгнээгүй, тушаалд зааж буй барилгын ажлыг чанар муутай гүйцэтгэсэн гэсэн үндэслэл хөдөлмөрийн гэрээний 6.7.13-т заасан хууль бус үйлдэл хийсэн болон аюулгүй ажиллагааны зааврыг зөрчсөний улмаас хөдөлмөрийн ноцтой осол, технологийн аваар саатал гаргасан, гаргах нөхцөлийг бүрдүүлсэн гэж заасан ноцтой зөрчилд хамаараагүй...” гэж дүгнэсэн нь дараахи баримтуудаар үгүйсгэгдэж байна.  /1хх-88-99, 133-144/

 

Хэрэгт байгаа бараа материал худалдах, худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ, барилга угсралтын ажил гүйцэтгэсэн тэмдэглэл, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, мөн оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн үнийн санал хүргүүлэх тухай албан тоот, хүчитгэлийн ажлыг гүйцэтгэсэн акт, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Монгол Улсын ШУТИС-ын Барилга, архитекторын сургууль-Реконстракшн төвийн 2019 оны 3 сарын 27-ны №30/19 тоот дүгнэлт, Очир Ундраа ХХК-ийн 140 айлын үйлчилгээтэй, орон сууцны барилга угсралтын ажлын явцад хийсэн хөндлөнгийн хяналтын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт, 2018 оны Очун ХХК-ийн аудитын тайлан, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГазрын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1/471 тоот мэдэгдэл зэрэг баримтуудаар /хх-82-83, 100-116 , 74, 77-87, 117-148 дугаар тал/ Д.О болон бусад инженерүүдийн хяналт тавьж байсан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй 140 айлын, Эрдэнэт хотод 315 айлын орон сууцны барилгын зарим ажил чанарын шаардлага хангаагүй, ...доголдолтой үйл баримт тогтоогджээ.

Дээрх баримтуудад Д.Оийн нэрийг дурдаагүй хэдий ч барилгын ажлын чанар зохих албан тушаалтнууд, үүний дотор Д.Оийн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй шууд хамааралтай, ерөнхий инженерийн албан тушаалтны хувьд зохих ёсоор хяналт тавьж чадаагүй үйлдэлт холбоотой, Д.О нь хөдөлмөрийн гэрээний 6.7.7, хөдөлмөрийн дотоод журмын 10.7.7-д заасан “...Компаний өмч хөрөнгийг сольсон, чанарыг дордуулсан...”, хөдөлмөрийн гэрээний 6.7.13, хөдөлмөрийн дотоод журмын 10.7.13-д заасан “Хууль бус үйлдэл хийсэн болон аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, журам, зааврыг зөрчсөний улмаас хөдөлмөрийн ноцтой осол, технологийн аваар саатал гаргасан, гаргах нөхцөлийг бүрдүүлсэн” ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байжээ. “Б” ХХК барилгыг ашиглалтад оруулж борлуулах зорилгоор Голомт банктай хамтран ипотекийн зээлийн гэрээ байгуулан санхүүжилт авахаар хамтран ажилласан байх ба тухайн банк 140 айлын барилгын ажилтай танилцаж барилга угсралтын ажил алдаатай, эрсдэлтэй гэж үзэн ипотекийн зээл олгох боломжгүй гэж хариу өгсөн 2019 оны 3 сараас, барилгын зураг төсөл зохиогч Голомт өргөө ХХК-иас 2019 оны 4 сард зохигчийн хяналт хийх үедээ барилгын доголдлыг илрүүлсэн үеэс зөрчлийг тогтоож, сахилгын арга хэмжээ авснаас үзэхэд ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хэм хэмжээг зөрчөөгүй байна.

 

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үззх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 365 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02582 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 243 597 төгрөгийг шүүгчийн захиармжаар буцаан олгосугай_

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

 

                                                        ШҮҮГЧ                                                                П.ЗОЛЗАЯА