Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2018/00319

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2018/00319

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: К.Б ХХК /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Д ХХК /РД:................./-д холбогдох

2,530,808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э, Г.Тэмүүжин, хариуцагчийн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К.Б нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий М.Д ХХК-тай зээлийн эрсдэлийн даатгалын чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож, 2012 оны 8 сарын 22-ны өдөр 12/83 тоот Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон уг гэрээний дагуу цалингийн зээлийн эрсдэлийг даатгуулахаар 12/85 тоот Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл-ийг тус тус байгуулсан юм. Дээрх гэрээ, хэлцлийн дагуу К.Б нь 2014 оны 1 сарын 27-ний өдрийн 3000-2014/23 тоот Цалингийн зээлийн гэрээ-ээр Ц.К ХХК-ийн кранист ажилтай Н.Мөнх-Амгаланд олгосон 6,000,000 төгрөгийн зээлийн эрсдэлийг даатгалд хамруулж даатгалын зохих хураамжийг төлж баталгаажуулсан болно. Гэтэл Ц.К ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 4 сарын 7-ны өдрийн 24 тоот тушаалаар Н.Мөнх-Амгаланг ажлаас чөлөөлснөөр Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл-ийн 9 дүгээр зүйлийн З.а-д заасан даатгалын тохиолдол үүссэн юм. Иймд даатгуулагч К.Б нь 2017 оны 1 сарын 11 -ний өдрийн 160 тоот нэхэмжлэх албан бичгээр цалингийн зээлийн даатгалын тохиолдол үүссэн болохыг мэдэгдэж, даатгалын нөхөн төлбөрт 2,385,304.13 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг М.Д ХХК-д хүргүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл ёсоор даатгагч нь нөхөн төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэх ёстой боловч өнөөг хүртэл шийдээгүй, ямар нэгэн шийдэлд хүрээгүй тул шүүхэд хандан шийдвэрлэхэд хүрээд байна. Иймд Иргэний хуулийн 439.4, 232.6 дугаар зүйлүүд болон Даатгалын тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлан даатгагч М.Д ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 2,385,304 төгрөг, алдангид 145,504 төгрөг, нийт 2,530,808 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К.Б болон М.Д ХХК-ийн хооронд байгуулагдсан Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл-ийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтад Зээлдэгч нь 2 сар дараалан зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх төлбөрөө төлөөгүй бол Даатгуулагч тал даатгалын тохиолдол гэж үзэн Даатгагчид бичгээр мэдэгдэн төлбөр нэхэмжилнэ, мөн зүйлийн 10.3 дахь заалтад Даатгуулагч буюу банк даатгалын тохиолдол болсон тухай даатгалын тохиолдол болсноос хойш ажлын 5 хоногт Даатгалд мэдэгдэх, нөхөн төлбөрийн материалуудыг бүрдүүлж өгөх үүрэгтэй гэж заасныг нэхэмжлэгч зөрчиж хугацаа хэтрүүлсэн, мөн чанаргүй зээл ихээр гаргасан байдал нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтад заасан даатгуулагч ... даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх үндэслэлд хамаарч байх тул даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзах үндэслэл болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч К.Б ХХК нь хариуцагч М.Д ХХК-д холбогдуулан Н.Мөнх-Амгаланд олгосон цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын нөхөн төлбөрт 2,385,304 төгрөг, алдангид 145,504 төгрөг, нийт 2,530,808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч М.Д ХХК, түүний төлөөлөгч нь шүүх хуралдаанд К.Б болон М.Д ХХК-ийн хооронд байгуулагдсан Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл-ийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтад Зээлдэгч нь 2 сар дараалан зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх төлбөрөө төлөөгүй бол Даатгуулагч тал даатгалын тохиолдол гэж үзэн Даатгагчид бичгээр мэдэгдэн төлбөр нэхэмжилнэ, мөн зүйлийн 10.3 дахь заалтад Даатгуулагч буюу банк даатгалын тохиолдол болсон тухай даатгалын тохиолдол болсноос хойш ажлын 5 хоногт Даатгалд мэдэгдэх, нөхөн төлбөрийн материалуудыг бүрдүүлж өгөх үүрэгтэй гэж заасныг нэхэмжлэгч зөрчиж хугацаа хэтрүүлсэн, мөн чанаргүй зээл ихээр гаргасан байдал нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтад заасан даатгуулагч ... даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх үндэслэлд хамаарч байх тул даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзах үндэслэл болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

К.Б ХХК болон М.Д ХХК-ийн хооронд 2012 оны 8 сарын 22-ны өдөр 12/83 дугаартай Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, талууд банк болон даатгалын хамтын үйл ажиллагааг бий болгох, өргөжүүлэх, даатгалын үйлчилгээг банкны үйлчилгээтэй нэгтгэж харилцан ашигтай ажиллахаар харилцан тохиролцсон /хх-7,8 тал/ байх ба хамтын ажиллагааны хүрээнд 2012 оны 8 сарын 22-ны өдөр Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл нэртэй гэрээ /хх-9 тал/-г байгуулж, уг гэрээгээр К.Бнаас авч буй цалингийн зээл эргэн төлөгдөх боломжгүй болсон буюу зээлдэгч гэнэтийн осол болон өвчний улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа түр алдах болон бүрмөсөн алдах, гэнэтийн шалтгааны улмаас ажилгүй болох тохиолдолд банкинд учирч болох санхүүгийн эрсдэлийг даатгалын компанид шилжүүлэх, банк даатгалын компанид даатгалын хураамж төлөх, даатгалын эрсдэл үүссэн тохиолдолд даатгалын компани банкинд нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дахь заалтад заасан даатгалын гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дахь заалтад Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч К.Б ХХК нь даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг М.Д ХХК-аас нэхэмжлэх эрхтэй бөгөөд М.Д ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг К.Б ХХК-д даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ.

М.Д ХХК нь хуулийн этгээдийн оноосон нэрийг М.Д ХХК болгон өөрчилсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /хх-32,33 тал/-аар тогтоогдож байна.

Талуудын хооронд 2012 оны 8 сарын 22-ны өдөр байгуулагдсан 12/85 дугаартай Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл-ийн 9 дүгээр зүйлийн 3.а дахь заалтад тухайлан заасан байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн улмаас зээлдэгч орон тооны цомхтголд орсон даатгалын тохиолдол үүссэн болох нь хэрэгт авагдсан К.Б, зээлдэгч Н.Мөнх-Амгалан нарын хооронд байгуулагдсан 2014оны 1 сарын 27ы өдрийн 3000-2014/23 дугаартай цалингийн зээлийн гэрээ /хх-10,11 тал/, Ц.К ХХК-ийн захирлын 2014 оны 4 сарын 7-ны өдрийн 24 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-12 тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

К.Б ХХК-аас М.Д ХХК-д даатгалын хураамж төлснийг нотлох мемориалын баримт /хх-14 тал/ хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгч К.Б ХХК нь Н.Мөнх-Амгалангийн цалингийн зээлийн эрсдэлийг даатгуулахтай холбоотой даатгалын хураамжийг төлсөн гэдэгт хариуцагч М.Д ХХК нь маргахгүй байна.

К.Б ХХК нь Н.М-н цалингийн зээлийн үлдэгдэлтэй холбоотой даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг 2017 оны 1 сарын 11-ний өдрийн 160 дугаартай албан бичиг /хх-13 тал/-ээр М.Д ХХК-д мэдэгдсэн байна.

Зээлдэгч Н.Мөнх-Амгалангийн зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 2,385,304.13 төгрөг болохыг нэхэмжлэгч хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн дансны хуулга /хх-49 тал/-аар нотолж байгаа гэж тайлбарласан, уг дансны хуулганд Н.Мөнх-Амгалангийн зээлийн үлдэгдэл 2017 оны 1 сарын 6-ны өдрийн байдлаар 2,385,304.13 төгрөг болох талаар тусгагдсан, уг баримтын үнэн зөв байдал болон зээлийн үлдэгдлийн хэмжээнд хариуцагчийн төлөөлөгч маргахгүй байна.

Даатгалын эрсдэл буюу зээлдэгч ажлаас халагдсаныг зээлдүүлэгч даатгуулагч банк мэдсэн үеийн талаар нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд тодруулахад ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлаас халсан талаар мэдэгдээгүй бөгөөд зээлдэгч зээлийг 2 сар дараалан төлөөгүй үе буюу 2015 оны 1 сард ажил олгогчоос ажлаас чөлөөлсөн тушаалыг авснаар олж мэдсэн гэж тайлбарласан бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг үгүйсгэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаагүй, энэ нөхцөл байдлыг тодруулах талаар шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх үндэслэлээ зээлдэгч 2 сар дараалан зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх төлбөрөө төлөөгүй бол даатгагчид бичгээр мэдэгдэн төлбөр нэхэмжлэх, мөн даатгалын тохиолдол болсон тухай даатгалын тохиолдол болсноос хойш ажлын 5 хоногт мэдэгдэх, нөхөн төлбөрийн материалуудыг бүрдүүлж өгөх үүргээ нэхэмжлэгч зөрчиж хугацаа хэтрүүлсэн, мөн чанаргүй зээл ихээр гаргасан байдал нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж тайлбарлаж байх боловч дээр дурдсан зээлдэгч нартай холбоотой даатгалын тохиолдол үүссэн болон нөхөн төлбөр нэхэмжилж байх үед талуудын хооронд Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл-тэй холбоотой маргаан үүсч, маргааныг шүүх хянан шийдвэрлэж байсан үйл баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудаар тогтоогдож байх тул дээрх маргаан бүхий байдал нь даатгалын тохиолдлын талаар мэдэгдэх болон даатгалын нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлж өгөх хугацааг хэтрүүлэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байх ба хугацаа хэтрүүлсэн энэ байдал нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй тул Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3 дахь заалтад зааснаар даатгагчийг нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Мөн хариуцагч нэхэмжлэгчийг чанаргүй зээл ихээр гаргасан нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж тайлбарлаж байх боловч тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч М.Д ХХК-ийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дахь заалтад заасан даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэн хариуцагч М.Д ХХК-аас Н.Мөнх-Амгаланд олгосон цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын нөхөн төлбөрт зээлийн дансны хуулгаар тогтоогдсон зээлийн үлдэгдэл төлбөр болох 2,385,304 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Б ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч М.Д ХХК нь гэрээний дагуу К.Бнаас нөхөн төлбөрийн материалуудыг хүлээн авснаас хойш нөхөн төлбөрийг ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл-ийн 10 дугаар зүйлд даатгалын тохиолдол болж Даатгалын нөхөн төлбөрийн маягт хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам 0.1 хувийн алдангийг тооцно гэж талууд тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад Анзын гэрээг бичгээр байгуулна мөн зүйлийн 232.6 дахь заалтад Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасанд тус тус нийцсэн байх тул нэхэмжлэгч К.Б ХХК нь хариуцагч М.Д ХХК-аас алданги шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид нийт 145,504 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрийн нэхэмжилсэн албан бичиг /хх-13 тал/ хүргүүлсэн өдөр буюу 2017 оны 1 сарын 11-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2017 оны 3 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцон нэхэмжилсэн гэж тайлбарласан, зээлийн үлдэгдэл төлбөр болох 2,385,304 төгрөгөөс гэрээнд заасан 0.1 хувиар алдангийг тооцоход хоногт 2,385.3 төгрөгийн алданги, 2017 оны 1 сарын 11-ний өдрөөс хойш 2017 оны 3 сарын 24-ний өдрийг хүртэлх нийт 72 хоногт 171,741.6 төгрөгийн алданги тооцогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч алдангид 145,504 төгрөгийг нэхэмжилсэн нь 171,741.6 төгрөгөөс хэтрээгүй байх тул хариуцагч М.Д ХХК-аас алдангид 145,504 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Б ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч М.Д ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 2,385,304 төгрөг, алдангид 145,504 төгрөг, нийт 2,530,808 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Б ХХК-д олгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч К.Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 сарын 24-ний өдөр төлсөн 55,443 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Д ХХК-аас 55,443 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К.Б ХХК-д олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР