Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1793

 

 “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                               

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01531 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Мандал даатгал” ХХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 2 530 808 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

           

Нэхэмжлэгч "Капитрон банк" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Капитрон банк” нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий "Мандал женерал даатгал" ХХК-тай зээлийн эрсдэлийн даатгалын чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож, 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот "Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ" болон уг гэрээний дагуу цалингийн зээлийн эрсдэлийг даатгуулахаар 12/85 тоот "Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл"-ийг тус тус байгуулсан.  

Дээрх гэрээ, хэлцлийн дагуу “Капитрон банк” нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 5000-2014/23 тоот "Цалингийн зээлийн гэрээ"-ээр "Цаст Констракшн" ХХК-ийн кранист ажилтай Н.Мөнх-Амгаланд олгосон 6 000 000 төгрөгийн зээлийн эрсдэлийг даатгалд хамруулж даатгалын зохих хураамжийг төлж баталгаажуулсан болно. Гэтэл "Цаст Констракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 24 тоот тушаалаар Н.Мөнх-Амгаланг ажлаас чөлөөлснөөр "Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл"-ийн 9 дүгээр зүйлийн З.а-д заасан даатгалын тохиолдол үүссэн юм. Иймд даатгуулагч “Капитрон банк” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 160 тоот нэхэмжлэх албан бичгээр цалингийн зээлийн даатгалын тохиолдол үүссэн болохыг мэдэгдэж, даатгалын нөхөн төлбөрт 2 385 304 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг "Мандал Женерал даатгал" ХХК-д хүргүүлсэн.

Талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл ёсоор даатгагч нь нөхөн төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэх ёстой боловч өнөөг хүртэл шийдээгүй, ямар нэгэн шийдэлд xүрээгүй тул шүүхэд хандаж байна. Иймд Иргэний хуулийн 439.4, 232.6 дугаар зүйлүүд болон Даатгалын тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлан даатгагч "Мандал даатгал” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 2 385 304 төгрөг, алданги 145 504 төгрөг, нийт 2 530 808 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Мандал даатгал" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатар, өмгөөлөгч С.Сансартуяа нарын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014.08.22-ны өдрийн 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээтэй холбоотой 3 шатны шүүхийн шийдвэр гарсан боловч цалингийн зээлийн эрсдэлтэй холбоотой гэрээг даатгалын гэрээний зуучлал явуулах эрхгүй этгээд байгуулсан буюу “Капитрон банк”, “Мандал даатгал” ХХК-ийн хооронд хийсэн хэлцэл байгаа. Цалингийн зээлийн эрсдэл гээд байгаа энэ гэрээний 10.5-д зээлийн тохиолдол гарах бол тохиолдол гарснаас хойш 5 хоногийн дотор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байдаг. Иймд нэхэмжлэл гаргах хугацаагаа алдсан харагдаж байгаа. Зээлийн дансны хуулгаас хархаар 6 000 000 төгрөгийг хэдэн сарын хэдний өдөр шилжүүлсэн, хүү хэдэн төгрөг төлөгдөөд байгаа, яаж төлөгдсөн нь харагдахгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна. Мөн “Капитрон банк” ХХК нь А.Мөнх-Амгаланд цалингийн зээл олгосон байдаг. Зээлдэгчийн зүгээс хангалттай судалгаа явуулаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулалгүйгээр цалингийн зээл олгож даатгалын компаниар зээлээ даатгуулсан болохоор чанаргүй зээл олгох боломжтой гэж харагдаад байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар "Мандал даатгал" ХХК-иас 2 530 808 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 443 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Мандал даатгал" ХХК-иас 55 443 төгрөгийг гаргуулж “Капитрон банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Мандал даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, зохигч болох хариуцагч талыг нотлох баримттай танилцаж, тайлбар хийх боломжоор хангаагүй. Уг маргаан нь цалингийн зээл, цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэлтэй холбоотой маргаан юм. Тийм учраас цалингийн зээл авсан этгээд болох Н.Мөнх-Амгалангийн зээлийн дансны хуулгыг шинжлэн судлалгүйгээр хэргийг эцэслэн шийвэрлэх боломжгүй. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд зээлдэгчийн зээлийн дансны хуулгыг гаргаж өгсөн. Хариуцагч талаас энэхүү баримттай танилцаж, тайлбар хийх эрхээр хангаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Хариуцагчийн зээлийн дансны хуулгын эцсийн үлдэгдэл нь нэхэмжлэлийн нийт шаардлага болж байсан тул энэхүү хуулга нь үнэн зөв, бодитой байсан эсэхэд тэр дор нь танилцаад тайлбар хийх боломжгүй байсан. Зээлийн дансны хуулга нь зээлдэгчид мөнгө шилжүүлснээс хойшх бүхий л орлого, зарлага, зээл төлөлттэй холбоотой тоо тооцооллын нарийн төвөгтэй байж болох баримт билээ.

Шүүхээс даатгалын тохиолдол болсон үеийг буруу тооцоолж дүгнэсэн гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан "Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл"-д даатгалын тохиолдол гэж юу болох, хэдийд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх талаар тодорхой тусгасан бөгөөд уг хэлцлийн 9 дүгээр зүйлд зааснаар даатгалын тохиолдол үүсэхээр тохиролцсон. Энэхүү даатгалын тохиолдол үүссэн хугацаа болон хариуцагчид мэдэгдэх хугацаа нь хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдал бөгөөд хэлцэлд дурьдсаны дагуу даатгалын тохиолдол үүссэнээс хойш ажлын 5 хоногийн дотор мэдэгдэх ёстой гэж талууд харилцан тохиролцсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал зээлдэгч ажлаас халагдсанаас хойш буюу даатгалын тохиолдол үүссэнээс хойш 2 жил 8 сарын дараа хариуцагчид энэ тухай мэдэгдэж байгаа нь хэлцэлд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно. Иймд шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл бүхий байж чадахгүй байгаа тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/01531 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан  шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч "Капитрон банк" ХХК нь хариуцагч "Мандал даатгал" ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 2 530 808 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

"Капитрон банк" ХХК,  "Мандал даатгал" ХХК нар нь 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 12/83 дугаартай "Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ"-г, 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 12/85 дугаартай "Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл"-ийг тус тус байгуулж, иргэдийн банкнаас авсан цалингийн зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөрийг даатгажээ. /хх-7-9х/

 

Талуудын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

 

Н.Мөнх-Амгалан Капитрон банкнаас 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 6 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан боловч 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн, зээлдэгч нь 2 сар дарааллан зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх төлбөрөө төлөөгүй тул талуудын байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол бий болсон гэж үзнэ. Зээлийн гэрээний үлдэгдэл 2 385 304 төгрөг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна./хх-49/

 

Хариуцагч нөхөн төлбөрийн материалыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор төлж барагдуулах, нөхөн төлбөрийг олгох үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хэлцлийн 10 дугаар зүйлд "Даатгалын тохиолдол болж даатгалын нөхөн төлбөрийн маягт хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам 0.1 хувийн алдангийг тооцно" гэжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт заасан анз буюу алдангийн талаар талууд тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлтэй.

 

Капитрон банк нь зээлдэгч Н.Мөнх-Амгалангийн даатгалын нөхөн төлбөрийг төлүүлэх хүсэлтээ 2017.01.11-ний өдөр "Мандал  даатгал" ХХК-д гаргасан нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй тул даатгагч нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

 

Хэргийн баримтаас үзэхэд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт болон хэргийн материалтай зохигчийг шүүх танилцуулсан. Нэг хуудас баримттай танилцахын тулд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчиж, хариуцагчийн эрхийг хязгаарласан гэж буруутгах, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01531 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                                            Б.НАРМАНДАХ