Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/01603

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01531 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1793 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “М” ХХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 2 530 808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, нарийн бичгийн даргаар Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“К” нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Мандал женерал даатгал” ХХК-тай зээлийн эрсдлийн даатгалын чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож, 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот “Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ” болон уг гэрээний дагуу цалингийн зээлийн эрсдлийг даатгуулахаар 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл”-ийг тус тус байгуулсан. Дээрх гэрээ, хэлцлийн дагуу “К” нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 5000-2014/23 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ээр “Цаст Констракшн” ХХК-ийн кранист ажилтай Н.Мөнх-Амгаланд олгосон 6 000 000 төгрөгийн зээлийн эрсдлийг даатгалд хамруулж даатгалын зохих хураамжийг төлж баталгаажуулсан болно.

Гэтэл “Цаст Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 24 тоот тушаалаар Н.Мөнх-Амгаланг ажлаас чөлөөлснөөр “Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл”-ийн 9 дүгээр зүйлийн З.а-д заасан даатгалын тохиолдол үүссэн юм. Иймд даатгуулагч “К” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 160 тоот нэхэмжлэх албан бичгээр цалингийн зээлийн даатгалын тохиолдол үүссэн болохыг мэдэгдэж, даатгалын нөхөн төлбөрт 2 385 304 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг “Мандал Женерал даатгал” ХХК-д хүргүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл ёсоор даатгагч нь нөхөн төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэх ёстой боловч өнөөг хүртэл шийдээгүй, ямар нэгэн шийдэлд xүрээгүй тул шүүхэд хандаж байна.

Иймд Иргэний хуулийн 439.4, 232.6 дугаар зүйлүүд болон Даатгалын тухай хуулийн 8.1-д тус тус заасныг баримтлан даатгагч “М” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 2 385 304 төгрөг, алданги 145 504 төгрөг, нийт 2 530 808 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээтэй холбоотой 3 шатны шүүхийн шийдвэр гарсан боловч цалингийн зээлийн эрсдэлтэй холбоотой гэрээг даатгалын гэрээний зуучлал явуулах эрхгүй этгээд байгуулсан буюу “К”, “М” ХХК-ийн хооронд хийсэн хэлцэл байгаа. Цалингийн зээлийн эрсдэл гээд байгаа энэ гэрээний 10.5-д зээлийн тохиолдол гарах бол тохиолдол гарснаас хойш 5 хоногийн дотор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байдаг. Иймд нэхэмжлэл гаргах хугацаагаа алдсан харагдаж байгаа. Зээлийн дансны хуулгаас харахад 6 000 000 төгрөгийг хэдэн сарын хэдний өдөр шилжүүлсэн, хүү хэдэн төгрөг төлөгдөөд байгаа, яаж төлөгдсөн нь харагдахгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна. Мөн “К” ХХК нь А.Мөнх-Амгаланд цалингийн зээл олгосон байдаг. Зээлдэгчийн зүгээс хангалттай судалгаа явуулаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулалгүйгээр цалингийн зээл олгож даатгалын компаниар зээлээ даатгуулсан болохоор чанаргүй зээл олгох боломжтой гэж харагдаад байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01531 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “М” ХХК-иас 2 530 808 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “К” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 443 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 55 443 төгрөгийг гаргуулж “К” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1793 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01531 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж зохигч болох хариуцагч талд нотлох баримттай танилцаж, тайлбар хийх боломжоор хангаагүй.

Энэхүү иргэний хэргийн маргаан нь цалингийн зээл, цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэлтэй холбоотой маргаан юм. Тийм учраас цалингийн зээл авсан этгээд болох Н.Мөнх-Амгалангийн зээлийн дансны хуулгыг шинжлэн судлалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байсан билээ. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр зээлдэгчийн зээлийн дансны хуулгыг гаргаж өгсөн. Ийм учраас хариуцагч талаас энэхүү баримттай танилцаж, тайлбар хийх эрхээр хангаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Хариуцагчийн зээлийн дансны хуулгын эцсийн үлдэгдэл нь нэхэмжлэлийн нийт шаардлага болж байсан тул энэхүү хуулга нь үнэн зөв, бодитой байсан эсэх дээр тэр дор нь танилцаад тайлбар хийх боломжгүй байсан юм. Зээлийн дансны хуулга нь зээлдэгчид мөнгө шилжүүлснээс хойшхи бүхий л орлого, зарлага, зээл төлөлттэй холбоотой тоо тооцооллын нарийн төвөгтэй байж болох баримт билээ.

Мөн шүүхээс даатгалын тохиолдол болсон үеийг буруу тооцоолж дүгнэсэн гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан “Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл”-д даатгалын тохиолдол гэж юу болох, хэдийд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх талаар тодорхой тусгасан бөгөөд уг хэлцлийн 9 дүгээр зүйлд зааснаар даатгалын тохиолдол үүсэхээр тохиролцсон. Энэхүү даатгалын тохиолдол үүссэн хугацаа болон хариуцагчид мэдэгдэх хугацаа нь хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдал бөгөөд хэлцэлд дурдсаны дагуу даатгалын тохиолдол үүссэнээс хойш ажлын 5 хоногийн дотор мэдэгдэх ёстой гэж талууд харилцан тохиролцсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал зээлдэгч ажлаас халагдсанаас хойш буюу даатгалын тохиолдол үүссэнээс хойш 2 жил 8 сарын дараа хариуцагчид энэ тухай мэдэгдэж байгаа нь хэлцэлд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

                                                                  ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “К” ХХК нь “М” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 2 530 808 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “М” ХХК нь шаардлагыг зөвшөөрөөгүй, нэхэмжлэлийг татгалзжээ.

“К” ХХК болон “Мандал женерал даатгал” ХХК нь банк болон даатгалын хамтын үйл ажиллагааг бий болгох, өргөжүүлэх, даатгалын үйлчилгээг банкны үйлчилгээтэй нэгтгэж, харилцан ашигтай ажиллах зорилгоор 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Хамтын ажиллагааны ерөнхий” нэртэй гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээгээр даатгалын компани нь банкинд дүрмийн сан, нөөцийн сан байршуулах, орлогоо цуглуулах, гадаад гуйвуулга хийх зэргээр банкны үйлчилгээ авах, банк нь өөрийн зээл болон зээлийн барьцаа хөрөнгөд учирч болох эрсдлийг даатгалд шилжүүлэх, өөрийн харилцагчдын сайн дурын хүсэл зоригийн дагуу, тэдний саналаар “М” ХХК-ийн даатгалд хамруулах чиглэлээр хамтын ажиллагаа явуулахаар тохиролцжээ.

Дээрх гэрээний үндсэн дээр “К” ХХК болон “Мандал женерал даатгал” ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл” нэртэй 12\85 дугаартай гэрээ байгуулагджээ. Уг гэрээ нь “К” ХХК-иас авч буй иргэдийн цалингийн зээл төлөгдөх боломжгүй болсон буюу зээлдэгч гэнэтийн осол болон өвчний улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрмөсөн алдах, гэнэтийн шалтгааны улмаас ажилгүй болох тохиолдолд банкинд гарч болох санхүүгийн эрсдлийг даатгалын компанид шилжүүлэх хамтын ажиллагааны чиглэлийн дагуу байгуулагдсан байна.

Энэ гэрээнд заасан даатгалыг “иргэд банкнаас ирээдүйд олох цалингийн орлогоо барьцаалан зээл авсан үед зээлдэгчид энэ гэрээнд заасан даатгалын эрсдэл учирхад банкийг санхүүгийн алдагдалгүй болгохыг зорьдог бүтээгдэхүүн” гэж тодорхойлжээ.

Гэрээнд даатгалын зүйлийг иргэдийн авсан цалингийн зээлийн үндсэн төлбөр, даатгалын үнэлгээг банкнаас олгосон зээлийн дүн гэж, даатгалын хугацааг зээлийн гэрээний хугацаагаар тодорхойлохоор тус тус заажээ.

Гэрээнд даатгалын эрсдлүүдийг заасан ба тэдгээрийн дотор зээлдэгч гэнэтийн шалтгааны улмаас ажлаас халагдсан тохиолдлыг тусгасан байна.

Гэрээний нөхөн төлбөр төлөх үндэслэл, журмыг зохицуулсан хэсэгт зааснаар зээлдэгч гэнэтийн шалтгааны улмаас ажилгүй болсон бол зээлийн гэрээгээр хүлээсэн түүний үндсэн төлбөрийн үлдэгдэл дүнг даатгагч нөхөн төлөх үүрэг хүлээсэн байна. Түүнчлэн, зээлдэгч нь 2 сар дараалан зээлийн гэрээний хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй бол даатгуулагч энэ талаар даатгагчид мэдэгдэх, даатгуулагч даатгалын тохиолдол болсноос хойш ажлын 5 хоногт даатгагчид мэдэгдэж, нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлж өгөх үүрэг хүлээсэн ба даатгагч нь нөхөн төлбөрийг ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэхээр гэрээнд заажээ. Ийнхүү 10 хоногт шийдвэрлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1%-ийн алданги төлөхөөр талууд тохиролцжээ.

“Мандал женерал даатгал” ХХК нь оноосон нэрээ “М” ХХК болгон өөрчилсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

“К” ХХК нь “Цаст констракшн” ХХК-д кранист ажилтай Н.Мөнх-Амгалантай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, 6 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21,6%-ийн хүүтэй өрхийн хэрэглээнд зориулан зээлдүүлжээ. Зээлдэгч Н.Мөнх-Амгалан нь “Цаст констракшн” ХХК-ийн захирлын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 24 дүгээр тушаалаар орон тооны цомхотголд орж ажлаас чөлөөлөгдсөн байна.

Зээлдэгч Н.Мөнх-Амгалан нь 2014 оны 04 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн байхад нэхэмжлэгч “К” ХХК даатгалын эрсдэл үүссэнээс хойш 2 жил 9 сарын дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр анх даатгагчид хандсан нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч “К” ХХК даатгалын эрсдэл бий болсон талаар хэзээ мэдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна зээлдэгч Н.Мөнх-Амгалангийн зээлийн төлбөрийн үлдэгдэл 2 385 304 төгрөг болохыг тодорхойлох хангалттай баримт хэрэгт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, банк нь даатгуулагчийн хувьд даатгалын эрсдэл үүссэн талаар 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл” нэртэй 12\85 дугаартай гэрээнд зааснаар ажлын 5 хоногийн дотор даатгуулагчид мэдэгдэх үүргээ биелүүлсэн эсэх, биелүүлээгүй бол ямар шалтгаанаар гэдэг нь баримтаар тогтоогдоогүй нөхцөлд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Даатгалын эрсдэл буюу зээлдэгч ажлаас халагдсаныг зээлдүүлэгч даатгуулагч банк мэдсэн үе тодорхой байхаас гадна зээлийн төлбөрийг зээлдүүлэгч хэрхэн төлж байсан байдал мөн тогтоогдсон тохиолдолд даатгалын гэрээний үүргийн биелэлтийн талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжтой болно. Учир нь цалингийн зээлийн эрсдлийн гэрээнд зааснаар зээлдэгч нь 2 сар дараалан зээлийн гэрээний хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй бол даатгуулагч энэ талаар даатгагчид мэдэгдэх ёстой гэж заажээ.

 

Цалингийн зээлийн эрсдлийн гэрээнд даатгалын хугацаа нь зээлийн гэрээний хугацаагаар тодорхойлогдохоор заасан ба даатгуулагч нь даатгалын эрсдлийн талаар даатгагчид зээлийн гэрээний хугацаа дуусахаас 16 хоногийн өмнө мэдэгдсэн байх тул зохигчдын хоорондох эрх зүйн маргаанд хугацааны асуудал тодорхой байх нь ач холбогдолтой болно.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-д зааснаар даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг байна. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэдэг.

Шүүх даатгалын тохиолдол бий болсон талаар даатгуулагчийн мэдсэн үе, нөхөн төлбөрийн хэмжээ, даатгагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн, хожимдуулсан хугацаа зэрэг нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг тодорхойлох үйл баримтууд хангалттай бүрэн тогтоогдоогүй байхад Иргэний хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь учир дутагдалтай болжээ.

Хэргийн нөхцөл байдал тодорхой бус байгаа нөхцөлд анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний талаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01531 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1793 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 55 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН